М.Мягмар: Аавын хүү байсан би, хүүгийн аав болсон

TIME TO TALK / Э. Сайнзаяа
2017 оны 08 сарын 24

“Амьдрал үргэлж сайхнаараа” тийм ээ! Амьдралын сайхан зүйлс дурсамж болон үлдэхэд тухайн цагт сонссон дуу зүрх сэтгэлд тодоо үлдэх шиг санагддаг юм. “Хайр дурлалын минь дуунд чи бүжиглээч...” гээд бичвэл танд танил дотно санагдаж байна уу. “Time to talk” ярилцлагын буландаа энэ удаад “Guys” хамтлагийн ахлагч М.Мягмарыг урилаа. Тэрбээр, асуусан асуулт бүрт минь үе үе бодолхийлж, бид чин сэтгэлээсээ ярилцсан юм.

Аавын тухай дуу гаргасан байсан сүүлийн уран бүтээлийнх нь талаар яриагаа эхлүүлье?

 “Захиа” нэртэй дуугаа би аавдаа зориулсан юм. Уран бүтээлийн хувьд миний анхны бие даан продюсерлэсэн дуу гэж хэлж болно. Бүх цаг үед амьдралын жолоог атгагч аавуудын дүрийг клипэндээ тээврийн жолооч ааваар илтгэсэн. Миний аав аавгүй өссөн хүн. Тэгсэн хэрнээ надад аавтай байхын жаргалын дээдийг мэдрүүлээд явсан. Аавдаа би маш их хайртай. Үлдсэн амьдралдаа яг аав шигээ аав байхыг зорьж амьдардаг.

Танай хамтлаг хаа нэг час хийсэн клиптэй шинэ уран бүтээл гаргах юм. Клипний зохиолыг хэн гаргадаг вэ?

Клипнийхээ зохиолыг дөрвүүлээ ярилцаж гаргадаг. Бид 2001 онд СУИС-ын Кино драмын ангийг тайз мэргэжлийн жүжигчнээр төгссөн болохоор клипний зохиол гаргах, хийхэд их дөхөм байдаг. “Guys” эргэн ирэлт хийснээсээ хойш завсаргүй ажиллаж, дэлхийн өнцөг булан бүрт байдаг монголчууддаа тоглолтоо хүргэж, мөн нийслэлдээ хэд хэдэн тоглолтыг зохион байгуулсан. “Best of guys” цомгоо гаргасан. Энэ жил манай хамтлагийн 20 жилийн ой тохиож байгаа. 

Танай хамтлагийн дараагийн ажил юу байх вэ?

Хорин жилийн ойн тоглолтоо энэ сард хийнэ гэж төлөвлөж байсан ч хойшлуулсан. Өнгөрсөн хавар гуравдугаар сарын 8-нд тоглолт хийсэн болохоор ойн тоглолтондоо илүү их бэлдэх хэрэгтэй.

Олны танил байна гэдэг сайхан ч бас бууж өгч буцмаар санагдах үе бишгүй л байсан байх. Амьдралд чинь хэр олон сорилт учирч байв?

Эргэж буцмаар санагдах үе байгаагүй дээ. Би мэргэжилдээ хайртай. Урлагт хөл тавиад 20 жил боллоо. Үүндээ л дурлаж шатаж өдийг хүрсэн. Яахав, олны танил гэдэг утгаараа асуудалтай зүйлүүд тулгардаг. Гэхдээ би болохгүй бүтэхгүй талаас нь хардаггүй. Угаасаа л уран бүтээл хийж, хүмүүсийн өмнө актив байж чадаж байвал тэр хэмжээгээрээ олны анхааралд байна. Тэр үедээ яах ёстойгоо хүн өөрөө л шийднэ. Тийм зүйл тохиолдохгүй юм шиг юу ч бодохгүй явж байснаа ямар нэгэн алдаа гаргаж хүмүүсийн хэл амны байнд өртөнө гэдэг утгагүй л дээ. Олны танил байх сайхан шүү дээ. Ямар хүн гэдгийг нь мэдэхгүй ч гэсэн уран бүтээлээр нь хайрлаж, хүндэлж явдгаа илэрхийлэх, ярилцаж танилцах хүсэлт илгээх, хамт зургаа татуулах гэдэг ч юмуу хүмүүсийн хүлээж авах хандлага их сайхан. 

Сүүлийн үед зарим залуу уран бүтээлчид бусдын хэл амны бай болж яваа харагдах юм. Энэ тал дээр та ямар бодолтой байдаг вэ?

Тэр тухайн хүний л асуудал. Хийсэн уран бүтээлээрээ биш өдөр тутмын аж байдлаараа хүмүүсийн анхаарлын төвд байх сонирхолтой хүн байдаг. Зарим нь зөвхөн уран бүтээлээрээ олны нүдэнд байх сонирхолтой, бусад үед өөрийн хувийн амьдралыг ил байлгах сонирхолгүй хэсэг бүлэг хүмүүс ч байна. Янз бүр л дээ. Эерэг талаас нь харвал мэдээллийн суваг өргөн цар хүрээнд хөгжчихсөн цаг үед өөртөө ашигтайгаар эргүүлж чадаж байвал болж байна. Миний хувьд уран бүтээлээс ашиг харах биш хүний сэтгэлд үлдсэн бүтээл гаргахыг л зорьдог. 

Таны хувьд амьдралаас жаргал хүртэх зүйлсийн нэг юу вэ?

Гэр бүл. Би аз жаргалын хамгийн дээд цэг бол гэр бүл гэж боддог. Мэдээж урлагийн хүний хувьд хоёрдугаарт үзэгч, сонсогчид минь байдаг. Тэднийхээ алга ташилт. Тайзан дээр байхад хэдэн мянган хүн тэр чигээрээ бидэнтэй хамт дуулаад, уйлаад, сайхан дурсамжуудаа дурсаад, уясаад явна гэдэг бол надад аз жаргал өгч байгаа зүйлсийн нэг яахын аргагүй мөн. Хэн хүний мэдрэх мэдрэмж биш шүү дээ. 

Заримдаа амьдралд хүсэхгүй байгаа зүйлээ хийхээс өөр аргагүй олон тохиолдол гардаг. Та яг л хүссэнээ хийж чадаж байна уу?

Тийм үе байлгүй яахав. Тэрийгөө зөвтгөх нэг шалтаг бол амьдралын төлөө. Болохгүй зүйл бол болдоггүй л юм билээ. Хийж чадахгүй ажил ч байна. Тэр үед тайз дэлгэц л толгойд минь байдаг. Яг одоо бол би өөрийнхөө жаргалаар явж, урлагийн төлөө сэтгэл зүрхээ зориулан яваа.

Амьдралынхаа чиглэл болгоогүй ч маш сайн хийж чаддаг зүйл чинь юу вэ?

Би машин жолоодох, хоол хийх зэрэг жижигхэн зүйлсийн талаар яримааргүй байна. Миний хувьд хийж чадах хамгийн сайн зүйлээ яг одоо хийгээд явж байна. Амьдарч чадах чинь их чухал. Миний чадвар бол аав байх, хүний сайхан хань байх. Өөрийн босгосон амьдралдаа эзэн болж яваа эр хүн.

Өөрийн ажиглалтаар, бодролоор, эсвэл зүгээр хувь тохиолоор олж авсан амьдралын ухаанаасаа нэрлээч?

Анх хүүгээ төрөхөд өөрийн фэйсбүүкээр эхнэртээ талархсан сэтгэлээ илэрхийлж сэтгэгдлээ үлдээхдээ “Аавын хүү байсан би, хүүгийн аав боллоо” гэж бичиж байсан. Аав болсон тэр цаг үеээс би өөрийгөө арай өөрөөр мэдэрч, амьдралд илүү хариуцлагатай болсон байх. Мөн 2007 онд “Аз жаргал ба bad boy” кинонд жүжигчин Баатархүү ахын дүрд ам барьж, дуу оруулах ажлын санал авч байсан юм. Тэр дүрийн нэг сцень дээр аав хүү хоёрын гадаа суугаад ярилцах хэсэг байдаг. Тэр хэсэг эхлэхэд “ Хоёулаа энд жаахан сууя. Хүмүүс ярилцах тусмаа илүү их ойлголцдог гэж би боддог...” гээд яриагаа эхлүүлдэг. Тэр үг надад маш товч тодорхой агуулга болж өгсөн. Эхнэр бид хоёр маш их ярилцдаг. Ямар нэг зүйлийг хэдэн талаас нь ярилцана. Тэр бүрт хоёр биенээ илүү ойлгодог. 

Цаг хугацаагаар аялах боломж нэг удаа олдвол Та хаашаа, хэзээд очих вэ?

Аав ээжтэйгээ амьдарч байсан үе маань хамгийн жаргалтай. Тэр үедээ очиж илүү олон цагийг тэдэнтэйгээ өнгөрөөмөөр байна. Одоо бодоход аав ээжтэйгээ байсан цаг маань маш богинохон санагдаж, их харамсдаг. 

Зөндөө их боддог мөртлөө огт хариуг нь олж чаддаггүй тийм асуулт Танд байдаг уу?

Үнэн хаана байна вэ?... Энэ асуултанд одоог хүртэл хариулт байхгүй. Төрөх үхэхээс өөр үнэн байна уу?... Бидний амьдарч буй нийгэмд үнэн гэж алга. Оршихуй талаасаа бүх юм үнэнээрээ, мөн чанараараа байгаа хэрнээ хүмүүсийн харилцаанд үнэн гэж огт алга. 

Бидэнд гэр бүлийнхээ талаар яриач. Учирсан дурсамж, хүүгээ өлгийдөх мөч гээд л...

Эхнэр бид хоёр анх танилцсан цагаасаа хойш найман жилийн дараа хүүхэдтэй болсон. Хүүхэдтэй болохыг хүсч байсан тэр өдрүүдэд найман жил гэдэг асар урт, бас чамгүй сорилт юм. Тэр үед бидний сэтгэл хаашаа ч эргэж болох байсан. Гэхдээ эхнэр бид хоёрт үргэлж нэгнээ гэсэн сэтгэл байсан юм. Хүү маань одоо дөрвөн настай. Бид амьдралдаа маш их хайртай. Эхнэр маань бизнесийн салбарын хүн. Өөрсдийнхөө хэмжээнд сайхан амьдарч байна. Эхнэрийн маань бүх зүйл надад таалагддаг. Би эхнэртээ маш их хайртай. Эхнэрийгээ ийм тийм гэж эрэмбэлж гоочлох зүйл юу ч байхгүй. Тэр маань 100 хувь надад зориулсан бурхны бэлэг. Ханийн тэнгэр гэж байдаг бол тэр тэнгэрээс илгээсэн хамгийн төгс хувилбар бол миний эхнэр.

Та өөрийгөө гэрийн эзэн, эцэг хүний хувьд тодорхойлооч. Гэр бүлдээ хэр цаг гаргадаг вэ?

Аль болох хайртай хүмүүстэйгээ байхыг хичээдэг. Их гэрсэг аав шүү дээ. Би ан сонирхдоггүй болохоор хөдөө гадаа явдаггүй. Хөл бөмбөг, спорт сонирхдоггүй. Архи уудаггүй болохоор шоудаад гадуур яваад байхгүй. Онцгой тохиолдолд ганц нэг пиво уух үе байна. Ер нь л аль болох гэр бүлдээ цаг гаргадаг. Гэртээ байх сайхан.

Та өөрийн зүгээс зориулж чадах бүхнээ хайр сэтгэлд дэвсээд өгч чадах хүн мөн үү?

Би өөрийнхөө амьдралд тэр чигтээ өөрийгөө дэвсээд, зориулаад явж байна. Цаашид шавхагдаж дуусан дуустлаа зориулна. 

Таныг олны танил эрчүүдээс сэтгэл татам нь гэдэг. Танд ер нь ямар эмэгтэй хүн таалагддаг вэ?

Надад дүрэмт хувцас өмссөн эмэгтэй хүн их таалагддаг. Цэгцтэй, замбараатай байдлыг илэрхийлэх шиг санагддаг. Бас жирэмсэн эмэгтэй хүн. Төрөхийн өмнө паацганаад алхаж байгаа нь их хөөрхөн. Гадаад төрх, харагдах байдлын талаар яримааргүй байна. Хүн болгон өөрийн гэсэн онцлог бас сонирхолтой байдаг. Сонирхлоосоо шалтгаалаад харагдах байдал нь янз бүр байдаг. Эмэгтэйчүүд бүгд л ижилхэн бурхнаас заяагдсан өв тэгш бие эрхтэнтэй. Ялгаа үүсгэх гол зүйл нь үзэл бодол, биеэ авч явах байдал нь юм болов уу.

Одоо Таны хийхийг хүсч буй зүйл юу вэ?

Өнгөрсөн цаг хугацааг зав чөлөөтэй өнгөрүүлсэндээ маш их харамсдаг. Одоо би хэл сурахыг зорьж байгаа. Тэгвэл надад их том том цонх нээгдэнэ. Заавар нь англи хэл дээр болохоор сурахаас өөр аргагүй. /инээв/

Фэнүүдийнхээ гаргаж байсан галзуу авирын тухай дурсаач?

Ямар ч хаяггүй маш олон гар дамжуулж, хэнээс ирсэн нь мэдэгдэхгүй олон бэлэг ирдэг. Их гоё байдаг. Галзуу үйлдэл гэвэл тайзан дээр гэнэт гарч ирээд үнсэх, тэврэх ч гэдэг юм уу тухайн үеийнхээ сэтгэл хөдлөлөөс шалтгаалаад янз бүрийн юм үйлдэл гаргадаг. Нэг инээдтэй дурсамж санаанд орчихлоо. Тоглолтын үеэр охидууд Мийгаа, Лхагваа, Төгсөө гээд л орилдог ш дээ. Нэг удаа Лондонд хийсэн тоглолтоор нэг охин Мийгаа гээд л аймар орилоод ер зогсохгүй байсан. Би ч угаасаа орилдог юм чинь гээд нэг их тоогоогүй. Тэгж тэгж нэлээн удсаны дараа өнөө охиныг олоод хартал “өмднийхөө цахилгааныг тат” гэсэн дохио өгдөг юмдаа. Миний нүүрний арьс бараг л өмрөөд унасан. /инээв/ Тэгээд л буруу тийш гараад гялс өмднийхөө цахилгааныг татсан. Тоглолтоо дуусан дуустал ичээд нөгөө охин руу харж чадаагүй.

Сүүлийн асуултыг би таньд үлдээе.

Надад бусадтай хуваалцах юмсан гэж боддог нэг зүйл бий. Миний анзаарч байгаагаар сүүлийн үед гэр бүл салалт их байна. Хос хоёр нэгнээ ойлгохгүй өөр өөрсдийн зам мөрөө хөөх болсон. Залуу хосууд өөрсдөдөө олдож байгаа тэр цаг хугацааг хоёр биендээ зориулаасай гэж хүсдэг. Өөрт оногдсон ажлаа сайн хийж бусад цагаа хайр дурлалдаа зориулаад байвал салалт үүсэхгүй байх гэж боддог. Аз жаргалын үндэс гэр бүл шүү дээ. Бид уран бүтээлээрээ “Хайр”-ыг янз бүрээр түгээхийг хүсдэг.