Нүүрсний экспорт өмнөх жилийнхээс 3.1 дахин өсчээ

Эдийн засаг / Admin
2017 оны 08 сарын 18

Энэ оны эхний 7 сарын гүйцэтгэлээр гадаад худалдааны нийт бараа эргэлтийн хэмжээ өнгөрсөн оны мөн үеэс 33.9%-иар буюу 1482.8 сая ам.доллараар өсч 5,857 сая ам.долларт хүрсэн. Үүнд экспорт 39%-иар буюу 978.7 сая ам.доллараар, импорт 27.5%-иар буюу 504.1 сая ам.доллараар тус тус өссөн нь нөлөөлжээ. Тайлант хугацаанд экспортын дүн импортын дүнгээс 1,184 сая ам.доллараар давсанаар гадаад худалдааны тэнцэл ашигтай гарч, өнгөрсөн оны мөн үеэс 475 сая ам.доллараар өссөн байна.

Экспорт 2017 оны эхний 7 сарын гүйцэтгэлээр өнгөрсөн оны мөн үеэс 38.5%-иар буюу 978.7 сая ам.доллараар өсөв. Уул уурхайн түүхий эдийн экспортын өсөлт нь нийт экспортыг 35.9 нэгж хувиар, уул уурхайгаас бусад төрлийн экспорт нь нийт экспортыг 2.7 нэгж хувиар өсөхөд нөлөөлжээ. Уул уурхайн түүхий эдийн нийт экспортод эзлэх жин өнгөрсөн оны мөн үеэс 2 нэгж хувиар өссөн байна.

2017 оны эхний 7 сарын гүйцэтгэл нь экспортын гадаад худалдаа тоо хэмжээний өөрчлөлтөөс шалтгаалж 397.3 сая ам.доллараар, үнийн өөрчлөлтөөс шалтгаалж 581 сая ам.доллараар өссөн байна. Уул уурхайн түүхий эдийн экспорт нүүрсний экспортын биет хэмжээ, үнэ өссөнөөс шалтгаалж 911.8 сая ам.доллараар өссөн байна. Харин мал аж, ахуйн түүхий эдийн экспорт үнэ, тоо хэмжээний аль аль нь нэмэгдснээс шалтгаалж 43.1 сая ам.доллараар өссөн байна. Аж үйлдвэрлэлийн бүтээгдэхүүний экспортын үнэ буурсан хэдий ч биет хэмжээ нэмэгдсэнээс шалтгаалж 29.8 сая ам.доллараар өссөн байна. Зураг 4. Дэлхийн зах зээл дээрх уул уурхайн түүхий эдийн үнэ Дэлхийн зах зээл дээрх 1 унц алтны дундаж үнэ 2017 оны 7 дугаар сард 1,237 ам.долларт хүрч, өмнөх оны мөн үеэс 8.8%-иар, өнгөрсөн сараас 1.8%-иар тус тус буурсан. “А” зэрэглэлийн цэвэршүүлсэн зэс болон төмрийн хүдрийн дундаж үнэ тайлант сард харгалзан 5,985, 67.7 ам.долларт хүрч өмнөх оны мөн үетэй харьцуулахад зэс 23%-иар, төмрийн хүдэр 17.6%-иар өссөн бол өнгөрсөн сартай харьцуулахад харгалзан 4.6%, 17.9%-иар тус тус өссөн байна. Чулуун нүүрсний экспортын хилийн үнэ 7 дугаар сард 66.6 ам.доллар байна, өмнөх оны мөн үеэс 112.5%-иар өссөн бол өмнөх сараас 0.7%-иар буурсан байна.

Импорт 2017 оны эхний 7 сары н гүйцэтгэлээр өнгөрсөн оны мөн үеэс 27.5%-иар буюу 504.1 сая ам.доллараар өссөн. Импортын өсөлтийг ерөнхий ангилалаар задалж үзвэл хөрөнгө оруулалтын бүтээгдэхүүний өсөлт 14 нэгж хувийг, нефтийн бүтээгдэхүүний өсөлт 11 нэгж хувийг, хэрэглээний бүтээгдэхүүний өсөлт 3 нэгж хувийг тус тус тайлбарлаж байна. Хэрэглээний бүтээгдэхүүний нийт импортод эзлэх жин өнгөрсөн оны мөн үеэс 5 нэгж хувиар буурсан бол нефтийн бүтээгдэхүүний жин 5 нэгж хувиар өсчээ.

2017 оны эхний 7 сарын гүйцэтгэлээр импорт тоо хэмжээний өөрчлөлтөөс шалтгаалаж 483.6 сая ам.доллараар, үнийн өөрчлөлтөөс шалтгаалж 20.4 сая ам.доллараар тус тус өсчээ. Хэрэглээний бүтээгдэхүүний импорт нь тоо хэмжээ нэмэгдсэнээс шалтгаалж 61.4 сая ам.доллараар өсчээ. Хөрөнгө оруулалтын бүтээгдэхүүний импорт 40%-иар өссөн нь уг бүлгийн импортын тоо хэмжээний өөрчлөлтөөс шалтгаалсан байна. Харин нефтийн бүтээгдэхүүний импортын хэмжээ 77%-иар өсчээ. Нефтийн бүтээгдэхүүний импортын хилийн үнэ 2017 оны 7 дугаар сарын байдлаар тонн тутамд 522 ам.долларт хүрсэн байна.

Монголбанк