АМЬДРАХ УРЛАГТ СУРАЛЦАХУЙ

Нийтлэл / Нийслэл guide
2017 оны 07 сарын 31

НҮБ-ын Ерөнхий ассамблейн чуулганаас жил бүрийн зургадугаар сарын 21-нийг “Олон улсын иогийн өдөр” хэмээн зарласан байдаг. Монголд уг өдрийг гурав дахь жилдээ тэмдэглэн өнгөрүүлэв. Иог бол энх тайван, эв нэгдлийн бэлгэдэл, эрүүл, аз жаргалтай амьдрах урлаг юм. Энэхүү аз жаргалтай амьдрах урлагаас тасралтгүй суралцаж, өөрийнхөө төдийгүй бусдын амьдралд эерэг өөрчлөлтүүдийг авчирч буй иогийн багш нарыг урьж, блиц асуултанд хариулт авлаа.

1. Та иогийн ямар стилиэр хичээл заах илүү дуртай вэ?
2. Өдөр болгон иог хийснээр таны бие, эрүүл мэндэд ямар өөрчлөлт гардаг вэ?
3. Та иогийн багш болсноос хойш ямар сорилтуудыг даван дийлсэн бэ?
4. Та иогийн философийг шавь нартаа юу гэж тайлбарладаг вэ?
5. Бясалгал нь таны иог заах арга барилд ямар үүрэг гүйцэтгэдэг вэ?
6. Иогоор хичээллэснээр таны амьдралд ямар эерэг өөрчлөлтүүд гарсан бэ?

“НАМАСТЭ ИОГИЙН ТѲВ”- ИЙН ҮҮСГЭН БАЙГУУЛАГЧ Ж.ДАВААЖАРГАЛ, Ж.НЯМСҮРЭН

1. Бид Аштанга Виньяса иог стилиэр хичээлээ заах дуртай. АНУ-д байдаг, дэлхийд эхний тавд ордог сургуулийг анх Виньяса иогийн багш мэргэжлээр төгсөж, дараа нь Энэтхэг улсад Аштанга Виньяса иогийн чиглэлээр мэргэшиж сурсан. Аштанга Виньяса иог нь зургаан шат дарааллаар хийгддэг. Ийнхүү өгөгдсөн дарааллын дагуу хийх нь эгогоос буюу “би” үзлээс ангижрах хамгийн шилдэг дасгал болдог. Аштанга Виньяса иог бол тэсвэр тэвчээр, сахилга бат шаардсан, өөрийн дотоод гүн рүү ороход хамгийн их тустай иогийн нэг төрөл юм.

2. Өдөр тутамд иог хийснээр бие хөнгөн, сэтгэл амгалан, хийж буй зүйлээ 100 хувь чанартай, үр дүнтэйгээр гүйцэтгэж чаддаг
болдог. 

3. Иогийн багш болсноос хойш аливааг бодитоор харж, байгаагаар нь хүлээн авч даван туулах тэсвэр хатуужилтай болсон. Мөн ямар нэгэн зүйлийг хүчээр бус, зөнгөөр шийддэг болсон.

4. Шавь нартаа “Иог бол яг одоод байхыг хэлнэ” гэж сургадаг. Бидний оюун бодол үүлний цаагуур нуугдсан сар лугаа адил бөгөөд наагуур нь халхалсан үүлийг хөөхөд тэр сар хэзээд гэрэлтэхэд бэлэн байдаг. Тиймээс иог хийснээр саруул тунгалаг сэтгэж, амар амгалан байх боломжтой.

5. Бясалгал нь тухайн хүний биеийн онцлог, хичээлийн сэдэв, цаг агаарын байдал зэрэг наад захын хүчин зүйлсийг тухайн мөчдөө
анхааралтайгаар, хооронд нь уялдуулан заахад иогийн багшид маш ихээр тусалдаг. Иогийн багш хүн бясалгал хийснээр эерэг энерги,
бүрэн мэдлэгтэйгээр бусдад амар амгаланг мэдрүүлдэг. Иймд иогийн багш заавал бясалгал хийдэг байх ёстой.

Зүүн гар талаас П.Наранчимэг, Ж.Нямсүрэн, Ж.Даваажаргал

“НАРАА” ИОГИЙН ТӨВИЙН БАГШ П.НАРАНЧИМЭГ

1. Уламжлалт аргыг өөрийн хэв маягтай хослуулан заадаг. Яг л шувуу шиг эрх чөлөөтэй, далавчаа дэлгэж нисэх мэт үе шаттай чадвар
суулгаж, зүгээр суух биш биеэрээ амьсгалж, бүжиж буй мэтээр иогийг заах дуртай. Ер нь юу чадна түүгээрээ, юуг сурахыг хүснэ тэрийгээ хийж, хичээлээ заадаг.

2. Иогийг өдөр бүр хийснээр хүний бие махбод тухайн өдрийнхөө эрч хүчээр сэлбэгдэж, дархлаа нэмэгдэж, ажлын бүтээмж сайжран, амьдрах урам зоригоор дүүрдэг. Мэдээж, булчин шөрмөст тохирсон ачаалал, сунгалт, мушгиралтаа авч, биеэс хор гадагшилж цэвэрлэгдэнэ. Иог хийснээр хөдөлгөөний дутагдал, зүрх судасны өвчлөл, таргалалтад өртөхгүй байх боломжтой. Хамгийн чухал нь
зөв дадал зуршил, амьдралын хэмнэл тогтож, дэг жаягтай болох явдал юм.

3. Багш болсноос хойш ялан дийлсэн айхавтар том сорилт гэхээр зүйл бага хэдий ч хүнийг бэртээж гэмтээх вий гэдгээс болгоомжилж, асуудал гарвал яах талаар илүү их боддог болсон нь миний хувьд чухал санагддаг. Гэр бүлдээ гаргах цаг минь багасч, хань ижилдээ
ажлаа зөвөөр ойлгуулах, өөрийн орон зай, бусдын орон зайг хүндлэх, бүх талыг орхигдуулахгүй авч явах үүрэг хариуцлагаа л ухамсарласан даа.

4. Эртний мэдлэг, гүн ухааныг орчин цагт нэвтрүүлнэ гэдэг амаргүй ажил. Гэхдээ хүн өөрөө ухамсарт хөгжил учраас иогоор богино бус маш урт хугацаанд тууштай хичээллэснээр тэр мэдлэг, гүн ухааныг нь аяндаа ойлгон ухаардаг. Иог нь зүрхнээс зүрхэнд хүрдэг учир хичээл болгон дээрээ хүмүүсийнхээ сэтгэл зүйг анзаардаг. Сайн хүн байх, эрүүл хүн байх, хүн шиг хүн байх, уучилж сурах зэргээр хичээл болгондоо нэмэлт тайлбар, эртний гүрү багш нарын хэлсэн үгсийг эш татан ойлгуулдаг. Тухайлбал “Иог бол бие, сэтгэл, ухамсар гурвын нэгдэл, амьсгал, сунгалт, хүч, тэнцвэрийн хослол юм. Иог бол өндөр оргилтой авирч дуусамгүй уул юм. Энгийн бүхэн агуу, агуу бүхэн энгийнээс” гэх зэргээр хичээлийн туршид ярьж иогийн гүн ухааныг тайлбарладаг.

5. Бясалгал бол агуу том судлал. Тайвширч төвлөрөх, биеэ удирдах, дасгалаа чин сэтгэлээсээ хийх, өөрийн бие, амьсгалыг хүндэтгэн дасгалаа хийж эхлэхэд бясалгал тус болдог. Мэдээж, оюун санааны асар их ядаргааг тайлж, ядарч сульдсан биеийг нөхөн сэргээдэг.

6. Амьдралын хэмнэл, эргэн тойрны хүмүүс, хэлж ярих минь хүртэл зөв болж, үйлдэл болгон маань зорилготой болсон. Амьдралд улам хайртай болж, бүх хүнийг л сайн сайхан байгаасай гэж хүсэх болсон. Энэчлэн иог намайг уян зөөлөн хийгээд хүчирхэг, сэтгэлийн тэнхээтэй болгосон. Бие бялдарт гарсан өөрчлөлт бол номын хуудас шиг олон. Хэвтэрт орох шахсан би өөрийн биеийг иогоор эмчилж, та нугардаг байсан уу гэж хүмүүсийг андуурч асуудаг болтол нь хөгжүүлж чадсан минь хамгийн сайн тэвчээрийн үр дүн юм. Өөртөө хайртай, өөртөө таалагддаг байх нь эмэгтэй хүн бүрийн хүсэл. Иог нь өөрийгөө төдийгүй бусдыг хайрлахад сургадаг бөгөөд өөрт мэдрэгддэг тэр сайхан мэдрэмжийг бусдад түгээж яваа минь бас нэгэн эерэг үр дүн билээ.

“УМ ШАНТИ ИОГ” СУРГАЛТЫН ТӨВИЙН ҮҮСГЭН БАЙГУУЛАГЧ БАГШ А.ЗОЛЗАЯА

1. 2014 онд би дэлхийд иогийн өлгий нутаг гэгддэг Гималай уулын өвөр, Ганга мөрний эрэгт оршдог, ард иргэд нь цагаан хоолтой Ришикеш хэмээх газрын Пармат Никетан ашрамд анхан, дунд, гүнзгийрүүлсэн шатны крияа иог, аюрведа, цаашлаад багшийн эрх олгох сургалтуудад хамрагдаж төгссөн. Энд ирээд энэтхэгийн уламжлалт хатха иогийн төрлөөр пранаяама амьсгалын арга техникүүд, асана дасгал хөдөлгөөнүүд, үүн дотроо бие халаах, нарны мөргөл, үндсэн иогийн дасгалууд, энэтхэгийн уламжлалт иогийн мантра буюу аялгуут тарниуд, бясалгал, аюрведа буюу уламжлалт эмчилгээний зарим аргуудаас зааж, иогийн зөв, цэгцтэй, цогц мэдлэгийг олон нийтэд олгохоор зорин ажиллаж байна.

2. Иог бясалгалаар хичээллэснээр энэ нь аяндаа ухамсарт нөлөөлж, амьдрах урлагт суралцдаг. Адгууслаг шинж чанарууд аажмаар багасч, эрүүл, зөв, идэвхтэй амьдралын хэвшлийг эрхэмлэж эхэлдэг. Хамгийн энгийн жишээ дурдахад, манайх шиг эрс тэс уур амьсгалтай орчин нөхцөлд иогоор хичээллэдэг хүмүүс ханиад хүрэх нь бага байдаг. Мөн хооллох соёл нь өөрчлөгддөг. Би гэхэд ногоон хоолтон. Би иогийн багш болохоосоо өмнө тийм ч уян налархай байгаагүй. Өдөр бүр тууштай хичээллэснээр нэг л өдөр мөрөөсөл болсон дасгалуудаа түвэггүй хийж сурснаа анзаарсан. Иогийн тарниудаа дуулж бясалгаснаар хоолойны өнгө улам цээлхэн болоод ч байх шиг санагддаг. Аарцаг нурууны тэнцвэрт байдлыг хадгалахад, бие бялдрын хөгжил, дотоод шүүрлийн булчирхайн үйл ажиллагаа болон биеийн дархлаанд эерэгээр нөлөөлдөг гэхчлэн иогад талархах зүйл маш их бий.

3. Иогийн багш болох хүсэл минь намайг хурцлахын сацуу маш олон давааг даван туулж байж багш хэмээх эрхэм хүндэтгэлийг хүлээн, бусдын итгэл сэтгэлийг тээж явна. Би багшийнхаа хэлсэн үгийг суралцагчдадаа байнга хэлэх дуртай. “Өгөөд амьдар, Амьдраад суралц, Суралцаад мэдэж авсаны дараа бусадтай хуваалц” гэж... Энэ нь эхлээд бусдыг чин сэтгэлээсээ хайрлаж хүндлээд, хармын сэтгэлгүйгээр, хариу нэхэлгүй гараа сунган тусалбал бусдаас хайр хүндэтгэл, итгэл сэтгэлийг хүртэнэ гэсэн зарчим юм.

4. Иог бол өөрийгөө таньж мэдэх арга ухаан юм. Иог нь асана буюу дан ганц биеийн байрлал биш. Түүнийг судлаад, суралцаад, гүн рүү нь орох тусам бүхэл бүтэн амьдралын шинжлэх ухаан болохыг ойлгож ухамсарлана. Мянга тайлбарлуулж сонсохоос илүүтэй өөрийн бие махбодоор нэг удаа ч гэсэн хийж үзэж, мэдэрдэг зүйл юм. Иог бол уураг тархи, ухамсар, бие махбод, эд эрхтэн, амьсгал, амин сүнсний нэгдэл байгаад зогсохгүй байгаль эх дэлхийн зохицол юм. Хүн гэдэг бурханлаг шинж чанартай оюунлаг амьтан бөгөөд дотооддоо аз жаргалтай, амар тайван, баяр баясгалантай, гэгээлэг, хайр энэрэл дүүрэн байдаг. Гэвч өөрийн үнэ цэн, аз жаргалаа мэдэрдэггүй, анхаарал нь үргэлж гадагш чиглэн, гаднаас тэр бүгдийг эрэлхийлж байдаг. Мэдлэгт хязгаар гэж үгүй, мэдлэг мэдлэгийн дотроос жинхэнэ биеэ таньж мэдэхэд суралцах нь дээдийн дээд мэдлэг юм. Өөрийгөө таньсан хүн эго буюу би гэх үзэл, атаа хорсол, бусдыг ялгаварлан гадуурхах, хүсэл шунал, хүчирхийлэл дарангуйлал, хорт бодисын хэрэглээнээс ангид оршиж, байгаа зүйлдээ сэтгэл ханамжтай, аз жаргалтай байж, энхтайвныг эрхэмлэн, хайраар хүрээлүүлэн амьдарч чаддаг. Ингэхийн тулд бид иогоор хичээллэж, зөв дадлыг хэвшүүлэх хэрэгтэй юм.

5. Бясалгал нь иогийн нэг төрөл бөгөөд хооронд нь ялгаж салгахын аргагүй. Бидний бодол санаа үргэлж гадагш чиглэн, өнгөрсөнд болон ирээдүй рүүгээ яаран тэмүүлж, сэтгэлээ савчуулж байдаг. Тэгвэл, дотоод сэтгэл рүүгээ өнгийн харж, жинхэнэ биеэ таньж мэдэх тэр боломжийг бясалгал бий болгодог. Бясалгахын тулд заавал нүдээ анин, орчноо өөрчлөх шаардлагагүй. Та одоо цагтаа баясч чадаж байвал энэ нь өөрөө бясалгал юм.

6. Анх “Амьдрах урлаг бясалгалын төв”-ийн Ц.Саранцэцэг багшийг I эмнэлэгт сургалтаа явуулж байх үед ээж минь дагуулж очсоноор иогийн анхны суурь мэдлэгтэй танилцаж байлаа. Тухайн үед би дунд сургуулийн сурагч байсан, бас эрүүл мэндийн шалтгаантай байсан юм. Иог бол өрсөлдөөн биш, ямар нэгэн шашны урсгал ч биш. Нас, хүйс үл хамааран ямар ч мэргэжилтэй хүн гүнзгийрүүлэн  удлаж суралцах бүрэн боломжтой. 2015 онд Монголдоо анх удаа олон улсын иогийн өдөрлөгийг тэмдэглэж байснаа мартдаггүй. Учир нь, анх төвөө нээх үеэс минь эхлэн хамтдаа, тууштай хичээллэж ирсэн олон чадварлаг, хайр дүүрэн шавийнхаа бодит үр дүнг тэр өдөр харахын сацуу тэднийхээ талархлын үгсээр цэнэглэгдэж, багшаа гэсэн итгэл сэтгэлийн бэлгийг нь Монголын залуучуудын хлбооны “Тэргүүний залуу” алтан медальтай хамт хүртэх тэр мэдрэмж үнэхээр гайхалтай, төсөөлөхийн аргагүй байсан. Иог энэ мэтчилэн олон сайхан эерэг өөрчлөлтийг амьдралд минь харамгүй хайрласаар байна.

БАДАМЛЯНХУА ИОГИЙН ТӨВИЙН ҮҮСГЭН БАЙГУУЛАГЧ, БАГШ Б.ТУУЛ

1. Манайх энэтхэгийн уламжлалт хатха иог, агаарын иог, жирэмсний иог, ахмадын иог, хүүхдийн иог, нүүрний иогийн чиглэлээр үйл  жиллагаагаа явуулдаг. Би өнгөрсөн гуравдугаар сард Английн нүүрний иогийн The Danielle Collins Face Yoga Method-ийн багшлах эрхийн сургалтанд сууж, албан ёсны заах эрхээ аваад төв дээрээ нүүрний иогийн сургалтуудаа явуулж эхэлсэн. Нүүрний иог гэдэг нь хүний нүүрэнд байдаг булчингуудыг агшааж сунгах зарчмаар хийдэг иогийн дасгалууд юм. Бидний нүүрэнд 57 булчин байдаг. Инээх, уурлах, баярлах, гуниглах зэрэг сэтгэлийн хөдлөлийг илэрхийлэх нүүрний хувирлаар өдөр тутам 20 гаруй булчин идэвхтэй ажиллаж байдаг. Үлдсэн 30 гаруй булчинг бид нүүрний иогийн дасгал, иллэг, цэгэн иллэгийн тусламжтайгаар хөдөлгөж дасгалжуулдаг юм. Энэ нь сүүлийн үед дэлхий даяар хөгжиж эхэлж байгаа шинэхэн иогийн урсгал.

2. Иог бол бие, сэтгэл, оюун ухааныг нэгтгэх арга зам, хүний эрүүл амьдрах ухааныг заадаг маш том шинжлэх ухаан юм. Иог хийснээр биеийн бүхий л хэсгийн мэдрэлүүд сэргэж, цусны урсгал, энергийн урсгал, тунгалагийн урсгал сайжирч энергийн хүрдүүд нээгддэг. Ингэснээр хамгийн гол нь стресс бухимдал, сөрөг муу бодолгүй болж, сэтгэлийн амар амгаланг мэдэрдэг. Энэ нь зөвхөн дасгал хөдөлгөөнөөр хязгаарлагдахгүй, төвлөрөл, амьсгалын дасгал, хөдөлгөөн нийлж байж иог болж бүрэлдэнэ. Нүүрний иогийг тогтмол хийснээр нүүрний хаван хуян арилж, өнгө нь сэргэж, толийж, гүн болон жижиг үрчлээсүүд, нөсөө толбо арилдаг. Нүүрний булчин яг л биеийн булчинтай адил дасгалждаг учраас зөв хэлбэртэй болж, нүүрний гажилт, унжилт, далийлт засагдаж, давхар эрүү арилж, өргөн царай нарийсдаг. Биеийн булчинг бодвол нүүрний булчин жижиг, нарийн ширхэгтэй болохоор маш богино хугацаанд үр дүн гардаг. Дасгалаа албан ёсны заах эрхтэй мэргэжлийн багшийн зааварчилгаагаар зөв сурч аваад 14 хоног тогтмол хийхэд л эхний үр дүнг мэдрэх болно. Улмаар 6-9 сар тогтмол хийхэд байгаа наснаасаа 10 жилээр ч залуу харагдаж чаддаг. 

3. Иогоор хичээллэхийн өмнөх байдлыг одоогийнхтой харьцуулахын аргагүй. Иогоор хичээллэж эхэлснээс хойш биеийн хувьд эмэгтэйлэг шинж чанартай болж, төгс төгөлдөр байдлыг мэдэрч байгаа. Мөн сэтгэлийн амар амгаланг олж, дотоод эрч хүчтэй болсон гэж хэлж болно. Иогоор хичээллэх тусам улам дурладаг, ахин дэвшихийг, дотоод мөн чанараа нээн илрүүлэхийг, өөртөө уусан нэгдэхийг илүү их хүсдэг. Зарим хүмүүс донтдог ч гэж хэлдэг. 

Нийтлэлийг: Т.Гүндэгмаа

Эх сурвалж: "НийслэлGuide" №63/ 2017 долоо, наймдугаар сар