Цэцэрлэгийн багачууд “нар үзэхгүй" байна

Нийтлэл / Ц. Анхзул
2017 оны 09 сарын 18

Нийслэлийн боловсролын газраас “2017-2018 оны хичээлийн жилд цэцэрлэгт хамрагдалт 77 хувьд хүрлээ” гэсэн мэдээлэл гаргасан. Гэхдээ энэ үзүүлэлтдээ хувийн цэцэрлэгт хүмүүждэг хүүхдүүдийн тоо ч багтжээ. Энэ удаад цэцэрлэгийн хүртээмжийн асуудлыг бус цэцэрлэгт хамрагдаж чадсан “азтай” хүүхдүүдэд тулгамдаж буй нэгэн асуудлыг хөндье.

Цэцэрлэгийн багачууд “нар үзэхгүй байна.” Учир нь цэцэрлэгийн  08.00-18.00 цагийн хооронд буюу өдрийн ихэнх хугацааг багачууд ангидаа өнгөрүүлдэг. 

“Нарны ашиг тус их, хүүхэд задгай агаарт гүйж тоглох нь  эрүүл мэндэд нь хэрэгтэй  тул өдөрт гадаа гаргаж байгаасай” гэх бодол эцэг эх бүрт байдаг ч төдийлөн саналаа хэлж, асуудал дэвшүүлдэггүй. Тиймээс ч цэцэрлэгийн багш, эрхлэгч нар хүүхдүүдийг гадаа гаргах сонирхолгүй, тэр талаар боддог ч үгүй байж магад. Тэгвэл энэ асуудлыг багш нарт нь эелдгээр хэлээд үзээрэй. 

Нэгэн ээж таван настай хүүхдээ сүүлийн гурван жилийн хугацаанд гурван өөр цэцэрлэгт явуулсан талаараа ярилаа. Тэрбээр “Хүүхдийг гадаа гаргах” асуудлыг цэцэрлэг бүрийнх нь багш нарт хэлсэн бөгөөд тус бүр өөр өөрийн шалтгаантай татгалзсан хариу өгсөн байна. Тодруулбал, хувийн цэцэрлэгийн багш “Орчин шороо тоос ихтэй тул хүүхдүүдийн хувцас муухай болчихдог. Хувцас нь бохирдвол ихэнх эцэг эх бухимддаг тул гадаа гаргахад бэрхшээлтэй” гэсэн бол төрийн өмчийн цэцэрлэгийн багш “60 хүүхэдтэй харилцаж байгаа хоёрхон багш эднийг авч гарах боломжгүй. Хүүхдүүд бэртэх, хаа хамаагүй гүйгээд явах гээд асуудал их” хэмээн уцаарласан байна. Энэ мэт жижигхэн шалтгаанаар цэцэрлэгийн багачууд нар үзэхгүй өдрийн ихэнх цагийг өнгөрүүлээд гэртээ харьдаг. 

Тэгвэл хүүхдэд нар ямар хэрэгтэй вэ? 

Нар бол үнэгүй Д витамин түгээгч. Тиймээс ч эмч нар 6-9 сарын хооронд хүүхдээ өдөр бүр гадаа гаргахыг зөвлөдөг. 

Ингэхдээ өдрийн  11-13 цагийн наранд 15 минут байхад л тухайн өдрийн шаардлагат Д витаминыг өөртөө авч чаддагийг хэлдэг. Тиймээс ч эдгээр саруудад бага насны хүүхдэд нэмэлтээр Д витамин уулгахгүй байж болдог  Витамин "Д" нь үе мөчний өвчин, ясны сийрэгжилт, хүүхдийн рахитанд нэн тустай. 

Хүүхдүүдээ наранд гаргая

Ихэнх хувийн цэцэрлэг нэг ангидаа 20-иос  илүүгүй хүүхэдтэй байдаг. Эдгээр хүүхдүүдийг хоёр багш хариуцан ажилладаг бөгөөд хүүхэд бүрийн аав ээжээр гадаа өмсөх хувцас авчруулан хувцасыг нь сольж, гадаа гаргахад асуудал шийдэгдэнэ. 

Улсын цэцэрлэгийн тухайд 40 хүүхдийг хоёр багш хариуцан гарах нь төвөгтэй боловч анги бүрийг өдөр өдрөөр багш нар ээлжээр хамтран авч гарах зэргээр асуудлыг шийдэж болохоор санагдана.
Эцэст нь “Хийх хүн арга олдог” гэгчээр асуудал бүрийн цаана шийдэл бий. Жаахан сэтгэл гаргахад л бид цэцэрлэгийн багачуудаа урин дулааны улиралд нар үзүүлээд байж болох нь .