Style Avenue брэнд гоёл чимэглэлээ боломжийн үнээр хүн болгонд хүргэх уриатай

Нийтлэл / Нийслэл guide
2017 оны 09 сарын 14

Эмэгтэй хүн бүр сэтгэлийнх нь нарийн өнгө аясыг илэрхийлж чадах дахин давтагдашгүй, өвөрмөц гоёлтой болохыг хүсдэг. Европын хамгийн үзэсгэлэнтэй, романтик хотуудын нэг Прагад анхны дэлгүүрээ нээж асан Style Avenue компани чехээс гадна итали, араб, герман, орос, монгол бүсгүйчүүдийн хүслийг сонсчээ. Уран гоёмсог хийц, сонгодог хэв загвараараа танигдсан Style Avenue брэндийн Монгол дахь франчайзингийн эрхийг эзэмшигч, Серж Трейдинг ХХК-ийн захирал О.Дөлгөөнтэй ярилцлаа.

Европын тэр олон брэндээс Style Avenue-г сонгож Монголдоо оруулж ирсэн нь, бас алтан Прага хотоос гаралтай энэхүү брэндэд тухайн газар нутаг, хүмүүсийн аж амьдралын онцлог хэрхэн тусгалаа олсон нь сонирхол татаж байна...?

Ээж маань Европоор аялж явахдаа Москвагийн онгоцны буудал дээр анх Style Avenue брэндийг харсан юм билээ. Дараа нь Чехэд байдаг том дэлгүүрээр нь орж надад бэлэг авсан байсан. Уг брэнд тэр үед монголчуудын шуурч байсан Freywille-тэй ижил загвар, хийцтэй коллекц гаргадаг мөртлөө боломжийн үнэтэй байсан нь таалагдсан юм. Тиймээс Монголд дэлгүүрээ нээх эсэхийг нь, манай компанийг сонирхох эсэхийг нь асуугаад үзэхээр шийдсэн. Бид Style Avenue компанитай холбогдох гэж бараг таван сар хөөцөлдсөн. Энэ бүхний эцэст дэлгүүрээ нээж чадсан шүү. Гэхдээ дэлгүүрээ нээхээс өмнө Прагад очиж сургалтанд суусан. Шинэ ба хуучин Прага нэг голын хоёр талд оршдог.

Хуучин Прага нь цамхаг, цайз, эртний барилга байшин ихтэй. Style Avenue брэндийн маркетингийн менежер Катерина намайг хотоор дагуулж явахдаа дизайнерууд нь коллекцийнхоо санааг аль аль барилгаас авч байсан талаар тайлбарласан юм. Прага хотын зарим гудамж 1980-аад оны жазз стилийн барилгаар дүүрэн бол зарим нь модерн стильтэй. Энэ нь Style Avenue брэндийн гоёл чимэглэлийн дизайнд хамгийн их нөлөөлдөг болов уу. Уг брэндийн үндэслэгчид нь Прагад суурьшсан оросууд байдаг. Оросууд том, чамин үнэт эдлэлд дуртай учраас тэдний сонголт ч бас нөлөөлдөг шиг санагдсан. 

Танай компани Style Avenue-гаас гадна хувцасны Twinset брэндийг оруулж ирдэг. Яагаад заавал гоёл чимэглэл, хувцасны чиглэлээр ажиллах болсон юм бэ?

Би хувцас загвар сонирхдог. Дунд сургуулиа төгсөөд Италид очиж дизайны чиглэлээр сурахыг хүсч байсан ч ээжийнхээ зөвлөснөөр эхлээд СЭЗДС-ийн бизнесийн удирдлагын ангид элсэн суралцсан. Сургуулиа төгсөөд ээжийнхээ удирдлага дор гурван жил ажилласан. Анх залуучуудад зориулсан мульти брэнд маягийн хувцасны дэлгүүр нээх бодолтой байлаа. Тэгтэл ээж маань “Манай компанийн дэргэд охин компаниа байгуул. Өөрөө дэлгүүрүүдээ хариуцаад, брэндүүдээ судлаад оруулж ир” гэсэн юм. Ингэж хувийн бизнесээ эхлүүлсэн. Ийм бизнес эрхлэхэд маркетингийн мэргэжил ач холбогдолтой ч худалдааны чиглэлээс өөр, бага зэрэг зөрчилдөөнтэй санагдсан. Гадаадад визуал мерчандайзинг гээд тусдаа мэргэжил байдаг. Дэлгүүрийнхээ зохион байгуулалтыг хэрхэн зөв хийж, үйлчлүүлэгчдээ татах талаар заадаг энэ мэргэжлээр сурах шаардлагатай санагдсан шүү.

Өнгөрсөн нэг жилийн хугацаанд та монгол худалдан авагчдын сэтгэл зүй, сонирхлыг чамгүй судалж амжсан байх. Манайхан Style Avenue-гийн гоёл чимэглэлүүдийг хэрхэн хүлээж авч байна вэ?

Манай хамгийн их борлуулалттай бүтээгдэхүүнүүд бол Freywille-тэй төсөөтэй Art Nouveau, мөн шүрийг цэцэг маягаар сийлсэн Jewellery Garden коллекц юм. Анх дэлгүүрээ нээхдээ бид олон төрлийн коллекц оруулж ирж байсан. Ерөнхийдөө 40-өөс дээш насныхан дорны стильд дуртай бол залуучууд Art Nouveau, Jewellery Garden, Coins коллекцийг сонирхож байна. Манайхан нэг мөр чамин гоёл сонгож авдаг. Одоо бол сваровски юм уу, шигтгээтэй загваруудыг төдийлөн сонирхдоггүй. 

Ер нь гоёл чимэглэлийн бизнесийн онцлог юу вэ? 

Style Avenue компани жилд дөрвөн коллекц шинээр гаргадаг. Борлуулалт сайтай коллекцуудаа шинэчилнэ, сонгодог загварууд бол тэр хэвээрээ гардаг. Нэг худалдаад авсан байхад гоёл чимэглэл хувцас шиг хуучраад, моодноос гараад байдаггүй. LV-гийн сонгодог бор цүнхийг юун дээр ч зохицуулаад барьж болдог шиг гоёл чимэглэлээ зөв сонгож чадвал хэзээд зүүх боломжтой. 

Итали, японы брэндүүд болон ижил төрлийн бизнесүүдээс танайх юугаараа ялгарах вэ. Мөн үйлчлүүлэгчдэдээ ямар амлалт өгч чадах вэ?

Style Avenue брэнд анх гоёл чимэглэлээ боломжийн үнээр хүн болгонд хүргэх уриатайгаар үйл ажиллагаагаа эхлүүлж байсан юм билээ. Далайн сувднаас гадна зарим коллекцдоо голд ургуулсан сувд, таримал шүр ашигладаг учир харьцангуй боломжийн үнэтэй. Үндсэн метал нь 925-ийн сорьцтой мөнгө. Гадуур нь 14 кратын шар, ягаан алт, родиум гээд үнэт металаар бүрдэг. Индранил, маргад, бадмаараг, молор зэрэг байгалийн үнэт чулуун коллекцууд ч бий. Style Avenue-гийн гоёл чимэглэлээр өвөрмөц төрх бүтээх боломжтой гэж би боддог. Манай дэлгүүрт орж ирсэн ямар ч стилийн хүн өөрт тохирох гоёлоо олж авч чадна. 

Style Avenue төрлийн эмэгтэйчүүд гэвэл та ямар эмэгтэйг дүрслэх вэ?

Манайд жаахан охид, өсвөр үеийнхэнд ч тохирох гоёл чимэглэлүүд байдаг. Оюутан, ажил хэрэгч эмэгтэй гээд бүх төрлийн эмэгтэйчүүд үүнд хамаарна. 

Энэ жил гоёл чимэглэлд ямар чиг хандлага давамгайлж байна вэ?

Минимал стиль, чулуун чимэглэлтэй гоёл чимэглэлүүд нэлээд гарч ирж байна. Style Avenue нь тренд, загвар хөөхөөс илүү өнгөний сонголтыг чухалчилдаг. Сонгодог загвартай хэрнээ өнгөний сонголтоороо орчин үетэй хөл нийлүүлэн алхдаг. 

Танай компани Style Avenue-г оруулж ирсний нэг жилийн ой энэ сард тохиож байна. Ойн хүрээнд ямар ажлууд хийхээр төлөвлөсөн бэ?

Бид есдүгээр сарын сүүлээр байнгын үйлчлэгч нартаа хандсан нэгэн арга хэмжээг зохион байгуулна. Арга хэмжээний үеэр гарын бэлэг, хөнгөлөлтийн карт өгч, сугалаа болон хямдралтай худалдаа явуулна.

Эх сурвалж: "НийслэлGuide" №64/ 2017 есдүгээр сар