Д.Галбаяр: Уран бүтээлч хүнд ханах мэдрэмж төрөх нь сүйрэл

Ярилцлага / Ц. Анхзул
2017 оны 09 сарын 11

 “Элдэв зураг”-ийн эзэн Г.Дашхүү гуай “Миний дунд хүү л мэргэжлийг маань өвлөх байх” хэмээн хэлдэг байсан нь өдгөө биелжээ. Нэр цохсон хүү Д.Галбаяр Монголын орчин үеийн  кино урлагийн салбарт өөрийн гэсэн орон зайг үүсгэж яваа. Хайрын рекорд, Намрын синдром, Тагнуулч аав, Тусгай ажиллагаа, Шуугиан таригч, Миний нууц, ТҮЦ-ний охид  гээд бүрэн хэмжээний долоон кинонд найруулагчаар ажиллаж, “Цахилж яваа гөрөөс”, “Шуугиан таригч” кинонуудын гол дүрийг бүтээсэн тэрбээр хамгийн сүүлд NTV телевизийн “Гэр дүүрэн охид” олон ангит уран сайхны киноны гол дүрийг бүтээжээ. 

Г.Дашхүү агсны хүү, алаг нүдэн жүжигчин Т.Хулангийн нөхөр, гурван хөөрхөн хүүхдийн аав Д.Галбаяртай гэр бүл, уран бүтээл, зорилго мөрөөдлийнх нь талаар ярилцсанаа хүргэж байна. 

ТАЕКВОНДОГИЙН ДАСГАЛЖУУЛАГЧ БАЙХ БАЙЛАА

Таны аав “Элдэв зураг”-ийн эзэн,  жүжигчин Г.Дашхүү гуайг Монголын ард түмэн андахгүй. Тэр утгаараа мэргэжил, уран чадварынх нь талаар хэвлэлд нэлээдгүй яригдаж, бичигдсэн байдаг юм байна лээ. Харин би Танаас аавыг тань эцэг хүнийхээ хувьд ямар аав байсан, хүүхдүүдээ  хэрхэн хүмүүжүүлсэн талаар асуумаар байна. Аав болгон өөр өөр хэв маягтай.  Харцаараа, үгээрээ сургадаг аав байхад ерөөсөө л эрхлүүлсээр хүмүүжүүлсэн аавууд ч  бий шүү дээ. 

Манай аавын хувьд амьдралынх нь ихэнх хугацаа социализмын үед өнгөрсөн хүн шүү дээ. Тэгэхээр тэр үе нь цаг наргүй их ажлын үе л байж. Бүх ажил төлөвлөгөө нормтой. Ажилчид төлөвлөгөөг биелүүлэх, давуулан биелүүлэх зорилготой. 

Бидний аав театрын жүжигчин тул мөн л театрынхаа нормыг биелүүлэхээр хөдөө орон нутаг руу томилолтоор их явна, гэртээ байх нь тун бага, “олддоггүй” л аав байсан даа. 
Харин гэртээ байхад нь бид их баярладаг, аавтайгаа удаан хамт байхыг л боддог байж. Аав маань маш тайван, үр хүүхдэдээ хэлэх үгээ егөөдөж, ёврох байдлаар хэлж, шүүмжилдэг хүн байсан. Түүнээс биш уурлаж, загнаж байгаагүй.

Сэтгэлд тань хоногшин үлдсэн аавтайгаа хамт хийсэн ажил, хэлсэн үгс, сайхан дурсамжийг бидэнтэй хуваалцаач?

Би аавтайгаа 20 нас хүртлээ хамт байсан. СУИС-ын нэгдүгээр курс төгссөн жил аав маань бурхан болсон юм. Дурсамжтай зүйл гэвэл өнгөрөхөөс нь бараг долоо хоногийн өмнө нэг тайзан дээр хамт  гарч, тоглох боломж олдсон юм. Тэр нь хошин урлагийнхны төслийн тоглолт байсан. 

Орой нь аавдаа зэмлүүлэх маягтай, “Тайзан дээр гарчихаад ганц хоёр өгүүлбэр, текстийг холбоод хэлчихэж чадахгүй” гэх маягийн л үг сонсож байлаа шүү дээ. (инээв) 

Ээжийг тань бас урлагийн хүн гэж дуулсан. Тэгэхээр Та урлагийн гэр бүлд төрж өсчээ. Мэргэжил сонголтод тань нөлөөлсөн болов уу? 

Ээж маань “Монгол кино үйлдвэр” гэж байхад монтаж хийдэг байсан. Хальснаас хор угаадаг, хортой нөхцөлд ажилладаг байсан болохоор залуугаараа тэтгэвэрт гарсан, одоо энх тунх сайхан амьдарч байна. 
Ер нь урлагийн хүний хүүхдүүд урлагийн л хүн болж, урлагаар “өвчилдөг”. Яагаад гэвэл гэрт нь аав ээжийн найзууд ирдэг, байнга урлагийн яриа сонсож өсдөг болохоор тэр. Тиймээс урлагт татагдах таталцал нь тэр үед л үүсдэг юм болов уу гэж би боддог. 

Гэхдээ миний хувьд бас өөр. Хүүхэд байхдаа таеквондогоор хичээллэдэг, тодорхой амжилт гаргадаг хүү байлаа. 

Амьдралын ямар эргүүлэг таеквондочин хүүг урлагийн тогоо руу “нисгэчихэв”?

Өөрийгөө “Спортоор явна. Бараг л олимпийн аварга болно” гэж төсөөлдөг байсан үе. Яг мэргэжлээ сонгох болоход аав маань “СУИС ороод Лхасүрэн ахтайгаа нэг уулзчихаад ир” гээд явуулсан юм. СУИС руу ороод л спортын тухай миний бодол замхарсан. Яагаад ч юм тэр байшингаас гармааргүй тийм л орчин намайг угтсан. 

Урлагийн гавьяат зүтгэлтэн Лхасүрэн багш намайг хараад “Аав чинь чамайг зодолддог л гээд байсан. Чи чинь ийм жижигхэн биетэй нөхөр байсан юм уу? Чи жүжигчин болохгүй, найруулагч бол мэдэв үү” гэсэн. Миний хувьд бол жүжигчин ч болох гээгүй, найруулагч ч болох гээгүй, аав “очиж уулз” гэсэн болохоор л Лхасүрэн багш дээр очсон юм шүү дээ. 

Ингээд л Лхасүрэн багшийн удирдсан найруулагчийн ангид орж хоёр жил сураад төгсөхдөө Сугар багшийн ангид жүжигчнээр төгссөн. 

Аавынхаа заавраар урлагийн хүн болоогүй бол өнөөдөр Та хэн байх байсан бол? 

Таеквондогийн спортоор тэгтлээ амжилт гаргахгүй байсан байх гэж боддог. Өсвөрийн дэлхийн аварга, насанд хүрэгчдийн аварга, Европын аваргад ч оролцож үзсэн. Гэхдээ олигтой амжилт гаргаагүй. Яагаад гэхээр хөнгөн жинд үздэг, хөл богинотой болохоор. (инээв)

Монголдоо бол улсын аварга болчихоод байдаг, жиндээ номер нэг байгаад байдаг. Гадагшаа гараад байхгүй. Тэгэхээр би өдийд таеквондогийн холбоондоо дасгалжуулагч хийгээд л явж байна байхдаа.

УРАН БҮТЭЭЛЧ ХҮНД ХАНАХ МЭДРЭМЖ ТӨРӨХ НЬ СҮЙРЭЛ

 “Миний нууц хүү” жүжгийг найруулан тавьсныхаа дараа “Дахин жүжиг найруулж, даагаа нэхнэ” хэмээн ярилцлага өгснийг тань уншаад жүжгийн найруулгын ажилдаа сэтгэл хангалуун бус үлдсэн юм болов уу гэх бодол төрсөн. Үзэгчийн хувьд надад энэ жүжиг их таалагдсан. 

Эрхэмээ, Шагай хоёр УДЭТ-аас хавар нь өрх тусгаарлаад, намар нь надтай уулзсан.  Би Шагайд “Оросын зохиолч Вампиловын “Ууган хүү” гээд жүжиг байдаг. Тэр жүжгийг Монгол руу татаад хийвэл яасан юм” гэсэн санаа хэлсэн. 

Шагайгийн нүд нь сэргээд л, тэр дороо зохиолыг нь олоод ирсэн. Ингээд 80 ангит киноны зохиол бичсэн Ж.Оргил гэдэг залуугаар зохиолыг нь Монгол руу татуулж, жүжгийнхээ ажилд орсон доо. 

“Миний нууц хүү” жүжиг  бол “Мөрөөдлийн театр”-ынхны хувьд анхных нь жүжиг, уран бүтээлийн гараа нь байсан гэдэг утгаараа сайхан дурсамж болон үлдсэн юм байна лээ. Үзэгчид ч гэсэн сайхан хүлээж авсан. 

Энэ жүжгээр залуу жүжигчин Чука, Дөлгөөн нар театрын тайзан дээр анх гарч байсан гээд олон хүний хувьд “анхны” тодотголтой байсан. Миний хувьд ч анхны минь найруулж тавьсан жүжиг байсан. Анхны юм гэдэг анхных л байдаг шүү дээ. Тулгамдах, сандрах гээд л. 

Хэдий би хар багаасаа театрын ард тоглож, театрынхантай танил өссөн ч гэлээ яг жүжиг найруулж тавихад чадахгүй, арга барилыг нь олохгүй байх тохиолдлууд олон байсан. Тийм болохоор найруулсан жүжгэндээ сэтгэл дундуур, өөрийгөө чамлах мэдрэмж төрж, “дахиж жүжиг найруулж, даагаа нэхнэ”  гэж хэлсэн. 

Жүжгийн дууг МУГЖ С.Жавхлан,  СТА Б.Амархүү нар хамтран дуулсан нь өвөрмөц шийдэл санагддаг. Дуу яаж бүтсэн юм бэ? 

Жүжиг бэлэн болоход дуу хэрэгтэй болсон. Тухайн үед жүжгийн дуугаа С.Жавхлан, Д.Болд хоёроор дуулуулъя гэсэн санааг гаргасан. Харин  Д.Болд өөрийнхөө тоглолтыг хийх гээд завгүй байсан болохоор хамт дуулж чадаагүй. 

Тэгээд “таг монгол” С.Жавхланг, орос школтой  Б.Амархүүтэй дуэт болговол бас сонин уран бүтээл гарч магадгүй гэж үзсэн хэрэг. Энэ санаагаа хөгжмийн зохиолч Л.Балхжав  ахад хэлэхэд “Би Амархүүд зориулаад ийм дуу хийчихсэн байгаа” гээд сонсгосон нь яг л бидний хайж явсан дуу байсан. 

Жүжгийн найруулагч, киноны найруулагч байхын хэцүү, хялбар тал нь юу вэ? 

Театр бол үзэгч, жүжигчин хоёрын шууд амьд харилцаа. Кино бол нийлмэл урлаг. Маш олон хүнтэй харилцана, олон хэлтэй. Киногоо аргалах зүйлүүд олон.  

Ялгаа нь гэвэл,  магадгүй театрт найруулагчаас илүү их ур чадвар шаарддаг. Харин кинон дээр найруулагчийг аварч үлдэх зүйл маш олон ш дээ. Гоё зураг авалтууд ч гэдэг юмуу. 

Та найруулагчаас гадна “Цахилж яваа гөрөөс”, “Шуугиан таригч”, “Гэр дүүрэн охид” кинонуудын гол дүрийг бүтээсэн жүжигчин хүн. Ер нь жүжигчин хүнд мэргэжил чухал уу эсвэл авьяас, ур чадвар чухал уу? 

Социализмын үед бол нэг хувийн авьяас, 99 хувийн хөдөлмөр гэдэг байсан, нэг талаар үнэн. Авьяастай ч түүнийгээ хөдөлмөрөөр өнгөлөхгүй юм бол “авьяас” гэж орилсон нэг нөхөр л үлдэнэ шүү дээ. 

Нөгөө талаар авьяасыг сураад олчихдоггүй болов уу гэж би боддог. Сураад болчихдог бол хүн бүхэн л жүжигчин болчихож болно шүү дээ. Миний хувийн бодол бол авьяас бол өгөгдөл гэж би ойлгодог.

“Шуугиан таригч” киноны зохиолыг бичиж, найруулж, өөрөө гол дүрд нь тоглосон.  Бүх ачааллыг өөртөө авсан болохоор киноныхоо нээлтийг айгаад үзэж чадаагүй. 

Хамгийн түрүүнд найруулагч, миний найз Ж.Сэнгэдорж надад баяр хүргэсэн. Ээж маань “Миний хүү чинь аавтайгаа ямар адилхан юм бэ, яг л аав. Чамайг хараад аавын чинь залуу насыг харлаа” гээд уйлчихсан гарч ирсэн.. 

Тэр үед “Би чаджээ” гэж өөрөөрөө бахархах мэдрэмж төрөв үү? 

Үгүй, зүгээр айдас бага багаар тавирсан. Би хэзээ ч ханаж үзээгүй. Магадгүй уран бүтээлдээ ханана гэдэг сүйрэл болох байх.

Киноны зохиол бичсэнийг тань мэдээгүй юм байна. Найруулагч хүний хувьд зохиол бичих нь амар байх болов уу гэж бодогдож байна. Өөрөөр хэлбэл, ийм үйл явдалтай кинондоо тэр жүжигчинг тоглуулаад гээд л...  

Ерөнхийдөө зохиолоо бичиж байхдаа киногоо нүдэндээ харчихсан байдаг уу?

Миний хувьд мэргэжлийн зохиолч бол биш. Гэхдээ залуу хүн байна юм юманд л хүчээ үзэхийг боддог. 2004 онд СУИС-ийг төгсөөд оператор болж үзлээ, миний хийсэн 30-аад клип байдаг. Дараа нь монтаж хийсэн, гурав, дөрвөн киноныхоо монтажийг өөрөө хийсэн. 

Дараа нь зохиол бичиж, найруулж үзлээ. Одоо жүжигчин хийж байна гээд л би ер нь саваагүй хүн юм шиг байгаа юм. Юм юм руу орж, өөрийгөө сорьж үзэх дуртай. 

Гэхдээ яс юман дээрээ миний зохиол бичнэ гэж юу байх вэ. Би бол найруулагчийн хувьд нүдэнд харагдсан киногоо л цаасан дээр буулгаж байгаа хэрэг. Тэрнээс би зохиолч биш. 

МИНИЙ ХАНЬ НУЛИМС ОЙРХОНТОЙ ХҮН

Уулзсан сэтгүүлч бүхэн асуудаг байх. Гэхдээ би бас асуумаар байна. Таны эхнэр Т.Хулан зөөлхөн, гэгээлэг сайхан эмэгтэй гэж би боддог. Танилцаж, үерхэж нөхөрлөж эхэлсэн сайхан үеэ дурсаач?

Нөгөө л “Л.Лхасүрэн багштай уулзахаар СУИС орсон” үедээ анх харсан. Түүний дараа сонгууль ч билүү нэг юмны шоу болж байхад Хулантай  таараад, сүрхий амьтан  “Сайн уу” гээд очсон чинь над руу нээх том харчихаад яваад өгсөн. Тэр үед “ямар их зантай нөхөр вэ” л  гэж бодсон. 

Л.Лхасүрэн багшийн ангид хоёр жил сураад С.Сугар багшийн жүжигчний ангид шилжин орсон нь Хулангийн анги байсан. Оюутны амьдрал, СУИС-ийн дөрвөн жил тэгээд л, бужигнаад л өнгөрсөн. 

Би оюутан байхдаа “Go” студийг байгуулж, UBS телевизтэй хамтран  “Их тайз” нэвтрүүлэг хийдэг байлаа. Анхны хөтлөгч нь манай ангийн хүүхэд, жүжигчин Т.Бархүү байсан. Т.Бархүү маань Швед явах болоод хөтлөгч хэрэгтэй болж,  ангийн охин Т.Хулангаар хөтлүүлсэн. Ингээд л нэг газар ажиллаж, хайрын романс үүссэн гэж би боддог доо. 

Эхнэр тань одоо ямар уран бүтээл дээр ажиллаж байна вэ?

Т.Хулан маань УДЭТ-т найман жил ажиллаад, гарсан. Одоо бол манай студийн хийж байгаа кинонуудад продюсэрээр ажилладаг. 

Эхнэрийнхээ тоглосон кино, жүжгийн дүрүүдийн алинд нь хайртай вэ? 

Олон сайхан дүрүүд бий. Онцлох юм бол “Сарны нулимс” ОАУСК-ны Цоомоогийн дүр, “Зөрлөг” киноны Гэрлээгийн дүр их зөөлөн, сайхан санагддаг. 

Магадгүй Т.Хуланг уйлахад үзэгчид дагаад уйлдаг, тийм сайхан дүрийг гаргадаг л даа. Ер нь миний хань нулимс ойртой, их уяхан, зөөлхөн хүн. 

Т.Хулан жүжигчинг найруулагчийн хувиар хэрхэн дүгнэдэг вэ?

Сүүлд “ТҮЦ-ний охид”  киноны нэг зураг авалтыг их сургуулийн танхим дүүрэн оюутаны дунд хийсэн. Тэр хэсэгт “Т.Хулан орилж уйлаад, гомдлын үг хэлдэг” хэсэг гардаг.  Т.Хулангийн жүжиглэлтийн дараа танхим дүүрэн оюутан алга ташиж, баяр хүргэсэн. 

Тэр үед найруулагчийн нүдээр, мэргэжлийн хэлээр хэлэх юм бол “Дотортой жүжигчин юм даа” л гэж бодогдсон доо. 

Тэгвэл Т.Хулан хэр сайн эхнэр вэ?

Хоёулаа урлагийн хүмүүс болохоор эхнэр, нөхөр гэх үүрэг хариуцлага бидний хувьд бараг байдаггүй. Заримдаа гэр бүл, гурван хүүхдээ ор тас орхиод явах үе ч бий. Харин уран бүтээлээ дуусгаад, гэртээ яг л  амралтад ирсэн хүмүүс шиг л байдаг. (инээв) 

Хүүхдүүд бага байхад эмээ нарт нь хүргэж өгөөд бидэнд ирэх хариуцлага бага байсан юм шиг байгаа юм. Одоо бол хүүхдүүд маань сургууль, цэцэрлэгт орсон болохоор хариуцлага арай нарийн болсон. 

Дахиад хүүхэдтэй болох талаар төлөвлөж байна уу?

Анх “дөрвөн хүүхэдтэй болъё” гэж ярьдаг байсан. Гэхдээ уран бүтээлч хүнийг олон хүүхдээр дараад байж бас болохгүй. Тийм болохоор магадгүй завсарлаж байгаад дүүг нь гаргах байх гэж бодож байна. 

ЭХНЭРТЭЭ  ХАЯГДАН, ДӨРВӨН ОХИНТОЙГОО “БУЖИГНАЖ” БУЙ ВАНДАН

Хоёулаа яриагаа хамгийн сүүлд тоглосон уран бүтээлээр тань үргэлжлүүлье. “Гэр дүүрэн охид” УСК-ны гол дүр болох аавын дүрд тогложээ. “Их л олон охинтой аав байх нь” гэж бодогдлоо. Киноныхоо талаар яриач?

Анх NTV телевизээс “Манайх олон ангит кино хийх гэж байгаа юм. Ирээд уулзаач” гэсэн санал тавьсан. Би хувьдаа “Найруулагчаар дуудаж байгаа байх” гэж бодоод, очсон.

Гэтэл олон ангит инээдмийн киноны гол дүр. Тэр нь дөрвөн охинтой аавын дүр байсан нь ”бужигнуулж өгөх нь дээ” гэсэн бодлыг төрүүлж, сонирхолтой санагдсан. 

Тэгээд киноных нь зохиолыг аваад, эхний таван ангийг нь уншсан, таалагдсан. Тэгээд л “би оръё” гээд зөвшөөрсөн дөө.  

Кинонд ямар уран бүтээлчидтэй хамтран ажилласан бэ? 

Дөрвөн охины сонгон шалгаруулалт тэр хугацаанд явсан байсан. Зураг авалтын талбай дээр ирээд л анх охидуудаа харсан. 

Хадам ээжийн дүрд Аяа эгч маань(МУГЖ Ш.Алтанцэцэг), ажлын газрын туслах эмэгтэйн дүрд С.Өлзийхүү эгч маань тоглосон. 

Аяа эгчийн хувьд “Хүүхэд залуучуудын театр”-аас авахуулаад манай аавтай хамт тоглож байсан хүн. Киноны  анхны зураг авалтын үеэр “Аавтай нь тоглож байсан, одоо хүүтэй нь тоглож байна. Амьдрал гэдэг сонин тойрог байдаг юм байна” гэж их сайхан үг хэлсэн. 

С.Өлзийхүү эгчийн хувьд одоогоос 23 жилийн өмнө И.Нямгаваа найруулагчийн “Цахилж яваа гөрөөс” киноны ээж, хүүгийн дүрд бид хоёр тоглож байсан. Түүнээс хойш 23 жил өнгөрөхөд бид нэг ч удаа хамтарч тоглоогүй байсан. 

Харин ерөнхий найруулагч С.Амарбилэгийн тухайд бид багаасаа хамт тоглож өссөн хамар хашааны айлын хүүхдүүд. Монголын киноны дууны найруулагч Б.Самбуу гуайн бага хүү шүү дээ. 

Ингээд  л олон сайхан дурсамжаар холбогдсон, их халуун дулаан хамт олон бүрдсэн. NTV телевизийн хамт олны хувьд хамтраад олон жил ажиллачихсан, биесээ мэддэг хамт олон болохоор хамт ажиллахад их амар, сайхан байсан. 

Киноны зохиол, үйл явдлын талаар?   

Зохиолын хувьд ОХУ-ын СТС телевизийн 300 гаруй ангитай “Аавын охид” гэдэг киног албан ёсны эрхтэйгээр Монгол руу татаж хийсэн юм байна лээ, би сүүлд мэдсэн. Анхнаасаа надад хэлээгүйн шалтгаан нь “орос киног нь үзчихвэл жинхэнэ Д.Галбаярын гаргах дүрийг гаргаж чадахгүй, орос аавын дүрийг хуулбарласан байдалтай болчих вий” гэдгээс сэргийлсэн юм байна лээ, тэр нь ч зөв. 

Ер нь манайхан сүүлийн үед гадны контентийг олноор оруулж ирж байна. “Авьяаслаг монголчууд”, “Яг түүн шиг” гээд л. 

Монголд одоогоор олон ангит киноны зохиолчид дутмаг байна. Магадгүй орох сонирхолгүй ч байж магад. Өнөөдөр яг үнэндээ хэдэн найруулагч нар л халтар хултар зохиол бичиж байна шүү дээ.

Энэ нөхцөлд гадны контентийг монгол руу албан ёсны эрхтэйгээр татаж, монгол хөрсөн дээр хийж байгааг зөв гэж харж байгаа. 

Үйл явдлын хувьд эхнэр нь хаяад солонгос явчихсан, дөрвөн охинтойгоо танилцах шахуу үлдэж буй бүдүүн баргийн эцэг Вандан. Бужигнуулж өгнө дөө. 

Амьдрал дээр ч та охин хүүхэдтэй аав.  Охин хүүхэд хүүгээс огт өөр байх. Яаж харилцаж, хайрлаж, хамгаалах вэ гээд л.

Охин хүүхэд их эмзэг. Ялангуяа өсвөр, бидний хэлдгээр шилжилтийн насан дээрээ. Эрэгтэй хүүхдийг бодоход гэмтэх магадлал их өндөр.

Жишээ нь би охиндоо чангахан ч дуугарч чаддаггүй. Дуугарвал уучлал гуйх нь маш хурдан. Хурдан л уучлал гуйхгүй бол асуудал хүндэрнэ. (инээв)

АЛТАН ҮЕИЙН НАЙРУУЛАГЧ НАРЫН ДЭРГЭД БИД ЖИЖИГХЭН ӨТ БАЙХГҮЙ ЮУ 

 Сүүлийн үед монголын кино нэлээдгүй шүүмжлэл хүртдэг болоод буй. Арилжааны кино их байна, жинхэнэ уран бүтээл төрөхгүй байна гээд л. Таны хувьд Монголын өнөөгийн кино урлагийн хөгжлийг хэрхэн хардаг вэ?

Монголын кино сүүлийн үед маш их шүүмжлэлд өртөж байна. Чанарыг нь сайжруулах талаар ч маш их яригдаж байна. Мэдээж олны үг ортой, үнэн. Би хүлээн зөвшөөрнө. 

Жилд 40 кино нээлтээ хийж байгаагийн тав нь л үзэгчдийн сэтгэлд хүрч, бусад нь шүүмжлүүлж, муулуулж байна. Тэгэхээр муу л байна. 

Кино ганц хүнээс бүтэхгүй. Жишээ нь мэргэжлийн гэрэл тавилтын баг монголд алга, дуу оруулалт маш хоцрогдолтой байна. Зураглаачийн мэргэжил харин арай гайгүй хөгжиж байна. 

Мэргэжлийн найруулагчийн хувьд, жишээ нь би жүжигчнээр төгссөн. Найруулагчийн мэргэжлээр хоёр жил сурсан. Гэхдээ хоёр жил сурахдаа  театрын найруулагчийн хичээл үзсэн. Киноны найруулагчийн А ч үгүй хүн кино урлагт хөл тавьж байна шүү дээ. 

Ингээд бодохоор социализмын үе буюу киноны алтан үеийн найруулагч нартай өчүүхэн Д.Галбаярыг харьцуулж яагаад ч болохгүй. Жишээ нь Төрийн шагналт Б.Балжинням гуай Оросын бүх холбоотны дээд сургуулиас юм аваад ирсэн том найруулагч. Тийм хүний бүтээсэн киног монголын ард түмэн үзсэн. Үзсэн болохоор биднийг шүүмжлэхгүй гээд яах юм бэ. Ингээд харахаар бид нар тэр алтан үеийн найруулагч нарын дэргэд жижигхэн өт байхгүй юу. 

Гэхдээ бид хийхгүй юм бол өөр хэн хийх юм бэ? Монгол киногүй болчих юм уу гэж бас нөгөө талаас нь хардаг. Тиймээс чадах чадахаараа, бор зүрхээрээ зүтгэх хэрэгтэй. 

Бид бол завсрын үеийнхэн. Яахав, шүүмжлэл нь бидэн дээр үлдэг. Цаашаа сайхан болно байх гэж боддог.

Жүжигчний анги төгсөөд хөтлөгч хийгээд, найруулагч хийгээд явж байгаа олон залуус байна. Монгол хүний юуг ч хийж чаддаг чанар энэ. 

Надад бас нэг ийм бодол явдаг. Шүүмжлэл хүртсэн киног муу кино гэх юм уу? Шүүмжлээд байгаа масс тэгвэл киног сайн, муу гэж тодорхойлох чадамжтай юу? Ер нь сайн кино гэж яг ямар киног хэлэх юм гэх бодол. 

Хэцүү ш дээ. Урлагийг шүүх хэцүү. Чамд сайн санагдсан кино надад маш муу байж болно. Урлагийг тодорхойлоход хэцүү. Гэхдээ үнэхээр уран бүтээлчид нь сэтгэл зүрхээ зориулаагүй, хандлага муу, хуулсан зүйлс андашгүй харагддаг кино бол муу л кино. 

Өнөөдөр бид чөлөөт өрсөлдөөний салбарт кино хийж байна. Сэтгэл гаргаагүй бол зах зээлээс шахагдаад л гарна. Урлагт ийм л зарчим бий. 

В.Инжиннаш хэлсэн шүү дээ. “Хүний сэтгэлийн хөдөлгөж эс чадваас хөнгөн бийрийг хөшихийн хэрэг юун” гэж. Яг энэ л шүү дээ. Кино үзэгчийн сэтгэлийг хөдөлгөж чадаагүй бол муу гэсэн үг. Инээдмийн кино инээлгэж чадахгүй юм бол, эмгэнэлт кино уйлуулж чадахгүй юм бол, хүлээн зөвшөөрөгдөж чадахгүй юм бол тэгээд муу л кино гэсэн үг.  

Модернист, авангард, арт уран бүтээлүүд байж болно. Үзэгчид тэгтлээ ойлгохгүй, шүүмжилж болно. Тэгтэл арт дотроо муу арт хийчихэж байна. Түүнийг нь масс анзаарахгүй ч арт сонирхогчид олоод харчихдаг л байхгүй юу. “Энэ бол худлаа арт” гэдэг ш дээ. (инээв) 

Баярлалаа, сайхан хариулт сонслоо. Кино урлагийн салбарт хөдөлмөрлөж яваа залуу хүний тань хувьд зорилго, мөрөөдлийг тань сонсмоор байна.

Биеэ засаад гэрээ зас, гэрээ засаад төрөө зас гэгчээр бид эхлээд дотоодын асуудлаа цэгцлэх хэрэгтэй. Дараа нь оскарыг мөрөөдөх хэрэгтэй гэж боддог. 

Бидэнд бодлого алга. Хэн нэгэн кино гаргах гэж байхад нөгөө нь дайраад ороод ирдэг. Би үхэхээр чи үх гэдэг тийм байдал монголын киночдын дунд байна. Үүнийг цэгцэнд нь оруулах хэрэгтэй. 

Монголд жилд 40 кино гараад, ташраараа шатаж байна. Киногоор ашиг  олох гэж гүйж орж ирээд, хамраараа газар хатгаж байна. Үүнийгээ л цэгцлэх хэрэгтэй. 

Яаж?

Ядаж хууль байх хэрэгтэй. Яаж гэдгийг бодлого боловсруулах хүмүүс л мэдэх байх. Надад бол төсөөлөл л байна. Болохгүй байгааг нь мэдээд байна. Тэрнээс ямар бодлого боловсруулаад, яаж цэгцлэхийг үнэндээ мэдэхгүй. 

Жүжигчдэд “мөрөөдлийн дүр” гэж байдаг. Таны мөрөөдлийн дүр “хэн” бэ? 

Надад тийм дүр байхгүй. Би карьер хөөх гэж жүжигчин болоогүй. Би тэнгэрт байгаа аавынхаа хүслийг биелүүлж жүжигчин болсон л гэж бодож явдаг. 

Учир нь аав маань “таны мэргэжлийг өвлөх хүүхэд байгаа юу” гэх олон сэтгүүлчийн асуултад “Миний дунд хүү л байгаа даа” гэж хариулсан байдаг.  Тэгэхээр би тэнгэрт байгаа аавынхаа хүслийг биелүүлж яваа хүү. 

Яг жүжигчнээрээ дагнаад ажиллаж буй хүмүүс эрт өөрийгөө эвдэхсэн гэж бодоод байх шиг байдаг юм. Инээдмийн ч, эмгэнэлт ч, баатрын ч дүрд тоглоод л. Би тэгж боддоггүй.

Жүжигчин хүн өөрийнхөө капиталыг бий болгох ёстой гэж боддог. Д.Галбаяр гэдэг жүжигчин “Галбаяр”-ыг капитал болтол нь тоглох ёстой гэж. 

Жишээ нь Өөрийгөө капитал болгосон Жеки Чан гээд жүжигчин байна. Тэр өөрийгөө эвдэж байна гээд эмгэнэлт дүрд тоглоогүй л байхгүй юу. Тэглээ гээд 60 жил болоход үзэгчид уйдаагүй л байна. 

Бидэнд Ардын жүжигчин Б.Дамчаа, төрийн шагналт, МУАЖ Н.Сувд гуай гээд өөрийгөө тамгалсан үлгэр дууриаллууд байна. Тийм л  жүжигчид олон байгаасай. 

Би бас таныг “тийм жүжигчид”-ийн нэг байсаасай гэж хүсье. Түрүүнд “Уран бүтээлдээ ханах нь сүйрэл” гэж та хэлсэн ч “Би чаджээ” гэж өөртөө хэлэх тохиол танд олон байгаасай гэж хүсье. Тантай ярилцахад тун сайхан байлаа, баярлалаа. 

Миний сайхан аав хэзээ ч өөрөөрөө бахархаж, дүрээ сайн болсон гэж хэлж байгаагүй. Гэтэл өнөөдөр би ааваара бахархаад сууж байна. Энэ чинь уран бүтээлчид байх ёстой чанар, уран бүтээлчийн үнэлэмж гэж би ойлгож явдаг. 

Үүнтэй адил миний явсан замыг миний үр хүүхэд хараад надаар бахархвал тэр үед л “Би чаджээ”...