А.Баярцэцэг: “Attrition”-д гүн ухаан, философийн утга агуулгууд шингэсэн нь надад маш их таалагдсан

Ярилцлага / Б. Бат-Эрдэнэ
2017 оны 07 сарын 26

Дэлхийн мисс тэмцээнд эх орноо төлөөлөн оролцож байсан загвар өмсөгч А.Баярцэцэг өдгөө кино дэлгэцийн бүтээлд хүч сорих болжээ. Тэрбээр “Marco polo” цувралд дүр бүтээж, Монголынхоо “Явуулын хүн” кинонд тоглосон бол өдгөө Тайланд улсад Стивен Сигалын найруулсан “Attrition” кинонд дүр бүтээж байгаа юм.

Алдарт жүжигчин Стивен Сигалын найруулж буй “Attrition” кинонд тоглохоор болсон гэж дууллаа. Кинонд тоглох саналыг хэн тавьсан бэ, хэрхэн хүлээж авсан бэ?

“Дэлхийн мисс 2015”-д оролцох миссийг шалгаруулах тэмцээнд хоёр жилийн өмнө орж байсан. Тухайн үед мисс Н.Ану маань үндэсний ялагч болоод Хятадын Саня руу явж байлаа. Би дэд байранд ороод тэмцээний тухай бодлоо орхиж “Марко Поло”-д тоглохоор Унгарыг зорьж байсан. Тухайн үедээ дэлхийн мисс мөрөөдөл хэвээрээ үлдлээ гэж бодож байхдаа жилийн дараа явах юм гэж огт санаагүй. Юм гэж их сонин. 2016 оны дэлхийн мисс Индонезид болно гэж зарлагдсан байтал яг титмээ гардаж авах үед АНУ-н нийслэл Вашингтон хотод болохоор өөрчлөгдөө гэж зарлагдсан. Яг л дээрээс хэн нэгэн харж үзээд, туслаад байгаа ч юм шиг мэдрэмж төрж билээ. 

АНУ-д болсон тэмцээнд Монголчууд бидний хувьд тун ээлтэй байж олны хүч оломгүй далай гэдгийг харуулсан сайхан дурсамж болохын хажуугаар олон сайхан хүмүүстэй танилцах боломж олгосны нэг нь алдарт жүжигчин Стивен Сигал болон түүний гэргий Б.Эрдэнэтуяа эгч. Нэг өдөр манай найз фэйсбүүк чаатаар орж ирээд Сигал өөрийнхөө фэйсбүүк хуудсан дээр чиний зургийг тавиад Монголын миссд саналаа өгөөрэй гээд зөндөө постууд биччихсэн байх юм гэж хэлсэн. Би тоглоод байна даа, юу гэж намайг огт танихгүй гадны хүн тэгж дэмжихэв дээ гэж бодоод шалгатал бүр маш олон постууд хийсэн байсан. Тухайн үед учрыг нь олоогүй их гайхсан ч харин дараа нь миний найз мисс, топ модель Х.Бадамгэрэл маань Б.Эрдэнэтуяа эгч рүү өөрөө ч танихгүй хэрнээ дэмжээд өгөөч гэж гуйж мессеж бичсэн байсныг мэдсэн. Найзын сэтгэл тийм сайхан. Огт танихгүй хэрнээ Монгол хүн, элэг нэгтнээ гэх аугаа сэтгэлээр дэлхийн олон сая хүнийг Сигалын хуудсаар уриалах гол ажлыг Б.Эрдэнэтуяа эгч маань хийсэн юм байна лээ. Үнэхээр их хайр, талархал төрсөн. 

Талархсан сэтгэлээ илэрхийлж анх холбогдогдож байхад намайг жүжигчнээр явж байгааг сонсоод гэртээ урьснаар тэмцээнээ дуусаад Аризона руу анх энэ сайхан хүмүүстэй танилцахаар зорьж байсан юм. Тухайн үед “Attrition” гэдэг кино удахгүй эхлэх гэж байгаа гэснээр Америкад анхны шалгаруулалт, гуравдугаар сард Тайландад ирж хоёрдугаар шатны шалгаруулалтанд орж байсан. Тэнцсэн гэдэг хариуг гурван сарын дараа авсан. Өөртөө гэхээсээ илүү надад зөв цагтаа, зөв газраа, зөв хүмүүстэй хамт байж боломжийг ашиглах тохиолыг бүтээсэн таньдаг, танихгүй бүх хүмүүст, дэмжсэн итгэсэн бүхэнд баярласан. Ялангуяа Б.Эрдэнэтуяа эгч маань энэ кинонд дүр бүтээхэд хамгийн их тус болсон хүн. Одоо бодоход Дэлхийн миссд ороогүй бол, цаашлаад Америкт болоогүй бол өнөөдөр энэ ярилцлагыг хэн ч уншихгүй байх. Тэгэхээр юм бүхэн өөрийн гэсэн болох ёстой цаг хугацаандаа л болдог гэдэгт итгэдэг болсон.

Киноны зураг авалт долдугаар сард эхэлнэ гэсэн мэдээлэл байсан. Одоо эхэлсэн байгаа юу? Ямар шатандаа яваа вэ?

Кино зураг авалт эхлээд долоо хонож байна. Бэлтгэл ажил хийгдээд хоёр сар болж байгаа. Миний зураг авалт маргаашаас /өнөөдөр/ эхэлнэ. Гурван долоо хоног үргэлжилнэ. Цаг гэдэг мөнгө байдаг учраас хоцорно, хойшилно, төлөвлөгөөгүй зүйл гарна гэж байдаггүй. Хамгийн богино хугацаанд, яг төлөвлөснийхөө дагуу аваад дуусдаг.

Цуг тоглож байгаа жүжигчдийн хувьд ямар сэтгэгдэлтэй байгаа вэ. Алдартай жүжигчид олон байсан. Мөн зохиолчоор ажиллаж буй Стивен Сигалын хувьд?

Энэ киноны онцлог нь зохиолыг Стивен Сигал өөрөө бичсэн. Буддист ренбүчи хүн учраас тулаант төрлийн кино хэдий ч гүн ухааны, философийн утга агуулгууд шингэсэн нь надад маш их таалагдсан. Киног Матъю Вешлер гэдэг Франц найруулагч найруулж байгаа. Гол дүрүүдэд Сигалаас гадна Мел Гибсоны найруулсан 3Apocalypto3-н 'Хар Ирвэс' Руди  Ёнгблад, “Ip Man 1&2”-н жүжигчин Сиу Вонг, “The Medallion”-н Жеймс Беннетт нар тоглож байгаа. Маргааш энэ жүжигчидтэй анх уулзаж, танилцана гэхээр маш их догдолж, яарч байна.

Киноны зохиолын талаар болон бүтээж байгаа дүрийн талаар зах зухаас нь танилцуулна уу?

Кино гарахаас өмнө зураг болон дүрийн тухай, цаашлаад үйл явдлын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгч болдоггүй. Гэхдээ IMDB дээрх тайлбараар нууцлаг хүчтэй, алга болсон нэгэн Тай охиныг эргүүлэн авчрахаар Аксе болон түүний хуучин баг нэгдэж, аянд гарах тухай өгүүлдэг бөгөөд миний дүр Аксийн туслахын дүрийг бүтээж байгаа.

Одоо бүтээж буй Kyra-гийн дүрээс “эмээж” байгаа зүйл юу байна? Дүрээ гаргахад энэ зүйл дээр хэцүү байх даа гэсэн хэсэг, санаа зовниж байгаа зүйл байгаа юу?

Дүрийн маань нэр “Kyra” байсныг илүү Ази болгоод “San” гэж өөрчилсөн байсан. Дүрийн хувьд ганцаарчилсан бэлтгэл, дүрийн судалгаа, хоолойн дасгал хийж байгаа хэдий ч цаг хугацаа их шахуу байгаа учраас бусад жүжигчидтэйгээ хамт нэгдсэн сургууль хийх хугацаа бараг байхгүй байгаа нь хамгийн их ур чадвар шаардсан хэсэг болох байх. Учир нь өмнө нь огт ажиллаж үзээгүй хүний арга барил яг ямар гэдгийг сайн мэдэхгүйгээр аль аль талаасаа тухай цаг хугацаанд хамтдаа амьдарна гэсэн үг.


  
Стивен Сигал бол тулааны, зодоонтой, гэмт хэрэгтэй киногоороо алдартай. Энэ удаагийн кино нь ч мөн адил тулаантай кино байх гэж бодож байна. Энэхүү кинонд тоглохын тулд Белла ямар нэг тулааны спорт эсвэл тусгай бэлтгэл хийж байгаа юу?

“Attrition” таны хэлснээр тулаантай, зодоонтой, гэмт хэрэгтэй action төрлийн кино. Мөн Марко Поло дээр ажиллаж байсан зарим нэг найзууд маань уг кинонд дүр бүтээж, тулааны найруулагчаар ажиллаж байгааг саяхан мэдээд маш их баярласан. Миний дүрийн хувьд одоохондоо дэлгэрүүлж мэдээлэл өгөх хараахан боломжгүй байна. 

Та өмнө нь “Явуулын хүн” монголын уран сайхны кинонд гол дүр бүтээж, энэхүү киногоороо Москвагийн кино наадамд оролцоод ирсэн. Ер нь Беллагийн хувьд жүжигчний ажилд маш их сонирхолтой дуртай учраас энэ салбарт мөн хөл тавьж байгаа гэж ойлгосон. Жүжигчний ажил ямар санагдаж байна?

Би жаахан хүүхэд байхаасаа сансрын нисгэгч болно, эсвэл кино найруулагч болно гэж мөрөөддөг байсан. Хүн бүхэн ер нь би хэн бэ, би юунд дуртай вэ, би хэн болохыг хүсч байна гэдгээ бүр багаасаа л дотроо мэдэрдэг гэж боддог. Гагцхүү дотоод дуу хоолойгоо сонсохгүй байх, өөртөө эргэлзэх, өөрийнхөө хүч чадлыг дутуу үнэлэх, итгэлгүй байх, үргэлж бусдыг дуу хоолойг сонссоор байгаад өөрийгөө сонсож чадахаа байснаар бидний тэр нандин мөрөөдлүүд цаг хугацаа өнгөрөхийн хэрээр улам бүдгэрч уусч алга болдог юм болов уу. 

Ажил бидний амьдралын хамгийн их цагийг барж иддэг. Хайртай хүмүүстээ зарцуулах цагаас ч ихийг бид өдөр бүр ажилдаа зарцуулдаг. Тэгээд бодохоор аз жаргалтай амьдрахын тулд ажлаасаа аз жаргалыг мэдрэх гэдэг шууд хамааралтай болчихож байгаа юм. Харин ажлаасаа аз жаргалыг мэдрэх цорын ганц арга бол хийж байгаа зүйлдээ дурлах. Хүн дуртай зүйлээ л чин сэтгэлээсээ хийдэг, гомдолдоггүй, буруугаар эргэсэн ч үргэлж гарцыг хайж олдог, өөртөө итгэдэг. Өмнө нь би маркетингаар ажилладаг байсан. Хийдэг зүйлдээ дуртай байсан ч зөвхөн тархиа ашигладаг байсан. Харин одоо тархиа бас зүрх сэтгэлээ давхар ашиглаж байна. Тийм ч болохоор илүү аз жаргалтай, илүү бүтэн мэдрэмж төрдөг.

Бела Монголын уран бүтээлчдээс гадна олон улсын бүтээлчидтэй ч хамтарч ажиллаж “Марко Поло кинонд дүр бүтээсэн удаатай. Монголын уран бүтээлчидтэй хамтарч ажиллаж байгаад гадаадын уран бүтээлчидтэй аижллахад ялгаа , бэрхшээл байдаг уу?

Ур чадварын хувьд манай уран бүтээлчид үнэхээр сайн. Бидний шүтээд байдаг гадны жүжигчидтэй хамтдаа ажиллахад Монголын маань сор болсон сайхан жүжигчдээс гоц гойд давсныг нь би л лав үзээгүй. Манайд Орос школоор сурдаг болоод ч тэр юм уу үнэхээр сонгодог жүжигчид байдаг. Тэд бүгд англи хэлээр чөлөөтэй яриж дэлхийн хэмжээнд өрсөлдөж эхэлвэл Монгол жүжигчдийг дэлхий дуу алдан үнэлэх болно. Хамгийн гол нь хэлгүй бол Монголдоо болоод байх ч дэлхий биднийг сонсож, олж харж чадахгүй байгаа юм. Хичээвэл уг нь бид 1-2 жил сайн гүрийгээд сурчихаж болно. 

Мөн Монгол кинонд гадныхнаас хамгийн суралцмаар ашигламаар байгаа энгийн зүйлийн нэг нь энэ ажил хэрэгч байдал, төлөвлөгөө. Жишээ нь өнөөдөр зочид буудалдаа ирэхэд зураг авалт эхлэхээс дуусах хүртэл хэзээ, хэдэн цагаас, хаана зурагтай, хэдээс буудлынхаа доор зогсож байх болон гэртээ ирэх гээд жижиг сажиг гэлтгүй бүх зүйлсийг 100 хувь төлөвлөөд жүжигчин буудалдаа ирэнгүүт ширээн дээр байж байгаа нь үнэхээр мундаг. Цаг мөнгөөр хэмжигддэг учир зураг авалт сунжирна, нэг нь юмаа мартана, хойшилно, бүтэхээ болино гэсэн асуудал олт байхгүй, яг л цаасан дээр төлөвлөсний дагуу болдог. Продакшны зүгээс ажилчдаа ажилд нь бүрэн төвлөрүүлэх бүхий л зүйлсийг мэргэжлийн өндөр түвшинд бэлдчихсэн байдаг учраас чанар муутай гүйцэтгэл ажилчдаас нь гарна гэж бараг байхгүй. Холливудын гайхамшиг техник технологийн дэвшлийг үл харгалзвал ур чадвараасаа илүү аливааг төгс хийх мэргэжлийн хандлагад байх шиг заримдаа санагддаг. 

Мулан кинонд тоглохоор шалгаруулалтад орсон гэх мэдээлэл байсан. Энэ шалгаруулалтын хариу ирсэн үү?

Мулан киноны шалгаруулалт одоог хүртэл үргэлжилсээр л байгаа гэж сонссон. Америкт байдаг сайн агентлагуудад харъяалалтай бүхий л Ази эмэгтэй жүжигчдийг шалгаруулалтанд дуудсан байх. Disney-н кино шалгаруулалтанд орно гэдэг өөрөө туршлага, жүжигчин бүрийн мөрөөдөл. 2018 оны хамгийн их үзэгчидтэй Disney-н кино болох байх. Тийм ч учраас зөвхөн нэг улсаас биш, дэлхий даяар дүр сонголтоо явуулдаг.

Attrition киноны зураг авалт хэр удаан үргэлжлэх вэ? Хэзээ нээлтээ хийх вэ?

Зураг авалт нийт 1 сарын хугацаанд үргэлжилнэ. Одоогоор яг хэзээ дэлгэцнээ гарах тухай мэдээлэл аваагүй байгаа ч ирэх онд Монголчууд маань дэлгэцнээ үзэх боломжтой болно гэж бодож байна.