“Уу булан”-г үзэхийг хүсвэл 80 мянгаар гэр түрээслэ

Нийгэм / Ц. Анхзул
2017 оны 09 сарын 16


Өнгөрсөн намар цахим орчинд “Уу булан” гэх үзэсгэлэнт газрын зураг тавигдаж, нийслэлчүүдийн очиж үзэх, зургаа даруулах сэдлийг өдөөсөн. Тэр хэрээр Улаанбаатараас 52 километрт байрлах уг газрыг зорих нийслэлчүүдийн цуваа татраагүй өдийг хүрчээ. 

Налгар намрын өдрүүдэд хурим найр элбэг болдог төдийгүй залуу хосууд хуримын гэрэл зургаа үзэсгэлэнт байгал, их хотын хөгжил цэцэглэлт бүхий орчинд авахуулах сонирхолтой байдаг. Тиймээс ч Уу буланд зургаа авахуулахаар хосууд олноор очдог бололтой. 

Харин Уу буланг хашаалсан амралтын газрынхан хаалгаа “хаажээ” Учир нь зураг авахуулахаар очсон хүмүүс, зурагчид мөн тэдний төлбөрөөс “залхсан” бололтой. 

Хоёр талаараа модоор хүрээлэгдсэн горхины ойролцоо зураг авалт хийхэд 80 мянган төгрөгний төлбөр авч оруулдаг байсан амралтын газрынхан зураг авах хүнийг хаалгаараа “шагайлгахаа” байжээ. 

Тэд энэ талаар, “Хуримын гэрэл зурагчдаас авдаг байсан 80 мянган төгрөгийн төлбөр нь, нэг удаадаа ирдэг хуримын зургийн 20-30 хүнийг өөрийн эзэмшлийн талбайдаа байлгаж, байгалийн бүтээгдэхүүн үйлчилгээ үзүүлж, хог болон 00-ийн цэвэрлэгээ, харуул хамгаалалтын үйлчилгээний зардалд зориулагддаг байсан болно. 80 мянган төгрөгийн түрээсийн талаар хүмүүсээс гомдол их гарч байгаа учир өнөөдрөөс хойш хуримын болон гэрэл зураг авахуулах зорилгоор ирсэн хүмүүсийг манай амралт хүлээж авахгүй байх шийдвэр гаргалаа. Уу булан амралтын захиргаа.2017.09.14” хэмээн өөрийн цахим хуудаснаа бичжээ. 

Дээрх мэдээлэлд эргэлзэн амралтын газрынхантай холбогдон тодруулахад “Одоогоор манайд сул гэр байхгүй байна. маргааш гэр гарна. Гэр өдрөөр 80 мянга, хоногоор 100 мянган төгрөгний төлбөртэй. Байшин 120 мянган төгрөг. Та нар зураг авахгүй биз дээ? Зураг авах зорилготой, студи, хүмүүсийг бол хүлээж авахгүй шүү” гэсэн юм. 

Монгол орны үзэсгэлэнт газрын нэг Уу буланг хүссэн нэг нь үзэх боломжгүй болсон нь эндээс харагдана. Хэрвээ үзэх хүсэл тань дийлбэл ядаж 80 мянган төгрөгөөр гэр түрээслэн, амралтын газрын төмөр хашаагаар нэвтрэх “эрх үүсэх нь”.