Cирил Бруэль: Бага зардлаар их зүйл үзэх боломжтой, сайхан орон бол Монгол, Боливи хоёр байлаа

TIME TO TALK / Э. Сайнзаяа
2017 оны 08 сарын 21

Энэ удаад “Time to talk” ярилцлагын буланд “Дэлхийд хүргэх 20 асуулт” төслийн санаачлагч аялагч Cирил Бруэлийг урив. Тэрбээр Монголд сарын өмнө ирсэн бөгөөд удалгүй дараагийн улс болох Сингапурыг зорих аж. 

Таны аялал аль улсаас эхэлсэн бэ. Аяллын хамгийн анхны дурсамжаасаа хуваалцана уу?

Өнгөрсөн оны долоодугаар сараас “Дэлхийд хүргэх 20 асуулт” нэртэй төслөө анх эхлүүлсэн юм. Ерөнхийдөө Европын орнуудаар аялж, уугуул иргэдээс ярилцлага авсан. Түүнээс өмнө Аргентинаар аялж, тэндээсээ Болив, Перугаар дайраад Бразил, Колумб, Америкт хүрсэн. Харин тэндээсээ Орост, одоо харин Монголд ирчихсэн сууж байна. Очсон орон бүрийнхээ дөрвөөс таван муж улсаар явж ард иргэдээс ярилцлага авсан. 

Төслийнхөө талаар дэлгэрэнгүй танилцуулна уу?

Би хүмүүсээс тодорхой 20 асуулт л асууж, ярилцдаг. Өдөр ирэх тусам хүмүүсийн амьд харилцаа хумигдаж байна. Бид нэгнээ сонсох хэрэгтэй. Дэлхийн өнцөг булан бүрт байгаа хүмүүс энэ 20 асуултын хариултыг сонсож мөн өөрөөсөө асуугаасай гэж хүсч байна. Бэлтгэсэн асуултад маань янз бүрийн асуулт байгаа. Эдгээр асуултад хариулаад сэтгэл зүрхээ чагнаж, илүү ихийг бодох нь чухал. Амьдрал гайхалтай шүү дээ. Сүүлийн үед сошиал медиа хөгжихийн хэрээр муу муухай сөрөг мэдээлэл ихсэх болсон. Бид заримдаа цочирддог. Тэр мэдээлэл маш хурдан цацагдаж, тархдаг. Тэр үед гэнэт л надад дэлхий улам бүр аймшигтай болж байх шиг санагдсан. Гэхдээ л би сайн сайхан зүйл байгаа гэдэгт итгэсэн юм. Би олон хүмүүстэй ярилцсан. Тэдний үзэл, хандлага, сэтгэхүй эдгээр асуултаас ялгаа нь харагдана. Төсөл маань цаашид үргэлжилсээр байх болно. 

Ингэхэд та ямар мэргэжилтэй хүн бэ. Яагаад энэ ажлыг эхлүүлэхээр болов?

Энэ шийдвэрийг гаргах хүртлээ би олон ажилд өөрийгөө сорьсон. Би бизнесийн сургууль төгссөн юм. Барилга, хөгжмийн студи гээд л...  Гэхдээ хэзээ ч сэтгэл хангалуун байдлыг мэдрээгүй. Харин одоо маш их жаргалтай байна. Би сэтгүүлч, бас судлаач хүн биш. Өөрийнхөө хүсэл тэмүүллээр л яваа залуу хүн. Хийж байгаа зүйлээсээ байнга суралцдаг. 

Таны ярилцлагуудыг хаанаас олж болох вэ?

Сошиалд байрлуулдаг. Миний сайт болон фэйсбүүк пэйж хуудас байгаа. Одоогоор зургаан орны хүмүүстэй ярилцлага хийсэн байна.

Facebook: 20 questions to the world
www.20questionstotheworld.com

Дэлхийн хэдэн орноор аялав. Аялал бүрээсээ суралцсан зүйл байдаг уу?

2017 он дуусахад нийтдээ 20 орноор аялсан байх болно. Аялж буй орондоо тэр бүр удаан хугацаагаар байх боломжгүй. Би нэг удаа Америкт  янз бүрийн түвшний хүмүүсээс “Энэ оронд төрсөндөө юугаараа илүү их бахархдаг вэ” гэж асууж байсан. Тэд яг л нэг өнгөөр, “Эрх чөлөө” гэж хэлсэн. Үнэхээр л тэднээс суралцмаар санагдсан. Харин монголчууд намайг үнэхээр гайхшруулсан. Би олон орны олон хүнээс, “Энэ дэлхий дээр байгаа хамгийн жаргалтай хүмүүс хэн бэ” гэж асуусан. Харин миний ярилцсан монголчууд бүгд л “Би” гэж хариулах нь гайхалтай сайхан санагдсан. 

Аялах тусам хүний нүд нээгддэг гэлцдэг. Аялалаас авах таны мэдрэмж юу вэ?

Аялах хугацаандаа өөрийгөө маш их өөрчлөгдөж байгааг анзаардаг. Хүмүүстэй уулзах тусам илүү ихийг бодож дүгнэхэд хүрдэг. Эргээд Францад очиход найзууд маань хүртэл өөрчлөгдсөнийг минь хэлдэг. Хүмүүсийг илүү их мэдэрч, тэднээс их зүйл суралцдаг. Ер нь их гайхамшигтай. Аялал их зүйлийг сургадаг. 

Очсон газруудынхаа сонин сайхнаас хуучлаач?

1989-1993 оны хооронд Боливын Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан хүнээс ярилцлага авч байсан маань санаанд орчихлоо. Улс төрийн маш том нөлөө бүхий хүн байсан. Ерөнхийлөгчийн ярилцлага их сонирхолтой байсныг санаж байна. Очсон газар бүрт холбоотой дурсамж үлддэг дээ. Нэг удаа Техас мужийн Даллас хотод маш ядуу амьдралтай хар арьстан залуугаас ярилцлага авсан юм. Тэр залуугийн ээж сэтгэц мэдрэлийн өвчтэй. Харин аав нь бага байхад нь орхиод явчихсан. Өөрөө маш их дотогшоо хүн байсан. Түүнээс асуулт асууж байхад хариултууд нь намайг гүн бодолд автуулсан. Ярилцлагын туршид би уйлж байсан. Харин залуу надад хэлэхдээ “Урьд өмнө би хэнтэй ч ингэж ярилцаж байсангүй. Миний сэтгэл доторхыг хөндсөн асуулт асууж байсан нэг ч хүн байгаагүй. Надад илүү их амьдрах хүсэл төрж байна” гэсэн юм. Тэр үг миний зүрхэнд их туссан.

Нэг орноор аялах зардал нийтдээ хэд орчим болдог вэ?

Улс оронд янз янз байдаг. Монголд нэг өдөрт 20 евро зарцуулж байна. Мэдээж онгоцны зардал бол ойролцоо үнэтэй. Америкт өдөр 60 евро зарцуулж байсан юм байна.

Аялахад хамгийн бага зардалтай ямар орон байв?

Бага зардлаар их зүйл үзэх боломжтой, сайхан орон бол Монгол, Болив хоёр байлаа. 

Аялахыг зорьж буй залууст таны хүргэх зөвлөгөө юу вэ?

Ямар ч улс орон руу аялахаар шийдсэн л бол юунаас ч битгий ай. Аль ч улс оронд очсон тэнд хүн л байгаа юм чинь ямар нэгэн байдлаар танд тусална. Би заримдаа хувийн бэлтгэл их хийдэг. Гэхдээ зарим үед юу ч бэлдэлгүй явахад илүү адал явдалтай, сонирхолтой байдаг.

Манай улсад хэд дэх удаагаа ирж байна. Хүндрэл бэрхшээл,  мөн сайхан зүйл нь юу байв?

Анх удаагаа ирлээ. Надад ямарч бэрхшээл болон хэцүү зүйл тохиолдоогүй. Зарим үед аялалдаа маш их бэлтгэл хийсэн хэрнээ бүтэлгүйтэх нь бий. 

Таны дараагийн аялал хаана вэ?

Ирэх нэгдэх өдөр Сингапурт очсон байна.

Заавал очиж үзээрэй гэж санал болгох газар юу байна?

Болив, бас Монгол бол үнэхээр гайхамшигтай орон. Надад Боливийн байгаль их таалагдсан. Давсан цөл газартай, хязгааргүй том тал нүд унагамаар байсан. Монголын хөдөөгийн байгаль, нүүдэлчин соёл иргэншил нь гайхалтай. Үндэснийхээ зан заншлыг дээдэлж байгаа нь их онцлог. 

Ер нь олон орноор аялахад визний асуудал тулгардаг байх. Аялалын төлөвлөгөөгөө хэрхэн боловсруулдаг вэ?

Аялалын маршрутаа ерөнхийд нь гаргадаг. Визний хувьд тухайн улсад очихоосоо хоёроос гурван хоногийн өмнө авчихдаг. Хамгийн хэцүү газар нь ОХУ байсан. Дансныхаа хуулгыг хүртэл шалгуулсан. Энэтхэгийн визийг онлайнаар захиалж авч байсан юм байна.

Аялалын зардлаа хэрхэн шийддэг вэ?

Би төслөө бичээд компаниудад танилцуулж, спонсор хайсан. Хэрвээ та өөрөө амьдралд зөв үйл хийж байвал амьдрал таньд ямар нэгэн байдлаар тусална. Хүн хамгийн гол нь зөв замаар явах ёстой. 

Парис бол зарим охид хүүхнүүдийн мөрөөдлийн хот гэлцдэг. Та эх орныхоо талаар яриач?

Би Парист өглөө бүр ажилдаа дугуйгаар явдаг байсан. Эргэн тойронд буй байшин барилгуудын архитектурыг анх удаа харж байгаа юм шиг л гайхдаг байсан. Ер нь гадны жуулчид гэлтгүй, оршин суугчид ч хотынхоо үзэсгэлэнг гайхан магтдаг. 

Тэд их романтик улсууд уу. Франц, Парис гэхээр л нэг тийм хөнгөн тансаг аялгуу, бороон дусал, шүхэр, хүмүүсийн холхих чимээ сэтгэлд буудаг юм.

Тийм ээ. Парис бол хайрын хот. Түүнийг тайлбарлахын аргагүй л дээ. Та тэнд очоод бүгдийг мэдэрнэ. Найз маань Парист хуримын зураг авдаг. Үнэхээр гайхалтай. Очиж үзэх хэрэгтэй гэж хэлмээр байна.

Та “Дэлхийд хүргэх 20 асуулт”-аа манай уншигчдаас асууж болох уу?

Мэдээж тэгэлгүй яахав.

Дэлхийд хүргэх 20 асуулт

1.    Буцаад хүүхэд насандаа очвол юу хийх вэ?
2.    Хэнтэй ч хамаагүй кофе уух боломж олдсон бол хэнтэй кофе уух байсан бэ?
3.    Дэлхийн бүх сургуулийн сурагчдад нэг хичээл заа гэвэл та юу заах байсан бэ?
4.    Таны хувьд хүн төрөлхтөнд бүгдэд нь байдаг нэг зан харектерыг нэрлэ гэвэл юу гэж хэлэх вэ?
5.    Таны хувьд дэлхий дээр байгаа хамгийн аз жаргалтай хүн хэн бэ?
6.    Та АНУ-ын ерөнхийлөгч байсан бол хамгийн түрүүнд юу хийх байсан бэ?
7.    Танд юу хэрэгтэй байна вэ?
8.    Хэрвээ таньд яг одоо нэг сая доллар өгвөл хамгийн түрүүнд юу хийх вэ?
9.    Улс орны талаар ямар мэдээ мэдээлэл таны зүрхэнд хүрдэг вэ?
10.    Таны амьдрал аав ээжтэйгээ амьдарч байсан үеэс хэцүү байна уу, сайхан байна уу?
11.    Хэрвээ та компани байгуулвал ямар компанитай болох вэ?
12.    Цагаан цаасан дээр ямар нэг зураг зураач
13.    Та ямар ажил хийхийг хүсч бна вэ?
14.    Та юунаас айдаг вэ?
15.    Таны мөрөөдөл юу вэ?
16.    Нүдээ аниад 2100 оныг төсөөлөөч. Танд юу бодогдож байна?
17.    Таны амьдралдаа харж байсан хамгийн үзэсгэлэнтэй зүйл юу вэ?
18.    Дэлхийн тухай том ном бичвэл гарчиг нь юу байх вэ?
19.    Бурхан гэж таны хувьд хэн бэ?
20.    Дэлхий дахинд байгаа нийт хүмүүст та юу гэж хэлмээр байна?

Сүүлийн асуултыг би танд үлдээе. Та бидэнд юу хэлэхийг хүсч байна?

Уучлаарай. Би энэ бүх асуултын хариуг олон хүнээс сонссон учир өөрөө хариулахад бусдын хариултууд бодогдоод би хариулж чадахгүй байна.