Улаанбаатар хотын албан ёсны хөтөч ном хэвлэгдлээ

Нийтлэл / Нийслэл guide
2017 оны 08 сарын 02

Гадаадын жуулчид монголын хөдөө орон нутаг, уугуул соёл, ёс заншилтай танилцах гэж л ирдэг. Тиймдээ ч Улаанбаатар хотод сааталгүйгээр нутаг буцдаг нь түүх соёл, дурсгалт газар, зугаа цэнгэлээрээ Азийн бусад хотоос дутахааргүй нийслэлийн маань хувьд харамсалтай хэрэг билээ.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн мөрийн хөтөлбөрт Улаанбаатар хотоо Зүүн Азийн аялал жуулчлалын төв болгох зорилго бий. Энэ зорилгод хүрэхийн тулд улсынхаа нийслэлийн онцлогийг жуулчдад өргөнөөр сурталчлах шаардлагатай юм. Дэлхийн хот бүр энэ төрлийн сурталчилгаандаа авсаархан, цогц мэдээлэлтэй хөтөч ном, гарын авлага ашигладаг.

Тэгвэл Улаанбаатар хотын үүсэл гарал, түүхэн дурсгал, архитектурыг танилцуулахаас гадна шилдэг үйлчилгээний газруудынх нь тухай мэдээ, мэдээллийг багтаасан нийслэлийн албан ёсны хөтөч ном анх удаагаа хэвлэгдлээ. Англи хэлээр гарсан тус ном нь гадаадад буй Монголын ЭСЯ-даар, олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэнгүүдээр, дотоодын томоохон зочид буудал, үйлчилгээний газар, аялал жуулчлалын байгууллагуудаар үнэгүй тараагдаж, өнгө төрх, мэдээ мэдээллээрээ Монголыг зорих, Улаанбаатартай танилцах сэдлийг жуулчдад төрүүлэх зорилготой.

Хөтөч номыг Нийслэл guide сэтгүүлийн хамт олон буюу Нийслэл Масс Медиа ХХК олон улсын жишгээр бэлтгэжээ. Тэд 3 үгийн нийлэмжээс бүрддэг what3words хаягжилтын системтэй хамтарч, байршлуудыг тэмдэгжүүлсэн аж. Улаанбаатар хотын гудамжны нэрээр аливаа газрыг олоход бэрх тул what3words-ын хаягжилт жуулчдад нэн хэрэгцээтэй мэдээлэл байх болно.

Тус номд үйлчилгээний газруудын хөтөч тэмдэглэгээ, соёл урлагийн наадмуудын мэдээлэл багтсан төдийгүй “Улаанбаатар паспорт” брэнд номын хямдрал, купоны эрхийг хавсаргаснаараа онцлог.

Нийслэл Масс Медиа ХХК-ийн Гүйцэтгэх захирал З.Золбоот “Улаанбаатар хотод айлчилсан гадаадын иргэд үзвэр, үйлчилгээний тухай мэдээллийг хангалттай авч чаддаггүйг бид анзаарч байлаа. Иймд тэдний аяллыг улам сонирхолтой, тав тухтай байлгахын тулд бид энэхүү хөтөч номыг англи хэлнээ гаргасан юм. Жуулчдын эрэлт хэрэгцээнд нийцсэн тус номыг төрөлх хотоо сурталчлан таниулахыг зорьж ажилладаг үйлчилгээний газар болгон үнэгүй тарааж болно” хэмээн үгүүлэв.

Нийслэл Масс Медиа ХХК нь Нийслэлийн Аялал Жуулчлалын Газартай хамтарч тус номыг бүтээжээ. Нийслэлийн Аялал Жуулчлалын Газар нь нийслэлд аялал жуулчлалыг хөгжүүлэх бодлого зохицуулалтыг хэрэгжүүлэх, аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийг мэргэжлийн удирдлага, дэмжлэгээр хангах, нийслэлээ гадаад дотоодод сурталчлах чиг үүрэг бүхий Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг юм.

Нийслэл Масс Медиа ХХК нь зургаан жил үйл ажиллагаагаа амжилттай явуулж буй хэвлэл мэдээллийн цогц үйлчилгээ үзүүлэгч, сар бүр гардаг Нийслэл guide сэтгүүлийн хамт олон юм. Тэд өнгөрсөн зургаан жилийн архивтаа тулгуурлан Улаанбаатар хотын албан ёсны хөтөч номыг шинэлэг шийдлээр жуулчдад хүргэх боломжтой болжээ.

Нийслэл Масс Медиа ХХК-тай холбогдохыг хүсвэл:

Хаяг: Ард Холдингс ХК-ийн байр, II давхар, Ерөнхий сайд А.Амарын гудамж, СБД
Утас: 99232404, 90001991
И-мэйл: Zolboot@niislelguide.mn
w3w: цэнэг. эрдэмтэй. өнгөлөх