Д.Ширэндэв: “Хорих ангид бясалгал явуулъя” гэж бид гуйдаг байсан бол одоо биднийг урьдаг болсон

TIME TO TALK / Admin
2017 оны 08 сарын 15

TIME TO TALK булангийн энэ удаагийн зочноор Монголын Випашяна судлалын төвийн тэргүүн Д.Ширэндэвийг урьж ярилцлаа.

ШАШНЫ АСУУДЛЫГ ХАЙХАРДАГГҮЙ МАНАЙХ ШИГ УЛС ОРОН БАЙХГҮЙ.

Тун саяхан Ерөнхийлөгч Х.Баттулга дэргэдээ шашны зөвлөхтэй боллоо. Та өмнөх Ерөнхийлөгчийн дэргэдэх Шашны зөвлөлд байсан юм байна. Энэ ямар учиртай зөвлөл байв. Одоогийн Ерөнхийлөгч дэргэдээ шашны зөвлөхтэй болсон тухайд юу хэлэх вэ?

Ерөнхийлөгчийн дэргэд шашны зөвлөл гэж байсан. Нэр төдий л байсан гэх үү дээ.

“Монгол Улсад төр нь шашнаа хүндэтгэж, шашин нь төрөө дээдэлнэ.” гэж Үндсэн хуульд заасан байдаг. УИХ, Засгийн газар шашны асуудалд хутгалдахгүй. Харин шашны тал дээр Ерөнхийлөгч л ажилладаг. Тиймээс Ерөнхийлөгч дэргэдээ шашны зөвлөхтэй байх шаардлагатай. Яагаад гэвэл шашны асуудал бол маш том зүйл. Шашны асуудлыг хайхардаггүй манайх шиг улс орон байхгүй. Шашин бол улс орны Үндэсний аюулгүй байдалд ч нөлөөлдөг зүйл. Төр, шашин тусдаа гээд хайхрахгүй орхиж болохгүй. Дэлхий дээр дайн дажин юунаас болж гарч байна. Ерөнхийдөө л шашнаас болдог. Монголд өнөөдөр шашны эрх чөлөө байгаа учраас, олон шашин орж ирж байна. Үүнийг ч бас Төрөөс анхаарах л учиртай.  Тэгэхээр Ерөнхийлөгч дэргэдээ шашны зөвлөхтэй болсныг зөв гэж харж байгаа. Өмнөх Ерөнхийлөгчийн үед бол Ерөнхийлөгчийн дэргэд шашны зөвлөл гэж байсан. Нэр төдий л байсан гэх үү дээ. Үнэндээ энэ зөвлөл ажиллаагүй. Уг нь бол шашны асуудлаар ажиллах ёстой. 

Шашны зөвлөхөөр томилогдсон СГЗ Ц.Хулангийн тухай нэгэнт асуусных түүний намтрыг харж байтал “Ганжуур, Данжуур хөлгөн судрыг орчуулах төслийн ТУЗ-ийн гишүүн” гэсэн байсан. Танай төв бас Ганжуур, Данжуурыг орчуулж байгаа байх аа?

Наадах чинь ийм учиртай. Эрт дээр үед манай монголчууд Төвд хэлнээс Ганжуур, Данжуурыг орчуулсан байдаг. Тэр хүмүүсийн хувьд Уйгаржин монгол бичиг дээр орчуулагдсаныг нь кирилл рүү хөрвүүлж байгаа юм билээ. Тэгэхээр хараахан орчуулж байгаа асуудал биш. Хөрвүүлж байгаа гэх нь зөв байх. 

Тэгвэл танай төв Ганжуур, Данжуурыг дангаараа орчуулж байгаа. Тэгэхдээ Бурхан багшийн сургаалиа айлдсан Пали хэлнээс орчуулж байгаа гэсэн?
Мэдээж хуучин монгол бичгээс кирилл рүү хөрвүүлж байгаа тэр хүмүүсийн хөдөлмөрийг хүндэтгэж байна. Яагаад гэвэл хуучин монгол дээрээс нь хүмүүс уншиж чадахгүй байгаа шүү дээ. Тийм болохоор уншиж чадах үсэг рүү нь буулгана гэдэг зөв. Гэхдээ энд бас нэг асуудал байгаа. Олон чадварлаг залуус кирилл рүү Ганжуур, данжуурыг буулгаж байна. Өөр бас олон номтой лам нар буддын сургааль, шаштируудыг орчин цагийн монгол хэл рүү хөрвүүлж байна, орчуулж байгаа. Зөндөө ном гарч байна. Гэвч энгийн хүмүүс уншаад хүмүүс ойлгохгүй байна. Тэр ямар учиртай байна вэ гэхээр нэгдүгээрт, тэр бол XVII зууны үеийн монгол хэл.

Гэтэл өнгөрсөн 70 жил юу болсон бэ гэхээр бид шашны соёлоо устгуулчихсан.

Бурхан багш МЭӨ V Зуунд Энэтхэгийн Магада улсын хэл буюу Пали хэл дээр сургаалиа айлдсан байдаг. Тэгээд МЭ I зуунд тэр пали хэл дээрх сургааль нь Самгард хэл рүү орчуулагдсан. Харин Санскрит хэл дээрх эхээс нь бүүр МЭ IX зуунд төвдүүд орчуулж эхэлсэн. 1400 жилийн дараа орчуулагдаж эхэлсэн байгаа биз. Улмаар энэ үед Санскритаас нийт 3500 гаруй судар шастир Төвд хэл рүү орчуулагдсан байдаг юм билээ. Харин Төвд хэл рүү тэгж орчуулагдсанаас нь манай монголчууд бүүр хожуу XVII-XVIII зууны үед орчуулсан байгаа юм. Ийм олон зуун өнгөрч, бүүр дөрвөн хэл дамнажээ. Мэдээж тэдгээр ном судруудыг кирилл дээр буулгангуут уншиж болж байгаа юм. Харин ойлгогдохгүй. Шашны хэллэгүүд дүүрэн. Дээр үед бол монголчууд уншаад ойлгодог байсан. Учир нь бид тэр соёлоо мэддэг байсан хэрэг юм. Гэтэл өнгөрсөн 70 жил юу болсон бэ гэхээр бид шашны соёлоо устгуулчихсан. Тэгэнгүүт өнөөгийн хүмүүс “Адистид” гэнгүүт юу гээд байгаа юм бол гэдэг байдалд хүрэх жишээтэй. Хуучин бол “Адистид”, “Жанлав” гэвэл ойлгодог байсан. Тэгэхээр тэр олон жилийн өмнөх монгол хэл өөрчлөгдсөн учраас бид ойлгохгүй байна. Манай төв юу хийж байна вэ гэхээр тэр МЭӨ  5-р зуунд Бурхан багш өөрөө сургаалиа айлдсан тэр хэлнээс нь шууд Ганжуур, Данжуурыг монгол хэл рүү орчуулж байгаа. Одоогоор эхний гурван ботиудыг гаргаад байна. Мөн бид Пали хэлнээс шууд орчуулахаас гадна Санскрит, Төвд хэл өөрсдөө судалсан учраас харьцуулж харж орчуулж байгаа. 

Ганжуур, Данжуурыг орчуулах ажлыг та 20 жилд амжуулна гэж хэлсэн байсан?

Залуу хүний зоригоор л хийж байгаа зүйл. Яагаад болохгүй гэж тийм үү. Жилдээ 3-4 боть гаргаж байна. Одоохондоо хоёулахнаа орчуулж байгаа л даа. Хажуугаар нь бид Төвд, Бирм рүү хүмүүс бэлдэж байгаа учраас хүн хүч нэмэгдэнэ. Тэд эргэж ирээд 10 хүн болно. Тэгээд орчуулаад суухад илүү хурдан дуусгана.  

Бурхан багшийн сургаалиа айлдсан тэр Пали хэлээр Энэтхэгт өнөөдөр хүн ярьдаг болов уу?

Пали хэл дээр бурхан багш сургаалиа айлдсанаас хойш 2600 жил өнгөрсөн байна. Пали хэл бол Бурханы үеийн ард түмний ярианы хэл байсан. Одоо бол хүн ярихгүй. Эрдэмтэд л ярина.

Та Энэтхэгт сурч байхдаа энэ хэлийг сурсан уу?

Тийм ээ. Пали, Санскрит, Төвд, Хинди,англи зэрэг хэлийг үзсэн. Гэхдээ бүрэн төгс сурна гэдэг хэцүү. 

Ганжуур, Данжуур пали хэл дээр судар байдлаар хадгалагдаж үлдсэн байдаг гэсэн үг үү?

Бурхны заасан сургаалын онол нь Ганжуур, практик нь випашяна бясалгал юм

Дэлхий дээр Бурхан Гоутам мэндлээд, Бурхан болж гэгээрснийхээ дараа хүн төрөлхтөнд хоёр зүйл үлдээсэн байдаг. Эхнийх нь практик бясалгал. 2500 жилийн өмнө өнөөдрийнхөөс нэг их ялгаагүй хүмүүс стрессддэг, зовдог байсан. Цаг хугацаа орон зай гэдэг өөр өөр боловч тэрэн дотор амьдарч байдаг хүмүүсийн сэтгэл адилхан шүү дээ. Сэтгэл нь хямарсан, уурлаж уцаарласан хүмүүс яадаг билээ. Наад зах нь ойр орчимд байгаа хүмүүсээ тайван бус байдалд оруулдаг. Бүр том асуудал гэвэл дайн дажин үүсдэг. Тэгэхээр Бурхан хүмүүст өгсөн тэр практик бясалгал бол хүмүүсийг сэтгэлээ тайван амгалан болгохыг л заасан юм. Харин Бурхны бидэнд өгсөн хоёр дахь зүйл бол Ганжуурын судар. Өөрөөр хэлбэл бясалгалаа хүмүүст зааж, ойлгуулж, үнэн сэтгэлээсээ хийдэг болгохыг тулд яриад байсан зүйл Ганжуурын сударт болж үлдсэн. Товчхондоо Бурханы заасан сургаалын онол нь Ганжуур, практик нь випашяна бясалгал юм.Ийм гайхамшигтай хоёр бэлэг хүн төрөлхтөнд үлдээжээ. Тэр цагаас хойш 2500 жил өнгөрчихлөө. Энэ хугацаанд бурхан багшийн бясалгал нь ч хэвээрээ, сургааль нь ч хэвээрээ байна. Гэхдээ випашяна бясалгал хийгээд пали хэл дээрх Ганжуурыг саяхныг хүртэл Бирмд л ганцхан цэврээр нь хадгалж иржээ. 

БУРХАН БАГШ ӨӨРӨӨ ХИЙЖ ГЭГЭЭРЭЛД ХҮРСЭН БЯСАЛГАЛ ШҮҮ ДЭЭ

Випашяна бясалгалын тухай зохиолч Г.Аюурзана, “Бурхан Будда өөрөө бясалгаж байсан тэр арга гээд бодохоор сүрдэм, тийм бишрэмээр атлаа ер бусын энгийн.” гэж хэлсэн байдаг. Бясалгалын тухай ярилцъя?

Дэлхий дээр өнөөдөр маш олон бясалгал байна. Тэдгээрээс випашяна бясалгал бол арга техникийн хувьд ч, хүргэж байгаа зорилгын хувьд ч, шинжлэх ухааны үндэслэлтэйн хувьд ч гайхамшигтай. Энгийн үгээр харьцуулаад ярихад спортоор бол олимп юм даа (инээв). Сумын наадамд барилдах нэг өөр, олимпд барилдах өөр шүү дээ. Тэр утгаараа випашяна бясалгал бол бясалгалууд дундаа олимп юм. Дэлхий ертөнц дээр агуу хүмүүс олон төрсөн. Гэхдээ Хималай уулыг давах өндөртэй уул дэлхий дээр алга. Өөрөөр хэлбэл Бурхан багшийн хүрсэн оргил бусад хүмүүсийн хүрсэн оргилоос тийм өндөр. 

Випашяна бясалгалыг хийгээд үзэхээр энэ бясалгал бол цэвэр шинжлэх ухаан байдаг.

Бурхан багш хорвоод залрах үед Энэтхэгт самадигийн найман шат байсан. Тэр нь юу вэ гэхээр төвлөрөөд суухад хэдэн ч цаг, хэдэн ч жилээр суучихдаг тийм гүн төвлөрлийн найман шат байсан байх нь. Тэр үед Энэтхэгчүүд бодохдоо, “Бид хүн төрөлхтний хүрэх ёстой зүйлийн оргилд хүрчихлээ” гэсэн. Хүмүүс тэгж бясалгал хийдэг байж. Гэтэл Бурхан багш гарч ирээд өнөөх найман шатанд нь хүрчихээд, “Үүнээс цаашаа бас явах хэрэгтэй. Ес дэх шат нь байна” гэж хэлсэн. Тэгэхээр хүн төрөлхтний тийм өндөр түвшний оюун сэтгэлийн хөгжлийг Бурхан багш Випашяна бясалгал хийн шат ахиулсан байх нь. Тийм учраас Бурхан багшийн өөрийнх нь хийж гэгээрэлд хүрсэн бясалгал гэж бодохоор агуу сүрдмээр гэхдээ маш энгийн. Энгийн гэдэг энгийн хүн, хэн ч хийж болно. Випашяна бясалгалыг хийгээд үзэхээр энэ бясалгал бол цэвэр шинжлэх ухаан байдаг. Ямар ч шашин, мухар сүсэг биш. Цааш эрэлхийлэхгүй байхын аргагүй гайхамшиг руу чамайг хөтлөөд явчихна. Тэгэхээр оюун ухааны хөгжлийн дээд түвшин рүү явж байна л гэсэн үг. Гэтэл одоо шинжлэх ухаан хаана явна вэ. Зөвхөн материйн түвшинд л явж байна. Молекул, атом задарлаа, нейтрон, протон тэгээд цаашаа олигтой явсангүй. Гэтэл энэ ертөнц чинь зөвхөн материас бүрдээгүй, оюун ухаанаас бүрдсэн шүү дээ. Бидний энэ амьдарч байгаа орчлон ертөнцөд зөвхөн хүн амьдраагүй. Бүхэл бүтэн 31 давхарга ертөнц байна гээд бод доо. Тэгэхээр шинжлэх ухаан бол материйн түвшинд л судалж байна. Оюуны ухааны түвшинд бол юу ч судлаагүй. 

Бясалгал гэхээр шашин, мухар сүсэг гэж ойлгодог үзэл манайд одоо ч байгаа байх?

Тэгэлгүй яахав. Бясалгал хийж үзээгүй хүмүүс ойлгохгүй байх нь аргагүй. Яагаад гэвэл ямар нэгэн бясалгал заавал цаагуураа шашинтай холбогдож гарч ирдэг. Випашяна бясалгал ч ялгаагүй тэр нүдээр буддизм гэж харагдаж байгаа. Тэгж харах нь ч зөв. Яагаад гэвэл Бурхан багш өөрөө хийж гэгээрэлд хүрсэн бясалгал шүү дээ. 

Тантай ярилцах гэээд жаахан юм уншиж суухад “Випашяна” бясалгал сүүлийн 100 жилд эрчтэй дэлгэрсэн юм байна гэж ойлгосон?

1955 оноос гэж хэлж болно. Үүнээс өмнө МЭӨ III зуунд Энэтхэгт Ашок хааны үед дэлхийн олон оронд энэ бясалгал дэлгэрч байгаад устаад Бирмд л цэврээрээ үлдээд байсан юм. Бирмд гэхдээ цөөхөн хүний хүрээнд энэ бясалгал байсан. Улмаар 1955 оноос хүчтэй дэлгэрсэн. Манай багш С.Н. Гоенка гэдэг хүн өөрөө Бирмээс Энэтхэг рүү авчраад дахин дэлхийд түгээсэн юм. Гоенка багшийн хувьд өөрөө Бирмд төрсөн Энэтхэг хүн л дээ. Амьдрал нь бас их сонирхолтой. Мундаг бизнесмэн байж байгаад бизнес хийгээд баяжаад эхлэхээр сайхан байсангүй. Стрессэнд орж, их хүнд өвин туссан байдаг. Тэгээд бясалгал хийгээд эдгэчихсэн. Улмаар Гоенка багш, “Манай орны жинхэнэ гайхамшиг энд, Бирмд байсан байна” гээд буцаагаад Энэтхэг рүү дэлгэрүүлэхийг эрмэлзэж, түүндээ ч хүрсэн. Тэгж випашяна бясалгал Энэтхэгээс дэлхийн 120 оронд түгсэн. 

Бирмын буддын шашны талаар “Ариун номын орон” гэж баримтат кино үзсэн. Шашнаа маш их дээдэлдэг ард түмэн гэдэг нь харагдаж байна лээ?

-Бирм улсын буддын шашин 2200 жилийн түүхтэй. Одоо тэр нэвтрүүлэг дээр харахад газар сайгүй алтан суварга босгосон байгаа биз. Тэр бүгд гэгээрсэн хүмүүст зориулсан суваргууд юм. Тийм олон суварга байна гэдэг мөн тооны олон хүн гэгээрсэн гэсэн үг. Гэгээрэл бол сэтгэлийн хирийг арилгаж дуусгахыг л хэлнэ. Тэгэхээр тэр сэтгэлийг хирийг арилгадаг саван нь бясалгал. Монголд ч гэсэн Хүннүгийн үед дэлгэрч байсан. Үүнтэй холбоотой ганцхан нэршил хэлэхэд монголчууд бадарчин гэж ярьдаг даа. Бадар гэдэг бол Энэтхэг үг. Ашок хааны үед Монгол руу Азар гэж нэрлэгддэг хоёр багш ирсэн байдаг. Тэр үед энэ бясалгал дэлгэрч, монголчууд бясалгадаг байж. Бадар барьсан лам нар байсан. “Бадар” гэдэг нь энэтхэгээр “паатар” гэсэн үг. Лам нарын барьдаг аягыг энэтхэгээр паатар гэдэг байсан. Тэр нь манайд “бадар” болчихсон. Тэгээд бадар барьж явдаг хүнийг бадарчин гэдэг байж. Тэгэхээр Хүннүгийн үед ч Монголд жинхэнэ сахилаа сахисан, бадар барьсан лам нар байдаг байж. Харамсалтай нь сүүлийн 70 жил шашны эсрэг маш буруу бодлого явж, “Бадарчин явсан газар балагтай” гэх мэтээр сурталдсан. Уг нь бол бадарчин гэдэг бол жинхэнэ сахилаа сахисан лам нар юм. Оддоо Бирм улсад 800 мянга гаруй бадар барьсан гэлэнгүүд байгаа. 

60 сая хүнээс үү?

Лам нар нь ламаараа байж чаддаг, сахилаа сахиж чаддаг учраас ард түмэн нь хүндэлдэг, өргөл өгдөг.

Тийм. Тэр 800 мянган лам бол яг сахилаа сахиад, бадар бариад явдаг. Тэдэнд лам хувцас, бадрын аягнаас өөр хөрөнгө байхгүй. Тэгэхээр лам нар нь ламаараа байж чаддаг, сахилаа сахиж чаддаг учраас ард түмэн нь хүндэлдэг, өргөл өгдөг. Угаасаа лам хүнд сүртэй их юм хэрэггүй шүү дээ. Лам хувцас, өдрийн хоол тэгээд л болно. Тэгэхээр лам хүнд түүнийг нь хангаад өгчихөөр, тэд нар нь эргээд ард түмэндээ үйлчилдэг. Нийгмээ эрүүлжүүлдэг. 

Бирмд гэмт хэргийн гаралт ямар хувьтай байдаг бол?

Маш бага. Сүүлийн жилүүдэд цэргийн дэглэм тогтоод улс төрийн хоригдол гэж гарч ирсэн болохоос гэмт хэргийн гаралт бараг байхгүй. Жирийн иргэд гэмт хэрэгт холбогддоггүй. Их тайван газар. Ер нь бол дээр үед хамгийн удаан хугацаанд хорих ял нь 15 хоног байсан гэж байгаа юм. (инээв) Энэ чинь өнөөх лам нартай холбоотой. Төр засаг нь ч мэдээд, “Энэ лам нарыгаа дэмжвэл, ард түмний дунд, нийгэмд эерэг байдал бий болгодог юм байна” гээд байдаг. 

Хар ухаанаар бодоход одоо та бид хоёрын сууж байгаа газарт 10 хүн байлаа гэхэд 10 хар хүн байх нэг ондоо. Дунд нь нэг лам байх бас ондоо. Тэр хүн бусаддаа нөлөөлдөг гэдэг утгаараа...?

Нөлөөлнө. Гэхдээ зөвхөн лам хүндээ биш. Лам, хар ялгаагүй, бясалгал хийж сэтгэлээ ариусгах хэрэгтэй. Бурхны шашин нөлөөлдгийн хувьд хар, шар ялгаагүй шүү дээ. Тэгэхээр бурхны сургааль яг цэврээрээ дэлгэрнэ гэдэг нийгэмд асар их эерэг байдал бий болно. Жишээ нь, шоронд байхдаа бясалгал хийгээд гарсан хүмүүс дахиж муу муухай юм хийхгүй байна. 

Бясалгалын талаар анхны мэдэгдхүүнтэй мөртлөө сууж завдахгүй яваад байдаг хүмүүс олон байх. Буян нь хүрэхгүй гэдэг шиг... Тийм төрлийн хүн гэвэл жишээ нь би өөрөө байна(инээв)?

Хүмүүс бид яг л компьютер шиг вирустчихсэн байдаг. Энэ 10 хоногийн бясалгал бол форматлаж байгаа процесс юм

Випашяна бясалгалыг хүн 10 хоног өөрөө сууж бясалгаж байж ойлгоно. Түрүүн би хэлсэн, биеийн хир, сэтгэлийн хир гэдэг зүйл байна. Биеийн хирийг бид усанд ороод л арилгачихна. Сэтгэлийн хирийг харин тэгж арилгаж болохгүй. Випашяна бясалгал хийж үзээгүй байна гэдэг нэг ч удаа сэтгэлийн хирийг арилгаж үзээгүй л гэсэн үг. 20-30 жилийн дагтаршсан хирийг эхний ээлжинд ядаж 10 хоног бясалгалд сууж байж арилгах аргыг нь сурахгүй бол нэг орой ганц, хоёр цаг сууж бясалгаад нэмэргүй. 10 хоног суучихсан хүн бол яг тэр аргыг нь сураад, цаашдаа сэтгэлийн хиргүй амьдарч сурна гэсэн үг. Ерөөсөө хүмүүс бид чинь яг л компьютер шиг вирустчихсэн байдаг. Энэ 10 хоногийн бясалгал бол форматлаж байгаа процесс юм. Нэг удаад, 10 хоног суучихвал цаашдаа богино хугацааны сургалт бясалгалд суугаад явж болно. 

10 хоног Випашяна бясалгалд явсан хүний мэдрэх хамгийн наад захын өөрчлөлт юу вэ?

Бясалгал хийсэн хүмүүс өмнөхөөсөө илүү эрч хүчтэй болдог. Чи жишээ нь бясалгалаас эргэж ирээд мэдээж хийдэг ажлаа хийнэ, сонирхдог зүйл чинь хэвээрээ байна. Гол нь бясалгал хийдэг болсноор хүн асар эрч хүчтэй болдог. Ядрах, сэтгэл хямрах, уур уцаар төрөх зүйлгүй болно. Тэгэхээр бясалгал гэдэг бол эрч хүч, энерги гэсэн үг. Нэг юм хийх гээд суулаа гэхэд шууд түүн дээрээ төвлөрч чадна. Хүмүүс бол юм хийх гээд суухаараа мянган юм бодоод нэг цагт амжуулах ажлыг таван цаг хийдэг. Харин бясалгал хийсэн хүн бол шууд суугаад л асуудал руугаа орно. Тэгээд тэр ажлаа хийчихээд ядрах зүйл огт байхгүй. Жишээ нь, чи таван цагийн турш нэг ажлыг хийчихлээ гэхэд ядарна тийм үү. Тэгвэл бясалгал хийсэн хүн таван цагт хийх ажлыг нэг цагт амжуулчихаад огт ядрахгүй. Ажлын бүтээмж гэдэг талаасаа ийм үр дүнтэй. Бас өөр нэг өөрчлөлт бол бясалгал хийдэг хүн хавь ойрын хүмүүстэй сайхан харьцдаг болдог. 

Тэгэхээр випашяна бясалгал хийнэ гэдэг өөрийн бие сэтгэлийг амраахаас гадна эргэн тойрны хүмүүстээ ч эерэг нөлөө үзүүлдэг байх нь ээ?

10 хоногийн дараа хүн уур уцаар, сэтгэл санааны хямрал зэргийг оргүй үлдэн хөөчихдөг. 

Тэгэлгүй яахав. Ерөөсөө 10 хоногийн бясалгал бол хүн яаж биеэ амраах вэ, яаж сэтгэлээ амраах вэ. яаж сэтгэлийнхээ хирийг арилгах вэ гэдгийг л заагаад өгч байгаа юм. Зааж өгөөд зогсохгүй биеэр нь мэдрүүлдэг. 10 хоногийн бясалгалын эхний 3 хоногт бид анхаарлаа төвлөрүүлэхийг заадаг. Ямар ч улс орны, ямар ч шашинтай хүн бүгд сэтгэлийн хиртэй байдаг. Тиймээс аливаа зүйл дээр 100 хувь төвлөрч чаддаггүй. Төвлөрч чаддаггүй учраас сэтгэл санаа хямардаг. Тэгэхээр анхаарал төвлөрлийг заана гэдэг тухайн хүн сэтгэлийнхээ өнгөн хэсгийг амрааж сурна гэсэн үг. Үлдсэн зургаа хоногт нь юу хийдэг вэ гэхээр сэтгэлийн гүнд байгаа юмыг цэвэрлэдэг. Тэр аргыг нь зааж өгдөг. Тэгээд ирэхээр хүн биеэрээ мэдэрч ирнэ, мэдрээд ирэхээрээ дахиад өөрөө цаашаа яваад байдаг. 10 хоногийн дараа хүн уур уцаар, сэтгэл санааны хямрал зэргийг оргүй үлдэн хөөчихдөг. 

“ТАНАЙ ХОРИХ АНГИД БЯСАЛГАЛ ЯВУУЛЪЯ” ГЭЖ ГУЙДАГ БАЙСАН БОЛ ОДОО УРЬДАГ БОЛСОН

Танай төв байгуулагдаад 10-аад жил болсон байна. 2008 онд таны өгсөн нэгэн ярилцлагыг харахад танай төвөөр дамжаад олон мянган хүн бясалгалд суусан гэж хэлсэн. Одоо хэд хүрсэн бол?,

Ж.Од захиралтай “MCS property” компани бидэнд үнэ төлбөргүй хийж өгсөн.

Жилд хамгийн багадаа мянган хүн сууж байна. Одоо тэгээд яваандаа өвөл суух боломжтой бясалгалын төвтэй болчихвол дахиад ч нэмэгдэнэ. Бясалгалын төвийн ажлын зургаа гаргуулсан. Ажлын зураг гэдэг чинь их үнэтэй байдаг юм байна. Нийт төсвийнхөө 20-30 хувь нь болдог гэсэн. Ж.Од захиралтай “MCS property” компани бидэнд тэрийг үнэ төлбөргүй хийж өгсөн. Бидний ажлыг эхнээсээ мэдэрч эхлээд, дэмжиж буйн нэг жишээ энэ л дээ. Одоо бол бид зөвхөн 5-10 дугаар сард бясалгал явуулж байна. Хүйтэрчихээр өвлийн зориулалттай бясалгалын байргүй болохоор олон нийтэд зориулсан бясалгалаа зогсоодог. Тэгэхээр яваандаа бясалгалын байртай болчихоор жилийн дөрвөн улиралд ажиллана. Нэг удаадаа 200 хүн бясалгалд явна гэхээр жилдээ 4800 болно. Ер нь бол гэгээрэлд хүргэх, хөтлөх энэ бясалгал Монголд дэлгэрэх цаг нь болсон. Монголчуудын оюун ухаан сэргэх цаг болсон. Оюун ухаанаараа хүчтэй байснаар л бид хүчтэй байна. Одоо манай бясалгалд христ, лал гээд бүх шашны хүмүүс ирж сууж байна. Хэнд ч гэсэн зовлон бий. Лалын шашинтай хүмүүс ч хөөрхий зовж байгаа шүү дээ. Ямар шашин шүтдэгээсээ үл хамаараад бүгд стресстэй л байна. Бүгд сэтгэлийн хиртэй байна. Харин энэ бясалгал бол сэтгэлийн хирийг арилгах арга нь юм. 

Өвөлдөө та Орос, Европ руу явж бясалгал заадаг гэл үү?

Нэг хэсэг явдаг байсан. Одоо бол больсон. Яагаад гэхээр өвөлдөө бид хорих ангиудаар явж бясалгал зааж байгаа. Хорихуудаар явж байгаа бясалгалын бичлэг харсан уу?

Харсан. 

Шоронд Монголын 6 мянган залуу байна.

Тэгэхээр одоо монголчууддаа л үйлчлэх нь чухал байгаа юм. Хорих ангиудаар явж бясалгал заахаасаа өмнө бол Орос руу, цаашаа Латви руу, Европын орнуудаар явдаг байсан. Одоо бол Монголдоо л ажиллаж, энэ бясалгалыг илүү олон хүнд хүргэмээр байна. Хуульзүйн яам, ШШГЕГ-тай хамтран манайх өвлийн улиралд шоронд хоригдож байгаа хүмүүст хамгийн багадаа таван удаа бясалгал явуулж байя гэсэн гэрээтэй. Шоронд Монголын 6 мянган залуу байна. Энэ оны нэгдүгээр сараас эхлээд гуравдугаар сарын сүүл хүртэл дөрвөн хорих ангийн 620 гаруй хүнд бид бясалгал заасан. Зарим хорих ангид нэг удаад 230 хүн сууж байгаа юм. Тэгэхээр энэ бол нийгэм эрүүлжихэд маш их дэмтэй. Тэр хорих ангид сууж байгаа хүмүүсийн хувьд асуудал биед нь биш сэтгэлд нь байгаа шүү дээ. Сэтгэлийн хир нь уур уцаар болж тэрэндээ дийлдсэн л хүмүүс. Хоригдож байгаад гарч ирээд, өнөөх л сэтгэлдээ дийлдэн хэрэг хийгээд дахиад шоронд ордог Тэгэхээр тэр хүмүүст энэ өвөл үргэлжлүүлэн бясалгалаа заана. ШШГЕГ-аас өмнө нь бид, “Танай хорих ангид бясалгал явуулъя” гэж гуйдаг байсан бол одоо биднийг урьдаг  болсон. (инээв)

Ярилцсанд баярлалаа. 

Т.Есөн-Эрдэнэ