Хүүхдийн тоглоомын талбайгаас цогцос олджээ

Нийгэм / Өглөөний сонин
2017 оны 09 сарын 05

Өчигдөр орон сууцны дунд байрлах хүүхдийн талбайн ойролцоо үл таних эрэгтэй хүний цогцос олдсон хэрэг гарлаа. Тодруулбал, Баянзүрх дүүргийн дөрөвдүгээр хороо 64, 66 байрны дундах хүүхдийн тоглоомын талбайгаас 10 орчим метрийн зайд 30-40 орчим насны эрэгтэй хүний цогцос байгаа талаарх мэдээллийг иргэд цагдаагийн байгууллагад өгчээ. Хачирхалтай нь дээрх цогцос хүүхдийн тоглоомын талбайд өглөөний 07-аас үдийн 11 цаг хүртэл байсан тухай оршин суугчид хэлж байв. Иргэдийн дуудлагын дагуу тус дүүргийн Цагдаагийн II хэлтсийн албан хаагчид 07:30 цагт очиж, цогцос байсан газрыг хамгаалалт авчээ. Хэдийгээр цагдаагийн байгууллага хэрэг болсон газрыг хамгаалалтад авсан ч, цогцсыг ил байлгасанд оршин суугчид ихэд ундууцаж, яаралтай холбогдох албаны хүмүүст цогцсыг авч явах ёстойг хэлж байв. Иргэд ажил, сургуульдаа явдаг цагаар, хөл хөдөлгөөнтэй ихтэй газар орон сууцны дунд ил задгай цогцос бүтэн дөрвөн цаг байсанд бухимдаж эхлэв.

Ингээд манай сонины сурвалжлах баг хэргийн газар байсан цагдаагийн албан хаагчаас цогцсыг хаана хүлээлгэж өгөх талаар асуухад “Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн ажилтнуудыг хүлээж байна. Тэднийг иртэл бид цогцост хүрэх ёсгүй. Дуудлага аль хэдийн өгсөн боловч, өөр нас барсан хүмүүсийн хэргийн газарт ажиллаж байгаа гэнэ. Шүүх эмнэлгийнхэн дуудлага өгсөн дарааллаар нь хэргийн газарт ирдэг гэсэн” хариу өгөв. Биднийг ярилцаж байх зуур орцны үүдэнд зогсох оршин суугчид “Энэ цогцсыг заавал ингэж ил задгай байлгах хэрэгтэй юм уу. Дүрэм журмаараа шүүх эмнэлгийн ажилтнууд иртэл хүлээх ёстой ч иргэдийн нүднээс холдуулж, борооны ус нэвтрэхгүй материалаар биш гэхэд ямар нэг юмаар бүтээж” болдоггүй юм уу хэмээн ярилцаж байлаа. Өөр нэг оршин суугч “Манай ойр хавьд хүүхэд, эмэгтэйчүүд их бий. Сургууль, цэцэрлэгтээ явдаг цаг нь болчихсон. Цогцос хараад айж цочих вий” гэв. 

Ямартай ч бид хэргийн газраас 09:30 гэж хөдлөхөд цогцос тухайн байрандаа байсан хэвээр. Ийн учир битүүлэг цогцсын талаар ШШҮХ-ээс тодруулах гэсэн боловч, “Манайх мэдээлэл өгөхгүй Цагдаагаас ав” гэв. Харин ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн мэргэжилтэн тодруулахад “Өнөөдөр гарсан хэргүүдийн нэгдсэн мэдээлэл маргааш /өнөөдөр/ манайд ирдэг. Тэгэхээр та бүхэнд тухайн өдөр дэлгэрэнгүй мэдээлэл өгье” гэсэн юм. Хэргийн газарт очих ёстой ШШҮХ-гийнхэн бидэнд тодорхой тайлбар өгөхөөс татгалзсан учир 66 дугаар байрны оршин суугч У-тай утсаар холбогдож цогцос хэрхсэн талаар асуухад “Намайг 10:40 цагт гэрээсээ гарахад шүүх эмнэлгийнхэн ирээгүй, цогцсыг шилжүүлээгүй байсан. Би цогцос байгаа газар руу сүү өргөөд гарсан” гэв. Хэргийн газар ийм үйл явдлууд болж өнгөрлөө. Ямартай ч эл хэрэг гадны нөлөөтэй эсэх, талийгаач ямар шалтгааны улмаас нас барсан талаар бид эргэн мэдээлэх болно.

Эх сурвалж: