М.Оюунсүрэн: Уран нугаралт бол гоо үзэсгэлэн, уран гуалиг бие, уян хатан байдлыг харуулдаг тансаг мэдрэмж

Ярилцлага / Ц. Анхзул
2017 оны 09 сарын 05

“Time to talk” ярилцлагын буландаа уран нугараач М.Оюунсүрэнг урьж ярилцлаа. 

Юуны өмнө ийм сайхан охинтой ярилцах болсондоо баяртай байгаагаа хэлье. Шуудхан л яаж ийм сайхан биетэй болсон бэ гээд асуумаар байвч ярилцлагын дундуур асуух завшаан олдоно байх гэж найдаж байна. Нугараач болох хүүхдийг аль болох бага насанд нь дасгал хөдөлгөөн хийлгэж, багшид шавь оруулах нь дээр гэх юм билээ. Хүний яс бэхжээгүй байх үед нугарч эхлэх нь амжилтад нөлөөлдөг гэж би ойлгосон. Энэ үнэн үү? Чиний хувьд хэдэн наснаас нугарч эхэлсэн бэ?

Та хэтрүүлэн магтаж байна, гэхдээ баярлалаа. Миний хувьд долоон настайдаа Дэлгэрцэцэг багшийнхаа сургалтад хичээллэж, нугарч эхэлсэн.  Долоон нас гэдэг хамгийн тохирсон нас байх гэж би боддог. 5, 6 нас бол арай л балчирддаг. Хувцасаа өөрөө өмсөж, үс толгойгоо янзалж, бараг өмд гутлаа ч өмсөж чадахгүй хүүхдийг нугарч сургана гэдэг бас хэцүү, хүүхдэд ч хэцүү санагддаг. 

Харин 10-аас дээш насанд бол яс нь бэхжиж, сунгалт муудчихдаг. Гэхдээ маш их бэлтгэл хийснээр амжилт гаргах хүмүүс ч байдаг л даа. Хүн хүнээсээ л шалтгаална. 

Уран нугараач болоход хэн нөлөөлсөн бэ? Нугараачийн сургалтад хэний гараас хөтлөн очиж байв?

Гэртээ байхдаа нугарах гэж янз бүрээр оролддог, эмээдээ үзүүлбэр үзүүлж өгдөг байлаа. Тэр үед эмээ маань цэцэрлэгийн дугуйланд шалгуулаад тэнцээд Дэлгэрцэцэг багшийнхаа дугуйланд явах боломжийг нээж өгсөн юм.  Тухайн үед ээж маань их дургүйцдэг, харин эмээ маань дэмжиж, дугуйланд маань хүргэж, авдаг байсан. Ээжийн дургүйцэх шалтгаан нь “жаахан хүүхэд хамаагүй хөдөлгөөн хийж байгаад нуруу, гар хөлөө гэмтээчих вий” гэсэн болгоомжлол байсан юм шиг байгаа юм. 

Тухайн үед дугуйлангаа тарж ирээд эмээдээ заалгасан зүйлээ үзүүлээд, эмээ магтаад л. Ер нь л бөөн хүсэл мөрөөдөл, дур сонирхол л байсан санагддаг.

Уран нугаралт гэж юу вэ. Уран нугараач гэж хэн бэ. Уран нугарч байх үед ямар мэдрэмж төрдөг вэ?

Уран нугараач гэхээр эмэгтэй хүний гоо үзэсгэлэн, уран гуалиг бие,  уян хатан байдлыг харуулдаг гоо зүйн тансаг мэдрэмж гэж ойлгодог. Уран нугаралтаар хичээллэсэн хүүхдүүд ядаж л унжгар мөргүй , өв тэгш бие хаатай болдог. 

Гэхдээ хүн бүхэн уран нугараач болно гэж байдаггүй. Тодорхой хэмжээний авьяас, маш их  тэвчээр хатуужил, хүсэл, сонирхол бүх зүйлээ зориулж байж уран нугараач хийдэг. 

Уран нугарна гэдэг юугаар ч сольшгүй мэдрэмж л дээ. Дуртай зүйлээ хийгээд тайзан дээр гараад, монголдоо болон гадаадад үзүүлэбэр үзүүлж улсаа сурталчилж явна гэдэг бол хамгийн сайхан зүйл. Уран нугаралтаас энерги, эрч хүч, урам зориг бүхий л зүйлийг авдаг даа. Хамгийн гоё мэдрэмж бол тайзан дээр гараад үзүүлбэрээ үзүүлж дууссаны дараа үзэгчид босоод баяр хүргэх мөч байдаг.

Уран нугараачид гар дээрээ өөрийгөө даадаг, шүдэн дээрээ бүх биеийнхээ ачааллыг авч чаддаг гээд ер нь их хүнд хэцүү ажил шиг санагддаг? Бэлтгэл хэр их хийдэг вэ?

Ер нь бол маш хэцүү хүнд ажил. Бид чинь 5 минут үзүүлбэр үзүүлэхийн тулд  өдөр бүр 2 цаг бэлтгэл хийж, олон жил хөдөлмөрлөж, бие хаа сэтгэл зүрхээ зориулж байж уран нугараач гэж дуудуулж явна шүү дээ.
Олон жил нугараад, ажил хичээлийн хажуугаар бэлтгэл хийгээд явахаар заавал ингэж явах хэрэг байна уу гэж бодогдох үе, шантрах үе ч гарна. Бэлтгэл хийхэд маш их хүч хөдөлмөр зарцуулдаг. Тайзан дээр гараад нугараад л болчихдог гэж ойлгож болохгүй. Жүжиглэнэ, бүжиглэнэ. Бүх л төрлийн авьяас шаарддаг гэх үү дээ.

Олон жил нугарахаар эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөх асуудал бий юу?

Зөвхөн уран нугарлтаас болоод ийм байдалд хүрчихлээ гэх өвчин эмгэг асуудал байхгүй. Тодорхой хэмжээнд жижиг сажиг асуудал бий. Суулт өгөх, зөөлөн эдийн гэмтэл гэх мэт. Гэхдээ тэрийг витамин уух зэргээр нөхөөд явж болноЗарим тохиолдолд хөдөлгөөн сайтай бэлтгэл сургуулилт хийж байсан болохоор эрүүл мэндийн хувьд илүү сайн байх нь ч бий. 

Гоолиг бие хаатай байхад бэлтгэлээс гадна хоолны дэглэм барих үе бий юу?

Би бол хоолны дэглэм барьдаггүй. Хөлсөө гаргаж өдөр бүр бэлтгэл хийж байгаа болхоор заавал хоолны дэглэм барих шаардлагагүй. Гэхдээ бас удам, хувь хүний өөрийн бие физиологиос шалтгалана. Угийн махлаг генитэй хүн бол махлаг болох гээд таргалах гээд байвал хоолны дэглэм барих шаардлагатай. 

Миний хувьд би багаасаа хоолоо сойж байгаагүй. Ээж маань их туранхай сайхан биетэй хүн. Би бол таргална гэж санаа зовохгүйгээр хоол их идэж, эрч хүчээ авч байвал хэрэгтэй гэж боддог.

Сүүлийн үед таргалалт ихэссэн. Ер нь дийлэнх эмэгтэйчүүд маань жиндээ сэтгэл дундуур явах нь анзаарагддаг. Чиний хувьд байнгын бэлтгэл сургуулилт жингийн асуудал үүсгэдэггүй байх. Бүсгүйчүүдэд ямар зөвлөгөө  өгөх вэ? 

Би нэг зүйлийг их гайхдаг. Бүгд өөр өөрийн гэсэн бие организмтай болохоор бүгд өндөр, туранхай байх албагүй. Харин эрүүл биетэй л байх хэрэгтэй байх. Хөдөлгөөн маш чухал. Хөдөлгөөнөөр илүүдэл жингээ хасах нь хамгийн зөв эрүүл арга. 

Хэвтчихээд л цай, кофе уугаад турна гэдэг миний хувьд боломжгүй санагддаг. Яахав эхэндээ жин хаядаг байж болох л юм. Гэхдээ эрүүл мэндээ золиосолж буй хэрэг гэж боддог. 

Эмэгтэй хүн бүр сайхан. Хэн нэгнийг тоочиглочихоод, тэрэн шиг л болно гээд байх нь хүний хуюилбар болохыг л хүсч буй хэрэг шүү дээ. 

Авьяаслаг монголчууд шоунд орж байсан юм билээ. Дахиж оролцох бодол байна уу? Гадаадын ийм төрлийн шоунуудад нугараач нар өөр үзүүлбэр давхар үзүүлдэг. Нум сум харвах, зураг зурах гэх мэт?

Бид шилдэг 32 үлдэж чадсан ч нэг гишүүн маань цаашид шоунд оролцох боломжгүй болоод шоунаас гарсан. Ер нь бол телевизийн шоу бидэнд зохихгүй юм шиг санагдсан. Өөрсдөө гадаад дотоодод тоглолтод оролцоод, ажилтай байхын хажуугаар цаганд баригдсан, хатуу гэрээ хийгдсэн тийм шоунд оролцох бол хэцүү юм билээ. Дахиж тийм шоунд оролцож цагаа үрэхгүй гэж бодож байгаа. 

Өөр давхар үзүүлбэрийн хувьд нум сум харвах зэргийг бол хийж болно. Гол нь нэг хүний хийсэн юмыг дахиад хийхээр монголчуудын хувьд нэг их соснин биш шүү дээ. Хүний хийсэн юмыг дахиж давтаад хийгээд байх хэрэггүй байх. Харин тэрний оронд өөр юм сэтгэж хийх хэрэгтэй гэж боддог.

Зарим нэг спортын хувьд 30 нас гараад эхлэхээр зодгоо тайлж спортоо орхидог. Тэрэнтэй адил уран нугаралтын хувьд насны хязгаар байгаа байх. Ингэхэд ер нь ямар мэргэжилтэй вэ. Цаашдын карьераа хэрхэн харж байна. Нугараачийнхаа хувьд болон бусад чиглэлээр?

Урлаг, спорт бол залуу насны ажил гэж боддог. Мэдээж багаасаа хичээллээд явсан болохоор дээр үеийн нугараач нар шиг 30, 40, 50 нас хүртлээ нугараад байж болох ч надад тийм бодол байхгүй. Би өөрөө маркетингийн мэргэжилтэй хүн. Энэ чиглэлээрээ одоохондоо ажиллаагүй байгаа ч гэлээ урлагийн ажлаа эзэмшсэн мэргэжилтэйгээ хослуулж ажиллах сонирхолтой байгаа.

Нугараачийнхаа хувьд дэлхийн циркчдийн хамгийн том тэмцээнд өөрийнхөө хэмжээнд амжилттай оролцсон маань миний зорилго биелсэн хэрэг болсон. Өөрөөр хэлбэл, “Дэлхийн уран нугараачдын хамгийн том тэмцээнд оролцож, амжилт үзүүлэх зорилго” тавьснаа биелүүлсэн гэж боддог.  Дэлхийн циркчийн хамгийн том тэмцээн Франц улсын Монака хотод болдог Монте Карло тэмцээнээс хүрэл цом хүртсэн. 

Энэ тэмцээнээс манай улс хамгийн сүүүлд 1969  онд медаль хүртэж байсан юм байна лээ. Энэ медалийн буухиаг бидний есөн охин хүрэл  цомоор үргэлжлүүлсэн. Тэгэхээр уран нугараач болсны минь зорилго ерөнхийдөө биелсэн гэж боддог. 

Гэхдээ дуртай зүйлдээ хүн ханадаггүй гэгчээр дахиад л шинэ зорилго үүссэн. Нугараач болох хүсэлтэй олон хүүхдэд багшилж, тэднийг дэлхийд гаргах, эх орноо уран нугаралтаар дамжуулан сурталчлах хүсэл мөрөөдөл байна.

Хоёулаа хувийн амьдралын чинь талаар жаахан ярья. Найз залуутай юу? Гэр бүл төлөвлөлтийн талаар ямар бодолтой явдаг вэ?

Найз залуутай, тодорхой хугацаанд бие биеэ таниад амьдарч байна. Нугараач хүний хувьд нугарах хугацаа хязгаартай. Тиймээс гэр бүл төлөвлөлтөд хойрго хандсаар 25 нас хүрсэн байна. Одоогоор гэр бүлээ төлөвлөсөн зүйл алга. Гэхдээ нэг л өдөр хуримаа хийж, айлын эзэгтэй, хөөрхөн хүүхдүүдийн ээж болох байх. 

Тоглолтоор байнга гадагшаа явдаг, дээр нь ийм сайхан охин болохоор найз залуу чинь хардаж харамлах үе гардаг л байх даа. Ер нь нугарахыг чинь хэр дэмждэг вэ?

Мэдээж намайг дэмждэг болохоор л өдийд бид хамт байгаа байх. Найз залуу, нөхөр нь дэмждэггүй бол эмэгтэй хүн тэр чиглэлдээ амжилт гаргах нь бас л хэцүү байх гэж боддог. Ер нь намайг бүх талаар ойлгож, дэмждэг дээ. 

Нэлээд өндөр биетэй харагдлаа. Уран нугаралтаас гадна загвар өмсөгч хийе гэж бодож байсан тохиолдол бий юу?

Намайг хүмүүс миссийн тэмцээнд ороочээ, Эх дэлхийн мисс-д ороочээ гэж маш их хэлдэг. 

Би уран нугарч байх хугацаандаа загварын шоунууд дээр загвар үзүүлэх тохиолдол гарч байсан. Гоёл шоун дээр загварын тайзан дээр загвар үзүүлж байгаад уран нугаралт үзүүлж байсан тохиолдол ч бий. Содтуяа эгч намайг загварын чиглэлээр яваачээ гэж зөвлөж байсан. Гэхдээ миний хувьд төдийлөн загвар өмсөгч хийе гэж бодож байгаагүй. Уран нугаралтаа үзүүлээд явж байх нь л миний зорилго.

Ер нь ямар эмэгтэйг сайхан эмэгтэй гэх вэ?

Сайхан сэтгэлтэй, хийж буй зүйлдээ эзэн болж чаддаг, ухаалаг, зөөлөн эмэгтэйг сайхан эмэгтэй гэнэ. Гэхдээ мэдээж бас гадаад үзэмж хамаарах л байх л даа. Хамгийн гол нт эмэгтэй хүн хөдөлмөрч, өөртөө арчаатай байх хэрэгтэй. 

Чиний хувьд хувцаслалт, нүүр будагтаа хэрхэн анхаардаг вэ?

Тоглолтоор очсон гадны орнуудаас хувцасаа авчихдаг. Заримдаа өөрөө загвараа гаргаад, оёод өмсчихдөг. Тийм хувцасыг маань найзууд маань “хаанаас авсан бэ” гээд асуухаар өөрөө онгирмоор сайхан санагддаг. Би ер нь юм оёх дуртай. 

Өөрөөрөө хэзээ хамгийн их бахархсан бэ? 

Яг одоо санаанд орохгүй байна. Гэхдээ гэрээгээ дуусгаад, эх орон луугаа явах гээд онгоцондоо суух үед их сайхан, бахархмаар санагддаг. 

Нууц биш бол гадаад орнуудад ямар хөлсөөр үзүүлбэрээ үзүүлдэг вэ?

Яг тэд гээд хэлэх боломжгүй. Гэрээнд аль болох өндрөөр хөдөлмөрөө үнэлүүлэхийг бодно. Гэрээнд ямар хугацаагаар, хаана тоглохоор заагдсан нь төлбөрт хамааралтай. Монголдоо бол нэг нугарахад 500 мянга орчим байдаг. Гэхдээ ах дүү, танил хүмүүсдээ арай хямдаар гээд янз бүр. АНУ-д 1000 доллараар нугарч байсан, хэдэн жилийн өмнө. Гэхдээ өртөг өндөртэй улсад энэ мөнгө нь эргээд байр, хоол зэрэгтээ зарцуулагддаг юм байна лээ. 

Одоогоор хэдэн улс оронд очиж нугаралтын үзүүлбэр үзүүлж байгаа вэ. Хөдөлмөрөө сайн үнэлүүлсэн, бас хамгийн сайхан улс орон хаанах байсан бэ? 

Герман, Турк, Франц, ОХУ, АНУ, Унгар, Саудын Араб гээд 20-иод улс оронд тоглолтоор явж байсан. Хамгийн сүүлд Унгарт тоглосон. Үзүүлбэр үзүүлж, тоглолтоо хийж байсан газруудаас Дубай хамгийн их таалагдсан. Маш сайхан улс байна лээ. Олон сайхан дурсамж үлдсэн. 

Ярилцахад сайхан байлаа. Эх орныхоо нэрийг цуурайтуулсан олон мундаг шавь нартай болоорой. 

Баярлалаа. Хичээнэ ээ.