Ардаа дээдлэх сайн цаг

Наяад оны сүүлчээр нийгэмд эрүүл саруул олон ургальч үзлийн салхи сэвэлзэж эхлэх үед тухайн үеийн "Утга зохиол урлаг" сонин дээр нэрт соён гэгээрүүлэгч асан Ж.Бадраагийн "Ардаа дээдлэх сайн цаг ирэвэй" гэсэн нийтлэл гарч байсныг та бүхэн уншаа буй за.

"Төрийн үүрэг бол иргэний сэтгэлийг олох явдал мөн." хэмээн эртний Дорно дахины мэргэн үгэнд өгүүлсэн байдгийг та лав сонсоо буй за. Хөгжингүй улс орнуудын төр засгийн бодлого яг л энэ жишгээр явагдаад байгааг төвөггүй харж болно.

01. Хятад улс америкийн үхрийн махны экспортод өөрийн зах зээлээ нээснээр жилдээ 40 тэрбум долларын том наймааны суваг нээгдэж байгаа юм. Гэтэл овсгоотой хятадууд энэхүү аварга том мөнгөний урсгалыг өөртөө бас л ашигтайгаар эргүүлэхээр шийдэв бололтой. Америкийн үхрийн мах экспортлогч фермерүүдэд маш ашигтай санал тавьснаар ойрын үед америк үхрийн махны 8-9 хувийг Америкаас экспортлоод харин үлдсэн ерэн хувийг нь хятадын нутаг дэвсгэрт хамтран үйлдвэрлэх бодлого хэрэгжээд эхлэлээ. Тэдэнд хэдэн жилийн турш хэдэн арав дахин нугалсан ашиг өгөөд дараа нь бүх арга технологийг сурчихсан хойно "эелдгээр шахаад" гаргачихна. Ер нь хятадууд яг л ийм арга технологиор дэлхийн том том автомашины үйлдвэрүүдийн технологийн нууцыг өөрийн болгоод дараа нь хамтрагсаддаа хэд дахин нугалсан ашиг өгчихдөг болохоор нөгөөдүүл нь ч тэгтлээ гомдол тавилгүй зайгаа тавьж өгөөд байгаа нь ажиглагддаг л даа.

02. Гэхдээ Хятад улсад тэр олон үхрийн махны ферм байгуулах байгалийн даац, нөөц хомс гэдэг санаа цухалзуулах гээд байгааг та бүхэн гадарлаж байна уу? Харин Монголд бол эрчимжсэн мал аж ахуй байгуулах байгалийн эвдрээгүй хөрс суурь байгаа. Дээр нь энэ том зах зээлтэй хаяа хатган оршдог болохыг мартаж болохгүй. Үүнийг Америк фермерүүдэд ойлгуулж Хятадуудаас илүү тааламжтай татварын болоод хууль эрх зүйн ашигтай нөхцөл олгож яагаад болохгүй байх билээ?

03. Хятадуудын амьдрал сайжраад үнэтэй үхрийн мах зооглох дуртай болоод байгааг "Зальжин үнэг" Трамп маш овсгоотой олж харсан байгаа юм шүү. Тэгвэл Хятадууд үхрийн махнаас гадна "Монголын" гэсэн том тодотголтой "Халуун тогоо" идэх өнө эртний уламжлалтай л даа. Өвөг дээдсийн маань буй болгосон "Монгол халуун тогоо" хэмээх брэнд шөлөн дотор "Австрали, Шинэ Зеланд" хонины мах буцладаг болсоор удаж байгааг харин манайхан тэр болгон мэддэггүй байх аа. Зах зээл сонгодог утгаар хөгжсөн тэдгээр улс орны бизнесмэнүүд, тэр дундаа хятадууд "Австрали халуун тогоо", "Шинэ Зеланд" халуун тогоо гэдэг шинэ брэнд гаргаад явуургүй болохыг ойлгож байгаа л даа. Нөгөө талаар манай өвөг дээдэс эрт дээр цагт хятадуудад Монгол хонины махныхаа амт шимтийг яс маханд нь хүртэл амтлуулж мэдрүүлж чадсан нь одоогийн хэлээр брэнд болтлоо хөгжсөн байж л дээ.

04. Аж үйлдвэр технологийн үндэс суурь муутай манай улсын хувьд дэлхийн жишигт нийцсэн аж үйлдвэрийн том паркууд байгуулаад "Дэлхийн үйлдвэр" хэмээн нэрлэгдэж байгаа Хятадын зах зээлийг даваад дэлхийн зах зээл дээр бүтээгдхүүнээ гаргана гэдэг эрүүл саруул ухаанаар цэгнэж үзвэл тийм ч амар хэрэг биш байх аа. Хамгийн гол нь түүнд асар их хөрөнгө, маш урт цаг хугацаа шаардагдах юм.

05. Харин Америкийн үхрийн махны фермерүүд, Япон, Германы хүүхдийн сүү үйлдвэрлэгч нарт үйлдвэрлэлээ явуулах маш ашигтай татвар болон хууль эрх зүйн нөхцлийг санал болгоод Хятадын зах зээлийн энэ хоёр салбараас л том бялуу хүртээд байхад 3-хан сая хүнийг тосонд хөлбөрүүлж торгонд умбуулаад байхад хэцүү зүйл баймааргүйсэн. Мартсанаас зөв сайн уян хатан бодлогоор Австрали, Шинэ Зеландуудаас "Монгол халуун тогоо" гэдэг брэндээ заавал салган авах хэрэгтэй шүү. Энэ бүхнийг хэрэгжүүлэхэд төдийлөн урт цаг хугацаа, хөрөнгө мөнгө хэрэггүй. Зөв сайн бодлого гаргаад сайтар зарлан тунхаглаж чадвал ирэх жилээс үр өгөөжөө өгөөд эхлэнэ. Түүний үр шимийг ард нийтээрээ хүртэнэ. Үр дүнд нь "ЭРЧИМЖСЭН МАЛ АЖ АХУЙ" хэмээх шинэ арга ухаан Монгол нутагт суурьшаад үлдэнэ. Хэрвээ ингэж чадвал Монгол жинхэнэ утгаараа ялж ардаа дээдлэх сайн цаг айлчлан ирэх буй за.

06. Энэ бодлогыг хэрэгжүүлэхэд дээр нэр дурьдагдсан орнуудад суугаа элчин сайдын яамдууд маш голлох үүрэгтэй оролцох учиртай байж таарна. Тийм болохоор шинэ ерөнхийлөгч шинээр томилох элчин сайдуудаа энэ зорилгод захирагдан ажиллаж чадах талаас нь бодолцоосой билээ. Тэгэхгүй бол урьд өмнө тогтсон жишгээр намын аппаратын технократ сэтгэлгээтэй, хэл усгүй нөхрийг томилчихоод тэр нь дөрвөн жил монгол сонин гарчиглаж үүрэглэсээр байгаад хүрч ирвэл ямар сайн байх вэ?