Хүчээр хийлгэсэн даатгал ба боловсон хулгай

Нийтлэл / Б. Бат-Эрдэнэ
2017 оны 09 сарын 12

Жолоочийн хариуцлагын албан журмын даатгал гээчийг 2012 оноос хойш жолооч бүхэн хийлгэх болсон. Угтаа даатгал гээч зүйл нь жолооч нарыг санхүүгийн эрсдлээс хамгаалах гол үүрэгтэй байх ёстой атал өдгөө үйлчилж буй “даатгал” гээч зүйл нь даатгалын компаниудыг хөрөнгөжүүлсэн “хулгай” болж хувирчээ.

Хүчээр хийлгэсэн даатгал хулгай болж хувирч буйн гол шалтгаан нь зөрчлийн оноо бас торгууль. Зам тээврийн осол гаргасан тохиолдолд зөрчлийн оноог хасахаас гадна давхар мөнгөн торгууль ногдуулдаг болсноос үүдэлтэй!

Өөрөөр хэлбэл, жижиг осол гаргаад замын цагдаа, даатгалын компани дуудаж хууль ёсны дагуу явбал даатгалаасаа багахан мөнгө салгаж чадах ч зөрчлийн оноогоо хасуулж мөнгөн торгууль давхар төлөх учраас жолооч нар газар дээр нь “тохирох” арга замыг сонгосоор байна.

Нэг жишээ дурьдахад, машинтай шүргэлцсэн тохиолдолд хууль ёсоор даатгалын компаниа дуудаад хохирлоо барагдуулах учиртай. Даатгалаас машины хохирлыг 150 мянга гэж үзээд мөнгө олгосон ч замын цагдаагаас осол гаргасан жолоочийн зөрчлийн 5 оноог хасч, 100 мянган төгрөгөөр торгууль ногдуулна. 150 мянган төгрөг гаргуулж авахын тулд 100 мянгаар торгуульж, зөрчийн 5 оноогоо хасуулах нь тийм ч шударга бус сонсогдож байгаа биз? 

Тиймээс л жолооч нар “тохиролцох” замыг сонгох нь олширчээ. Харин цаана нь жолоочийн хариуцлагын албан журмын даатгалд төлсөн мөнгө даатгалын компаниудад “цэвэр ашиг” болж үлдсээр... Үүнийг дараах тоо баримт ч нотолно.

Даатгалын компаниудын цэвэр ашиг 2016 онд 11.4 тэрбум төгрөгт хүрч 2015 онтой харьцуулахад 60.5 хувиар өсчээ. 2016 онд жолоочийн хариуцлагын албан журмын даатгалын үйл ажиллагаанаас гэхэд нийт 27.8 тэрбум төгрөгийн хураамж төвлөрүүлж, 33,188 даатгуулагчдад нийт 14.8 тэрбум төгрөгийн нөхөн төлбөр өгчээ. Өөрөөр хэлбэл, даатгалын компаниуд жолоочийн хариуцлагын албан журмын даатгалаас 13 тэрбум төгрөгийн ашиг олсон байна.