Б.Бат-Эрдэнэ: Манай батальон амаргүй нөхцөлд үүрэг гүйцэтгэсэн

Ярилцлага / Time Admin
2017 оны 09 сарын 19

БНӨСУ-д явагдаж буй НҮБ-ын мандаттай энхийг сахиулах “UNMISS” ажиллагаанд үүрэг гүйцэтгэсэн Монгол Улсын Зэвсэгт хүчний мотобуудлагын VI ээлжийн батальоны бие бүрэлдэхүүн өнгөрсөн даваа гаригт эх орондоо ирлээ. Дэлхий дахинд энх тайвныг тогтоох үүргээ амжилттай гүйцэтгээд ирсэн цэргийн алба хаагчдаараа цэргийн дарга, журмын нөхөд нь бахархан омогшив. ЗХЖШ-ын нэгдүгээр орлогч дарга, хошууч генерал Р.Сүхбат “Эрсдэлтэй хүнд нөхцөлд цэрэг хүний эр зориг, тэсвэр тэвчээр, мэргэжлийн ур чадварыг бодитоор харуулан төр засаг, цэргийн дээд удирдлагаас даалгасан хариуцлагатай үүргийг нэгэн сэтгэлээр амжилттай биелүүлсэн та бүхнээр бахархаж байна” хэмээн хүн бүрт тусгайлан баяр хүргэв. 

Мэдээж энэ өдөр халамжит хань, аав, ээж, хүү, охиноо тэсэн ядан хүлээсэн хэн бүхний нар нь гарсан. Тухайлбал, ахмад настан Л.Цэрэндулам “Хүүгийнхээ зориг, ухаан, тэвчээрээр бахархаж байна. Миний хүү Ө.Төмөрбаатар Зэвсэгт хүчний 032 дугаар ангид ажилладаг, ахлах дэслэгч цолтой. Энэ олон цэргүүд энхийг сахиулах ажиллагаанд оролцож байгаа нь монголын төр, засагт асар их хувь нэмэр оруулдаг гэж ойлгодог шүү” хэмээн ярилаа. ЗХЖШ-ын Иргэн-цэргийн харилцааны хэлтсийн ахлах мэргэжилтэн, дэд хурандаа Т.Мөнхсаруул “11 жилийн дараа энхийг дэмжих ажиллагаанд оролцлоо. Хоёр дахь удаагаа оролцож байгаа нь энэ. Манай бүрэлдэхүүн дарга, цэрэггүй бүх түвшиндээ ачаалалтай байж, эв найрамдалтай, сахилга баттай явсаар ирлээ. Мэдээж хайртай гэр бүлээсээ хол байх амаргүй. Намайг явахад хүү маань сургуульд ороогүй байсан бол өнөөдөр хоёрдугаар ангийн сурагч болсон байна” гэлээ.

Үүргээ амжилттай гүйцэтгэсэн Монгол Улсын Зэвсэгт хүчний мотобуудлагын VI ээлжийн батальоны захирагч, хурандаа Б.Бат-Эрдэнэтэй цөөн хором ярилцсанаа хүргэе.

Юуны өмнө үүргээ амжилттай гүйцэтгээд эх орондоо ирсэнд тань баяр хүргэе?

Баярлалаа. Манай батальон 2016 оны наймдугаар сараас 2017 оны есдүгээр сар хүртэл нэг жилийн хугацаанд НҮБ-ын тогтоосон дүрэм журмын хүрээнд үүрэг гүйцэтгэлээ. Бие бүрэлдэхүүнээрээ эх орондоо газардсан энэ цаг хугацаанд л бүтэн амьсгал авч, зүрх маань тайвширч байх шиг байна даа. Захирагчийн хувьд үндсэн үүрэг гүйцэтгэлийн хажуугаар цэргүүд маань эрсдэлд орчихвий, өвдчихвий гэхээс хамгийн их эмээдэг юм байна. Ажиллагааны газар оронд цэргийн алба хаагчдаа цэргийн ёсоор захирч, аавын ёсоор хайрлахыг хичээлээ.

Ажиллагааны газар оронд цагийн байдал ямар байна. Мэдээж тайван биш гэдэг нь ойлгомжтой?

Манай батальон харьцангуй хүнд нөхцөлд үүрэг гүйцэтгэлээ. Цагийн байдал байнга тогтворгүй. Дээрээс нь цаг агаарын хувьд эрс тэс учраас бие бүрэлдэхүүн дасан зохицохоос эхлээд амар байгаагүй. Гэсэн ч өдөр тутмынхаа эргүүл манаа, хамгаалалт бусад үүрэг гүйцэтгэлдээ анхаарч, сонор сэрэмжээ алдахгүйн төлөө цөм хичээсэн. Энэ хичээл зүтгэл маань биднийг хурцалж, өнгөлж байлаа. 

Үндсэн үүрэг гүйцэтгэлтийн хажуугаар цэргийн алба хаагчдынхаа чөлөөт цагийг зөв боловсон өнгөрөөхөд багагүй ажил зохион байгуулж, бүтээн байгуулалт хийсэн. Өөрсдийн нөөц боломждоо тулгуурлан соёлын төв, хичээлийн танхимууд, бие бүрэлдэхүүний хоолны танхим болоод Жуба хот дахь дамжин өнгөрүүлэх баазыг засч тохижуулан бүхэлд нь шинэчлэн барьсан.

НҮБ-ын удирдлагаас танай батальонд тусгайлан баяр хүргэж талархал илэрхийлсэн. Энэ тухай тодруулахгүй юу?

Манай батальоныг үүрэг гүйцэтгэх хугацаанд хэд, хэдэн удаа цагийн байдал хүндэрсэн. Энгийн иргэд, эмэгтэйчүүдийг хулгайлах, залуучуудыг хүчээр бүлэгтээ элсүүлэх гэсэн хэд хэдэн тохиолдлыг илрүүлсэн. Мөн манай хариуцлагын бүсэд гарсан галыг цаг алдалгүй унтрааж, бусдын амь нас, эд хөрөнгийг аварсан гээд сайн мэдээгээ тоочвол багагүй бий. Одоогийн байдлаар Бентью хотын дотоодын дүрвэгсдийн хуаранд 120 гаруй мянган иргэн амьдарч байна. Тэдний багагүй хувийг хүүхэд, эмэгтэйчүүд эзэлдэг учраас тэднийг аюул ослоос авран хамгаалах, урьдчилан сэргийлэхэд манай цэргийн алба хаагчид сайн ажилласан гэдгийг ам бардам хэлнэ дээ.

Эх сурвалж: "Соёмбо" сонин, дэслэгч Д.Болормаа