Цэцэрлэггүй үлдсэн хоёр настнуудаа яах вэ?

Нийгэм / Б. Бат-Эрдэнэ
2017 оны 08 сарын 28

2017-2018 оны хичээлийн жилийн цэцэрлэгийн бүртгэл долдугаар сарын 25-наас наймдугаар сарын 25 хүртэл явагдаж, цэцэрлэгийн цахим элсэлтийг зохион байгуулав. Нийслэлийн хэмжээнд 39 мянга 400 орчим хоёр настай хүүхэд байгаагаас 22 мянга 600 орчим хүүхэд цахимаар бүртгүүлсэн байна. Үүнээс нийслэлийн хэмжээнд 11 мянга 700 орчим хүүхдийг цэцэрлэгт хамруулж байгаа юм. Өөрөөр хэлбэл нийслэл даяар 27 мянга орчим хоёр настан цэцэрлэггүй, цэцэрлэгт бүртгүүлсэн ч сугалагдаж чадаагүй 11 мянган хоёр настан тус тус байгаа юм. 

Удахгүй хичээлийн шинэ жил эхэлж, намрын ажил оволзож эхлэх үед эцэг эхчүүд цэцэрлэггүй үлдсэн  хоёр настнуудаа  яах учраа олохгүй сууна. Манай сайтын зүгээс энэ талаар сонирхолтой санал асуулгыг сошиал орчинд явуулж үзлээ.

“Цэцэрлэггүй үлдсэн хоёр настнуудаа яах вэ” гэсэн асуултад 156 хүн оролцсоноос:

  • Яахаа мэдэхгүй байна – 85
  • Мөнгө өгч улсын цэцэрэлгт оруулна – 44
  • Хувийн цэцэрлэгт өгнө – 18
  • Гэртээ суугаад өөрөө харна – 7
  • Өвөө эмээгээр нь харуулна – 1 хүн тус тус хариултаа өгчээ. Түүнчлэн болохоосоо блохгүйг хүртэл хүүхдээ яаж ийж байгаад цэцэрлэгтэй болгоно гэж хариуж байгаа хүн ч цөөнгүй байв.

Үүнээс үзвэл эцэг эхчүүдийн талаас илүү хувь нь яах учраа олохгүй сууна. Харин олонхи нь улсын цэцэрлэгт “хандив” нэртэй авлигыг өгөөд ч хамаагүй хүүхдээ оруулна хэмээн бодож байгаа бололтой.

Түүнчлэн, хувийн цэцэрлэгт хүүхдээ явуулах эдийн засгийн боломжтой эцэг эхчүүд хэр олон байгааг энэхүү асуулгаас харж болно. Санал асуулгад оролцогчдын ердөө 10 орчим хувь нь хувийн цэцэрлэгт оруулна хэмээн хариулсан байна. 

Өнгөрсөн жилүүдэд "Хүүхэд харах үйлчилгээ"-г нэвтрүүлсэн нь цэцэрлэгийн хүрэлцээний асуудлыг багахан ч атугай шийдвэрлэдэг байв. Тус үйлчилгээ нь хямд өртгөөр олон хүүхдийг харах хүнтэй, хариуцах эзэнтэй болгож байсан ч энэ жилээс үргэлжлэх эсэх нь тодорхойгүй байдалд орсон. Тиймээс тус үйлчилгээнд хамрагдаж байсан 10 мянга орчим хүүхэд энэ жил цоожтой хаалганы цаана үлдэх үү гэх аюул тулгарч байна.

Холбоотой мэдээ: