Нэгэн шүлгийн зургаан орчуулга

Яруу найргийн орчуулга гэгч санаан зоргоор хийчих амар ажил биш. Жирийн эхийг үгчлэн, эсхүл утгачлан буулгахад санаа нь шууд илрэх бол яруу найргийг яг тэр чигээр нь буулгавал яруу гэдэг утгаа алддаг бөгөөд харин толгой сүүл холбон шүлгийн хэмнэлийг нь хадгалан орчуулах аваас зайлшгүй үг нэмж, хасах, ойролцоо утгатай өөр үгээр орлуулах хэрэгтэй болдог. Өөрөөр хэлбэл дэндүү яруу сайхан орчуулга худлаа тал руугаа, үнэн зөв орчуулга харин сонсголонгүй тал руугаа байдаг гэсэн үг. Гэвч хэцүү байдаг гээд орчуулахгүй байна гэвэл бүр утгагүй.  

Урлагийг бүтээгчээр өөрөөр нь тайлбарлуулах бус, хүлээн авагчид өөрсдөө хэрхэн ойлгох нь чухал гэж үзэж буй өнөө үед нэг зохиолыг өөр өөрөөр орчуулсан жишээ тухайн найрагчийг илүүтэй нээнэ хэмээн бодно. Сунжирсан энэ яриагаа бодот жишээгээр тайлбарлахыг оролдсу. Оросын яруу найргийн мөнгөн үеийн гол төлөөлөгч болох, Монгол удмын Анна Ахматовагийн “Последний тост” хэмээх жижиг шүлэг дэлхийн олон хэлнээ олон хувилбараар орчуулагдсан. Тэр бүхнээс 3 монгол, 3 англи орчуулгыг сонгов.  
          

ПОСЛЕДНИЙ ТОСТ 

Я пью за разоренный дом,
За злую жизнь мою,
За одиночество вдвоем,
И за тебя я пью,—
За ложь меня предавших губ,
За мертвый холод глаз,
За то, что мир жесток и груб,
За то, что Бог не спас.

27 июня 1934, Шереметьевский Дом

М. Саранцэцэгийн орчуулга

Ханхайж хоосорсон гэрийнхээ төлөө
Хатуу ширүүн амьдралынхаа төлөө
Хоёулаа мөртлөө ганцаардлын төлөө
Хонгор чинийхээ ч төлөө би ууж байна

Хайхралгүй хуурсан уруулын чинь төлөө
Хайргүй хүйтэн харцны чинь төлөө
Амьдрал дэндүү энэрэлгүйн төлөө
Аз жаргалыг бурхан хайрлаагүйн төлөө
Би ууж байна. 

Л.Дашнямын орчуулга:

Хоосорч хонхийсон орон гэрийнхээ төлөө,
Хорлонт зуунги амьдралын минь төлөө,
Хоёулаа суугаа хэрнээ ганцаардахын төлөө,
Хонгор минь чинийхээ төлөө энэ хундагыг өргөе өө.

Надаас урвасан хуурамч уруулын чинь төлөө,
Нас нь цөглөсөн хүйтэн харцны чинь төлөө,
Бурангуй бөгөөд хатуухан хорвоогийн төлөө,
Бурхан биднийг авраагүйн төлөө энэ хундагыг тогтооцгооё оо.

Д.Урианхайн орчуулга:

Байдгаа тонуулсан орон гэртээ харуусахын учир,
Бачим хохь амьдралдаа хорсохын учир,
Хоёулаа суугаа ч ганцаардахын учир,
Хонзогнож үнссэн уруулд мэхлэгдсэний учир,
Хохимой хүйтэн харцанд дагжихын учир,
Хорвоо хахир агаад гүжрийн учир,
Хотлыг аврагч Бурхан эс аварсны учир 
Үнэнээ хэлэхэд
Үүрд чамайг дурсахын учир
Үгээ барж, сүүлчийн хундагаа хөнтөрье.

Translated by Eric Gillan

I raise my glass 
To ravaged home, 
My bitter life,
And lonely days with you.
I drink to you,
To lying lips' betrayal,
To deathly frigid eyes;
To that the world is cruel and crude, 
To that we weren't saved by God.

Translated by Yevgeny Bonver, November, 2000
Edited by Dmitry Karshtedt, February, 2001

The Last Toast

I drink to home, that is lost,
To evil life of mine,
To loneness in which we’re both,
And to your future, fine, -- 

To lips by which I was betrayed, 
To eyes that deathly cold,
To that the world is bad and that
We were not saved by God.

Translated by Judith Hemschemeyer 

The Last Toast 

I drink to the ruined house, 
To the evil of my life, 
To our shared loneliness 
And I drink to you-- 
To the lie of lips that betrayed me, 
To the deadly coldness of the eyes, 
To the fact that the world is cruel and depraved,
To the fact that God did not save. 

Найргийг мөр мөрөөр нь задлан орчуулгатай нь харьцуулбал:

1. Я пью…

Орос, англи зэрэг Энэдхэг-Европын хэлний онцлог ёсоор үйлийн эзэн, үйл үг хоёр нь өгүүлбэрийнхээ эхэнд байна. Тиймээс “ууж” байгааг нь уншигч шууд эхлэн мэдээд дараа нь юуны төлөө гэдгийг нь үргэлжлүүлэн сонсоно. Харин Монгол хэлний өгүүлбэрийн бүтцэд үйл үг нь хамгийн ардаа байдаг учир юуны төлөө гэдгийг нь хэлж явсаар өргөлтөт цохилт буюу хамгийн чухал үг нь эцэстээ нухацтайхан орж ирж байна. “Я пью” гэснийг Л. Дашням “өргөе, тогтооцгооё”, Д.Урианхай “хөнтөрье”, Эрик Гиллан “I raise” хэмээн орчуулсан нь шүлгийн нэр өөрөө “тост” гэж буйг илүүтэй анхаарсан байна. М.Саранцэцэг “Би ууж байна”, Е.Бонвер, Ж.Хэмшемейэр нар “I drink” хэмээн буулгасан нь шалтгаан – үр дагаврын дарааллыг илүүтэй баримталсан, өөрөөр хэлбэл ингэхийн төлөө бус, ийм болсны учир “ууж байна” гэсэн санааг гаргажээ.

2. За разоренный дом

Энэ мөр дэх хамгийн чухал үг бол “разоренный”. Разорить хэмээх үйл үгийн тэмдэг нэр нь болох энэ үг “хоосорсон, сүйрсэн” гэсэн үндсэн утгыг илтгэнэ. М.Саранцэцэг “ханхайж хоосорсон”, Л.Дашням “хоосорч хонхийсон” гэж орчуулсан нь бараг ялгаагүй бол Д.Урианхай “байдгаа тонуулсан” хэмээсэн нь нэлээд “хүч нэмсэн” орчуулга болжээ. Англи орчуулгын хувьд “ravaged, ruined” гэсэн хоёр нь “сүйрсэн” хэмээх үндсэн утгаа хадгалсан бол Е.Бонвер “lost” буюу “алдагдсан, хаягдсан” гэсэн утгаар ойлгосон байна. Айл гэр “хаягдсан” тохиолдолд “сүйрнэ” гэсэн утгыг авахын зэрэгцээ “lost”-оор гуравдахь мөрний “both” гэсэн үгтэй сүүл холбохыг хичээсэн нь илт.

3. За злую жизнь мою

Энэ мөрийг тодорхойлогч үг нь “злой”. Үгчилбэл “зовлонт” гэж буух энэ үгийг Монгол орчуулагчид толгой холбох үүднээс “хатуу ширүүн”, “хорлонт зуунги”, “бачим хохь” зэргээр буулгажээ. Англиар “evil” гэж шууд орчуулснаас гадна “bitter – гашуун” гэж бас утгачилжээ. “Жизнь мою” гэсэн хэллэгийг М.Саранцэцэг “амьдралынхаа”, Д.Урианхай “амьдралдаа” хэмээн “моя” гэсэн үгийг нь Монгол хэлний онцлогт тохируулан эзэнд хамаатуулах “–аа” нөхцөлөөр илэрхийлсэн бол Дашням “амьдралын минь төлөө” хэмээн хэлбэрчлэн буулгасан нь хэлзүйн талаасаа сонирхолтой.

4. За одиночество вдвоем

Зөвхөн энэ шүлэг дотроо төдийгүй яруу найргийн түүхэн дэх нэгэн өвөрмөц, гайхамшигтай хэллэг бол энэ билээ. Одиночество – ганцаардал, вдвоем –хоёулаа, хамтдаа гэсэн энэ хоёр үг тус тусдаа бараг л хайрын шүлэг болгонд байдаг ч Аннагийн “хамтдаа байтлаа ганцаардаж” буй нь үнэхээр гунигтай. Цор ганцаараа хаягдан ганцаардахаас хавьгүй хоёулаа байсаар байж ганцаардах нь хавьгүй уйтай. Тэрийн нь ч орчуулагч нар сайн мэдэрч “Хоёулаа МӨРТЛӨӨ”, “хоёулаа суугаа ХЭРНЭЭ” “хоёулаа суугаа Ч” хэмээн буулгажээ. Англи орчуулгуудаас миний хувьд хамгийн зөв мэдэрсэн нь Эрик Гиллан (lonely days with you) хэмээн үзэж байна. Ж.Хэмшемейэрийн “shared loneliness” гэсэн орчуулга хоёулаа байтлаа ганцаардах гэсэн эсрэг тэсрэг утгыг гаргахаасаа илүү “ганцаардлаа хуваалцах” гэсэн эерэг санааг илтгэх мэт.

5. И за тебя я пью

Хэн ч орчуулчихмаар харагдах энэ жижиг өгүүлбэр дэх И гэсэн холбох үг үнэндээ нэн чухал үүрэгтэй. Өмнө “үгүйрсэн гэр”, “зовлонт амьдрал”, “хамтын ганцаардлын” төлөө хундага өргөхөө хэлэхдээ энэ гурвыг нэг багц болгон тоочсон бөгөөд чиний төлөө бас ууя гэдгээ салангидаар авч үзсэн тул дунд нь И гэсэн холбоц хэрэглэсэн байна. Нөгөө талаар дан сөрөг ойлголтуудыг дурдаж байгаад, өөрөөр хэлбэл бүх буруу ойлголт “чи”-д тохоогдох тэр үед, гэнэт чиний төлөө бас тулгаж байна гэдэг нь хэлний зүгээс бол утгын эргэлт, уран сайхны талаасаа уужуу гэгээн сэтгэл юм. Дашрамд дурдахад найрагч Өлзийтөгсийн нэг шүлгэнд 
“Мартаж чадсаны чинь төлөө
Чамайг би хагацан уучилж
Магад жаргалын чинь төлөө хундага өргөнө өө
Чи дурсана гэж бүү ай”
гэдэг.

Тэр И гэсэн холбоцын утга үүргийг анзаарсан орчуулга бол Саранцэцэгийн “Хонгор чинийхээ Ч төлөө”, Е.Бонверийн “AND to your future” болж чаджээ.

6. За ложь меня предавших губ

“Хайхралгүй хуурсан уруул”, “надаас урвасан хуурамч уруул” гэсэн орчуулгууд адил санаатай байгаа бол Урианхай “Хонзогнож үнссэн уруул” хэмээн урьдын адил нэлээд хатуу үг хэрэглэсэн байна. Мөн “МЭХлэгдсэний учир” гэсэн үг дотор Ахматовагийн “ложь” гэсэн үг харагдаж байгаа бөгөөд эхний 2 орчуулгад тэр үг үгүй.

7. За мертвый холод глаз

“Үхмэл хүйтэн харц” гэж үгчлэн орчуулж болох энэ хэлцийг орчуулагч бүр өөр өөрөөр мэдэрчээ. “Хайргүй хүйтэн харц, Нас нь цөглөсөн хүйтэн харц, Хохимой хүйтэн харц” гэсэн гурван орчуулгыг харахад “нас нь цөглөх” гэдэг нь шууд, “хохимой” гэдэг нь шууд бусаар мертвый-үхмэл гэсэн санааг хадгалсан бол М.Саранцэцэг үхмэл харц гэсэн үгийг харцтай холбохдоо “Хайргүй хүйтэн харц” хэмээн утгачилсан байна. Харин англи орчуулагчид шууд үгчлэн deathly cold/frigid хэмээн буулгажээ. 

8. За то, что мир жесток и груб      

Мир нь “хорвоо” болон “амьдрал” болсон, жесток и груб нь “дэндүү энэрэлгүй”, “бурангуй бөгөөд хатуухан”, “хахир агаад гүжир” болсон нь ямар үгтэй толгой холбосноосоо шалтгаалсан хувилбарууд боловч бүгд Ахматовагийн санааг гаргаж чадсан байна.   

9. За то, что Бог не спас

Англи, монгол орчуулгууд бүгд “Бурхан авраагүй учир” гэж шууд буулгасан байхад М.Саранцэцэгийн орчуулганд “Аз жаргалыг Бурхан ХАЙРЛААГҮЙн төлөө” хэмээсэн нь үгийн өвөрмөц сонголт болжээ.

Наймхан мөр жижиг шүлгийн хэлний ертөнцөөр аялахад ийм байна. Ахматовагийн шүлгийн Монгол орчуулгаас Ахматова, Урианхай хоёр хоёулаа “үнэртээд” байгаа нь яруу найргийн орчуулгын онцлог билээ. Ганцхан зүйлийг нэмж өгүүлэхэд найргийн орчуулга гэдэг орчуулагчаас хэлний мэдлэг, шүлгийн сэтгэлгээ, ур ухаан, сэтгэл зүрх шаардах ажил бөлгөө.