Э.Алдар: Фэйсбүүк галзуу дурлалын амтыг хаагаад байх шиг санагддаг

TIME TO TALK / Э. Сайнзаяа
2017 оны 09 сарын 08

“Time to talk” ярилцлагын буланд энэ удаа алаг нүдэн Э.Алдарааг урив. Сэргэлэн цовоо, бондгор Алдарыг 20 кг жин хаясан тухай сонсоод түүнийг зорин очив. Өөрийгөө анх удаа л туранхайгаар харж байна хэмээн инээмсэглэн ярих тэрбээр, одоо зургаан булчинтай болохоор биеэ дайчлаад байгаа аж.

Маш их жин хассан харагдаж байна. Араас чинь хараад таньсангүй. Хэдэн кг хасчихав аа? 

Хэл сурах зорилгоор манай залуус Мальта арлыг зорьсон. Тэр үеээс л сахлаа ургуулж, бас жингээ хасахаар шулуудсан юм. Гурван сарын хугацаанд зам дээр цаг орчим гүйсээр байгаад 20 кг хассан. Жин хаяхад хоолны дэглэм барих шаардлага гарч, өдөрт нэг аяга шөлтэй хоол идэж хэвшсэн. Бүр өлсөөд хэцүүдэхээрээ шоколадны хэлтэрхий ч болов хүлхээд л өдрийг барж байсан./инээв/ “Зүрхний хилэн” киноныхоо ажлыг эхлэхээс өмнө зайлшгүй турах шаардлага гарч, өдөр бүр хичээсэн. 98 кг жинтэй байсан шүү дээ. Тийм бүдүүн байж түүхэн кинонд тогловол утгагүй шт. Манжийн дарлалын үед хэт тарган хүн гэж байгаагүй байх. Хэрэв тарган цатгалан байвал ямар нэгэн ноёны хүүхэд байсан байж таарах болов уу. /инээв/

Жингээ хасна, дэглэм барина гэхээр их дарамттай санагддаг. Таньд ямар байсан бэ?

Би их мяраалаг байсан болохоор өмнө нь турахын тулд маш олон удаа дэглэм барьж байсан. Япон дэглэмээс эхлээд, дуртай зүйлсээ хэрэглээнээсээ хасч, зөвхөн тахианы цээж махаар хооллоно гэдэг ч юмуу маш олон туршилт хийсэн. 5кг орчим турдаг л юм билээ. Тэгснээ буцаад л хөөгөөд таргалчихдаг. Харин Мальтад амьдарч байх хугацаандаа зүгээр л гүйгээд, дасгал хөдөлгөөн хийж, өдөрт нэг хоол идсэнээрээ хамаагүй хялбар турсан. Биеэ дасгах гэж хоёр долоо хоног үнэхээр хэцүү байсан. Бие сульдаад, цагаан мах эргэх гэх мэт хүндрэлүүд гарсан. Өдөртөө унтаж маш сайн амарч энергиэ нөхөж мөн хоолныхоо цэснээс төмсний хэрэглээгээ бүр хассан. Тос давсаа жаахан багасгаад өгөх хэрэгтэй. Архи, шар айргийг ч мөн хорьсон. 

Бидний хэлдгээр гүзээ ч байхгүй болж. Одоо зургаан булчинтай болно биз?

Одоо бол жинхэнэ даварна шүү дээ. Хүний шунал ямар хязгаарлагдах биш. Биеэ сайхан хөгжүүлнэ ээ. Өөрийнхөө биеийг мэдрээд эхэлчихлээ. Би амьдралдаа анх удаа л өөрийгөө туранхайгаар харсан. Сонин байдаг юм билээ. Кинондоо зориулж тураад, бас сахлаа ургуулсан байсан болохоор зураг дуусангуут сахлаа авахад шал өөр царай гарч ирсэн. Бүтэн жил урт сахалтай явсан байна шүү

Зүрхний хилэн кинондоо ямар дүр бүтээсэн бэ?

Дүгэр гэх шилийн сайн эрийн дүрийг бүтээсэн. Анх Тамир бид хоёр зохиолоо биччихээд дүрүүдээ хуваарилсан юм. Тэгээд л Дүгэрийн дүр надад оногдсон. Жүжигчид маань их гоё бүрдсэн. Киноны ах эгч нар маань биднийг дэмжиж кинонд маань тоглоход их сайхан санагдсан. Удахгүй киноныхоо трейлерийг цацна.

Танай багийн хэддэх бүтээл вэ? Би таньтай өнөөдөр кино ярьмааргүй байна. Гэхдээ л танай Фантастикийн залуус хэд хэдэн сэтгэлд хүрсэн хөөрхөн кинонууд хийлээ. Багийг хэн удирдаж байна вэ?

“Амингоо”, “Аз жаргалын шок”, “Маш нууц”, “Миний ах атаман”, “Том толгойтын романс”, “247 градус” гэх мэт кинонууд бий. Манай фантастик продакшны захиралаар Можуха /Батжаргал/ ажилладаг. Гэхдээ ер нь бүгд л ажилдаа эн тэгш сэтгэл зүрхээ зориулан ажилладаг. Шийдвэр гаргахдаа бүгд зөвшилцөнө. Мэдээж хэрэлдэж маргалдах үе байлгүй яахав. Гэсэн ч бүгд нэг шийдвэр гаргадаг. Мөн бид дараагийн үе болох дүү нараа бэлддэг. Кино хийхдээ дагуулж явж гэрэл тавихаас эхлээд зах зухаас нь зааж өгдөг юм.

Өчнөөн сар жил хөдөлмөрлөж гаргасан кино нь удалгүй интернэтэд тавигдчихаар гол харламаар биз?

Тэгэлгүй яахав. Кино театраас буугаад IPTV-д өгөөд удаагүй байхад л фэйсбүүкээрээ лайв хийгээд эхэлнэ. Муухай биздээ?... Кино хийхэд маш олон хүний хөлс, хүч хөдөлмөр ордог. “Зүрхний хилэн” киногоороо жишээ татъя л даа. Өвлийн хүйтэнд хэдэн мянган км газар туулж, хээр гадаа үүрийн дөрөв таван цагт босоод зураг авна. Даарч хөрнө, бэртэж гэмтэнэ, машин цасанд сууна гэдэг ч юм уу маш олон эрсдэл байдаг. Тэр их хөдөлмөрийг хүндлэхгүй шууд лайв хийж тэр киног гаргах ямар шаардлага байна вэ. Лайк цуглуулмаар байдаг юмуу хаашаа ч юм. Юунд хэрэгтэй юм бол... Тэр бол зүгээр л дээрэм. Хэдэн цугласан лайкаараа мөнгө олно гэвэл бүр архаг мунхаг хүний шинж. 

Алдараад жүжиглэхээс өөр ямар авьяас байдаг вэ?

Жүжиглэхээс өөр үү?... /бодов/ Зохиол бичнэ, хөл бөмбөг тоглоно, бассейнд сэлнэ, мэдэхгүй ээ зөндөө л хийж чадах юм байна. 

Олны танил байх ямар байдаг вэ? Юу мэдрэх үү?

Анх олонд танигдах их л гоё санагддаг байсан. Хүн болгон хараад л... Одоо нас ахиад ч тэр үү, /хөгшин хүн шиг ярьчихлаа/ ер нь энгийн байх нь сайхан санагдаад байна. Хааяа автабусанд суугаад л энгийн хүмүүсийнхээ дунд баймаар ч юм шиг. Тэгж ойр байх тусмаа бид ямар нэгэн дүрд сайн хувирч чадна. Хүмүүсийн харц, гаргаж буй үйлдэл болгон өөр. 

Амьдралаас кайф авдаг зүйлс чинь юу вэ?

Шинэ киногоо нээгээд үзэгчдийн суудалд тэдэнтэйгээ хамт киногоо үзэх үнэхээр кайфтай. Хүмүүсийн сэтгэгдэл, хүлээж авч буй байдлыг харах ёстой гоё шдээ. Алга ташилтаас мэдрэх мэдрэмж жинхэнэ аз жаргал. Тайзан дээр шууд тоглох бүүр гоё. Хүмүүсийн сэтгэл хөдлөл шууд мэдрэгддэг. 

Алдар гэхээр л нүдээрээ инээсэн төрх сэтгэлд буудаг. Хү н л юм чинь уурлаж л таарна. Алдар ер нь уураа хэрхэн гаргадаг вэ?

Би “Зүрхний хилэн” кинон дээрээ шал өөр дүр гаргасан. Миний өмнө нь тоглож байсан дүрүүдээс тэс ондоо. Амьдрал дээр Алдар гэдэг хүн уурлах үедээ уурлалгүй яахав ээ. Гэхдээ тэр чигтээ уурлаад л яваад байхгүй. Тэрүүхэн тэндээ жаахан уурлаад л дуугүй болчихдог. Манайхан намайг их гомдомтгой гээд байдаг юм. Одоо гомдоод явчих вий дээ гээд л... /инээв/ 

Би ч уурлаад, хэрүүл өдөөд байдаггүй. Хэлэх юм байвал уурлаж хэлчихээд л гараад явчихдаг. Эсвэл тоглоом тоглоод чимээгүй суучихна. Манай хэд “өнөөх чинь гомдчихлоо” гэхийг нь сонсонгуутаа бүр их туниад, ер нь тэд нартаа л тунихгүй бол өөр хэндээ тунихав дээ.

Заримдаа хүсэхгүй байгаа зүйлээ хийхээс өөр аргагүй байдалд ордог ш дээ. Өөрт чинь тийм тохиолдол хэр их гарч байв?

Би сайн мэдэхгүй байнаа. Мэдээж хүүхэд байхдаа хүсэхгүй байсан ч гэрийн даалгавраа хийж байсан л даа. Одоо бол өөрийнхөө хүслээр л амьдралыг туулж явна.

Бондгор, хөөрхөн бас хүүхэмсэг гээд л цоллуулах юм. Өөрийгөө өмөөрмөөр санагдах юмуу?

Өмөөрөөд байх ч юу байхав. Залуу байна ш дээ. Хааяа нэг шоудаж болно биздээ. Европт 37, 38 настай залуучууд залуу насаа сайхан өнгөрөөж байхад эхнэргүй, найз охингүй гэхээр л гадуур зугаалж болдоггүй юм уу. 

Би тийм хүүхэмсэг хүн биш. Хүнийг танихын тулд хүмүүстэй танилцах хэрэгтэй гэж боддог. Тэрийг л хүмүүс буруугаар ойлгоод байх шиг байна. Ер нь залуу насандаа өөрийн гэсэн орон байр, унаа тэрэгтэй болчихоод эхнэр хүүхэдтэй болохгүй бол өөрөө юу ч үгүй байж, нэг охинтой уулзаад тэрийгээ жирэмсэн болгоод гэрлэнэ гэвэл амьдрал хэцүү болох байх. Памперсны мөнгөнөөс эхлээд л асуудал үүснэ. Дээрээс нь орон байр байхгүй, аав ээжийндээ хоноод л энэ тэнд нүүдэллээд амьдарвал хүүхдэд ч хэцүү шт. Бас нэгнээ таньж мэдээгүйгээсээ болоод маш их салж байна. Бүх зүйлийг бэлдэж бий болгочихоод хэн хэнээ сайн мэддэг, хүлээн зөвшөөрдөг, өөрийгөө ч бас аав, эр нөхөр болж чадна гэсэн бэлтгэлтэй байж л гэр бүл зохиосон дээр. Уншигчиддаа нэг юм хэлье. Би хэнтэй ч уулзаад, яаж ч явж байсан намайг та нар тэр хүнийг таних гэж явж байгаа юм байна гэж ойлгоорой.

Хайр дурлалтайгаа учирсан уу?

Учирч байсан. Зөндөө учирч байсан. /инээв/

Ганц бие байхын давуу тал нь юу вэ? 30 нас гарав уу үгүй юу л ганцаараа явлаа гэж зэмлүүлдэг шүү дээ

Маш олон зүйлийг амжуулах боломжтой. Жинхэнэ ажиллаж чадна. Урлагийн хүнээр жишээ татвал шөнө орой кино зурганд явдаг болохоор хэцүү шт. Эхнэр нь залгаад л, цаана нь хүүхэд нь уйлаад байвал хэцүү байхгүй юу. “Түр байж байгаад зургаа үргэлжлүүлье” гэж хэзээ ч хэлж болохгүй. Ганц бие байгаа болохоор л эрч хүчтэй ажлаа хийж, зорилгынхоо төлөө мацаж байгаа юм болов уу.

Таньд ямар эмэгтэй хүн таалагддаг вэ? Магадгүй төсөөллийн бүсгүйгээ дүрсэлбэл?

Би ийм тийм гэж нэрлэмээргүй байна. Мэдээж намайг ойлгодог л хүн хэрэгтэй. Би чинь гэртээ шөнө очиж, өглөө үүрээр гараад явна. Хааяа ажил дээрээ хононо. Яахав хэрвээ найз охинтой, эхнэртэй болвол түүндээ цаг заваа гаргана л даа. Хамт байхыг хичээнэ. 

Арван жилдээ охид руу хэр их захиа бичдэг байв?

Захиа ерөөсөө бичиж үзээгүй.

Онц сурдаг байв уу?

Би хичээлдээ сайн байсан. Газарзүй, тамирын хичээлдээ дуртай.

“Учрал” кинонд бүтээсэн дүр чинь их гэнэн цайлган, яг хүүхэд шиг нэг л тийм дотно дулаахан санагддаг. Өөрөө амьдрал дээр ер нь ямар хүн бэ?

“Учрал”-д бүтээсэн дүртэйгээ ер нь төстэй шүү. Өөрийгөө хөндлөнгөөс харж шууд хэлэхэд хэцүү л юм.

Цаг хугацаагаар аялах боломж нэг удаа олдвол та хаашаа, хэзээд очих вэ?

Хэдэн удаа вэ. Хэрэв нэг л удаа гэвэл би хэзээч явсан замаа засахгүй. Мэдээж надад алдаж эндсэн, буруу зүйл хийсэн үе зөндөө байгаа. Гэхдээ би нэгийг нь ч засмааргүй байна. Магадгүй алдаа минь намайг энэ хэмжээнд хүргэсэн болов уу гэж бодож байна. Өөрийнхөө өнгөрсөнд очмооргүй байна. Харин бүүр дээр үе рүү очоод тэр үед ард иргэдийн амьдрал ахуй, соёл ямар байсныг өөрийнхөө нүдээр хармаар байна. Дээр үеийн цэрэг эрс, баатрууд ямар философитой, ямар соёл ахуйтай байсныг номноос уншихаас өөрөөр, өөрөө очиж үзвэл гоё шт.

Хайр сэтгэлийн талаар ямар бодолтой байдаг вэ? Хүмүүсийг ажаад байхад галзууртлаа дурлах нь ховор болсон ч юм шиг. Магадгүй хайр сэтгэл тооцоолол дээр үндэслээд байна уу даа гэж хардаж байна. Та ямар бодолтой байна вэ?

Яг зөв. Хүмүүс ерөөсөө галзуу дурлахаа больчихсон. Тийм боломж ч алга. Фэйсбүүкдээ байгаа хэдэн хүмүүсээ харж харж байгаад л дараа нь энд тэнд таарахаар яг таньдаг хүн шиг болчихдог. Энэ бүхэн яг тэр галзуу дурлалын амтыг хаагаад байх шиг санагддаг. Бид нарын үед фэйсбүүк энэ тэр байхгүй байхад таалагдсан охиноо очиж харах юмсан, уулзах юмсан гэж мөрөөдөөд л, түүнийгээ танихгүй ш дээ. Ямар зан араншинтайг нь мэдэхгүй хэрнээ л дурлачихаад тэрэнтэй л уулзмаар санагддаг. Танилцаад  гадуур хамт зугаалсан ч, байнга холбоо тогтоох боломжгүй байсан болохоор нэг нэгэнрүүгээ улам бүр тэмүүлдэг байсан байх. 

Яг үнэндээ фэйсбүүкдээ бараг бааж байгаагаа хүртэл бичээд, зургаа хийгээд өөрийгөө сонирхолгүй болгочихож байгаа байхгүй юу. Тэрний талаар бүгдийг мэддэг болчихно. Явах зам, идэх дуртай хоол, бараг гэрийнх нь тавилгыг хүртэл мэдчихнэ. Анх удаа гэртээ дагуулаад ороод ирлээ гэж бодоход бүх зүйлийг нь харчихсан болохоор тийм ч сайхан мэдрэмж төрж, сэтгэл нь хөдлөхгүй байх. Ядаж яриа өдөж болохгүй. Ер нь хайр дурлалд өөрийн гэсэн нандин нууц зүйл байх хэрэгтэй. Тэгвэл бүр галзуу дурлана.

Та өөрийн зүгээс зориулж чадах бүхнээ хайр сэтгэлд дэвсээд өгч чадах хүн мөн үү?

Мөн шт. Чамд тэгж харагдахгүй байна уу. /инээв/ Мэдээж хайртай хүндээ бүх юмаа зориулна.  Хэчнээн ажил ихтэй байсан ч сэтгэл гаргана. Тэр хүн маань намайг хайрлаж, халамжилдаг, ойлгодог байхад л хангалттай. 

Алдарын хүсэл юу вэ?

Одоо миний хүсэл сайхан гэр бүлтэй болох. Хийх ёстой зүйлсээ хийж л явна. Мэдээж хүний хүсэл шунал барагдахгүй. Олон зүйл байна даа.

Багадаа Орос улсад амьдардаг байсан гэсэн. Аав ээж гэр бүлийнхээ талаар бидэнд яриач. Тэгээд хоёулаа яриагаа өндөрлөе.

Миний аав ОХУ-д хөгжмийн удирдаачаар сурж байсан. 2000 он хүртэл аав ээжийгээ дагаад орост амьдарч байсан юм. Миний аав хийлч хүн. Ээж маань ДБЭТ-т гэрэлтүүлэгч хийдэг байв. Аав ээж маань тэнд л учирсан байх. Би хоёр дүүтэй. Бага дүү маань сурагч. Харин яг миний доорх дүү төгөлдөр хуурын ангид сурдаг. Миний бага нас театрт өнгөрсөн. Аав маань намайг жаахан байхад мөсөн чихэр их өгнө. Ээж маань бол өглөө тирко өмсүүлээд л цэцэрлэгт хүргэж өгдөг байсан. Би тэр үеийг тод санадаг юм.