О.Баасанхүү: Хэвлэлийн хурлаа Төрийн ордонд хийгээгүйд баярлалаа

Хэн юу хэлэв / Admin
2017 оны 08 сарын 04

Шадар сайд У.Хүрэлсүхийг тагнаж, чагнасан гэх мэдээлэл олны анхаарлын төвд байна. Эл асуудалтай холбогдуулан Шадар сайдын ажлын албанаас өнөөдөр мэдээлэл хийсэн. Түүнчлэн, УИХ-ын гишүүн О.Баасанхүү өөрийн үзэл бодлоо дараах байдлаар илэрхийлжээ. Тэрбээр:

Сайн байцгаана уу. Сүүлийн үед сайдыг мөрдөөд байна, алах гээд байна гэх аймар мэдээ гараад нэг хэсэгтээ санаа зовж байлаа. Учир нь Хүрлээ сайдыг би ах шигээ хүндэлж, хайрлаж явдаг юм. Гэтэл ашгүй өнөөдөр ажлын албанаас нь хийсэн мэдээллийг хараад за ямар ч байсан сайдыг алах гээгүй юм байна гэсэн бат итгэлтэй боллоо. Учир нь Ерөнхийлөгчийн сонгуулийн хоёр дахь санал хураалт 7 сарын 7-нд болох гэж байсан болохоор ялагдаж яваа нэр дэвшигчийн ажлын алба Урвагчдыг дотроосоо хайсан хувийн шинжтэй мөрдлөг хийсэн юм байна гэж харагдахаар байна.Тэгэхээр тэдний энэ ажиллагааг намын хууль, аюулгүй байдал хариуцсан Сандаг-Очир генерал маш сайн мэдэж байгаа гэдэгт итгэлтэй байна. Ингээд энэ нөхөд маань энэ хэрүүлээ энэ хүргээд Ц.Нямдорж гуайн сайн цэрэг Генерал Сандагдорж гуайгаас юу болов, яах ёстой вэ гэх зэргийн юм асуугаад энэ хүргээд дуусгаж болохгүй юм байхдаа. Цагдаа, Тагнуул, АТГ өөр чухал ажилтай байхад эрх баригч намд онцгой үйлчилгээ үзүүлэх гээд завгүй болох талтай болж байгаа нь санааг минь зовоож байна. Аан тийм. Өнөөдрийн хэвлэлийн хурлаа төрийн ордонд хийгээгүйд баярлалаа.