Tencent компани хиймэл оюун ухааны чиглэлээр дэлхийд тэргүүлэхийг зорьж байна

Технологи / Admin
2017 оны 08 сарын 07

Хятадын хамгийн алдартай технологийн Tencent компани, мессенжер үйлчилгээндээ туршилтын журмаар хоёр төрлийн ярьдаг роботыг нэвтрүүлжээ. Харин энэхүү шинэ санаачилга нь Хятадын засгийн газрын шүүмжлэлд өртсөн бололтой.

Tencent QQ мессенжер аппликэйшний зүгээс Baby Q, Little Q гэсэн оцон шувуу болон бяцхан охины дүрс бүхий ярьдаг роботыг өнгөрсөн 3-р сард туршилтаар нэвтрүүлжээ.  Гэвч нийгмийн сүлжээний хэрэглэгчид, ихээхэн шүүмжлэл дагуулсан асуудлуудыг ярихдаа эдгээр роботуудыг ашиглах болсноор, Tencent компанийн зүгээс ийнхүү туршилтын үйлчилгээгээ хаахаар болсон байна. 

Роботууд бүр Хятадын Коммунист намыг “Авлигад идэгдсэн, ямар ч өрсөлдөөнгүй улстөрийн дэглэм” гэж буруутгажээ. Baby Q, Little Q хоёр нь хэрэглэгчдэд автомат хариулт өгөх тохиргоотой систем юм байна. Эдгээр интерактив роботууд нь хэрэглэгчдээс ирсэн ерөнхий мэдлэгийн хүрээн дэх асуултанд хариулт өгөхөөр загварчлагдсан тухай China News Service өнгөрсөн 4-р сард мэдээлж байв. Эдгээр роботууд нь хэрэглэгчдэд цаг агаар, зурхай зэрэг өргөн хүрээний асуултанд хариулт өгч чаддаг байна. Гэхдээ бас хүний сэтгэлийг хөндсөн асуултуудад ч хариулт өгөхөөр загварчлагджээ. 

Тухайлбал Baby Q робот нь “Хоолоо идсэн үү?” гэж асуухад, “Үгүй ээ. Би хоол идэх хүсэлгүй байна.” гэх зэргээр хариулдаг байна. Хэвлэлүүдээр мэдээлснээр Tencent компанийн эдгээр ярьдаг роботууд нь улс төрийн нарийн төвөгтэй асуудлуудын талаар програмчлагдаагүй учраас, ийнхүү нийгмийн сүлжээний дүрсгүй хэрэглэгчдийн бай болсон бололтой. 

Одоогийн байдлаар энэхүү интерактив технологийг дахин хэрэглээнд нэвтрүүлэх эсэх нь тодорхойгүй байгаа юм. Гэхдээ Хятадын хамгийн алдартай нийгмийн сүлжээний хэрэгсэл болох WeChat-ыг эзэмшдэг тус компани ирээдүйд хиймэл оюун ухааны чиглэлээр үйл ажиллагаагаа өргөжүүлэн, дэлхийд тэргүүлэхийг зорьж байна. Tencent компани 2016 оноос эхлэн, Хятадын нийгмийн сүлжээний сайтуудад хиймэл оюун ухааныг хөгжүүлэх зорилгоор ажиллаж байгаа бөгөөд Хятадын өмнөд хэсгийн Шэньжэнь хотод тус компанийн 50 гаруй судлаач энэ чиглэлээр ажиллаж байна. Мөн өнгөрсөн 5-р сард Tencent компани АНУ-ын Сиэтл хотод хиймэл оюун ухааны шинэ лаборатори нээжээ. 

Уг лабораторийн үйл ажиллагааг Майкрософт компанид ажиллаж байсан Ю Дон гэх эрдэмтэн удирдан явуулж байгаа юм. Тэнсэнт компанийн хувьд, үйлчилгээгээ хөгжүүлж, Apple-ийн Siri-ээс хэд дахин өргөн хүрээтэй сүлжээг бий болгохыг зорьж байна. Хятадын төрийн мэдлийн сувгуудаар, “Тун удахгүй нийгмийн сүлжээний хэрэглэгчид Apple болон Tencent-ийн бүтээгдэхүүний алийг нь сонгох вэ гэсэн сонголттой нүүр тулах болно.” гэж мэдээлж байна.