"Амьтны үр ялгал юун"

НЭГЭНТЭЭ Библи судар сугандаа хавчуулчихсан явж байгаад таньдаг Шарын шашны гайгүй нэр нөлөөтэй ламтантай таарсан юм. Миний суганд байгааг авч үзчихээд царай нь хувьсхийж, бузрын юм барьчихсан мэт бушуухан эргүүлж өгөөд, амьд "чаралба" руу харж буй аятай надруу тун эвгүй хяламхийчихээд зөрөн одож билээ. Уг нь би бол түүний шүтлэгээс нь өөр шүтлэгийн гол судрыг л сугандаа хавчуулж яваагаас биш эрхэм ламтны мөч бүхэнд тусынх нь тулд залбирах учиртай өнөөх "Эх болсон зургаан зүйл хамаг амьтан"-ых нь нэг бол гарцаагүй мөнөөс мөн билээ. Бүр тамын, бирдийн нян, вирус, нэг эст амьтадтай харьцуулах аргагүй олон эст амьтан, оюун ухаант хүмүүн төрөлтний нэг шүү. Тэгээд Библи сугандаа хавчуулж яваагаасаа болоод хөөрхий би тэр "Хамаг амьтан"-ы тооноос хасагдаж, эрхэм ламтны залбирлаас гадуур өнгөрөх хувьтай болж хувирав. 

НЭГЭНТЭЭ нэг сүрхий боловсролтой нөхөр маань уншиж байгаад дунд нь хавчуурга хийгээд ширэээн дээрээ орхисон Коран судрыг ихэд сонирхон сөхсөнөө "Чи уншиж байгаа юм уу" гэлээ. Юу ч санасангүй, "Уншиж байгаа юм аа" л гэв. Тэгтэл "Чи ч бүр мангуурч гүйцжээ" гэх нь тэр. Энэ дэлхий дээр Коран шүтдэг тэрбум хэдэн зуун сая хүн бий. Ингээд тэд бүгдээрээ мангуугийн цаадах мангуу нь болж хувирав. Учир нь би бол Кораныг зөвхөн уншсан төдийд "мангуурч" буй юм чинь шүтдэг тэд бол ойлгомжтой.

НЭГЭНТЭЭ Бахагавидгитаг сонирхож яваад нэг мэдсэн Монголд үйл ажиллагаа явуулдаг Ананда Марги шашныхантай холбогдчихов. Тэр ч бүү хэл тэдэнтэй хамт ууланд гарч бясалгалд нь хүртэл сууж үзэв. Тэдний ертөнцийг үзэх үзэл тун сонирхолтой. Жишээлбэл "Мэргэд гэдэг бол одоогийн энэ профессор, докторууд биш. Ухаан эрүүл л бол хичээл зүтгэл гаргасан хэн ч тийм зэрэг цол авчих боломжтой. Тэд бол мэргэд биш судлаачид. Харин жинхэнэ мэргэд гэдэг бол сэтгэлийн мөн чанарыг олсон хүмүүн болно. Чухам хүн төрөлхтөн тийм хүмүүсээ мэргэд хэмээн хүлээн зөвшөөрч, тэднээрээ удирдуулж, тэднийгээ дагасан цагт л жинхэнэ зүй ёсны хөгжил ирнэ" гэх мэт. Тэр тухайгаа санамсаргүй хүнд ярьтал "Бушуухан Гандан гарч ном уншуулж бузраа арилгуул." гэж билээ. 1995 оны үед юм. Би ч хэлснээр нь Гандан гараагүй л дээ. Тэгэхээр "бузартсан хэвээрээ" өнөөг хүртэл 20 гаруй жил явна. 

НЭГЭНТЭЭ би тэнгэр шүтлэгтнүүдтэй уулзаж, тэдний буултад хамт суулцаж, зарим шид чадлыг нь бахархах билээ. Ерөөс Монголчууд бидний язгуур шүтлэг бол яах ч аргагүй Тэнгэр шүтлэг гэдэгт өчүүхэн ч үл эргэлзэх. Түүнээ бичсэнийхээ төлөө "Бат-Отгоны шавь", "Мөрөөдлийн багийн гишүүн", "Гэнэн, тэнэг", "ШУ-ыг үл мэдэгч" хэмээн гоочлуулав. Тэнгэр шүтлэгт бэрхшээл их бий. Зам зуурт нь элдэв тийрэн, золбинтой ханчсан бөө нэртүүд Тэнгэр шүтлэгийг жинхэнэ утгаар нь бодийг хөтлөх шахаж байна.

НЭГЭНТЭЭ би хорьдугаар зууны мэргэдийн манлай ОШО хэмээгч их хүмүүний номыг өөд уруугүй уншиж, тэр эрхмийг "Багшаа" хэмээн боддогоо илэрхийлсэн юм. Учир нь надад танин мэдэхүйн өчүүхэн сэжүүр заасан хэнийг ч, эгэл нэгэн хоньчин өвгөнийг ч ялгалгүй би өөрийн эрхгүй багшаа хэмээн бодох билээ. ОШО багшийг багш гэснийхээ төлөө бас баахан дооглуулав, хараалгав. Намайг дооглохоос өмнө ОШО багшийн бичсэн ганц номыг нь ч болов бүрэн уншчихаасай хэмээн дотроо харуусан бодох. 

НЭГЭНТЭЭ лам нэртэй ч сэтгэл нь тогтоогүй, омог сүр ихтэй хэдэн шалдан баньд нарт ширүүхэн үг хэлчихээд баахан хараалгуулж, хойтхоо уншуулахаа шахав. 
НЭГЭНТЭЭ Урианхай ахтай энэ мэтийг ярьж суутал "Ах нь яг үнэндээ шашны хувьд банзал хүн шүү дээ" гээд нэг их хөхөрч билээ. Үнэхээр л тийм. Аливааг ганцхан шагайвраар хардаг хүмүүнд Урианхай ах гарцаагүй "банзал" л харагдана. Их сайндаа төөрөлдсөн амьтан. 

"Монголчууд бол шашны талаар маш их прагматик хандлагатай. Өглөө бурхан багшид, өдөр Христэд, орой бөөд мөргөдөг" гэх мэт яриа нэлээд түгээмэл. Үүнийг хоёр түвшинд ойлговол зохино. Эхнийх нь зөвхөн ашиг тусаа л өгч байвал хэнд мөргөж буй нь хамаагүй гэсэн хэт прагматик байдал. Ийм тохиолдолд ямар нэгэн оюун санаа, гэгээрэл ухаарлын тухай ярих ямар ч боломжгүй юм. Харин арай өөр түвшинд бол огт өөр хэрэг. 

САЯХАН өнөө цагийн гэгээн хутагтуудын нэг Ажаа гэгээнтэнтэй уулзсан тухайгаа зурвасхан тэмдэглэл оруулж, гэгээний нэгэн номд буй "Найман гэгээний судрын тарни"-ийг постолсон юм. Намайг "Улаан бурханчин болжээ" гэж дүгнэжээ. 

Намайг янз бүрээр дуудан, дүгнэх ч яах вэ... 

Эзэн Чингис хаан болон Их Монгол гүрний их хаад болох Өгөдэй, Гүюг, Мөнх нар аливаа шашныг нөгөөгөөс нь илүүд үздэггүй, адилхан хүндэтгэн үздэг байсныг үе үеийн гадна, дотнын түүхчид өөр өөрсдийнхөөрөө дүгнэх. Ихэвчлэн тухайн улс үндэстнийг байлдан дагуулах, номхон хүлцэнгүй байлгаж захирахын тулд шашныг нь ашигладаг, шүтлэгийг нь чөлөөтэй хүлээн зөвшөөрдөг байсан гэж үздэг. Мөн оюун санаа, шашин шүтлэгийн Ардчиллыг хүн төрөлхтөнд заасан том үйл хэрэг байлаа гэх мэтээр тайлбарлана. Харин би хувьд өөрөөр боддог. 

Монголын Их хаад маань ямар нэгэн улс төр, стратегийн үүднээс л шашинд хүлээцтэй хандаж байсан юм биш ээ. Харин эцэстээ нэг л оргилд гардаг, нэг л цэгт очдог оюун санааны их эрэл хайгуулын үнэнийг ухааран таньж чадсаных нь илрэл юм. Чан Чун бомбын тэмдэглэл, мөн бомбыг даган явж, А, Б-гүй протокол үйлдсэн Ли Жичаны тэмдэглэл, Эзэн Чингис хааны үйл хэргээс энэ бүхэн нэн тодорхой харагддаг. Улс төр, стратегийн үүднээс шашинд хүлээцтэй хандах, танин мэдэхүй, их ухаарлын үүднээс хандах хоёрт хол зөрөө, ялгаа бий. Чухам дэлхийг энгээр нь хураах чадвар, цараа энд л бий. 

Харин шашинтнууд түүнийг өөр өөрийнхөөрөө хэт явцууран тайлбарладаг. Тухайлбал Сорхугтани хатныг Христийн сүмд нааштай байсных нь төлөө Христүүд түүнийг Христ шүтлэгтэн гэдэг. Гэтэл Дундад Азийн зарим хотуудад лалын мечат сургууль байгуулж өгснийх нь төлөө тэд Их хатныг лал шүтлэгтэн гэдэг. Бомбын багшийг эрхэмлэн шүтдэг байсных нь төлөө Бомбынхон түүнийг манай хүн гэдэг. 

Ямарваа шашныг мухар мунхаг ухаанаар хүлээн авбал, дэлгэрүүлбээс хар тамхи байтугай ХАР ТАМ болж хувирна. Ингэхэд хүн төрөлхтний түүхэнд бүртгэгдсэн 4500 гаруй дайн тулааны 80 гаруй хувь нь шашин шүтлэгээс үүдсэн гэдэг. Үеийн үед чухам шашны ариун нэрийн өмнөөс аймшигт геноцитууд хийгдэж ирсэн. Өнөө ч Сирийн ISIS, Афганы Талибанууд, Африкийн Бокохарам гээд байж л байна. Хэт туйлширсан шашны хэнээтнүүд хаа сайгүй.

Дундад зуунд Монгол оронд Шарын шашин хүчтэй дэлгэрсэн. Гэвч мухар сүсэг нь хэтэрч, улс орон хавтгайдаа шашны мухар сүсгийн орон болж хувирсан нь маш сөрөг үр дагавар авчирсан. Ямар сайндаа харь дайсан өдөр бүр өлөн шүлсээ савируулан өнгөлзсөн 30-аад онд эх орноо хамгаалах цэрэг армиасаа лам нарынх нь тоо дөрөв дахин олон байхав дээ. Батлан хамгаалахаас гадна улс оронд ажиллах хүч хэрэгтэй байдаг, хүн амаа өсгөмөөр байдаг. Гэтэл гурван эр хүн тутмын нэг нь орхимж нөмрөөд нийгмийн амьдралаас хөндийрөөд суучихсан, бүр ажиллах хүчнийх нь тавны нэг нь өргөл барьцаар амьдардаг болоод ирж байгаа юм. Тийм нөхцөлд улс орон яаж урагшаа явах юм бэ? Тийм бүтэцтэй нийгмийг ямар бүтэцтэй нийгэм гэх вэ? Эрүүл нийгэм гэх үү? Юм хэтрэхээрээ, мөн чанараасаа хазайхаараа л аюулт үр дагаварт хүрдэг. Хэт нэг талруугаа хазайхаараа нөгөө тийшээ мөн тэр хэмжээгээрээ савдаг физикийн суурь хууль бий. Физикийн суурь хууль бол түгээмэл ертөнцөд ч түмээмэл үйлчилдэг. Үнэхээр 30-аад онд аймшигт савалгаа болсон.

Шашин нь хэтрээд, бүр төрийн эрхэндээ залсныхаа горыг эртний их түүхтэй Төвд үндэстэн маш гашуунаар амсаж байна. Дээрхийн гэгээн XIV далай ламтан "Төвд үндэстний тусгаар тогтнолын тухай асуудлыг ярих боломжгүй болсон. Одоо гагцхүү үндэстний өв соёлыг л хагас хугас авч үлдэх асуудал үлдсэн" хэмээн уйлан байж ярьсан.

Харамсалтай нь өнөөдөр ч бид шашныг хэт хэрэглээ талруугаа ашигч байдал руу хэлбийлгээд байгаа харагддаг. Эгэл сүсэгтэн нь байтугай шашны зүтгэлтнүүд нь хүртэл мунхаг ухаанаасаа салаагүй цагт шашин мөн чанараараа дэлгэрнэ гэдэг боломжгүй юм. 

Элдвийн нүглийг баруун солгойгүй үйлдэж үйлдчихээд, тодруулбал айлын байр луйвардаж авчихаад, хулгай хийчихээд (авилга бол хамгийн том хар хулгай), хүний амьдралаар тоглож сүйдэлж хаячихаад, ална шулна гэж цамнаж цамначихаад "Хар, цагаан хэл амны ном" уншуулдгаа, нэг ламаар очоод заслаа хийлгэчихдэг ээ, аль нэг хийдийн хурлын зардлыг дааж шүтээн өргөдгөө шашинг үнэхээр шүтэж байна гэж боддог бол том эндүүрэл. Тийм нүгэлд үйлчилдэг лам нь ч шашны зүтгэлтэн биш, мөн чанараараа тэдний өөрсдийнх нь тодорхойлдог "чаралба", "лүд" юм. Юун Библи төдийг сугавчилж яваа надтай харьцуулах вэ. Жинхэнэ чаралба. Ийм болоод ирэхээрээ л шашныг ХАР ТАМ болгон хувиргаж буй хэрэг. Шашинд хүлээцтэй ханддаггүй Соц нийгэм нурсны дараа шашин дэлгэрч сайхан боллоо гэж бодож буй бол бас л эндүүрэл. Манайд дэлгэрч буй янз бүрийн шашнуудын дэлгэрлийн зам мөрийг харвал мухар хар сүсэг, тархи угаалт талруугаа хэт хэлбийсэн... Мухар сүсгэн дээр оршин тогтнож, амьдарч байдаг, шашны ариун ном шүтлэг, гэгээрэл ухааралд байтугай нийгэмд ямар ч хэрэггүй, бэртэгчлэн, шимэгчлэн амьдардаг бүхэл бүтэн "санваартан"-ы давхарга хүртэл бий болсон. Яг л хуучин соц цагт шар хувалз гэдэг байсантай яг адил. 
Аль нэг сүмд хурал даган баясах, зүг мөрөө гаргуулах, элдвийн сан, лүйжин тавиулж, жасаа уншуулах, сүмд өргөл барьц өргөх гэх мэт нь сүсэгтний цорын ганц мөн чанар биш. Ийн үйлдэх төдийгөө шашин шүтэж байна гэж боддог бол тэр шашныг хар там болгох талруу нь хүчин зүтгэж буй хэрэг. Тэгээд сүмээс гараад л хараалаа урсгаад, нүглээ үйлддэгээрээ үйлдээд явчихдаг бол хэрхэн яаж шашинлаг орших вэ? Санваартнууд нь ч өргөл авахаа зорилго болгож, ном уншиж, засал хийх төдийгөөр шашны үйлээ хязгаарлаж буй бол санваартан хэмээгдэх нэр зүүгээд яанам. Тэр заслыг чинь аль ч шашинд хийдэг. Ислам, загалмайтан (ялангуя оросын Үнэн алдартныхан бол бүр гаргууд), бөө, тарнич, элдвийн хар шидтэнүүд, шулмууд ч янз бүрийн засал хийж чаддаг. Ийм засал нь угтаа шашны мөн чанар ч биш. Мөнгө төгрөг, ашиг орлого ярьсан санваартанг хэрхэн шүтэж сүсэглэх билээ. Би л хувьд чаддаггүй. 

"Аяа бас номыг сэтгэлтэйгээ нийлүүлсэнгүй мэргэд ичиг ичиг" гэж Равжаа хутагт чухам тэднийг л заан хэлээ биз ээ.
Харин ухаарал сэхээрлээр шашныг хүлээж авах нь огт өөр, мухар сүсэгтэй харьцуулбаас тэнгэр газар шиг ялгаатай ойлголт. Энэ нь "Гэрээс гарсан гэлэн" шиг бодит ахуйн бүх зүйлээс татгалзаж винайн ёсыг сахихийг бүхэнд нийцтэй гэж буй тухай ч яриа биш юм. Эгэл амьдралд Цанид Чойр, Дандарын айхтар нарийн гүн мэдлэг тайлбарлах нь тэр бүр наалдахгүй, ердөө л сэтгэл, хэл, биеэр үйлддэг нүгэл бүхнээс зайлж, буян, энэрэнгүй нинж сэтгэл, сайн санааг эрхэмлэж явбал тэр өөрөө жинхэнэ үнэн сүсэгтний мөн чанар гэж би ойлгодог. Өөрөөр хэлбэл сэтгэлийн мөн чанарыг нээх тухайд юм. Сэтгэлийн цаад мөн чанарт зөвхөн нинж хайр буй. 

Хүн хүнээ хайрлах шиг, хүн бүхий л оршихуйгаа эрхэмлэн хайрлах шиг эрүүл ухаант аж төрөхүй үгүй. 
Ном дүнгэнэтэл уншивч сэтгэлд нь нинжийн өчүүхэн ч "тортог" суугаагүй дүвчин ламаас илүүгээр "Эшш хөөрхийс минь, амьтны үр ялгал үгүй" хэмээн бүгдийн төлөө сэтгэлээ чилээх эмээгийн сэтгэлд үнэний гэрэл бий. 

Тэр мөн чанарыг олж барьж чадсан аваас чухам ямар шашинтан байх нь тийм ч чухал биш. Эртний Энэтхэгийн хөлгөн их судар Бахагавадгита-д "Шашинтан бүрийн зам мөр өөр ч хүрэх газар нэг. Зүйрлэвээс Уулын оргил нэг ч түүнд очих зам олон. Муруй тахир, бартаатай, бартаагүй гэх мэт..." гэсэн нэг үг бий. Гол нь мөн чанарыг олж барих. 

Дээрхийн гэгээн XIV Далай багштан "Миний шашин бол ердөө л нинжин сэтгэл" хэмээжихүй. 

Товчхондоо аливаа шашныг мунхаг ухаанаар хүлээж авбаас ХАР ТАМ, харин ухаарал сэхээрлээр хүлээж авбаас АРИУН ДИВААЖИН болно. Тэгэхээр асуудал нь шашиндаа биш, хэрхэн яаж шүтэх, авахдаа байна. Ингэхэд ямар ч шашны хамгийн том дайсан нь буруу шүтэх, буруу хүлээж авахад бий. Бурхан багш хүртэл ийн хэлсэн юм гэнэ билээ. "Миний шашныг миний шавь нар л сүйтгэж мэднэ" гэж... Чухам мухар сүсэг, мунхаг ухаан л шашныг ална, амьдралыг там болгоно. 

"Найман гэгээн судрын тарни"-д 
... Муу сэтгэлээ ялсан бүхэн зовлон үгүй.
Мунхагийн нойрноос сэрсэн бүхэн чадал төгөлдөр гэж буй. Чухам энэ мэт утгыг ухаж, муу сэтгэлээ ялах, мунхагын нойрноос сэрэхийг эрмэлзэх нь, түүнээ мөч бүхэндээ өөртөө болон цул оршихуйд сануулан хэлж дадах нь, бас энэ гүн утгыг дотроо бясалгаж, үгийн эрчим болгон хувиргаж хүчийг авах нь мухар сүсгээс их өөр юм гэж өчүүхэн мунхаглан бодном.