TIME TO TRAVEL: Зүүн өмнөд Азиар хийсэн 17 хоногийн соло аялал

TIME TO TRAVEL / Time Admin
2017 оны 07 сарын 21

Аялал зугаалгын улирал эхэлж, аагим халуун зуны өдрүүд үргэлжилж байна. TIME.MN сайтын зүгээс аяллын хорхойтнуудад зориулсан “TIME TO TRAVEL” буландаа Зүүн өмнөд Азийн орнуудаар 17 хоног ганцаараа аялсан Н.Батчимэгийг урилаа.

Фэйсбүүк: Nandin Batchimeg

АЯЛЛЫНХАА ТАЛААР ДЭЛГЭРЭНГҮЙ МЭДЭЭЛЛИЙГ ТАНИЛЦУУЛНА УУ?

Би Бээжингийн багшийн Их сургуульд мастерт суралцдаг юм.  Өвлийнхөө амралтаар Бээжингээс Зүүн өмнөд Азийн Лаос, Тайланд, Камбож гурван улсаар 17 хоног соло аялал хийгээд ирсэн л дээ. Бусад аялагчдаас ялгаатай нь дандаа газраар буюу галт тэрэг, автобус, мини автобусаар явснаараа онцлог болов уу гэж бодож байна. Газраар аялахаар “Замаа тансаглаад алхана” гэдэг шиг замын зардлаа маш их хэмнэдэг ч маш их ядардаг, хугацаа алддаг юм байна лээ. Гэхдээ миний хувьд нарийн төлөвлөгөөний дагуу  биш тухай тухайн үедээ шийдвэр гаргаж адал явдалтай аялаж үзье гэж бодсон учраас нислэгийн тийз эрт захиалах гэх мэт  боломжгүй байсан л даа.

Маршрутын хувьд Бээжин-Наннин-Кунмин-Мохан (Хятад)

Луан Прабан-Ван Виен- Вьентъян (Лаос)

Чианмай-Пай-Бангкок (Тайланд)

Пном Пэнь-Сием Рип+Ангкор ват (Камбож) буцахдаа Бангкок-Нонхай-Вьентъян-Кунмин-Жиу Жианг-Бээжин гэж явсан.

ОЧСОН ГАЗРУУДЫН ТАЛААР СЭТГЭГДЭЛ?

Ер нь Зүүн өмнөд Азийн улс орнууд халуун орны үзэсгэлэнт байгалиа түшиглээд аялал жуулчлал их хөгжсөн орнууд. Үүнийгээ дагаад хүмүүс нь маш найрсаг, тусч санагдсан. Лаос хэдий ядуу буурай ч цаг агаар нь ч гоё, хүмүүс нь ч найрсаг, нэг л тайван улс. Мөнгөн тэмдэгт нь кип. Нэг ам.доллар 8300 орчим кип болно. Ер нь дунджаар нэг таваг хоол 15000 кип, шэйк 10000 кип гэхээр ер нь их хямдхан.

Тайландын хойд хэсгийн Чианмай, Пай хотуудаар аялсан. Зориуд арал, далайн эргүүдийг нь алгассан юм. Чианмай хот нь 2020 оны Дэлхийн Экспог зохион байгуулахаар Тайландаас гурван хот нэр дэвшүүлсний нэг нь, “TripAdvisor”-ын “Дэлхийн шилдэг аялал жуулчлалын газар” жагсаалтын 24 дүгээрт орж байсан аялал жуулчлалын топ цэг. Пай хот нь хиппигээрээ алдартай. Хиппи нар гудамжинд бүтээлээ худалдаалж, жуулчдын үсийг сүлжиж, шивээс хийж, хөл нүцгэн явцгаана. Пай бас их романтик өхөөрдөм хот оо, цагдаа гэсэн бичгийг хүртэл зүрхэн дээр бичсэн байх жишээтэй. Халуун рашаануудтай, янз бүрийн зугаа цэнгэлийн хөтөлбөртэй. Зүгээр л бүхнээс тасарч буйдхан хэрнээ зугаатай газар баймаар бол энэ яг зөв газар. Тайланд хүмүүс нь их сайхан сэтгэлтэй, зүгээр л гудамжинд мап хараад сууж байхад туслах уу гээд л, нэг эгч бүр асуусан газрыг маань мэдэхгүйдээ гэмшээд таксинд суулгаж, мөнгийг нь хүртэл төлсөн. Мөнгөн тэмдэгт нь бат, 34 бат нь нэг доллартай тэнцэнэ. 50 батаар хоол идчихнэ гэхээр бас л хямдхан.

Камбож улсын тухайд визийг хил дээрээс нь 33 доллараар 30 минутанд л даруулсан. Нийслэл Пном Пэнь хотоос жинхэнэ амьдрал, нийгмийг нь харж болно. Орон гэргүй хүмүүс, жуулчдын утсыг булаадаг мотоцикльтой залуучууд, сүмийн балгас дээрхи жижигхэн халтар хүүхдүүд сармагчинтай чихэр хувааж иддэг, жуулчдаас гуйлга гуйдаг, шөнөжингөө ажилладаг баар цэнгээний газар, мопед, түк түк шавсан замбараагүй замын хөдөлгөөн гээд л. Энд доллараар тооцоо хийдэг, ядуу орон учраас хүмүүс нь жуулчдаас мөнгө салгаад сурчихсан. Лаос, Тайландыг бодвол хамаагүй үнэтэй, бас хөгжил буурай, замбараагүй санагдсан. Тэгэх тусмаа илүү сонирхолтой, шинэ санагдсан л даа. Бас маш халуун юм байна лээ.  

ЗААВАЛ ОЧИЖ ҮЗЭХ ГАЗАР БОЛОН ҮЗВЭР ҮЙЛЧИЛГЭЭГ НЭРЛЭВЭЛ?

Лаос- Луанг Прабанг хотод заавал үзэх зүйл бол хотоос 30 орчим км зайд байх Куан Си хүрхрээ.  Номин өнгөөр туяарах цэнгэг ус, бишрэхгүй байхын аргагүй байгалийн үзэмжит тогтоц. Мөн өглөө үүрээр нутгийн хийдийн лам нар суүсэгтнүүдээс өргөл авдаг сонирхолтой зан үйлийг үзэх хэрэгтэй. Эрт босох л хэрэг гарах байх.

Ван Виен бол жуулчдын амарч, алжаалаа тайлдаг зугаа цэнгээний хот гэмээр юм уу даа. Хаданд авиралт, зиплайнинг, сэлүүрт завиар зугаалах, усан доторхи агуйд сэлэх гээд адреналин ялгаруулах бүхнийг Азидаа хамгийн хямдаар хийж үзэж болох газар нь энэ Ван Виен хот гэсэн шүү. Жижиг үйлчилгээ үзүүлдэг аяллын агентуудын хөтөлбөрт хамрагдаад явчихад болно, олуулаа бол үнэ нь хямдарна, б ас наймаалцах авьяасыг чинь ч үнэлнэ.  

Нийслэл Вьентъянд бол хотын төв цэгт орших Трумпал Арч хаалгыг заавал үзэж таарна. Францын алдарт дөрвөн хаалганы нэг, Францын засгийн газрын хамгаалалтад байдаг гоёмсог байгууламж. Мөн цэвэр алтаар бүрсэн буддын шашны хамгийн том суварга

Луан суварга. Ер нь их жижиг хот учраас төөрөөд байх юмгүй алхаад ч явсан гол юмнуудаа үзчихнэ. Хотоос 25 км-ийн зайд байх “Будда хүрээлэн” буюу Шиенг Куан хүрээлэн нь Хиндү болон буддын шашны холбогдолтой аварга том чулуун баримлуудтай хүрээлэн. Нэг тийм сонин, харь мэдрэмж авна.

Лаосын онцлог хоол нь гоймонтой шөл, наалдамхай будаа гэж монголчилж болмоор чихэртэй будаа. Нийслэлд нь бол заавал багет идэж үзээрэй. Мөн халуун орны төрөл бүрийн жимсний шэйк, кокос жимсний ундаа хаа сайгүй хямдхан.

Тайланд- Чианмайд зааныг усанд оруулах, зааны тугал сургах хөтөлбөрт хамрагдаж, зааны шоу үзээрэй. Үнэхээр хөөрхөн. Харин заан унахыг зөвлөмөөргүй байна. Тийм хөөрхөн номхон амьтныг алх шиг хүнд, хурц үзүүртэй төмрөөр ташуурдаж сургадаг юм байна лээ. Бас бартай зургаа авахуулахыг ч гэсэн. Номхруулагч тариа тарьж, зовоож байж жуулчидтай зургийг нь авахуулж мөнгө олж байна гэхээр өрөвдмөөр санагдаад байдаг юм. “Урт хүзүүтнүүд” буюу Мъянмар эмэгтэйчүүдийн тосгоноор бас зочлоорой.

Хот дотроо бол үзээд байх юм бараг байхгүй санагдсан. Харин Лаосаас эхлээд сүм хийд зөндөө тааралдаж, бараг залхчихаад байтал энд ёстой өвөрмөц сүм хийдүүд үзсэн. 306 алхам шаттай Ват Фра Дад Дой нь өндөрлөг дахь гантиг сүм, Ват У-Монг “Галзуу лам”-ын сүм нь аварга том яст мэлхийтэй цөөрөмтэй, сүмийн барилга нь ч гэсэн содон, тунелиудтэй. Бас Grand Canyon, night safari үзвэл гоё. Ер нь их гоё хот, олон хоног төлөвлөөрэй.

Пайд бол Pai canyon нь хамгийн их таалагдсан. Бангкокт бол бүгд мэдэж байгаа биз дээ,  Хааны ордон, Sky palace, floating market гээд л. Тайландад pad thai гээд будаатай, заримдаа гоймонтой хоол их идсэн бас sticky rice with mango.

Камбож- Пном Пэн silk island орж, торгоны үйлдвэрлэлийг харж болно. Night market нь их гоё, газар сууж байгаад хоолоо идчихдэг. 1 долларын кокосны хальсан доторхи зайрмаг нь үнэхээр амттай. 

Сием рип хот. Мэдээж, алдарт Ангкор Ват. 12 дугаар зууны үед баригдсан энэ эртний сүм хийдийн цогцолбор Таж махал, Пирамидтай эн зэрэгцэн шагшигддаг. 162 га талбайг хамарсан маш том учраас нэг өдөр хүрэлцэхгүй, тиймээс орох тасалбарыг 1-4 өдрийн сонголттой худалдаалдаг. Аяллын агентуудын санал болгодог нэг өдрийн хөтөлбөр яг гол газруудаар нь оруулдаг учраас боломжийн санагдсан. Хэрвээ боломж байвал мопед, унадаг дугуйгаар олон хоног сайтар үзэж ч болно. Эндхийн night market нь pub street-тэй, тэнд нь нэг долларын пиво, матрын мах байна. Зүгээр л гудамжиндаа төрөл бүрийн коктейлтэйтек тавиад, ютүбээс дуу тавиад л баар гээд их сонирхолтой.

АЯЛЛЫН НИЙТ ЗАРДАЛ ХЭД БОЛСОН БЭ?

Маш бага зардлаар Бээжингээс 5700 юань буюу тухайн үеийн ханшаар 830 доллартай л явсан. Байр, унаа, үзвэр бүх зардлаа эндээсээ гаргасан. Хувцас болон илүү, дутуу тансаглалын зардлаа 3 сар орчим хасаад стипендээ цуглуулаад л явсан даа.

Хэдийгээр гурван улсаар, газраар ч гэсэн харьцангуй олон газраар очсон учраас унаанд маш их зардал гарсан. Ер нь аль ч улсад дотоодын тээвэр нь хямдхан байдаг. Тухайлбал Бангкокоос Лаос руу шууд олон улсын автобусанд сууснаас галт тэргээр Нонхай ороод, тэндээсээ 60 батаар Вьентъян орчихдог ч юм уу, Кунминаас Мохан орж, хил гарсан хойноо Луанг Прабанг орох нутгийн унаанд суух ч юмуу. Харин хот дотроо нийтийн тээврийг нь сайн судалчихвал хэмнэх боломж их. Бангкокоос бусад газарт бол мопед түрээслэчихвэл амар санагдсан. Нэг өдрийн 20-30 мянган төгрөгөөс хэтрэхгүй байх, дажгүй хямдхан. Бангкок, Луанг Прабанг хоёроос бусдад нь дандаа гест хаусаар явсан, энэ бас маш их мөнгө хэмнэсэн. Аяллын агентуудын хөтөлбөрт хамрагдахаар бол дор хаяж гурван газар орж судлаад, дараа нь заавал наймаалцаарай. Аа бас, union pay АТМ-ээс нэг удаагийн гүйлгээнд бараг 12 доллар суутгадаг, болж өгвөл ойр зуурын бэлэн мөнгө хангалттай авч явбал жаахан мөнгө авах гэж мөнгө суутгуулахгүй. Би АТМ-д их мөнгө суутгуулсан. 

АЯЛАХ ГЭЖ БУЙ ТӨЛӨВЛӨЖ БУЙ ХҮМҮҮСТ ӨГӨХ ЗӨВЛӨГӨӨ?

Заавал аялаарай гэж хэлье. Групп аялалын багцаар, эсвэл нэг газар очиж 4 одтой буудалд жаргах биш ганц удаа ч болов өөрийгөө сориод, өөртөө итгээд аялаад үзээрэй. Өмнө нь би групп аялалаар явж байсан л даа. Тохь тухтай хэрнээ үзэх гэсэн юмаа бүрэн үзэж чадахгүй, эсвэл хөтөлбөрт нь орсон гээд сонирхолгүй юмаа үзэх жишээний онцгүй.  Аялалын компанийн багц аялал тохь тухтай ч миний өөрийн адал явдал болж үлдэхгүй юм байна лээ. Тиймээс заавал ганцаараа биш, найз нөхөдтэйгөө ч бай гол нь өөрөө бие дааж явсан аялалаас маш гоё дурсамж, сургамж үлддэг гэж хэлмээр байна. Аялалд гарахдаа утсандаа хэрэгтэй апп-уудаа татаж аваад, ойр зуур бэлэн мөнгөнөөс гадна Visa, paypal зөөврийн цэнэглэгч заавал авч яваарай, бас гест хаусуудаар буудаллах бол үүргэвчиндээ цоож аваарай, гадаад пасспортаа ус нэвтэрдэггүй уутанд хийгээрэй.

МОНГОЛЫН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛ ХӨГЖИХӨД ЮУ ДУТАГДАЖ БАЙНА ГЭЖ БОДДОГ ВЭ?

Манай орны хувьд онгон зэлүүд байгаль, давтагдашгүй нүүдлийн ахуйгаараа дэлхий дахиныг татах хангалттай боломжтой. Сайн яривал Улаанбаатар хот ч гэсэн өвөрмөц хот. Харин жуулчдыг татах зугаа цэнгэлийн зүйлс, гоё гоё эвэнтүүд дутагдаад байх шиг санагддаг юм. Дөнгөж сая л “Шөнийн гудамж”-тай болох жишээний. Тэрэлжийн үзэсгэлэнт уул хадан дунд хаданд авиралт, зиплайн, bungee jump энэ тэр хийсэн ч яахав дээ, (зүгээр л жишээ шүү). Тэгээд иргэд нь ч бас жуулчидтай найрсаг байж, төөрч явбал боломжоороо тусалдаг байх хэрэгтэй байх. Энд тэнд төөрч явахад англиар жаахан ч гэсэн ярьдаг хүн таарч, туслахад хичнээн баярладаг гээ! Бас ганц нэг Монголоор аялж явсан хүнтэй таарахад “үнэтэй” гэж байна лээ. Жуулчдыг доллар гэж хараад бүтээгдэхүүн, үйлчилгээгээ хэтэрхий үнэтэй хэлээд байвал л үргэчихнэ. Өнөө маргаашийн ашгаа бодохгүй нийт АЖ-аа хөгжүүлэхийн тулд зүгээр л жуулчдад сэтгэлээсээ, бас боломжийн үнэтэй үйлчилгээ үзүүлчихэд болно доо.

ТАНЫ АЯЛЛЫН ДАРААГИЙН ТӨЛӨВЛӨГӨӨ ЮУ ВЭ?
Одоо наадмын үеэр Жанжиажие буюу Аватарын уул руу явах гэж байна. Ирээд ээжтэйгээ хамт Улаан-Үд, Итгэлт Хамба, Байгаль нуур явна. Аварга-Тосон амралтын газар хэд хоног амарч байгаад боломж гарвал дотооддоо хэд хоног ч болсон аялах санаа  байна. Харин хичээл эхлэхээр амралтаа тааруулаад Зүүн өмнөд Азийн үлдсэн орнуудаа дуусгахаар явна даа. Урт хугацаандаа Төвд, Энэтхэг, Европын орнууд, Шинэ Зеланд гээд төлөвлөж байгаа. Харин мөрөөдлийн газар гэвэл хүн болгон явдаг Өмнөд Солонгос л болчихоод байна, виз ерөөсөө гарахгүй байгаа (инээв)





TIME TO TRAVEL” булангаараа бид баасан гараг бүрт гадаад улс орнуудаар болон эх орныхоо үзэсгэлэнт нутгаар аялсан аялагчдын зөвлөгөө, мэдээллийг хүргэхээр зорьж байна. Хэрэв Та өөрийн аяллын түүхээсээ хуваалцахыг хүсвэл TIME.MN фэйсбүүк хуудас руу хандана уу. 



Өмнөх зочин: 

“Аватарын ертөнц”-ийг зорьсон 9000 км аялал

Монголын говиор 9 хоног

Зүүн Өмнөд Азиар 27 хоног аялсан хосууд            

         

 Тайландаар аялсан 17 хоног