Б.Ариунзаяа: Эмэгтэй хүн иогоор хичээллэж эхэлсэн насан дээрээ царай зүс, бие организм нь тогтдог

TIME TO TALK / Э. Сайнзаяа
2017 оны 08 сарын 28

“Time to talk” ярилцлагын булан энэ удаад иогийн багш Б.Ариунзаяатай иогоор хичээллэхийн давуу тал болон иогийн байрлалууд таныг аз жаргалтай амьдрахад ямар ач тустай болох талаар ярилцлаа.

Иогийн талаар манай уншигчдад тайлбарлаж өгөөч. Иогийн ямар ямар төрлүүд байдаг вэ?

Иогийн маш олон төрөл байдаг. Сүүлийн үед иогийн үндсэн классик буюу венесиа иог түлхүү дэлгэрсэн. Зарим өдөр аштанга буюу илүү хүчний дасгал хийж, заримдаа плиате дасгалууд хийдэг юм. Орчин үеийн хүүхнүүдийн хүсдэг чанга өгзөг, нарийн тайл, чанга хэвлийтэй болохын тулд зөвхөн фитнессээр хичээллэх шаардлагагүй, иог хийснээр мөн үр дүнд хүрч болно гэдгийг хүмүүст мэдрүүлдэг. Хэвлий өгзөгний дасгалуудыг иогтой хамруулж хийдэг юм. Хамгийн гол нь хичээллэгчид сургалтын заалнаас гарахдаа самади энергитэй болоод гардаг. Бид жингээ хасах зорилгоор фитнесст явахаар бага зэргийн стрессдэж эхэлдэг. Харин иогоор хичээллэснээр бие, сэтгэл санаа тайвширдаг. Тэгэхээр хүн илүү удаан, тууштай хичээллэх сонирхолтой болдог. 

Иог гэхээр бясалгал заавал холбогддог?

Ихэнх хүмүүс иог бясалгал хоёрыг шашин гэж андуурдаг. Бясалгал хийснээр хүн өөрөө өөрийгөө олдог. Бидний очих цэг л гээд ойлгочиход болно. Иог хүний биеийг бясалгалд бэлдэж өгдөг юм. Нэг бодлын хөдөлгөөнтэй бясалгал гэх үү дээ. Иогийн позе барьж байхдаа бясалгаж байж тэнцвэрээ олдог. Ухаан санаа нь өөр газар явж байвал шууд тэнцвэрээ олохгүй. Иог хийх боломжгүй л дээ.

Иогоор хичээллэхийн давуу талыг багш хүний хувьд юу гэж харж байна?

Иог бол урлагийн нэг төрөл юм. Бие, сэтгэл, оюун ухаан хүний биед салангад оршдог. Байнгын бодлын тамд өөрийгөө зовоож, стресс бухимдалтай, барилгажилт ихэсч соёлжих тусам стресст өртдөг боллоо. Өнөө үед бид зайлшгүй иогоор хичээллэх шаардлагатай. Бие, сэтгэл, оюун гурвыг нэгтгэх урлагийг иог гэж хэлж болно. Иогийг маш олон янзаар  тайлбарлаж болох ч хамгийн гол утга нь нэгдлийг илэрхийлдэг. Хүн анх эхээс төрөхдөө нууж хаах зүйлгүй цагаахан байдаг. Харин нас ахихын хэрээр маск зүүж, олон янзын дүрд хувирах шаардлагатай болдог. Магадгүй тэр олон дүрээсээ болж бухимддаг ч байж мэднэ. Иог хийснээр бие уян хатан болж, сэтгэл санаа хүртэл хүүхдийнх шиг нээлттэй болдог. Эмэгтэй хүн иогоор хичээллэж эхэлсэн насан дээрээ царай зүс, бие организм нь тогтдог. Илүү овор багатай, залуу харагддаг. Дотроосоо бодисын солилцоо нь залуу хүнийх шиг болдог гэж хэлж болно. 

Айдас хүргэм үзүүлбэрийг иогийн нэг төрөл гэдэг. Хоолой руугаа сэлэм хийх, амнаасаа гал гаргах, шилэн дээр хэвтэх гэх мэт. Тэр үзүүлбэрүүд ч мөн адил иогийн төрөл юмуу?

Тиймээ иогийн нэг төрөл. Бэртэнэ гэсэн сэтгэхүйгээ удирдаж, биеэ огт жингүй мэт төсөөлж тэр үзүүлбэрүүдийг хийдэг. Хүмүүс өөрсдийгөө 60-70 кг гээд л ярьдаг. Яг тэр шилэн дээр хэвтэж, сэлмийн үзүүлбэр үзүүлээд байгаа хүмүүс ухамсраараа өөрийн биеийг жингүй гэж төсөөлж чаддаг гэсэн үг. 

Иогоор хичээллэж турах боломжтой юу? Яаж?

Сүүлийн үед хүмүүс иогийг турах хэрэгсэл болгоод байна. Иог хүний биеийн бүтцийг блансжуулж эргээд залуу болгох хэрэгсэл юм. Илүүдэл жинтэй хүн турах шаардлагатай бол жингээ хасна. Харин хасах жинтэй хүмүүс иог хийж байх явцдаа эсрэгээрээ булчингийн массаа нэмж байдаг. Иогоор хичээллэснээр таны баланс хаана байх ёстой тэндээ л очно гэсэн үг.

Зарим хүмүүс иогт явж байгаад орхисны дараа хэт их таргалдаг гэх юм билээ?

Иог гэлтгүй ямарч дасгал хөдөлгөөн хийсэн хүний бие дасдаг. Мэдээж орхингуут сөрөг үр дагавар гарна. Иог бол талхтай адилхан. Хүн өглөө босоод цайгаа уудаг шиг өдөр болгон иог хийх ёстой. Өөртөө цаг гаргах хэрэгтэй. Ингэснээр хүний өдрийн бүтээмж хүртэл сайжирдаг. Унтаж амрах, идэж уух бүхнээ өөрсдөө биеэрээ мэдэрч эхэлнэ.

Ер нь хэдий хэр хугацааны дараа үр дүн мэдрэгдэх бол?

Амлалт өгөх боломжгүй зүйл байна. Яагаад гэвэл зарим хүмүүс иогоор жил хичээллээд ч жин нь хасагдаагүй хүн байна. Гол шалтгаан нь хоолоо зохицуулж чадаагүйгээс үүдэлтэй. Манай “Venus yoga studio” эрүүл зөв хооллолтын багштай. Багш маань хичээллэгчиддээ харилцах дэвтэр нээж биеийн хэмжилтүүдийг хийн, биологийн нас, дотор өөх гэх мэтийг нарийн хэмжиж, үр дүнг хуваалцдаг. 

Иог хийх нь хүний сэтгэхүйд нөлөөлдөг гэх юм билээ? 

Миний амьдрал тэр чигтээ өөрчлөгдсөн. Иогоор хичээллэж эхлэхээс өмнө амьдрал маань маш замбараагүй, эмх цэгц гэдэг зүйлийг орхисон байсан. Жаахан хүүхэдтэйгээ нөхрөөсөө салаад үлдэхдээ 80 кг жинтэй. Амьдрал эрт эхэлсэн болохоор нас маш залуу. Өөрийгөө олоогүй байж өөртөө давхар маш их хариуцлагыг үүрч үлдсэн үе байсан. Эмэгтэй хүн нэг хазгай гишгэвэл тэр дороо л буруу замаар явдаг гэдэг үнэн юм билээ. Хамгийн азтай нь би иогоор хичээллэж эхэлснээр бусдаас хамааралгүй болсон. Жишээ нь хэн нэгэн эрэгтэй хүнээс хамааралгүйгээр жаргаж, сэтгэл зүрхээ удирдаж эхэлсэн. Хөндлөнгийн хүнээр жаргалаа хэмжихгүй л гэсэн үг л дээ. Дотоод ертөнцөө судлаад өөрийгөө олж, сэтгэл санаагаа тайван байлгаж сурдаг юм. 

Анхлан сурагчдад хүргэх зөвлөгөө байна уу?

Хүмүүс өөрсдийгөө модон биетэй гэж хэлдэг. Тэгээд л иогд явж болохгүй гээд өөрсдөдөө хаалт тавьчихдаг. Модон уян байдал иогт ер хамааралгүй. Хамгийн гол нь өөртөө итгэлтэй, зоригтойгоор сургалтын төвийг зорих хэрэгтэй. Манай сургалтын төв сард хязгааргүй хичээллэх боломжтой. Ажлын таван өдөр явсан ч болно. Биенд илүү хурдан үр дүн гарна. 

Иогийн хамгийн хүнд дасгал нь юу вэ?

Хүмүүс толгой дээрээ зогсох гэж ярьдаг. Миний бодлоор хамгийн хүнд дасгал бол “Одоо дээрээ төвлөрөх” буюу шивасана юм. Ухаан санаагаа одоо дээр суллаж суртлаа их хугацааг шаарддаг. 

Иогоор хичээллэснээр сард хэдэн кг турах боломжтой вэ?

Шинжлэх ухаан талаасаа долоо хоногт нэг килограмм хасах нь эрүүл жин хаялт гэдэг. Тэгэхээр сард 4-5 кг хасахад эрүүл жин хаялт гэж ойлгож болох нь. Иогийг эрүүл зөв хооллолттой хослуулвал эрүүлээр жингээ хасахад их дөхөм юм болов уу.. 

Хүүхдээ иогоор хичээллүүлж болох уу? Насны хязгаар гэж бий юу?

Манай төв хүүхдийн иог хичээллүүлдэг. Хагас бүтэнсайнд 6-14 настай хүүхдүүдэд зориулсан анги бий. Хүүхдүүд илүү нээлттэй, бие нь уян, мөн сэтгэл санааны хувьд бие даасан төлөвшил олгоход хүүхдийн иог чухал гэж боддог. 

Бусад төрлийн спорт, дасгал хийж байгаа үед алкохол хориотой байдаг. Иогоор хичээллэх үед алкахол эсвэл бусад төрлийн зүйл хориотой байдаг уу?

Иогоор хичээллэж эхлэхээр хүн цаанаасаа хүч хэрэглэсэн хоолноос татгалзаж эхэлдэг. Алкохоль, амьтны амь тасласан хоол гэх мэт. Гэхдээ хүнд ямар нэг хэрэглэгдэхүүнийг тулгах болон хориглож болохгүй. 

Саяхан танайх байгальд иог хийсэн. Байгальд болон хотод зааланд иог хийх ямар ялгаатай вэ?

Ялгаа байлгүй яахав. Байгальд иог хийхээр хүний хийморь сэргэдэг. Агаар, салхи, нарыг мэдэрч хийхээр илүү өвөрмөц, хүчтэй мэдрэмж төрдөг. Гэхдээ заалны түвшинд ч ая, хөгжим, гэрлээ тохируулаад иог хийх сайхан.

Танай сургалт болон Таны заах арга барил бусдаас ялгарах онцлог нь юу вэ?

Манайх сард хязгааргүй хичээллэх боломжтой гэж би хэлсэн. Хүн болгонд харилцах дэвтэр нээж өгснөөр сарын дараа үр дүнгээ илүү мэдрэх боломжтой. Үүнийгээ мөн амьдралын зөв хэмнэлээ болгох боломжтой. 

Та хэзээнээс иогоор хичээллэж эхэлсэн бэ?

Би хоёр жил иогоор тасралтгүй хичээллэсэн. Нэг их удаагүй ч хувь хүний мэдрэмжийн асуудал чухал. Хорин жил хичээллээд гоё сайхан мэдрэмж аваагүй хүмүүс байдаг. Миний хувьд хоёр жилийн хугацаанд тодорхой хэмжээний мэдрэмжийг өөртөө авч, түүнийгээ бусдад түгээн өөрийн сургалтын төвөө нээгээд байна. 

Багш болохын тулд тусгай программаар хичээллэдэг үү?

Багш бэлтгэх сургалт олон байдаг. 200 цагийн анхан шатны багш бэлтгэх сертификаттай сургалтанд сурснаар багш болох боломжтой.