Машин захиалсан 78 иргэн 380 сая төгрөгөөр хохироод байна

Ярилцлага / Ц. Анхзул
2017 оны 09 сарын 18

“Урьдчилгаа авч, Японы дуудлага худалдаанаас автомашин хямдаар орууж ирж өгнө” гэсэн зарын дагуу очиж, мөнгөө өгсөн 72 иргэн 380 гаруй сая төгрөгөөрөө хохироод байгаа талаар бидэнд хандсан юм. Ах, найз, өөртөө машин захиалан 15 сая төгрөгөөрөө хохироод буй Б-ээс дараах тодруулгыг авлаа. 

Анх ямар зарын дагуу ямар компанитай холбогдсон бэ?

Одоогоос 11 сарын өмнө FM-ээр “Японы автомашины дуудлага худалдаанд зарагддаг автомашин хямд үнээр орууж ирж өгнө. Урьдчилгаа авна.” гэсэн зар сонсоод,  сонирхож үзэхээр 13 дугаар хороолоолд оффистой “Blue wind” компани дээр очсон.  Тухайн үед эхний захиалагчид машинаа хүлээн авч байсан.  Хэд хэдэн удаа очиж, хэрэндээ л судалж үзсэн. Хүмүүс гэрээ хийгээд, машинаа хүлээж авч байгаатай нь хэд дахин таарсан болохоор “найдвартай газар” гэж итгээд, 2008 онд үйлдвэрлэгдсэн Тоёота приус 20 маркийн автомашин захиалан дөрвөн сая 500 мянган төгрөгөө өгсөн. Бас ах, найз хоёрыгоо холбон өгч, нийт 15 сая төгрөгөөр хохирлоо.

Танаас гадна хохирсон нийт хэчнээн хүн байгаа вэ? 

Нийт 72 иргэн 380 сая төгрөгөөрөө хохирчихоод байна. 

Таныг анх очиход “хүмүүс машинаа хүлээн аваад байсан” гэж та хэллээ. Тэгэхээр анхандаа машин оруулж ирж байсан гэсэн үг үү?

Анх зарын дагуу олон хүн очиж,  урьдчилгаа мөнгөө өгсөн байх. Тэр мөнгөөр нь эхний хэдэн хүний машиныг оруулж ирсэн гэж ойлгосон. Нийт 30 хүнд машин оруулж ирж өгсөн гэсэн мэдээлэл байгаа. Өөрөөр хэлбэл, хоёр хүний мөнгөөр нэг хүнд машин авчирч өгөх маягаар мөнгө угаасан. Гэрээнд заасан хугацаа нь дуусаад хүмүүс машинаа нэхэхээр “ирж байгаа” гэсэн тайлбар хэлээд нэлээд хугацаа авсан. Сүүлдээ залилан болох нь мэдэгдэж, хохирогчид нэгдэж эхэлсэн. 
Компанийх нь захирал 1994 оны н.Идэр гээд залуу байсан. Нягтлан, менежерүүд нь бүгд найз нөхөд, хамаатнууд нь  юм билээ. Компани нь дампуурлаа зарлаад, ажилтнууд нь тарчихсан. Захирал нь л ганцаараа хоригдож байгаа. 

Захирал нь хоригдсон гэхээр шүүх хурал болчихсон юм уу? 

Өнгөрсөн 11 сарын хугацаанд нэг ч шүүх хурал болоогүй. Хэргийг анх БЗД-ийн цагдаагийн хоёрдугаар хэлтэст шалгаж, мөрдөн байцаалт явуулсан. Тэндээсээ прокурорын байгууллагад шилжүүлсэн гэсэн. Прокурор нь ямар ч хариу шийдгүй, таг болчихлоо. Биднийг очихоор “Шинэ хуулиар шийднэ, хэлэлцэж байна, хариу нь гараагүй” гэсэн хариу хэлээд л явуулдаг. 

Та бүхэнд одоо ямар хүсэлт байна вэ?

Шүүх цагдаагийн байгууллага асуудлыг хурдан шуурхай, шударгаар шийдэж өгөөсэй гэж олон нийтэд хандаж байна. Олны анхааралд хүрвэл асуудал арай хурдан шийдэгдэх болов уу гэсэндээ та бүхэнд хандсан юм. 
Машины урьдчилгаа мөнгийг өгөхийн тулд сарын 10 хувийн хүүтэй мөнгө зээлсэн хүмүүс ч олон байна. 70 гаруй иргэн 380 сая төгрөгөөр хохирчихоод байхад шүүх, прокурор 11 сар өнгөрч байхад ямар ч шийдгүй суугаад байж болохгүй шүү дээ.