Шинзо Абэ ОХУ, Монголын Ерөнхийлөгч нарыг жүдогоор барилдахыг хүсэв

Шар мэдээ / Admin
2017 оны 09 сарын 07

ОХУ-ын Владивосток хотод Дорнын эдийн засгийн форумд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга болон албаны төлөөлөгчид оролцож байгаа билээ.

Форумын өнөөдрийн хуралдаанд Японы Ерөнхий сайд Шинзо Абэ индэр дээрээс үг хэлсэн бөгөөд энэ үеэр Монгол болон ОХУ-ын Ерөнхийлөгч нарын жүдогийн хар бүсний талаар хошигноод амжжээ.

Шинзо Абэ "Эрхэм ноёд төлөөлөгчид өө. Та бүхэн ОХУ-ын Ерөнхийлөгч Путиныг жүдогийн хар бүстэйг мэдэх байх. Гэхдээ  энд өөр нэгэн хар бүстэй жүдоч байгаа нь Монгол улсын Ерөнхийлөгч Х.Баттулга гэдгийг хэлэхийг хүсэж байна. Мөн энд олимпийн аварга Ямашита Ясүхиро ирсэн байгаа. Ноён Ямашита, та Японы жүдогийн хар бүс эзэмшигчдийн холбоог төлөөлөн хоёр ерөнхийлөгчийг Японд уривал ямар вэ. Тэр үед Путин, Баттулга нартай үзүүлэх барилдаан хийх боломжтой юу. Энэ саналыг минь хүлээж авах уу. Хэрэв тэгвэл маш сонирхолтой зүйл болно, тийм биздээ” хэмээн хошигнов.

Түүнчлэн “Надад хар бүс байхгүй, бас бэртэж гэмтэхээс болгоомжилж байна. Тиймээс би дэвжээний хажууд энэхүү гайхалтай барилдааныг үзэж суух нь дээр байх" гэжээ. 

Дашрамд дурьдахад, өмнө нь АНУ-ын сэтгүүлч Бенжамин Витс гэгч эр Путины жүдогийн бэлтгэл хийж буй бичлэгийг “зүгээр л хог” хэмээн дүгнээд АНУ-д ирэхдээ өөртэй нь барилдахыг урьж байсан удаатай.