Эх орондоо тавтай морил, Гавьяат аа

Нийтлэл / Ц. Анхзул
2017 оны 09 сарын 16

“Би ийм сайхан газрын диваажинд мэндэлж,  төрийнхөө дууллыг дэлхийн дэвжээнд эгшиглүүлэн, монгол түмнээ баярлуулж явснаараа эцсийн амьсгал хураатлаа бахархана” хэмээн Монгол Улсын гавьяат тамирчин, Герман улсын иргэн Доржсүрэнгийн Мөнхбаяр “Өнөөдөр” сонинд ярилцлага өгснийг уншаад, түүний амжилт, ялалт, амьдрал тэмцлийн талаар үргэлжлүүлэн сонирхож, энд тэндхийн ярилцлагуудыг нь уншив. 

Шархирмаар амьдралын он жилүүд, шатмаар амжилт ялалтын түүхүүд нүдний өмнө зураглагдан, 2008 оны Бээжингийн олимпийн медалийн тавцанд Монгол Улсын хөдөлмөрийн баатар Отрядын Гүндэгмаатай мөр зэрэгцэн, хүрэл медалийн алдрыг Герман улсаар дуудуулж байсныг нь санаж, тухайн үед “эх орноо хаясан” гэх өчүүхэн бодол тээж байснаа санан, гэмшив. 

МУГТ Д.Мөнхбаяр эх орондоо ирээд байна  

Тэртээ 1992 оны Барселоны олимпод буудлагын 25 метрийн спорт гар бууны төрөлд хүрэл медаль хүртэн, элэг нэгтнүүдээ баярлуулж явснаас хойш даруй 25 он улирчээ. Түүний энэ амжилт монголын эмэгтэй тамирчдаас анхлан олимпийн медаль эх орондоо авчирсан амжилтын гараа байлаа. 

Ар араасаа олон тамирчдыг дагуулан, амжилт, ялалтын уухайг цуурайтуулсных нь гавьяаг өдгөө спортынхон, спортод хайртай элэг нэгтнүүд нь баярлан тэмдэглэж байна. 

“30 жилийн өрсөлдөөн, 30 жилийн нөхөрлөл” сэдвийн дор чөлөөт уулзалт ярилцлага, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, олимпийн мөнгөн медальт  О.Гүндэгмаа, Монгол Улсын гавьяат тамирчин, олимпийн хошой хүрэл медальт Д.Мөнхбаяр нарын спортын түүхэн үзэсгэлэн эдгээр өдрүүдэд болж байна. 

Түүнчлэн маргааш буюу есдүгээр сарын 17-ны өдөр буудлагын спортын олимп, дэлхийн аваргуудын халз тулаан болно. Тулаанд олимпийн хошой алт, гурван хүрэл медальт, дэлхийн хошой аварга Болгарын тамирчин Мария Гроздева, олимпийн алт, хүрэл медальт, дэлхийн гурван удаагийн аварга Гүржийн тамирчин Нино Салуквадзе, олимпийн аварга, олимпийн гурван мөнгө, нэг хүрэл медальт Сербийн тамирчин Ясна Секарич, олимпийн хошой хүрэл медальт, дэлхийн хошой аварга МУГТ Д.Мөнхбаяр, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар О.Гүндэгмаа, ОУХМ Ц.Мөнхзул нарын шилдгүүд онч сорих юм. 

МУГТ Д.Мөнхбаярын амьдралын он жилүүд 

Тэрээр 1969 онд Улаанбаатар хотод төржээ. Түүнийг гурван настай байхад аав ээж нь салж, Д.Мөнхбаяр аавынхаа дэргэд өсч хүмүүжсэн байна. Тэрбээр энэ талаараа “аавынхаа дэргэд өссөн минь амжилт гаргахад нөлөөсөн” хэмээн ярьсан нь ч цөөнгүй. 

Түүний аав Д.Доржсүрэн Ардын дуу бүжгийн чуулгад хөгжимчнөөр ажиллаж байсан, Монгол Улсын Соёлын тэргүүний ажилтан. Тэрбээр тэтгэвэрт гарахаасаа өмнө Чойжин ламын сүм музейн эрхлэгчээр ажиллаж байгаад 1994 онд бурхан болсон байна. Ээж нь ч урлагийн хүн бөгөөд өдгөө Унгар улсад энх тунх амьдарч байна. 

Д.Мөнхбаяр гавьяатын нөхөр нь волейболын спортын мастер, “Уурхайчин” багийн дасгалжуулагч н.Баярсайхан байсан бөгөөд тэд Үжин гэх нэг охинтой, охин нь өдгөө 23 настай аж. 

МУГТ Д.Мөнхбаярын амжилт, ялалт

Ахлах ангийн сурагч байхдаа цэрэгжилтийн хичээлийн дүнгээ гаргуулахаар буудлагын клуб дээр очиж гурван сум тавьсан нь түүнийг энэ спорт луу “харвачихжээ” 

Дэлхийн цомын олон удаагийн аварга, буудлагын спортын бvхий л тэмцээнээс медаль хvртсэн, Ази болон Европын аварга шалгаруулах тэмцээний олон удаагийн аварга тамирчин тэрбээр 1992 онд Барселонагийн олимпоос хүрэл медаль хүртсэн нь манай улс буудлагын төрлөөр анх удаа, эмэгтэй тамирчин анх удаа олимпоос медаль авчирсан тохиол болсон юм. 

Тэрээр 1998 онд мөн Барселона хотод зохиогдсон буудлагын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Монгол Улсын нэрийн өмнөөс оролцож, 10 метрийн хийн гар бууны дасгалд хувийн дүнгээр алтан медаль, багаараа хүрэл медаль хүртсэн түүхтэй. 

Түүнчлэн 2002 оны буудлагын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Германы нэрийн өмнөөс оролцон 25 метрийн спорт гар бууны дасгалд алтан медаль, 2008 оны Бээжингийн олимпод Германы тамирчны хувьд оролцон 25 метрийн спорт гар бууны дасгалд мөн хүрэл медаль хүртсэн нь Герман улсаас олимпын гар бууны төрөлд авсан анхны медаль болсон юм. 

Тэрбээр өнгөрсөн жил зодог тайлснаа албан ёсоор мэдэгдсэн билээ. 

МУГТ Д.Мөнхбаярын иргэншил, эх орон

Гавьяат тамирчин Д.Мөнхбаяр 2000 оны Сиднейн олимпод оролцсоныхоо дараа иргэншлээ сольж, Герман улсын иргэн болсон юм. 

Элэг нэгт монголчууд нь тамирчныхаа энэ шийдвэрийг  таатай хүлээн аваагүй. Тиймээс ч хэвлэлийн хуудаснаа таагүй бараан мэдээлэл хөвөрсөн он жилүүд багагүй хугацаанд үргэлжилжээ. 

Тамирчин бүсгүй энэ талаар “Өдий хүртэл ингэж доромжлуулахын төлөө зүтгэсэн гэж үү гээд бодохоор уйлмаар үе олон байсан” хэмээн дурссан нь тэр он жилүүдийн дарамт, сэтгэлзүйн тайван бус байдал нь танд мэдрэгдэх  биз ээ. 

Тэгвэл Д.Мөнхбаярын иргэншлээ солих шалтгаан юу байв.  

1994 онд аав нь бурхан болж, санхүүгийн бэрхшээлээр ДАШТ-д оролцож чадаагүй нь сэтгэлзүйд нэрмээс болж. Ой гарантай охиноо тэврэн, ээж, эгчийгээ бараадан Герман улс руу сурах зорилгоор очиж, таван жил амьдарчээ.  Энэ хугацаанд сурах, ажиллах, охиноо өсгөхийн зэрэгцээ буудлагын бүхий л тэмцээн уралдаанд амжилттай оролцож байв. Ингээд 1998 оны ДАШТ-ээс алтан медаль хүртэж, тус улсын шигшээ багийн гишүүн, цаашлаад Герман улсын иргэн болсон байна. 

Харин тэрээр 2013 онд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид хандах “Монгол улсын иргэн болох, давхар иргэншилтэй болох” хүсэлт гаргасан ч манай улсын хуульд давхар иргэншлийг зөвшөөрдөггүй учир нааштай хариу сонсоогүй юм. 

Хэдий албан бичигт Д.Мөнхбаяр Герман улсын иргэн хэмээн бичигддэг  ч сэтгэл зүрх нь “Монгол Улсын иргэн” хэмээн цохилдгийг өдгөө олон монголчууд мэдэх болсон. 

Монгол Улсын Гавьяат тамирчин Доржсүрэнгийн Мөнхбаяр 2008 оны Бээжингийн олимпийн медалийн тавцанд Герман улсын тамирчин хэмээн цоллуулан зогсохдоо Монгол Улсын тамирчин О.Гүндэгмаагийн амжилтад илүү баярлан, эх орныхоо төрийн далбааны өмнө бахдал, санагалзлын нулимсаа урсгаж байсан бизээ. 

Тамирчин хүний зорилго, тэвчээр хэдий бат  чанга ч эх орон, элгэн саднаа гэх монгол хүний сэтгэл гэдэг юутай уяхан билээ. Эх орондоо тавтай морил Гавьяат аа.