Камерон Синклэр: Монгол Улс Азийн Милан болох боломжтой

Нийтлэл / Нийслэл guide
2017 оны 09 сарын 15

YGL буюу Дэлхийн залуу манлайлагчдын нийгэмлэгийн шугамаар Монголд айлчилсан бас нэгэн эрхэм бол Airbnb-ийн нийгмийн инноваци, хүмүүнлэгийн асуудал хариуцсан захирал Камерон Синклэр. Түүний одоогийн хашиж буй албан тушаалаас гадна архитектор мэргэжил нь бидний сонирхлыг ихээхэн татсан юм. Синклэр Jolie-Pitt сангийн захирлаар ажиллаж, Architecture for Humanity хүмүүнлэгийн байгууллагыг үүсгэн байгуулалцаж байжээ. Тэрбээр өнгөрсөн 20 жилийн хугацаанд нийт 49 орны ард иргэдийг хоргодох байраар хангах ажилд гар бие оролцож, хүмүүнлэгийн үйл ажиллагаанд 60 гаруй сая долларын хөрөнгө босгосон байна.

Та YGL-ийн аяллаар ирэхээсээ өмнө Airbnb-ийн шугамаар ирж монгол гэрт хонож байжээ. Архитектор хүний хувьд монгол гэрийн бүтэц сонирхолтой санагдсан болов уу? 

Зөвхөн байгууламж гэхээсээ илүүтэй гэр дотор амьдарч байгаа хүмүүсийн соёл хамгийн их анхаарал татсан. Тэгэхэд би малчин айлд хоносон юм. Орон зай ашиглалт, нүүлгэхэд амар хялбар байдал зэрэг тухайн байгууламжийн тогтвортой байдал дотор нь амьдарч байгаа хүмүүсийн хэрэгцээнээс ургаж гардаг. Тэгэхээр монголчуудын хэрэгцээ нь өөрөө сонирхолтой учраас тогтвортой байдал нь үүнийгээ дагаж хөгжсөн болов уу. 

Гэрээс гадна Улаанбаатарын ерөнхий дүр төрх танд хэрхэн буусан бол? 

Шуудхан хэлэхэд сайн, бас саар архитектурыг ч харсан. Мэдээж энэ бүхэн архитектурын боловсролын системтэй холбоотой байх. Оросыг дагасан, Хятадыг дуурайсан архитектур зөндөө харагдсан. Монголын хувьд архитектураар дамжуулаад өөрсдийнхөө давуу тал, хүч чадлыг гаргаж ирэх боломж байна. Монголын хамгийн гол баялаг нь газар доорх биш, газар дээрх баялаг буюу аялал жуулчлал гэж бодож байна. Өнөө үед бид маш хөдөлгөөнтэй, хаашаа л бол хаашаа явж болохоор болсон. Тиймээс Монголд ирээд жаахан Орос, жаахан Хятадыг биш, яг л монголын жинхэнэ төрхийг харахыг хүснэ. Цаашдаа монголын эдийн засаг сэргэхийн хэрээр архитектурын сэргэн мандалтын үе нь ч бас ирнэ гэдэгт найдаж байна. 

Airbnb-ийг жуулчдад зориулсан орон байрны түрээсийн үйлчилгээ үзүүлдэг онлайн зах зээл гэдгийг хүмүүс мэднэ. Тэгвэл нийгмийн инноваци, хүмүүнлэгийн чиглэлээр та бүхэн ямар үйл ажиллагаануудыг хийж хэрэгжүүлдэг вэ? 

Яг одоогийн байдлаар бид гурван чиглэлээр ажиллаж байна. Эхнийх нь, гэр оронгүй хүмүүсийг амьдрах сууцтай болгох. Ялангуяа дүрвэгсэд, байгалийн гамшигт нэрвэгдсэн хүмүүст зориулж бид түр сууц барьдаг. Хоёрт, тэдгээр хүмүүсийн аж амьдралыг дээшлүүлэх тал дээр буюу бас л нийгмийн эмзэг давхаргад хамаардаг хүмүүст орлогын эх үүсвэр бий болгох албан бус ажлын байрыг бий болгодог. Сүүлийнх нь, хөгжил төдийлөн хүрч чадахгүй байгаа алслагдсан бүс нутгуудад эдийн засгийн боломжуудыг бий болгох буюу эдийн засгийг нь дахин сэргээх төслүүд. Үүнийг бид Япон, Йордан, Италид хийж байсан. Энэ сүүлийн төсөл Монголтой түлхүү холбогдох болов уу. Монгол аялал жуулчлалын салбараа төрөлжүүлэхийн тулд алслагдсан аймаг, сумандаа эдийн засгийн аюулгүй байдлыг, ард иргэддээ эдийн засгийн тогтвортой байдлыг бий болгох хэрэгтэй. Үүнийг дагаад тэнд аялал жуулчлал хөгжинө.

Таны намтрыг уншиж байхад зөвхөн Airbnb-ийн шугамаар ч гэлтгүй хүмүүнлэгийн ажилтай үргэлж холбогдсоор иржээ. Дизайны салбарыг хүмүүнлэгтэй холбох санаа анх хэрхэн төрсөн бэ?

Зургаан настайд гэж болно. Миний бага нас эмзэг бүлгийнхэн амьдардаг хүнд хэцүү нөхцөлтэй дүүрэгт өнгөрсөн. Улаанбаатартай зүйрлэвэл гэр хороолол шиг өөрийгөө сорих шаардлагатай орчинд өссөн. Би лего тоглох дуртай, бас дизайнд сонирхолтой байлаа. Бусад хүүхдүүд шиг сансрын хөлөг барих биш, хот барьдаг, хотоо дахин төлөвлөдөг байсан. Тэр үеэс л энэ бол миний амьдралын туршид хийх ёстой зүйл гэдгийг ойлгосон. 

Бусад дизайнерууд шиг том компанийн ашигтай төсөл дээр ажиллахын оронд орон гэргүй хүмүүсийг байр сууцаар хангахын төлөө ажилладаг тань үнэхээр бахархмаар юм. Харин үүний гол шалтгаан нь юунд байна вэ? 

Бидний яриад байгаа нийгэм буюу ард иргэд архитектур, дизайны тэр сайхныг хамгийн ихээр мэдэрдэг. Арилжааны төслүүд бол квадрат метр болгоноос бид ямар ашиг гаргаж чадах вэ гэдэг талаас, хүмүүс болохоор квадрат метр болгонд бид хэдий хэмжээний харилцаа холбоог бий болгож чадах вэ гэдэг талаас хардаг. Компаниуд байшин бариулчихаад түүнийгээ хэрэгсэл, бараг түргэн хоол гэж хардаг бол хүмүүс байшин барилгыг дараа үеийнхэндээ үлдээх өв гэж хардгаараа онцлогтой. Хэдийгээр төсвийн хувьд доогуур, ажиллаж буй материалын эх үүсвэр тодорхойгүй, заримдаа улс төрийн хүнд хэцүү асуудлуудыг даван туулах шаардлага гардаг ч тухайн орон байранд амьдрахаар ирсэн хүмүүс хамгийн гол нь түүнийгээ хайрлан хүндэтгэж байгаа нь сайхан санагддаг. 

Өнгөрсөн жил манай сэтгүүлийнхэн ядуусын хорооллын дахин төлөвлөлтийн Утопия төслийн санаачлагчаас ярилцлага авч байлаа. Харамсалтай нь тэр төсөл зогсонги байдалд байна. Ер нь иймэрхүү нийгмийн шинжтэй төслийг яаж амжилттай хэрэгжүүлдэг юм бэ?

Иймэрхүү төслийг хэрэгжүүлэхэд гурван гол асуудал үүсдэг. Мэдээж, санхүүгийн эх үүсвэр. Дараагийнх нь, тухайн орон нутгийн ард иргэдийн оролцоо буюу ард иргэдийнх нь тухайн төсөлд итгэх итгэлийн асуудал. Итгэлийг нь олж авахын тулд тэдэнтэй тулж ажиллах шаардлага гардаг. Гуравт, улс төрийн асуудал. Улс төрчдийн гол үүрэг бол ард иргэдийн элч байх. Тухайн төслийг дэмжиж байгаа ард иргэдтэй ижилхэн алсын хараатай, тэр хүмүүсийн нөхцөл байдал, асуудлуудыг ойлгодог улстөрийнхөн байгаа нөхцөлд төслүүд хамгийн амжилттай явагддаг.

Сүүлийн үед “Ухаалаг хот” хэмээх ойлголтын талаар хаа сайгүй ярих боллоо. Таны ажил үүнтэй холбогддог уу? 

Ухаалаг хот концепцыг би таашаадаггүй. Технологийг шийдэл гэж хараад, илүү их дата, илүү их технологийн дэвшил амьдралыг сайжруулна гэж бодоод байдаг. Үнэн хэрэгтээ Улаанбаатар хотын хувьд гэхэд замын хөдөлгөөнийг сайжруулах, дэд бүтцээ хөгжүүлэх, тээврийн хэрэгслийн шинэ арга замуудыг хайх, орон нутагтаа үлдэх эдийн засгийн хөшүүргүүдийг бий болгох шаардлагатай байна. Түүнээс биш нийслэлд очоод л миний амьдрал сайхан болно гэдэг ойлголтыг халах шаардлагатай. Хотын хөгжилд оролцох ард иргэдийнхээ оролцоог бас нэмэгдүүлэх хэрэгтэй. Гаднаас ирсэн хэн нэгэн технологийн шийдлийн талаар яриад, түүнийг нь ашиглаад хотоо сайжруулна гэдэг амжилтанд хүрэх шийдэл биш болов уу. Яагаад вэ гэхээр, хамгийн өндөр технологитой тэдгээр хотыг олон жилийн дараа хэн ч санан дурсахгүй. Хүмүүс хот руу технологийн давуу талуудын төлөө ирдэггүй, амьдралын чанарын төлөө ирдэг гэж барууны орнуудын хотын дарга нар ярьдаг. Амьдралын чанар гэдэгт илүү сайн сургууль, илүү сайн эрүүл мэндийн систем, бизнес эрхлэгчдийн хувьд илүү их боломж зэрэг хүний хамгийн энгийн хэрэгцээнүүд орно. Бид технологид хэтэрхий их найдаж байна. Би бол технологийг хүмүүс хоорондоо холбогдох арга хэрэгсэл л гэж боддог. Хүмүүс амьдралынхаа чанарыг сайжруулах тал дээр л илүү анхаарах ёстой байх. 

Та өнөөдөр л гэхэд хотын гэр хорооллоор яваад иржээ. Airbnb юм уу, хувийнхаа Small Works дизайны студийн хүрээнд Монголд хийж хэрэгжүүлэхээр бодож төлөвлөсөн ажил бий юу?

Тус тусад нь хариулъя. Airbnb ба Монголын хувьд аль алиндаа ашигтай хамтын ажиллагааг өрнүүлэх боломж их харагдсан. Airbnb-ийн үйлчилгээ үзүүлдэг хэдэн зуун монгол айл байдаг. Тэдний ихэнх нь Улаанбаатар хотод бий. Airbnb-гээр олж байгаа орлогын 97 хувь нь тухайн орон нутгийн иргэддээ үлддэг. Судалгаанаас харахад, Airbnb-гээр буудалласан хүмүүс зочид буудалд буусан хүмүүстэй харьцуулахад тухайн орон нутагтаа хоёр дахин илүү цаг зав зарцуулдаг. Цаг зав зарцуулж байна гэдэг нь тухайн орон нутагт эдийн засгийн давуу талууд бий болж байна гэсэн үг. Макро буюу улсын түвшинд аваад үзвэл бас л давуу талууд гарч ирж байгаа. Airbnb ашигладаг хүмүүс зочид буудалд буудалладаг хүмүүсээс арай өөр. Тэд бизнес эрхлэгчид биш, адал явдалт аялагчид байдаг. Монгол миний ажиллаж байсан Йордантай нэлээд төсөөтэй санагдсан. Маш баялаг түүхтэй, маш үзэсгэлэнтэй газар нутагтай мөртлөө эдийн засгийн бэрхшээлүүдтэй, хот суурингаас бусад газар нь хөгжил доогуур байдаг. Small Works-ийн хувьд бид тухайн орон нутагт суурилсан архитектурын төслүүд хийдэг. Энэ чиглэлээр монголын архитекторуудтай хамтраад яг Монголоос төрсөн архитектурын стилийг бий болгох боломжууд харагдаж байна. 

Би өөрийгөө нэг талдаа архитектор, нөгөө талдаа антропологич гэж боддог. Иймд, гараараа бүтээсэн зүйл хамгийн үнэ цэнтэй гэж ойлгодог. Жишээ нь, бид Сирид дүрвэгсдэд зориулаад нүүдлийн сургууль байгуулсан юм. Дүрвэгсэд тэр сургуулиа өөрсдийн гараар барьж босгосон. Өөрсдөө дизайнд нь оролцож, Сирийнхээ онцлогуудыг тусгасан. Ингэснээр үр өгөөжтэй, сонирхолтой төсөл болж чадсан юм. Надад монгол дизайнеруудтай хамтран ажиллах сонирхол маш их байна. Тэр нь заавал архитектурын чиглэлийнх байх албагүй. 

Сая хэлсэнчлэн ард иргэдтэй нь ажиллаж байхдаа тухайн улсынх нь дизайны стилийг гаргасан тохиолдол бий юу? 

Тэгэлгүй яах вэ. Афганистанд афган хүмүүстэй хамтраад сургуульд нь архитектурын програм бий болгож байсан. Барууны програм дээр суурилсан бус, өөрсдийнх нь түүх, соёлд суурилсан програмыг бий болгосон гэсэн үг. Жишээ нь, Америк, Орос, Англи зэрэг оронд зааж байгаа архитектурын хичээлүүд өөр нэг оронд тохирохгүй гэж би боддог. Ширүүхэн хэлэхэд, гадны архитектурын хичээлийн сурах бичгүүдийг Монголд галаа түлэхэд ашиглаж бол болох байх. Тэгээд тэр номуудыг дахин бичих шаардлагатай. Би тухайн орон нутгийн хүмүүсийн өөрсдөө бий болгосон стильд л гүн гүнзгий итгэдэг. 

Архитектурын энэ бүх ажлын эцсийн үр дүн нь ямар байгаасай, хүмүүст юу үлдээсэй гэж та хүсдэг вэ? 

Хүмүүст нэг ийм ойлголтыг үлдээмээр байна. Архитектур бол зөвхөн баячуудын биш, хүн бүрийн таашаах боломжтой зүйл. Хамгийн ядуу хүнд ч архитектурын гоо сайхныг мэдрэх, таашаах эрх нь байгаа. Тиймээс тэр эрхээ эдлэх нөхцөл боломжуудыг нь бид бий болгох ёстой. Азийн олон оронд ажиллаж байсны хувьд хэлэхэд, Азийн Милан болох боломж Монголд бий. Японд дизайн гаргахад хэтэрхий үнэтэй, Хятадад массаар нь хийдэг болохоор хэт хямд, Солонгост сүүлийн үед үнэтэй болсон. Тиймээс Монголд боломжийн өртгөөр, ард иргэдийнх нь хэрэгцээнээс үүдэлтэй, соёлд нь суурилсан дизайны концепцууд бий болгох, Made in Mongolia стилийг бий болгох шаардлага байна. Маш их хэмжээний гаргаж ирээгүй нөөц бололцоо цаана нь харагдаж байна. Яах вэ, үүний төлөө явах нь тодорхой хэмжээний эрсдэл дагуулна, томоохон шийдвэр гаргаад өөрийгөө дайчлах, энэ үйл хэрэгт өөрийгөө бүрэн зориулах хэрэгтэй болно.

Нэмж хэлэхэд, Gucci- гийнхэнтэй ярилцаж байхад тэд Монголоос шинэ сайн материал хайж байгаа гэж хэлж байсан. Монголын ноос ноолуур хамгийн сайн чанартай учраас тэд энд ирсэн байна. Gucci Монголд ирээд байна гэдэг чинь Монголд онцгой юм байна гэсэн үг. Итали бол дизайныг хамгийн их экспортлодог орон. Тэрнээс өөр зүйл гэвэл паста л байх шиг байна. Италийн архитектур дизайн тус орны хүмүүсийн соёлын мөн чанар, ялгарал нь болж байгаа. Монголд ч гэсэн Орос, Хятад шиг биш, үндэсний мөн чанартай архитектурыг бүтээх боломжийг ашиглаасай. 

Ярилцлагыг: Т.Гүндэгмаа

Эх сурвалж: "НийслэлGuide" №64/ 2017 есдүгээр сар