Төмөрлөг зууны, төмөрлөг дууны төгсгөлд ч...

/Эсээ/ Хойлогдоржийн Чойдогжамцад зориулав. 

Одоо цагт хувь тавилангийн тухай бодохоосоо “хэрхэн амь зуух вэ?” гэсэн дарамттай бодолд толгой бөхийлгөж явах болов. Тиймээс намрын царцаахай нь “төмөрлөг дуун намрыг урин шагширахыг” ч анзаарч сонсох завгүй болжээ. Орчин цагийн эмгэнэл, яруу найргийн төгсгөл мэт санагдана. Сэрүүн улирлын дохио ирээд сэтгэлийг ихээр үймрүүлэх ч зарим нэг гунигт бодлыг дал мөрнөөсөө даруй сэгсэрвээс зохилтой. 

Нэгдүгээр сэгсрэлт. 

Орос оронд пролетарийн хувьсгалын гал цогшиж эхэлсэн Христийн он тооллын 1905 он. Одоогийн Сэлэнгэ, Хиагтын нутагт Дара эхийн сүм гэж байжээ. Сүмийн хамба нэгэн айлд төрсөн цогтой хүүгийн зурхайг “төр түшвэл хаан сууна, ном шүтвэл хамба болно” гэж зуржээ. Тэр хүү хожим ном шүтэх хувь ерөөлөөр ХХ зууны Монголын түүхэнд гэгээн сартваахи болжээ. Түүний нэрийг Бямбын Ринчен хэмээн олноороо одоо мэднэ. Харин тэр явдлаас хойш 12 жилийн дараа буюу өнөөх хөл нүцгэн пролетариудын хувьсгал түмнийг хамах түймэр болтлоо асан дүрэлзсэн Христийн тооллын 1917 он. Мөнхүү Хиагтын Дара эхийн сүмийн дэргэд буурай ядуу нэгэн айлд бас бузгай нэгэн хүү мэндэлжээ. Түүний нэрийг харин Гомбын Сэр-од хэмээнэ. Хувь тавилан гэдэг сонин. Тэртээ ХХ зууны эхэнд Монголын утга зохиолын содон сонин хоёр ертөнц нэгэн “хонхорт” хэдэн жилийн зайтай эхээс унаж, нэг нь хамба болохоор Төвд ном үзэж, нөгөөх нь амь зуухаар эхийнхээ хамт Дара эхийн сүмийн хонь хариулж явжээ. Гэвч тэдэнд нэг л ижил ХУВЬ ТАВИЛАН байв. Тэр нь монголын уран зохиол түүхэнд арилшгүй нэрээ үлдээх. 

Харин гэгээн нарны гэрлийг үзэх цаг хугацаа нь ондоо байлаа. Нэг нь 70 нас хүрч дайрлага шиг амьдралд дарагдалгүй дайчин баатар шиг туулсан бол нөгөө нь дөнгөж 23 хан наслаж, учир битүүлэг таамаг олныг үлдээгээд Европын орон даяар дэлхийн дайны цуурай хадаж асан 1940 онд үгүй болов. Эндээс л хүний амьдрал, “ХУВЬ ТАВИЛАН”-гийн зурлага биднээс ч өмнө бичигдэж, цаг хугацааны зам мөр ямархан онд ондоо болохыг харах үлдэнэ. Харин ондоо нэг замын эзэн ГОМБЫН СЭР-ОД гэж хэн бэ? 

ГОМБЫН СЭР-ОД байгалийн дууч юм. Яруу сайхныг нээгч юм. Түүний цөөвтөр шүлгүүд манай яруу найргийн зөв эхлэл байсан юм. Даанч тэр “эхлэл” мөн л хувь тавилангийн эрхээр олон жил бүдгэрч одоо харин тодорч байна. 

“Судасны цохилт сэтгэлийн үзүүрийг догдлуулахуйяа, сонирхон хүссэн гэгээн замдаа орлоо” гэж тэр нэгэнтээ бичиж байжээ. Юутай сайхан. Үнэхээр л монгол яруу найраг дотоод сэрэхүй, зөн совин, байгаллаг мэдрэмж, оршихуйн баяр гуниг, цаг хугацааны нууцлаг ээдрээг тайлж, сэтгэлийн үзүүрийг догдлуулах, гэгээн замдаа оржээ. Хий хоосон цагаан магтаал, сүржин үзлийн сүүдэр хумигдаж, яруу сайхны орчил дотор түүнийг бүтээх оюун санааны “ахисан түвшин”, дэлхий ертөнцийн “хүрсэн амжилт” өөд тэмүүлж байна. Энэ зам мөрд Г.Сэр-одын яруу найраг бидэнд тийм өөр “үүд” бийг анхлан харуулсан юм. Гомбын Сэр-одын үнэ цэн энэ. 

Хоёрдугаар сэгсрэлт. 

Яагаад өнгөрсөн зууны эхэнд төгсгөл болсон олон хоцрогдсон дурсамж одоо бидний оюун тархинд хэвээрээ зууралдсаар байна вэ? Яагаад гэнэт “үймээний жил” гэдэг шиг үймсэн олон шүлэг бичигчтэй болов. Тэд маань Г.Сэр-одоос олон жил амьдарч, Г. Сэр-одоос ч олон ”шүлэг” бичив. Тариан түрүү, арвайн гурил ер нь юу эсийг шүлэглэв. Сүүлдээ “хаяа сайтай хадам” энэ тэр гээд хаашаа ч юм болж байна даа. Эцэстээ ядруухан “дадайст” шүлэг яруу найргийн “МОРИН” уралдааны шилэн цомд түрүүлж, “балайрст” дээд цэгтээ хүрэв. Хамгийн харамсалтай нь ордны түшмэлээсээ, орцны цэвэрлэгчээ хүртэл хөвөрсөн” яруу найрагч” цол тэмдэгтнүүд сэргэж байгаа зөв эхлэлийг нэгмөсөн “булшлах” байдал үүслээ. Нийтийн доод таашаалд таацан нийцүүлэхийн тулд хүйтэн дайны үеийн цөмийн пуужингийн цэнэгт хошуу шиг айдас төрүүлсэн шүлгийн номонцорууд алдар горилсон уртаас урт цуваа үүсгэв. Нүүрлээд байгаа ийм заваан байдлаас төрсөн нүүрснээс хар бодлуудыг дахиад ар нуруунаасаа сэгсэрч, тоосыг нь нүүрнээсээ арчиж унагаая. 
ГОМБЫН СЭР-ОД өнгийг эрхшээгч юм. Гэрэл сүүдрийн мөн чанарыг танигч юм. Түүний цөөвтөр шүлгүүд ХХ зууны эхэн үеийн монгол хэлт яруу найргийн уламжлал- орчин үе хоёрын уулзах “ЦЭГ” байсан юм. 

Цаваглан хөхөрсөн сэмжин үүлс мөнгөн хөшиг татахуйяа 
Цаламгүй алдсан цэнгэлт зуныг түүний доогуур саравчилна хэмээн Гомбын Сэр-одын бичиж байсан “яруу сайхан” цаашаа илүү үргэлжилсэн бол Монгол яруу найргийн хорвоо одоогийнхоосоо ч илүү түвшинд хүрэх байлаа. Даанч сайн зүйлд садаа олон. Нэгэнтээ зохиолч Гүн Г.Аюурзана цаг эртээр бурхан болсон П.Лувсанцэрэнгийн тухай бичихдээ ийм санаа хавчуулсан байдаг юм. Түүнийг би зориудаар давтав. Хэрэв тэр сайн эхлэл, зөв уулзвар цаашаа хөвөрсөн ахул “ хонин цагаан үүл” мэтийн хоцрогдсон зүйрлэлүүдээ аль хэдийнээ дурсамжаас ч гадуур мартаж, “цаваглан хөхөрсөн сэмжин үүлс” –ээс цаашаа шинэ өнгө, шинэ сүүдэр, шинэ гэрлийн тусгалыг нээх байлаа. Гомбын Сэр-Одын үр нөлөө энэ. 

Гуравдугаар сэгсрэлт. 

Курт Кобайн, миний сонсдоггүй Элвис Пресли, Жон Китс, Брюс Ли, Ю.Лермонтов өөр бас бус цөөнгүй хүн азаар хөгширч амжсангүй. Тэд “нас бол тоо” хэмээх нийтлэг үгийн эсрэг утгыг бидэнд үлдээв. Нас бол тоо харин үйлийн чанар бол өөр хэрэг. Энэ нь уран зохиолд бүр хамаатай. Өндөр наслахдаа бус өгөгдөл цаанаасаа хэр хүчтэйгээс шалтгаалж байдаг. Арван роман бичсэн нь бус хорин шүлэгтэй нь үлдэж болно. Жон Китсийг хар. Г.Сэр-Одыг хар. 

Харин 19-р зууны эхэнд Англид нэг хүү ээжгүй өнчин хоцорч, харин 20-р зууны эхэнд Монголд нэг хүү аавгүй өнчин өсчээ. Хэдий бага насандаа амьдралын жаргал зовлон, хар цагааныг таних нь яруу найрагчдад хамгаас чухал. Ер нь он жилүүд хийгээд олон хүний туулсан цаг хугацаагаар батлагдчихсан аксиом. Тэгээд ч яруу наргийн жинхэнэ мөн чанар өнгө гэрэл, зүй тогтол, бүхий л юмсын дотоод бүтцийн нэн эсрэг, тийм туйлт чанаруудыг хадгалж байдаг. Гэхдээ “яруу найраг хамгийн төгс зохист найрсал” юм гэж Жексон Бэйтийн 1963 онд хэвлүүлсэн ”Жон Китс” номонд тэмдэглэжээ. Тийм чанарын илрэл Гомбын Сэр-Одын яруу найрагт бий. Мартаагүй бол “Дөмөн”- г санацгаая. Тэр цагийнхаа дуучин охины дуулахыг харжээ. Сэтгэлийн учиг ялимгүй алдуурсан байх магадлалтай. Энэ бол нэг тал нь. Харин нөгөө тал нь “Дөмөн”, яруу эгшиг, морин хуур, дуу эгшгийн найрсал. Энэ л хоёрын халз тулах агшинд тэр шүлэг бичигдэх бүх сайн үр найрсан бүрдэнэ. 

“Урьхан жингэнэх монгол охины тод хоолой” гэсэн мөр бадгийн төсгөлд “ уртхан аялгуу нь эртний маань түүхийг санагдуулнам” хэмээсэн жинхэнэ эсрэгцлийг бүтээж байна. Эртний түүх, охины хоолой хоёрыг хооронд нь найрсуулагч нь ердөө “яруу эгшгийн хослол” гэж тэр илэрхийлжээ. 

Ямартаа л “алтан цацралын /нар / солонгот бүчис /нарын цацраг/, агаарыг зүсэн гэрэлтэнэ”, “ цалиглан үелзэх /өвс ногоо/, нэлэнхүй хөдөлгөанөөр /салхи/, далайн давалгааг дүрслээд” зэргээр “өвс ногоо намрын салхинд хөдөлнө” гэх байгалийн үзэгдлийг ямар яруу тансаг илэрхийлснийг төсөөлөөд үз. Энд л Жон Китс, Г.Сэр-Од хоёрын яруу найргийн төсөөт хийгээд ерөөс шалгарсан яруу найргийн түгээмэл шинж юм. 

Сэлэнгэ мөрний Гуртын гармаар одоо хүмүүс нааш цааш гэтэлнэ. Өнөөдрөөс 80 жилийн өмнө 20 настай Гомбын Сэр-Од Сэлэнгэ мөрнийг сал онгоцоор гаталж явахдаа нэгэн шүлгээ бичжээ. Тэр нь “Шөнийн онгоцоор” нэртэй. Хөнгөн бодоход Сэлэнгэ мөрөн хэвээр авч түүнийг гэтлэн явагч хүмүн үгүй мэт. Гэвч Гуртын гарам шиг үүрдийн зүйл буй. Төмөрлөг дууны, төмөрлөг зууны төгсгөлд бид биш ч үр хойчис хүрэх нь магад. Тэд ГОМБЫН СЭР-ОД хэмээх цэл залуухан нэрийг санацгааж байвал Монгол яруу найргийн амь халуун “жинхэнэ” чанар тасраагүй гэсэн үг. ГОМБЫН СЭР-ОДЫН МӨН ЧАНАР ЭНЭ.

ГАРЦААГҮЙ ПҮРЭВХҮҮГИЙН БАТХУЯГ

2017. 09.12. PEACE TOWN