М.Бямбажав: Ер нь миний дуунууд “бор зүрхээрээ” л яваа

Ярилцлага / Ц. Анхзул
2017 оны 09 сарын 19

Хавар нь ороогүй бороо

Намар нь юундаа  шаагина вэ

Хавар нь дэлгээгүй дэлбээ

Намар нь яахин ургана вэ

Оройтсон бороо цэцэг нэхнэ үү

Оройтсон хайр цэнгэл нэхнэ үү гэх тэртээ 1990 онд зохиогдсон “Оройтсон бороо” дуу өдгөө ч дуулагдсаар. “Уран бүтээлийн чанар урт насаар нь илэрдэг”-ийн жишээ энэ. 

Ард түмний аманд үеийн үед аялагдах уран бүтээл туурвихаа  цэргээс дөнгөж халагдан ирээд, луугар зохиолчдоос сүрдэж явсан банзан гитартай шавилхан хархүү яахан санах.

Тэр л он жилээс өдгөөг хүртэл урлагт 30 жил “зүтгэж”,  уран бүтээлээрээ ард түмний хүндлэлийг хүртсэн ч Төрийн хайр хишиг “тойрсоор” явааг  сонсогчид нь “ойлгодоггүй”.

Тэгвэл Монгол Улсын Соёлын тэргүүний ажилтан Мягмарын Бямбажав өөрөө энэ талаар ямар бодолтой явдгийг, сүүлийн үеийн уран бүтээлийнх нь талаар, амьдрал, алдаа онооных нь талаар хөөрөлдсөнөө уншигчдадаа хүргэж байна.

Сайхан намаржиж байна уу та. Төрсөн нутагтаа тоглолт хийхээр явах гэж байгааг тань дууллаа.

Энэ жил бороо оройтсон ч дэлгэр сайхан намар болж байна. Хүн зоны нуруу тэнийдэг сайхан цаг шүү дээ. Малчдын маань хамгийн амар тайван байдаг, ажил хөдөлмөр арай аядуу болдог улирал. Тийм болохоор хөдөө орон нутгаа зорьж, ая дуугаа өргөхөөр бэлдэж байна даа ах нь.

Төрж өссөн нутаг гэдэг хүний сэтгэлд дандаа эн тэргүүнд л байх юм. Та нутаг ус, хүүхэд ахуй насныхаа талаар дурсаач.

Би Увс аймгийн Өмнөговь сум гэж хангай, говь хосолсон сайхан нутагт төрж, өссөн азтай хүн. Сурагч ахуй насандаа пионерт элсэж, янз бүрийн урлагийн наадамд дуулж, хөөмийлж, магтаж, бүжиглэж, биелж тэндээсээ медаль хүртэж, түүндээ урамшиж явсаар урлагийн хүн болсон хүн л дээ. Сумандаа наймдугаар ангиа төгсөөд Хөвсгөл аймагт шилжин очиж, ТМС-д суралцсан. Тэр үедээ Хөвсгөлийн театрын бүжигчнээр ажилладаг байлаа.

Тэндээсээ цэргийн албанд татагдан, албаа хаагаад “Үлгэрийн далай”-д хуваарилагдан очсон юм.

“Үлгэрийн далай” гэдгийг одоогийн бид сайн мэдэхгүй л дээ.

Тухайн үед Монголын Зохиолчдын хорооны дэргэд “Үлгэрийн далай” гэж чуулга байсан юм. Би дуулж, хөөмийлдөг байлаа. Зохиолчдын хороонд П.Бадарч, Д.Цоодол, Б.Лхагвасүрэн гээд яруу найргийн алтан үеийнхэн байдаг, би чинь тэдний өмнүүр хойгуур годгоноод л явдаг байлаа шүү дээ.

Нэг өдөр Франц хэлний орчуулагч Туяа гэдэг дугуй цагаан царайтай  хүүхэн нэг цаас барьчихсан “Маргаашийн Марта наймны үдэшлэг дээр энэ шүлгийг уншуулмаар байна. Хэн зүгээр бол” гээд явж байхтай нь таараад, саваагүйтээд “Би наад шүлгэнд чинь ая хийгээд, дуулаад өгье” гээд авчихлаа. Банзан гитараа цохиод л маргааш нь дууллаа. Хүмүүс алга ташаад, таалагдаж байх шиг байна шүү.

Хэд хоногийн дараа “Дэнжийн мянга”-ын зах дээр дуулагдаж, ингэж л “Оройтсон бороо”  дуу маань төрсөн юм. Тухайн үед касетны хөгжим дээр хэн нэг нь хураагаад авчихсан, түүнийгээ захын узельд өгчихсөн хэрэг л дээ.

1990 онд төрсөн дуу, 2016 онд л дөнгөж клиптэй болсон байдаг. Түүнээс өмнө дүрсжүүлэх боломж, бодол төрөөгүй юу?

Ер нь миний дуунууд “бор зүрхээрээ” л яваа. Клиптэй дуу надад байгаагүй. Сүүлийн хэдэн жилд л цөөхөн хэдэн дуугаа дүрсжүүлж байна. гэхдээ би ч биш залуучууд маань санаачлан, сэргээн дуулж, клип хийж байна даа. 

“Оройтсон бороо” дуу бол миний хөгжмийг нь хийсэн анхны дуу. Харин анх дуулж, М.Бямбажав гэдэг нэрийг ард түмэнд сонсгосон дуу маань ”Хүмүүс минь амьдрах сайхан” шүү дээ.

1986 онд дуулж, “Морин хуур” хөгжмийн наадмаас “Үзэгчдийн нэрэмжит шагнал”-ыг хүртэж байлаа.

Өнгөрсөн жил та энэ дууныхаа 25 жилийн ойг тэмдэглэн тоглолт хийснийг тань мэдэх юм. Ер нь та нэг хэсэгтээ нам гүм, уран бүтээлээс хол хөндий байсан байх тийм үү?

Уг нь би уран бүтээл хийгээд л яваад байсан ухаантай. Ард түмэнд төдийлөн анзаарагдаагүй нь үнэн байх.

Уучлаарай, таныг бор дарс хүртээд, уран бүтээлээсээ хөндийрсөн гэх яриаг олонтаа сонсож байсан. Миний асуух гээд байгаа зүйл энэ цаг үе, алдаа онооны тань талаар юм л даа.

Ардчиллын он жилүүдэд хэдхэн дуучин байлаа. Ард түмэн хайрлаж, хүндэлдэг гэж жигтэйхэн. Би чинь алтан үеийн дуучидтай хамт шахуу өссөн хүүхэд шүү дээ. Ингэж явахдаа л наргиан цэнгээн, архи дарсанд автаж, алдаж оносон үе бий.

Ард түмний хүндлэлийг зөв даах л хэрэгтэй. Хүн өөрийн мэдэлгүй бор дарсанд ордог. Урлагийн хүнийг архи тойрч гардаггүй юм. Адарсүрэн, Цэрэнчимэд гээд сайхан уран бүтээлчид залуу нас, уран бүтээлээ архинд өгчихсөн гэж би боддог, харамсдаг. Тиймээс ч залуучууддаа “Архинаас л хол байх ёстой. Ард түмний хайр хүндлэлийг зөв хүртэх ёстой” гэдгийг хатуу хэлмээр байдаг юм. Алддагүй хүн гэж үгүй. Хамгийн гол нь алдаагаа давтдаггүй л байх хэрэгтэй. Миний хувьд архинд ороод, гараад ирсэн хүний хувьд залуучууддаа хандан ном бичихэд ч болмоор л сургамж байна. Архинаас гарах гээд эмчилгээ хийлгээд бурханд мөргөөд хэрэггүй, ухамсар л чухал.

Тайвань, Америк явах гээд онгоцны буудлаас гавлуулаад ирж байсан тохиолдлууд олон. Яахав, өчигдөр нь архи уугаад зодоон хийчихсэн хүн маргааш нь баригдана биз дээ.

Урлагт мандаж, ард түмэндээ хайрлагдаж, эргээд унаж, гундаж явахад найз нөхөд, хүний чанар танигдана биз?

Байдаг л асуудал. Төрсөн ах дүү нар, найз нөхөд, хань ижил нь залхаж эхэлдэг. Тэр үед өөрийгөө татаад гараад ирэх нэг хүн байхад, ганцаардсанаа мэдрээд улам цаашлаад яваад өгөх хоёр  хүн байна.

Миний хувьд тийм он жилүүд, хэцүү тохиолыг даваад, гараад ирж чадсан. Хүнд хэцүү тийм урт хугацаанд намайг түшиж тулж, эргээд босгосон хүн бол миний хань  муухан бурханаас дээр хүн дээ.

“Хүмүүс минь амьдрах сайхан” дуу тань таныг дахин урлагт авчирчээ гэж би бодож сууна. Учир нь та өнгөрсөн жил энэ дууныхаа 25 жилийн ойд зориулан тоглолтоо хийж, түүнээс хойш уран бүтээлээ тууштай туурвиж байгаа нь надад анзаарагдсан.

Яг тийм. Гэхдээ надад маш их айдас, эргэлзээ байсан. “Ард түмэн намайг хүлээж авах болов уу, яах бол” гэсэн эмзэглэл байсан. Харин миний ард түмэн намайг алгаа ташаад л угтаад авсан. Магадгүй надад дахин уран бүтээл хийх боломж ингэж нээгдсэн.

“Өөрийгөө ялах нь хамгийн том ялалт” гэдэг юм байна лээ, танд баяр хүргэе. “Оройтсон бороо” дуугаа залуу дуучин Аминатай хамтран дуулж, клип хийлгэлээ. Сэтгэлд тань хэр нийцэв?

Амина маш сайн дуулсан. Миний хувьд жаахан доод өнгөнөөс явсан. Энэ дуу маань нандин хайр, хүлээлтийн агуу сэдэвтэй ёстой л “нандин” дуу шүү дээ. Харин залуучууд маань орчин үедээ нийцүүлээд ч юмуу клипийг нь “салж сарнисан” байдлаар хийчихсэн нь сэтгэлд тэгтлээ хүрээгүй. Гэхдээ олон түмэнд таалагдсан юм шиг байна лээ. Хүмүүс “Сайхан болж, баяр хүргэе” л гэдэг.

Одоо та ямар уран бүтээл дээр ажиллаж байна?

Өнгөрсөн хугацаанд нийт 300 гаруй дуунд ая хийжээ. Одоо ч дуу бүтээж, залуучууддаа өгч байна. Залуу уран бүтээлчдээ бид дэмжих ёстой.

Хэд хоногоос Увс, Ховд аймгийн бүх сумдад тоглохоор хүлгийн жолоо залах гэж байна. Сайхан байна даа.

Уучлаарай, бас нэг таагүй асуулт байна. Төрийн дээд шагнал гардуулах үеэр таны нэрийг асууж сурагладаг хүн олон байдаг. “Гавьяат болох ёстой” гэсэн хүлээлт нэлээдгүй жил яригдлаа. Та энэ талаар ямар бодолтой явдаг вэ?

Олон хүн ярьдаг л даа. Баянгол дүүргийнхэн маань, Увсынхан, Хөвсгөлийнхөн гээд л. “Чи яагаад гавьяат авдаггүй юм бэ” гэж. Үүнийг би мэдэхгүй шүү дээ.

Яахав хэдхэн жил, хэдхэн дуу дуулсан залуучууд шагнуулаад байгаад эмзэглэх үе бий. “СТА цол тэмдэг замаа алдлаа. СУИС-ийн ромбо болгомоор юм” гээд хошин шогийнхон шүүмжилж байна, үнэн ш дээ.

Миний хувьд язгуур урлаг, дуу хөгжим, бий биелгээ гээд бүхий л боломжоороо уран бүтээл хийж, гадаад дотоодод эх орноо сурталчилсан. Уран бүтээлийн чансааны хувьд “Гавьяатын болзол хангасан” гэж өөрийгөө боддог. Хийх зүйл ч  их л байна.

Гэхдээ би тоодоггүй. Уран бүтээлч хүн ард түмэндээ хүлээн зөвшөөрөгдөх гэдэг хамгийн том шагнал. Уран бүтээлээ хийгээд явж байхад болно доо гэж боддог.

Заримдаа дуулсан дуутай минь холбоотой юмуу  ч гэж бодох үе байна шүү дээ. “Оройтсон бороо”-гоо шинэчилж дууллаа, энэ жил бороо их оройтлоо гээд л. (инээв)

Түүн шиг шагнал маань бас оройтож байгаа юм байлгүй дээ. Монголын ард түмэндээ хүндлэгдээд уран бүтээлээ хийгээд явж байгаа тохиолдолд шагнал гавьяа нэг өдөр ирэх л байлгүй дээ.

Гавьяат цолыг хүртсэн ч, хүртээгүй ч ард түмэн таныг хайрладаг, хүндэлдэг. Таны дуунуудыг дуулдаг, сонсдог. Тэр хайр хүндлэлийг хэрхэн мэдэрдэг вэ?

Өнгөрсөн жил би 21 аймгаараа тоглолтоо хийж явлаа. Аль ч аймгийн үзэгчид намайг төрсөн нутгийн минь ард түмэн шиг халуун дотноор хүлээн авч байлаа.

Хөтлөгч намайг “СТА Бямбажав”  гээд зарлахаар хүмүүс ярилцдаг гэнэ лээ. “Бямбажав одоо болтол СТА цолтой юмуу” гээд.

Би боддог юм. Надад ард түмний хүндлэл байна. Ард түмэндээ залбираад, дуугаа дуулаад, алга ташилтыг нь сонсоод явахаас өөр жаргал алга даа.

Урлагийнхан мэдрэмж өндөртэй, түүнийгээ илэрхийлэх эмоци ч өндөртэй хүмүүс. Залуу нас, хайр сэтгэлийн талаар сайхан дурсамж хувуулцаач?

Дуутайгаа холбоод яръя.  Хүн бүхэнд оройтсон хайр, дурсамж бий. Жишээ нь би тавдугаар ангид байхдаа ангийнхаа охинд дурлаж л явлаа. Царай муутай, сурлага муутай, сахилгагүй хүү байсан охид намайг тоодоггүй байлаа. Тэр нь шохоорхол уу, хайр уу гэдгийг мэдэхгүй.

Хөвсгөлд ТМС-д очоод бас нэг охинд дурлалаа. Надад нэг цэнхэр алчуур бэлэглэж л байлаа. Хөөрхөн дугуй цагаан охин байсан санагдана.

Ингэж явсаар эхнэртэйгээ учирч гэр бүл болсон. Бид дөрвөн хүүхэдтэй. Хүүхдүүд маань том болж, тусдаа гарч, амьдралаа аваад явцгааж байна. БНСУ-д сурч ажиллаж, Хилийн цэрэгт ахлах дэслэгч хийж... бүгд өөрсдийгөө сайхан аваад явж байна. Түшиг тулгуур сайхан хань минь байна.

Уран бүтээлч хүний хувьд та одоо юу хүсч, зорьж явна вэ?

Дуунуудаа чанаржуулах хүсэл байна. Залуу уран бүтээлчдийг дэмжээд гаргаад ирмээр байна.

Эхний төлөвлөгөө маань юун түрүүнд Монголынхоо бүх сумаар  явж, алслагдсан нутгийн иргэддээ уран бүтээлээ толилуулж, хамтдаа дуулж, үгийг нь сонсоно.

“Бямбажав амьдаараа дуулдаг. Хоолой нь хэвээрээ. Зүгээр 18 дуутай сиди тавиад амаа хөдөлгөдөггүй” гэдгээ харуулна.

Дараа нь гадаадад байгаа монголчууддаа хүрнэ. Тэгээд Улаанбаатартаа нэгдсэн том тоглолт хийхээр төлөвлөж байна даа.

Ярилцсанд баярлалаа. Аян замдаа сайн яваарай.