Монгол аялагчдын зорьж буй энэ зуны топ 5 газар

TIME TO TRAVEL / Нийслэл guide
2017 оны 08 сарын 07

"Нийслэл Guide" сэтгүүлээс Монгол аялагчдын зорьж буй энэ зуны топ 5 газрыг нэрлэж байна. 


№5 Мухартын гол, Бор хярын элсэн манхан /Завхан аймаг/

Уг гол нь Эрдэнэ хайрхан сумын төвөөс зүүн хойд зүгт Бор хярын элсний өмнө тал, ДТД 450м өндөр элсэн манханаас эх авч урсдаг, хөвөөгөөрөө бургасан шугуйтай, гоньд, дэгд, улаалзгана, нохойн хошуу зэрэг жимс жимсгэнэтэй байгалийн өвөрмөц тогтоц бүхий цогцолборт газар юм.


№4 Сайхны хөтөл /Сэлэнгэ аймаг/

Сэлэнгэ аймгийн төвөөс 10 хүрэхгүй км-ийн зайд, Монгол, Оросын хилийн зурвасаас наахна байгалийн үзэсгэлэн бүрдсэн Сайхны хөтөл хэмээх газар бий.
Эл хөтлийг өмнө нь "Тэмээн хүзүүтийн хоолой" хэмээн нэрлэдэг байжээ. Харин Д.Сүхбаатар жанжин үүгээр өнгөрөхдөө “Үнэхээр сайхан хөтөл юм аа” хэмээн уулга алдсанаас "Сайхны хөтөл" хэмээн нэрийдсэн аж. Орхон, Сэлэнгэ мөрөн энд нийлж, цааш урссаар Байгаль нуурт цутгадаг.

Аялагч Ш.Жавзанпагма: Бид Сайхны хөтөл орох замдаа Сэлэнгэ аймагт орших "Гүн нуур", "Тужийн нарс", "Ээж мод"-ыг үзэж сонирхсон. Гэхдээ хамгийн гоё нь Сайхны хөтөл байсан. Энэ хадан дээрээс цааш харахад их л өргөн уудам, амар амгалан санагдаж билээ.


№3 Хяргас нуур-Хэцүү хад /Увс аймаг/

Аялагч О.Хонгорзул: Бид УБ-Төв аймаг-Булган-Өвөрхангай-Архангай-Баянхонгор-Завхан-Увс-УБ гэсэн маршрутаар 18 хүний бүрэлдэхүүнтэй 9 өдрийн аялал хийсэн юм. Аяллын хамгийн сүүлийн зогсоол нь Увс аймгийн Хяргас нуур байсан. Бид Хяргас нууран дээр 17.00 цагийн үед очсон бөгөөд очингуутаа бүгд л машинаасаа үсрэн бууж Хэцүү хадан дээрээс байгалийн сайхныг харж зогссон. Хяргас нуур цэнхэртээд үнэхээр үзэсгэлэнтэй харагдаж байсан. Тэнд олон янзын шувууд, оготно, туулайнаас авахуулаад амьтан ихтэй юм билээ. Хамгийн хөгжилтэй нь үүр тэмдэгрэх 4.30 цагийн үед майханд маань нэг оготно ороод ирсэн. Хүн амьтан сэрээхгүй гэсэндээ амьхандаа сулхан чарлаад майхнаасаа үсэрч гарсан хэхэ. Тэгээд тэнгэрийн хаяаг хартал шаргалтаад нар дөнгөж мандаж байсан мөртлөө дээр түмэн од гялалзаад үнэхээр гоё агшин таарсан болохоор сэрээсэн оготнодоо баярласан шүү.


 

№2 Найман нуур /Өвөрхангай/

Аялагч А.Булгамаа: УБ хотоос 565 км зайд орших Хүйсийн найман нуур ДТД 2400 м-т оршдог. Энэ газрыг адал явдал хайгч, идэвхтэй төрлийн хүмүүс сонгон аялдаг гэхэд болно. Учир нь явах зам бартаа ихтэй, зарим нуурыг морь унаж, эсвэл явган алхаж очиж үзэх боломжтой. Сибирийн хар мод, хушин ой, галт уулын чулуулаг зэрэг өвөрмөц сонин тогтоц ихтэй. Мөн монгол орны Улаан номонд орсон ховор ан амьтад элбэг байдаг. Бартаа саад ихтэй замыг туулан байж очсон газар илүү үзэсгэлэнтэй, эх орноо хайрлах сэтгэлийг илүү гүн төрүүлдэг билээ. Мөн аялагчид ч юманд хүлээцтэй хандаж, нэг нэгнээ ойлгох занд суралцдаг. Тиймээс бартаат замтай газраас битгий айгаарай.


 

№1-т Хөвсгөл далай

Зурагны тухайд Хорьдол Сарьдагийн нурууны Дэлгэрхаан хайрхан /3090м/, Хөвсгөл далайн баруун эрэг дэх Урандөш хайрханд /3090м/ авирсан Хайрхан аялагч клубын гишүүдийн зураг болно.

Тус клубын 18 гишүүний бүрэлдэхүүнтэй авиралтын баг 4 хүүхдийн хамт нийт 22 хүн 07.08-07.16-ны хооронд авиралт хийжээ. Авиралтын үеэр Дэлхийд уртаараа 5-т ордог Енисей мөрний их Шишхид голын хөвөө, Ар босготын хавцал, Хөвсгөл нуурын баруун эрэг, Булган аймгийн Тэшиг суманд байх Харгал нуурын эрэгт хоноглон аялсан байна.