Эсрэгээр үйлдэж хүзүү хөшилтөөс сэргийлэх арга

Энэ бол Бурхан багшийн үед заларч байсан хиргүй айлдагч Бодисатвагийн хэлсэн алдартай үг, алдартай арга ном юм. Бурхан багшийн билиг оюун тэргүүн гэгддэг бат агчтан том шавь Шаарийбуу нэгэн өдөр голын хөвөөнөө бясалгал хийгээд сууж байтал Хиргүй айлдагч Бодисатва хажуугаар нь өнгөрч явахдаа "Шаарийбуу минь, жинхэнэ бясалгал дияан хэмээгч чам шиг хөдөлгөөнгүй, юм бодохгүй суух төдийхөн биш юм шүү. Жинхэнэ сайн бясалгал бүтээлч хүн гэдэг явсан ч, суусан ч, хэвтсэн ч, идсэн ч бясалгал дияаны үйлнээс холдохгүй байвал зохино. Эсрэгээр үйлд!" гэж сургасан байдаг. Миний хувьд ЭСРЭГЭЭР ҮЙЛД хэмээх энэ алдартай үг яагаад ч юм бэ сэтгэлд сэрхийтэл нэг зүйлийг бодогдуулсан тул түүнийг хэсэгтээ л байнга бодох болсон билээ. Гэхдээ ямар гэзэг үсээ үргээж гэлэн сахил залаад гэрээс гараад явчихаагүй болохоор өөрийнхөө ажил мэргэжилд ойр дөхөм маягтай яаж хэрэгжүүлж болох талаар түлхүү бодсон байж таарна. 

Монгол төдийгүй дэлхий даяараа л гадаад хэлний сургалтанд бичиж, цээжлүүлж, дүрэмдэж, даалгавар өгч сургах гээд санасан үр дүнд хүрч чадахгүй байгаа биш үү? Гэтэл жаахан хүүхэд дээрхи арга барилын яг эсрэгээр үйлдээд хоёр гуравхан насандаа хэл гэж нарийн тогтолцоог төвөггүй сурчихаад байдаг болохыг ойлгосон юм. Ер нь амьдрал дээр эсрэгээр үйлдээд амжилтанд хүрч байгаа жишээ олон бий л дээ. Над шиг бичиг номын хүний хувьд хүзүү хөшнө гэж айхтар хэцүү зовиур байдаг. Миний хувьд худалчхан хүнд бараг сүүлийн арав гаруй жил тийм зовиурыг амссан. Өрнөдөд хүзүү хөшихийг эмчлэх эм тан хүртэл гарсан нь ихээхэн гүйлгээтэй байдаг юм гэсэн. Миний бичиг номын андууд ч тийм зовиурт автчихаад байгаа тухайгаа хуучлах нь олонтоо л доо. Адил өвчтөн амь нэгтэй гэж хятад японд зүйр үг хүртэл бий. Би бусдын адил хүзүү хөших зовиураа намжаах гэж төвд монгол эм тан ууж байсан. Фитнесэд ганц нэг удаа явж, хөдөө гадаа алхаж, шарлага зэрэг физик эмчилгээнд ч орж үзлээ. Боломж л гарвал сайн бариачид хэд илүүлчих санаатай. Тэгсэн хэр нь нэг их удаан тус нэмэр болдоггүйг та бүхэн ямар мэдэхгүй биш. 

Харин ойрдоо Хиргүй айлдагч Бодисатвагийн арга номын дагуу суудал дээрээ эсрэгээрээ үйлдээд хүзүүний хөшингө нэлээд гайгүй болоод байгаа тул өөртэйгээ адил бичиг судрын тоостой хутгалдахыг жаргалд үздэг номын садан та бүхэнтэйгээ энэ аргаа хуваалцая гэж шийдлээ. Маш амархан арга. 

  1. Та ердөө ном унших, юм орчуулах үедээ номоо аль гар талдаа тавьж хэвшсэний эсрэг талд нь тавьчихаад ажлаа хийгээд эхлэ. Тэгээд л гүйцээ.
  2. Бас сүүлийн үед өөр дээрээ хэрэгжүүлээд үр шимийг нь амссан өөр нэгэн арга бол хүзүү сээр, дал мөрөн дороо хатуухан дэр тавиад дээшээ хараад хэвтээд үз. Шалан дээр хэвтвэл бүр илүү үр нөлөөтэй шүү. Ердөө 5 минут байхад л хангалттай. 
  3. Бид нар хүзүү хөшлөө гээд хүзүү сээрэндээ анхаараад түүнийг бариулж нухлуулаад байдаг. Үнэндээ хүзүү, дал мөр, ууц нуруу, сүүж хонгоны хэдэн булчин л удаан суусны улмаас зангирчихаад байгаа хэрэг. Тэр утгаар таны цаг завын боломж гайгүй байдаг бол нуруу болон ахар сүүжин дороо дэрээ шилжүүлэн тавиад бас 5 минут хэвтээд үзээрэй.
  4. Хэрвээ энэ арга өөр дээр чинь батлагдах бөгөөс илүү олон найз нөхдөдөө дамжуулан хэлээрэй. Мөртлөө миний бичлэгийг бүрэн эхээр нь хүргэвэл бүр илүү тустай шүү. Харанхуй голлосон, халуун хүйтэн хослосон энэ хязгааргүй орчлонгийн дунд дэлхий хэмээх амьдрал цэцэглэсэн үзэмжит гариг дэлхий дээр хүмүүн заяанд төрчихөөд нэг Бурхан, нэг Бодисатвагийн нэрийг олж сонсоно гэдэг хүн хүний дотроос хосгүй ерөөл учрал бүрдсэн нэгэнд тохиох ховорхон завшаан байдаг гэнэм. Өөрөөр хэлбэл Хиргүй айлдагч Бодисатва, Амин Гавьяат Шаарийбуу нарын их нэрийг олж сонсоно гэдэг зүйргүй их хувь ерөөлтэй хэрэг юм шүү. Тэдний буянаар ердөө газар дээрээ хүзүү хөших эмгэгээс салцгаая!