Л.Өнөрчимэг: Муухай улс төр намайг “дахин” зураач болголоо

Ярилцлага / Ц. Анхзул
2017 оны 09 сарын 12

Хоёр гараараа нэгэн зэрэг, ам, хөлөөрөө, түүнчлэн аквариум дотор  зурдаг монголын спортлог зураач, гоц авьяастан, “Дэлхийн зургийн спорт холбоо”-ны ерөнхийлөгч Л.Өнөрчимэгийг танихгүй хүн үгүй бизээ. Нийгмийн аль ч үед олны анхаарлын төвд байдаг нь нэг талаас “шизо”-той гэх, нөгөө талаас “тэмцэгч” гэх тодотголыг зүүсээр иржээ. 

Сүүлийн үед сураг алдраад байсан эрхэм зураач “Осоржамааг өөрийн хүү болгон авмаар байна. Олж өгч туслаач” гэх мэдээллийг цахим орчинд нийтэлснээр дахин эерэг, сөрөг хандлагыг өөртөө цуглуулаад байна. Бид түүнтэй уран бүтээл, хувийн амьдрал, улс төрийн тэмцэлийн асуудлаар ярилцсанаа хүргэж байна. 

Зуншлага сайхан болов уу? Танай энд агаар нь цэнгэг сайхан юм. 

Яахав, амны билэгээс ашдын билэг гэгчээр сайхан л зуслаа. Өнөөдөр их дулаахан, налгар сайхан өдөр байна. гэхдээ гэрт их хүйтэн байгаа. Аав, ээж маань байхдаа тэтгэвэрээрээ байшингийнхаа халаалтын мөнгийг төлчихдөг байсан юм. Одоо би ганцаараа чадахгүй байна шүү. 

Шинэхэн сайхан байшин байна?

Хашаа нь манай бэрийнх, байшин нь дүүгийнх маань юмаа. Аав, ээжтэйгээ гурвуулаа энд амьдарч байсан. Аав маань өнгөрсөн таван сард бурхан болсон. Ээж маань ч өмнөхөн нь хол зайгүй өөд болсон доо. Ганцаардаж, аав, ээжийгээ санаж байна. 

Хүүхэд нас, аав, ээжийнхээ талаар дурсаач?

Миний аав насаараа цэргийн албанд зүтгэсэн хүн. Османы дээрэмчид орж ирж байх үед тагнуулын тавдугаар ангийн салаан дарга явсан Б.Лүүрэв гэдэг хүн байлаа. 

Аав маань Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумынх, ээж минь Цагаангол сумын уугуул.

Манайх арван хүүхэдтэй айл.  Ах дүү 10-уулаа бид бүгд Өнөр нэртэй. 

Аав цэргийн хүн болохоор газар сайгүү томилогдож хүүхдүүдээ аймаг болгонд шахуу төрүүлэн, өсгөсөн. Миний хувьд Өвөрхангай аймгийн Хархорин суманд төрж, Улаанбаатарын Банзүрх дүүрэг, Чулуун-Овоо, Улаанхуаран орчимд бага нас маань өнгөрсөн. 

Аав маань эвэр, ясаар баримал хийдэг, хөөрөг, хөөмөл урладаг, уран зураач, барималч, Монголын урчуудын эвлэлийн хорооны анхны есөн зураачийн нэг байлаа. 

Харин ээжийг маань Д.Дүүрэн гэдэг, тогооч хүн.байлаа. Арван хүүхдэдээ бүгдэд нь дээд боловсрол олгосон. Ах, эгч нараасаа хамгийн бага боловсролтой нь би. Гэхдээ би их дээд сургууль төгссөн, магистр зэрэгтэй. 

Ээжийгээ амьд ахуйд нь “Мянган ээжийн баярт оруулчихъя” гэж хөөцөлдөөд ч бараагүй. Арга ядахдаа “Хүний сайхан сэтгэлийн төлөө Өнөрчимэг” сангаасаа одон хийлгээд, ээждээ өгч явлаа. (уйлав)

Шагнал, алдар гавьяаг нь үнэлүүлэхээр хөөцөлдөж явав уу? 

Мөнгөгүй, танил талгүй бол тэгээд л “хаалттай” нийгэм ш дээ. Би хөөцөлдөөд яах юм. Би тухайн үеийн Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, УИХ-ын гишүүдэд бүгдэд нь захидал бичиж үзсэн, хэн ч хариу өгөөгүй. 
Ардчиллын энэ 30 жил намайг амьдаар минь “авсалсан”

Би “Дэлхийд зургийн спорт”-ын үэдэслэгч. Дэлхийн, олон улсын үндэсний рекордтой. 26 жилийн өмнө хийсэн нээлтийг маань гадныхан хүлээн зөвшөөрсөн байтал эх оронд маань үнэлэхгүй. Би дэлхийн уран зургийн түүхэнд Art sport шинэ урсгал, төрлийг олон улсад анхлан нэвтрүүлсэн гавьяат үйлстэн мөн. 

Би таныг нийгэм, улс төрд ийм их бухимдал тээн явдгийг мэдсэнгүй. Хоёулаа яриагаа таны уран бүтээл рүү хандуулъя. 

Сүүлийн 17 жил би уран бүтээл хийсэнгүй. Ганц том хэмжээтэй зураг зурах орон гэргүй шахуу амьдарлаа. 

Дандаа жижигхэн хэмжээтэй  таталбар, захиалгын зураг зурж, аяга хоолоор сольж...(уйлав)

Харин энэ том зургийг 10 жилийн дараа, өнгөрсөн долоо хоногт эхлүүлсэн. Удахгүй дуусна. Ц.Элбэгдоржид зориулан зурсан юм. Монголын уран зургийн түүхэнд тэр муу дүрсээрээ мөнхрөн үлдэг. 

Цаашдаа хүний амьдралаар яаж тоглож, ард түмнийг яаж туйлдуулж болдгийг харуулсан улстөрчдийг зурна. Дараагийнх нь С.Баяр тэргүүтэй хүмүүс байх болно.

Би бодохдоо “улс төр, нийгмийн бухимдал таныг уран бүтээлээс тань хөндийрүүлжээ” гэж бодсон. 

Үгүй, миний ахуй амьдрал намайг уран бүтээлээс холдуулсан. Ойр дотны хүмүүс маань хайхрахгүй байна. Залуу нас маань өнгөрсөн, өтөлсөн гэдгийг маань анзаарахгүй байна. 

Харин эсрэгээрээ улс төр намайг уран зурагт  дахин оруулж ирж байна. Улс төр намайг дахин зураач болголоо. 

Та хоёр жилийн өмнө Ноён уулын асуудлаар тэмцэл зарлаж, “хөхөө тайрна” гэж хүртэл мэдэглэж байсан. 

Хорт хавдарт нэг хөхөө өгчихсөн. Үлдсэнийг нь уул усаа хамгаалахад зориулж яагаад болохгүй гэж л бодсон. Гэхдээ би ард түмнийг буруу зүйлд уриалж, турхираагүй. Миний л эсэргүүцлийн хэлбэр тэр байсан. Анх бол зарим нэг хүмүүс  “тийм л эх оронч юм бол хөхөө тайр” гэдэг байсан. 

Тухайн үед өлсгөлөн зарлагчид Ц.Элбэгдоржид хандан ““Цагаан сар болж байна, болиулаач” гэж хэлмээр болтол тэвчээр барсан даа. 

Ерөнхийлөгчид ард түмний нулимс зовлон хамаагүй юм байна лээ. Энэ удаа сонгогдсон ерөнхийлөгч харин ард түмнээ мэдэрдэг ерөнхийлөгч байгаасай л гэж хүсч байна даа. 

Та хорт хавдраар өвдөж даван гарч чадсан хүн. Монголд энэ өвчний тархалт их байна. Өвчинг даван гарах хүч тань юу байв?

Сэтгэлийн тэнхээ, эрүүл зөв хооллолт. 

“Би эргээд босъё, босохдоо ард түмэнтэйгээ хамт босъё” гээд өөрт байсан бүхнээ зарж үрээд, урт хугацааны эмчилгээ хийлгээд босч чадсан. Найман өрөө байраа майхан болтол нь амьдралаа өөрчиллөө. 
Сүүлийн 10 жилийн хугацаанд бараг л 100 удаа нүүлээ.  Тэр хүнд хэцүү үед надад хэн тусласан гээч. Дандаа ядарсан олон түмэн. Намайг “Зураач” гэдгийг ч мэдэхгүй ард түмэн л тусласан. 

Энэ бүхнээ одоо чиний өмнө л ярьж байна. Олон ярилцлагад инээмсэглээд орж байлаа. Хэзээ ч зовлонгоо дэлгэж байсангүй.

Өнгөрсөн хүнд хэцүүг биш ирээдүйн сайн сайхныг ярилцая. Би таныг уран бүтээлээрээ дахин гарч ирээсэй л гэж хүсч байна. 

Би уран зургаа зурна аа. Гэхдээ будаг хэрэгсэл, материалаа авч чадахгүй байна. 

Зургийн материал авахад нийт 700 орчим мянган төгрөг болно. Тэр мөнгөөрөө би нэг сарын дотор бүрэн хэмжээний үзэсгэлэнгийн зураг зурж, үзэсгэлэн гаргаж чадна. Гэхдээ надад одоо материалаа авах ч мөнгө алга. Тиймээс жижиг зургууд зурж, эхний ээлжинд зургийн материалаа олъё гэж төлөвлөөд, эхэлчихсэн байна. 

Уран бүтээлээ хийхэд сэтгэлзүй тайван байх ёстой. Гэтэл би нийгэм, улс төр, ядаж л тэр Осоржамаад бухимдаад төвлөрч чадахгүй байна. Гэхдээ л энэ байтугай юмыг даваад гарчихсан болохоор сэтгэлийн хат бол бий бий. 

Саяхан та “Осоржамааг өөрийн хүү болгон авмаар байна. Олж өгч туслаач” гэх мэдээллийг цахим орчинд нийтэлсэн байсан. 

Үнэхээр хүний сайхан сэтгэлээ дэвсэж, тэр хүүг засаад авъя гэж бодсон. Найз нартайгаа ярилцаад тийм пост тавьсан. Хүмүүс бидний тэнэгээс болоод нэг хүү амьдралаа бүрмөсөн алдчих вий гэж айсан. 

Гэтэл тэр Осоржамаа гэгч зүгээр л амар хялбар аргаар мөнгө олохыг эрхэмлэсэн, хүмүүсийн анхаарлын төвд орохыг зорьсон, арчаагүй залилагч юм байна лээ. Миний ганц хүүг хүртэл элдэвлэж, надаар тохуурхсан. 

Түүнийг яагаад хөөргөөд, анхаарлын төвд оруулаад дэвэргээд байгаа юм бэ. Хэн ч тоохгүй, зүгээр л орхи л доо. 

Монголоор дүүрэн нийгмийн хогийн шаарнууд байна. Эцэг эх нь яаж хөдөлмөрлөж, ямар нийгэмд, хэрхэн мөнгө олж амьдарч байгааг мэдэхгүй хогнууд олон байна. 

Хорь гарсан залуу шорлог зарж амьдарч байгаагаа өрөвдүүлэх гээд дайраад байх юм.

Би бага залуу насандаа шорлог зарах нь бүү хэл жорлонгийн нүх ухаж, нэхий тоолж, барилга барьж, нүүрс зөөж, жимс зарж амьдарч ирсэн. 

Усан дотор зурж, урлаг спортыг нэгэн зэрэг хөгжүүлэн гайхшруулж явсан тэр он цагийг тань дурсая.

Одоо зургийн спорт ганц монголд биш дэлхийн оюуны спорт болтлоо хурдацтай хөгжчихсөн байна. Монгол хүн нээсэн байтал монголд дэмжлэг юу ч алга. 

Усан дотор зурахад гоо сайхан, эрүүл мэнд  хэрэгтэй. 

Та улс тард, нийгэмд бухимдалтай байгаа болохор тань халгаад л байна. Гэхдээ та “Алтангадас” одонгоор энгэрээ мялаасан. Тэгэхээр төр танийг үнэлсэн байна гэж би харж байна. 

Алтангадас одон ямар ч үнэ цэнэгүй болсон ш дээ. Ерөнхийлөгчийн Тамгын газрын шагналын албаныхан цүнхэндээ хийгээд явж байдаг, хүссэн нэгэндээ өгчихдөг, ерөнхийлөгчийн гарын үсгийг копидчихдог ш дээ. Ямар ч үнэ цэнэ гэж төрийн одон медальд алга. Нэг бор цүнхээр дүүрэн бариад, шилжүүлээд, аваад явдаг зоос болсон. 

Хороо, дүүргээс намайг “Гавьяат”-д тодорхойлоод, аав, ээж маань Ерөнхийлөгчийн Тамгын газрын шагналын албаныхан дээр орсон юм байна лээ. Хариуд нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын ажилтан Х.Баттулга  мөнгө нэхсэн байсан.

Ээж маань тэр залууг зад загнаад, аав маань “мөнгийг нь өгөөд авчих юм байна” гэж халгасаар орж ирж байсан.  

Тэгэхэд л би анх удаа миний төлөө хөөцөлдөж яваа аав ээжийгээ өрөвдсөн. 

Та одоо юу хүсч байна?

Зургийн спортыг Монгол Улсын ерөнхийлөгч орон даяар “оюуны спорттой орон болсон” гэж тунхаглах ёстой. Энэ нь урлаг, спорт, оюун ухааны хосолсон хамгийн гайхамшигтай спорт. 

Ихэнх оюуны спортод хөдөлгөөн, урлаг дутагддаг. Харин зургийн спортод энэ бүгд бий. Монгол хүн дэлхийд нээж чадсан. Үүнийг л зарлан тунхаглаад, олон нийт хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. 

Тэгвээс Олимпийн хороонд бүртгүүлж, Монгол Улсын Биеийн тамир, спортын газарт  зургийн спортын дэлхийн аваргын халз тэмцээнүүд бий болох болно. Учир нь бид дэлхийд байхгүй оюуны нээлт бүтээлийг олон улсад түгээж чадсан юм.