Дуншиж буй шинэ ЗАСАГ

Улс төр / Б. Бат-Эрдэнэ
2017 оны 09 сарын 09

Мэргэжлийн Засгийн газар огцорч, шинэ засаг Төрийн ордонд дуншиж эхэллээ. 30 хоногийн дотор өлгийдөн авах гэж буй Шинэ Засгийн газрын тухайд товчхон танилцуулъя.

Яс үндэс: Жинхэнэ МОНГОЛ

Ургийн овог: Хэзээ ч урвахгүй МАН

Хүйс: Жинхэнэ МУЖЫК

Нэр: Будаан дундаас шигшинэ. Будааны саванд дараах нэрсийг хийхээр төлөвлөж байгаа:

  1. "ТОПОР" Засгийн газар
  2. “Мужык” Засгийн газар
  3. "Жинхнээсээ мэргэжлийн" Засгийн газар
  4. "II ээлжийн" Засгийн газар
  5. "Чагнуургүй" Засгийн газар
  6. "Элсний 31" Засгийн газар
  7. "Концессгүй" Засгийн газар
  8. "Эрлийз биш жинхэнэ МОНГОЛ" Засгийн газар
  9. "60 тэрбумгүй" Засгийн газар

Будаанд нэр хийх эрхтэй гэр бүлийн гишүүд:

Ээж Т.Аюурсайхан нэр өгөх эрхээсээ татгалзсан. Тэгэхээр аав У.Хүрэлсүх, өвөө Ц.Нямдоржоос гадна ах Ж.Энхбаяр, Д.Цогтбаатар, Ч.Хүрэлбаатар, Л.Оюун-Эрдэнэ, Я.Содбаатар нар будааны саванд нэр бичиж хийх нь баталгаатай. Түүний хажуугаар Н.Учрал зэрэг олон багачууд өөрийн нэрийн саналаа будааны саванд хийхээр хөөцөлдөж байгаа.

Шинэ Засгийн газрыг хүлээж буй нөхцөл байдал:

Байрандаа 76-уулаа амьдардаг. Үүнээс өөрийн гэр бүл 34, дургүй хамаатнууд 31. Хажуу өрөө түрээслэгч 10 хүн байнга шоудаж чанга дуу чимээ үүсгэдэг.

ДЭЭЛ

Өмнөх төрсөн Засгийн газрууд төрөх эмнэлгээс гарахдаа бүгд давхар дээл өмсдөг байлаа. Гэвч энэ удаад эх баригч нар давхар дээл өмсүүлэхгүй гэж зүтгэх магадлал өндөр.

Эхний 100 хоногт хийхээр төлөвлөж буй ажил:

Эрлийз адууг уралдахыг хориглоно. Улмаар эрлийз бүх адууг монголоос гаргана.

Адууны мах экспортлохыг хориглохоос гадна махыг нь монголдоо хүнсэнд хэрэглэхийг ч хориглоно.

Салаавч гаргасан хүнийг шанаадаж болдог хууль санаачилна.

Ажил хэргийн яриаг саунд суунгаа ярилцахыг хориглоно. Ялангуяа “Encanto town”-ын саун руу Төрийн албан хаагчдыг зүглэхийг хориглоно.

“Бандааш” гэдэг үгийг Төрийн ордонд хэлэхийг хориглоно.