Азийн 16 хүртэлх насны АШТ-ий эрхийн төлөөх тэмцээн маргааш эхэлнэ

Спорт / Time Admin
2017 оны 09 сарын 19

Азийн 16 хүртэлх насны АШТ-ий эрхийн төлөөх тэмцээний “I хэсэг”-ийн тоглолтууд маргаашаас эхлэн Монголын Хөлбөмбөгийн Холбооны цэнгэлдэх хүрээлэнд явагдана. Өнөөдөр тэмцээний өмнөх хэвлэлийн бага хурал болон техникийн зөвлөгөөн боллоо. 

Энэ үеэр, “Манай шигшээ Вьетнам, Австрали, Камбож гэсэн тивийнхээ шилдэг багуудтай таарсан ч өөрсдийн талбай дээр, үзэгчдийнхээ өмнө тоглож байгаагийн давуу талаа ашиглахыг хичээнэ. Бид бүх хүч чадлаа дайчлан тоглох учраас та бүхэн тоглолтын үр дүн ямар байхаас үл хамааран шигшээ багаа дэмжээрэй” гэж 16 хүртэлх насны шигшээ багийн ахлах дасгалжуулагч Д.Нанжид уриалав. 

Улсын шигшээ маргааш Австрали, 22-нд Вьетнам, 24-нд Камбож улсын шигшээ багтай тус бүр 16:00 цагаас МХБХ-ны цэнгэлдэх хүрээлэнд тоглоно. 

Та бүхэн тоглолтуудыг NTV телевиз, mycujoo.tv-ээр шууд хүлээн авч үзэхээс гадна МХБХ-ны цэнгэлдэх хүрээлэнд ирж /тасалбар 2000₮/ шигшээ багаа дэмжих боломжтой. Ирэх онд Малайз улсад болох Азийн АШТ-ий эрхийн төлөө 45 улсын шигшээ баг 10 хэсэгт хуваагдан өрсөлдөнө. Хэсэг бүрийг тэргүүлсэн 10 баг, хэсэгтээ хоёрдугаар байр эзэлсэн хамгийн өндөр үзүүлэлттэй тав, зохион байгуулагч орны баг нийлээд шилдэг 16 баг шигшээ тэмцээнд өрсөлдөнө.