Түгсай Түлкү Ринбүчи: Монголчууд бусад үндэстнээс илүү хувь заяатай ард түмэн

Нийтлэл / Нийслэл guide
2017 оны 09 сарын 25

Монголчууд бусад үндэстнээс илүү хувь заяатай ард түмэн гэдгээ ойлгохгүй байх нь том очир эрдэнийг энгийн чулуунаас ялгахгүй байхтай л адил...

Ямарваа шашинд итгэх, эс итгэх нь, бас ямар шашинг сонгох нь хувь хүний эрхийн асуудал. Түүнчлэн аливаа шашны эцсийн зорилго нэг л цэг дээр огтлолцдог шиг санагддаг. Ямартаа ч олон эрдэмтэн мэргэд буддын гүн ухааныг хүлээн зөвшөөрдөг билээ. Эрхэм уншигч та IX Богд Жавзандамба гэгээнтний ууган хүү Түгсай Түлкү Ринбүчийн үг сургаалыг сонсоод, авах гээхийн ухаанаар хандана биз ээ.

IX Богд гэгээний хүү болж төрсний хувьд монголчууддаа чадах чинээгээрээ туслахыг хүсдэг 

Би 1958 онд Төвөдөд төрсөн, гэхдээ намайг нялх байхад манайхан 1959 онд Энэтхэг рүү дүрвэж гарсан болохоор би тэнд өсч торнисон. Энэтхэг бол лам нарын хувьд агуу багш нарын нутаг юм. Бурхан багш тэнд төрж, бурханы шашин тэнд үүссэн. Намайг Энэтхэгт амьдарч байхад Монголоос хүмүүс их очдог байсан. Монголчууд түүх соёл, ахуй амьдралын хэв маяг, хоол, хувцас гээд олон талаараа төвөдүүдтэй төсөөтэй болохыг тэр үеэс л анзаарсан. Би сүүлийн долоон жил Монголд амьдарч байна. Хэдийгээр онцгой том зүйл хийгээгүй ч Монголын IX Богд гэгээний хүү болж төрсний хувьд чадах чинээгээрээ олон хүнд туслахыг хүсдэг. Уялдаа холбоо нь эндээ байгаа юм. Мэдээж төвөд хүний хувьд хаана ч явсан эх нутагтайгаа сэтгэл зүрхээрээ холбоотой байдаг. Харамсалтай нь бид эх нутагтаа амьдарч чадахгүй байна. Өнөөгийн коммунист Хятадын Засгийн газрын бодлогын дарангуйлалд төвөдүүд бид таатай ханддаггүй. Хятадууд Төвөдийн байгаль орчин, хүн амыг сөнөөж, бутаргаж байна. Би нутагтаа амьдарч чадахгүй байгаа ч төвөд хүн гэдгээрээ бахархдаг, эх орондоо маш хайртай.

Хүн өөрийгөө бүтээнэ... 

Буддын философиор “Хүн өөрийгөө бүтээнэ” гэж үздэг. Хэрвээ надад сайн зүйл тохиолдвол би үүнийг хүртэх буянтай гэж үзнэ. Харин муу зүйл тохиолдвол үүнд хэн нэгнийг буруутгах аргагүй, учир нь үүний шалтгааныг би өөрөө бүрдүүлсэн. Орчин цагт ёс суртахуун нэн чухал, ёс суртахуун гэдэг нь сахил юм. Сахил нь таныг болон бусдыг хамгаалдаг, түүнээс өөрийгөө шийтгэж буй хэрэг огт биш юм. Иймд өөрийн бие, хэл, сэтгэлийг хянах хэрэгтэй. Жишээ нь, би буруу зүйл яривал ганц өөрийгөө ч биш, бусдыг бас хохироож байдаг. Бие, хэл, сэтгэлийн хувьд алинд нь ч адилхан ингэж ойлгох хэрэгтэй. 

Хэтийдсэн хэрэгцээг зовлон гэнэ 

Аз жаргал бол баяр баясгалангийн мэдрэмж. Тиймдээ ч баян, ядуу хүний аз жаргалд ялгаа байхгүй. Хувь хүн дотроосоо мэдэрдэг зүйлийг жаргал гэдэг. Зовлонгийн нөгөө тал нь жаргал. Ойлголтын хувьд ялгаатай ч хэтийдсэн хэрэгцээг зовлон гэж болно. 

Бид аз жаргалыг гаднаас хайдаг нь эндүүрэл. Хэмжээлшгүй жаргалтай болчих гээд эд баялаг, алдар хүнд, нэр төрийн төлөө зүтгэдэг. Амжилтанд хүрэх, алдар нэр олохын аль аль нь жинхэнэ аз жаргал биш юм. Учир нь, эдгээрийг дагаж үл ханах хүлээс хамт үүсдэг. Буддын эртний сургаалд эд хөрөнгөөр илүү бол илүү зовно, хэр тааруу хөрөнгөтэй бол тэр хэмжээгээрээ зовно гэж бий. Эдийн хувьд баян, ядуу байх ийм зөрүүтэй. Тэгвэл аз жаргал гэгч нь бидний дотоод сэтгэлд байдаг. Жинхэнэ баялаг бол мэдлэг ухаан юм. Мэдлэг нь хийж бүтээхийн үндэс. Хэрвээ та нинжин сэтгэл, энэрэл хайраар баян бол таны амьдрал илүү жаргалтай, утга учиртай болно. 

Шүтлэгтэй хийгээд шүтлэггүй хүний зовлонгийн “ялгаа” 

Шаналахын хувьд адилхан л өвдөж зовно. Хурууг нь тасдлаа гэхэд сүсэгтэй, сүсэггүй хүний өвдөлт адилхан. Гэхдээ нөхцөл байдлыг өөр түвшинд хүлээж авна. Энэ нь оюун санаагаараа ялгаатай гэсэн үг. Сүсэгтэй хүн учирсан хэцүү зүйлээс сайныг нь олж харах чадвартай байдаг. Энгийн хүмүүс нөхцөл байдал тийм муу биш байлаа ч хүндээр хүлээн авч сэтгэлээ улам зовоодог. Сүсэгтэй хүн өөрт гай болсон хүнд ч сайныг санаж, өршөөнгүй хандаж чаддаг. 

Хүн бүхэн онцгой хувь зохиолтой 

Өөрийн аав Монголын IX Богд гэгээнийхээ нэр хүндээр би ринбүчи хэргэм хүртсэн. Ринбүчи гэдэг нь төвөдөөр “онцгой хувь зохиолтой” гэсэн утгатай. Ер нь бол эрдэнэт хүний заяаг олж төрсөн учраас хүн бүхэн онцгой хувь зохиолтой. Эр, эм, лам, энгийн хүн бүгд ялгаагүй. Адгуус амьтны амьдралтай харьцуулбал бидэнд хүний бие, ухаан заяасан учир маш их боломж бий.

Аз бол хүний буян юм 

Аливаа зүйлийг хүсч мөрөөдөхдөө үр дүнг нь түрүүлж бодолгүйгээр бүхнээ дайчлан хийж үзэх хэрэгтэй. Хэрэв бүтвэл та үүний төлөө зүтгэсэн учир сэтгэл хангалуун байна. Бүтэхгүй бол бүү харамс, чадах чинээгээрээ л хичээсэн юм чинь. Тиймээс цааш явж сур. Ер нь амьдрал ийм л байдаг. Зарим хүн яах аргагүй азтай байдаг. Өчнөөн боловсролтой, чадвартай хүмүүс ажлаа бүтээж чадахгүй байхад өндөр боловсролгүй, чадваргүй хүн түүнийг нь бүтээчих жишээтэй. Аз бол хүний буян юм. Заримдаа аз гийсэн үед хүсэл хурдан биелдэг. Амьдрал дээр тохиолддог л зүйл. Гол нь хүн өөрөө амьдралд өөдрөг, эерэг байх нь чухал. Нэг хаалга хаагдахад өөр мянган хаалга нээгддэг. Тэгэхээр шантралгүй урагшаа явах л хэрэгтэй. 

Хэрэв би гагц өөрийгөө бодвол яаж ч хичээгээд үр шимгүй, бүр гүн хямралд орно 

Хэрвээ та зөвхөн өөрийнхөө төлөө бясалгавал ахиц гарахгүй. Зовлон шаналал, асуудал нэмэхээс цаашгүй. Таны эго улам томорч хувиа хичээгч л болно. Оюун ухаан маш хүчтэй. Хэрэв би гагц өөрийгөө бодвол яаж ч хичээгээд үр шимгүй, бүр гүн хямралд орно. Хамаг амьтны тусын тулд бодож гэмээнэ сая оюун ухааны энтэй дүйнэ. Өдөр тутмын амьдралд бидний ухаан хүмүүсийг гурав хувааж үздэг. Дотны хүмүүс, дургүй хүмүүс, үлдсэн 99 хувь нь өөрт хамаагүй хүмүүс. Ингээд амьдралын сайн сайхан миний дотны хүмүүсээс, зовлон шаналал миний дургүй хүмүүсээс үүсдэг гэж итгэдэг. Бүр нарийвчилбал, дотно хайртай хүмүүс гэвэл бүр бага тоо гарна. Тэгэхээр таны амьдрал энэ хүрээнд л өрнөдөг гэсэн үг. Хэрвээ хамаг амьтны тусын тулд бодож чадвал таны бусдыг ялгаварладаг үзэл устана. Буддизмд “Огторгуй лугаа адил хязгааргүй хамаг амьтан” гэдэг бөгөөд тэдний тусын тулд бодож чадвал таны оюун ухаан тэр хэрээр тэлж хүчтэй болдог. Хэрвээ та зөвхөн өөрийгөө бодвол таны оюун ухаан хаалттай болно. Харин хамаг амьтныг ялгалгүй сэтгэлдээ тэгш барьж чадвал хамаг амьтан эргээд танд энэрэнгүй хандах шалтгаан үүснэ. Бурханы шашинд “Ертөнц хязгаар үгүй. Би ертөнцийн төв” гэдэг. Энэ бол надаас гарсан бүхэн эргээд надад ирнэ гэсэн үг юм.

Монголчууд бусад үндэстнээс илүү хувь заяатай ард түмэн 

Орчин цагт хүн бүхэн завгүй болсон. Гэвч, юм юманд яарч адгасан ч үнэндээ нэг их зүйл өрнөөгүй байдаг. Урьд алхаж явдаг, морь унадаг байхдаа бид амьдралаас хоцроогүй. Одоо харин хүрэх газарт нь онцгой үйл явдал болоогүй ч бид машиндаа суугаад яарцгаадаг. Энэ бол өнөөгийн, ялангуяа хотын амьдралын хэв маяг. Орчноосоо шалтгаалж сэтгэл нь л яарч байгаа хэрэг. Тиймээс бид оюун санаандаа цаг гаргах нь чухал. 

Сурч боловсрох, ажиллах, гэр бүлээ авч явах гэхчлэн нийгмийн хэрэгцээ шаардлага биднээс маш их цаг шаарддаг. Гэхдээ та ахуй амьдралынхаа төлөө өөд уруугүй ажилласаар байвал үр төл, сүргийнхээ төлөө зүтгэдэг адгуус амьтан, хорхой шавьжаас ялгарахгүй. Бид бүх насаараа бөгс өндийхгүй ажилладаг ч урсгасан хөлстэйгөө харьцуулбал багахан хувийг нь л хүртдэг. Иймд та бид амьдралаа өөрөө удирдан зохицуулж, чухам юунд цаг зарцуулахаа сонгож болно. Монголчууд бусад үндэстнээс илүү хувь заяатай ард түмэн. Хэрвээ та үүнийгээ ойлгохгүй бол монгол хүн болж төрөхийн их хувь заяаг үнэлэхгүй. Том очир эрдэнийг очир эрдэнэ гэж мэдэхгүй л бол энгийн чулуунаас өөрцгүйтэй адил. Харин, чин сүсэг бидний амьдралыг үлэмж тэнцвэржүүлдэг. Оюунлаг, сүсэг бишрэлтэй байж амьдралаа тэнцвэржүүлэх нь хүний амьдралыг илүү утга учиртай болгодог.

Эх сурвалж: "НийслэлGuide" №64/ 2017 есдүгээр сар