Монгол инженерүүд жилдээ ачааны 80 вагон угсрах боломжтой гэлээ

Технологи / Э. Сайнзаяа
2017 оны 09 сарын 11

Ачааны вагон угсрах цех болон шинээр угсарсан вагоныг өнгөрсөн зургаадугаар сард Зам, тээврийн хөгжлийн яам, УБТЗ ХНН болон хувийн хэвшил хамтран ашиглалтад оруулсан юм. Тус цехэд одоогийн байдлаар таван ачааны вагон болон хоёр тавцант вагон угсарч, тээвэрлэлтэд явуулж эхэлжээ. 

Өнгөрсөн наймдугаар сарын 16-наас хойш монгол инженерүүдийн угсарсан вагоноор 30 мянган тонн нүүрсийг Улаанбаатар-Багануур чиглэлд тээвэрлээд байгаа аж. Энэ жилдээ нийт 20 ширхэг хагас вагон, таван ширхэг тавцант вагон угсрах төлөвлөгөөтэй ажиллаж байгаа талаар албаныхан хэллээ.

Монгол инженерүүдийн угсарсан ачааны вагон нь урьдчилсан тооцоогоор 72 тонн даацтай, тэвшний эзэлхүүн 88 шоо метр, цагт 120 км хурд авах хүчин чадалтай юм байна.

Манайд импортоор орж ирдэг ОХУ, Хятадын ачааны вагоны насжилт 20-25 жил байдаг бол манайд угсарсан вагон 30-32 жил ашиглана гэдгээрээ чанарын хувьд ялгарч байгаа. Хөрөнгө оруулалтын асуудлыг шийдчихвэл жилдээ ачааны 80 вагон угсрах боломжтой талаар инженер техникийн ажилчид онцолж байв.