С.Төгс: Олны танил байлаа гээд би тэдэнд өргүй

TIME TO TALK / Э. Сайнзаяа
2017 оны 09 сарын 21

Өндөр нуруу, өв тэгш бие хаагаараа Монголдоо төдийгүй олон улсад үнэлэгдсэн супер модел С.Төгс энэ удаад “Time to talk”-ярилцлагын буланд зочиллоо. Бид амьдрал, хайр дурлал, эмэгтэй хүний тухай ярилцав. “Аавтайгаа, ээжтэйгээ элэг бүтэн амьдрах ямар байдгийг би мэдэхгүй. Гэхдээ ээж маань надад аав гэж орон зайг үгүйлэх зай үлдээлгүй жаргалтай өсгөсөн” хэмээн ярих бүсгүйн сэтгэлийн үгсийг сийрүүлэв.

“Miss World Phillipine”-ий шалгаруулалтад шүүгчээр уригдсан. Ямар байсан бэ?

Тиймээ. Дэлхийн миссийн тэмцээнд Филиппин улсаас явах миссийг тодруулсан юм. Шүүгчээр ажиллахын хажуугаар make up artist-аар ажиллаад ирсэн. Тэндхийн үзэгчид үнэхээр фанатууд, оролцогч охидыг шүүмжлэх биш маш их дэмждэг юм билээ. Түрүүлэхгүй нь тодорхой эмэгтэй байсан ч “Чи бол энэ хорвоо ертөнцөд төрсөн. Филиппин хүн гэдэгтээ баярлаж яваарай” хэмээн дэмжиж өгдөг сэтгэлтэй ард түмэн байсан гэх үү дээ. 35 охиноос нэг л эмэгтэй Дэлхийн миссийн тэмцээнд явна. Оролцогчид тайзны алхаа, асуулт хариулт, биеэ авч явах соёл, авьяас гээд олон шалгуурыг давсан. Эндээс хамгийн том хоёр сорилт нь асуулт хариултын тэмцээн, мөн буяны үйл хийх төлөвлөгөө байсан. Энэ хоёр сорилт маш том үзүүлэлт болдог. 

Энэ жилийн Дэлхийн миссийн тэмцээнд манай орноос Ц.Энхжин оролцохоор болсон. Үндэсний ялагчийг шалгаруулах тэмцээнд үзэгчээр суусан хүний хувьд охидын асуулт хариултын тэмцээн урам хугалсан. Тайзан дээр гараад асуултад хариулах тийм хэцүү байдаг юмуу. Тэд ямар асуултанд хариулж байгаагаа ч мэдэхгүй ичгэвтэр байдалд орох шиг болсон.

Өөрийгөө илэрхийлэх чадвар сайн, муу янз янзын л оролцогчид байгаа. Асуулт хариултын тэмцээн үнэхээр чухал. Бүх зүйл нь төгс хэрнээ шүүгчдийн бодлыг 100 хувь өөрчилж чаддаг ганцхан сорилт бол асуулт хариултын тэмцээн. Энэ сорилтыг л давж чадвал бүх зүйл нээлттэй. 

Сүүлийн үед юу хийж байна?

Загварын ажил бол зогсолтгүй явж байдаг. Өөрөө бие даагаад Make up studio нээхээр шулуудаад байна. Эзэмшсэн мэргэжлээрээ ажиллаж үзэхийг хүссэн гэхүү дээ. Би чинь artist-ынхаа хувиар сэтгүүлийн зураг авалт, кино, германы загварын долоо хоногт ажиллаж байсан. Театрын будалтан дээр ажиллаж үзээд надад загварын салбар илүү сонирхолтой санагдаж тэндээс л загварын тайзан дээр гарсан даа. Одоо 26 нас хүрлээ, долоон жил зай завсаргүй загвар өмсчихөж. Сүүлийн үед тайзан дээр алхахаас илүү өөр зүйлд сэтгэл татагдах болсон. Магадгүй амьдралд минь нэгэн өөр үе эхэлж байгаа байх. Өөрийн гэсэн юмтай болмоор ч юм шиг. Би make up studio-гоо “Addict” гэж нэрлэж байгаа. Зөвхөн нүүр будалт биш цаашаа фото, видео, стайл илүү өргөн хүрээнд ажиллана. Он гартал хувийн ажилдаа анхаарна гэсэн төлөвлөгөөтэй байна. Сая Филиппин явахдаа артистаар ажиллахад үнэхээр өөрийн мэргэжлээ санасан байгаагаа мэдэрсэн. Тэгээд л сэтгэл шулуудчихсан. Ер нь загварын шоунаас бусад үедээ NTV дээр “Чөлөөт эмэгтэйчүүд” нэвтрүүлгээ хөтөлдөг. Бас саяхан хоёр кинонд дүр бүтээгээд амжсан.

Яг асууя гэж бодож байлаа. Ямар кинонд дүр бүтээв. Ер нь дүрийн санал их ирдэг үү?

Өмнө нь кинонд тоглуулах санал маш их ирдэг байсан. Яагаад ч юм надад дүр нь огт таалагдаж байгаагүй. Марко поло-д ч тоглох санал ирж байсан. Нөхрөөсөө салж хагацаж байгаа, эсвэл өөрөө хүүхдээ төрүүлээд хүндрэл өгч нас барж байгаа ч юмуу хүнд дүрүүдийн санал их ирж байсан. Жинхэнэ амьдрал дээр уйлж чаддаггүй хүн кинонд уйлна гэхээр төсөөлөлд багтаагүй. Анхны дүрээ уйлж унжиж, зовсон байлгахыг хүсээгүй. Харин миний тоглосон хоёр киноны дүр их хөнгөхөн, ямартай ч нүүр хагарахаас айгаагүй дүр байсан. 10 сард нээлтээ хийх “Бүхнээс дээгүүр” гэж кинонд тоглосон. Мөн NTV телевизийн бүтээл “Гэр дүүрэн охид” олон ангит кинонд хов баздаг хүүхний дүр бүтээсэн. /инээв/

Би амьдрал дээр уйлж чаддаггүй хүн гэж та сая хэлсэн. Уйлж чаддаггүй хүн байдаг гэж үү. Хааяа сэтгэлээ онгойтол уйлмаар санагдах үе бишгүй л байдаг шүү дээ?

Би охиноо төрүүлсний дараа нэг хэсэг их уйланхай болчихсон байсан. Нялх бие нөлөөлдөг байх л даа. Уйлахаар хэцүү зүйл болсон ч шүд зуугаад тэвчдэг хүн гээд хэлчихвэл хатуу байна уу?...

Дөнгөж хорь гаруйхан настай залуу бүсгүйчүүд бидний хувьд ганц бие ээж болоод үлдэнэ гэдэг амаргүй л даваа. Тэр үеийг хэрхэн туулж явна вэ?

Тэр үед би өөрийгөө маш их барьсан. Миний ээж, найзууд маань намайг түшиж, үргэлж тусалж дэмждэг байлаа. Ёстой л өөртөө найдаж “Энэ бүхэн хэцүү зүйл биш” гэж байнга сануулж байсан. Гадагшаа гэрээ байгуулж ажлынхаа ачааллаар хэцүү зүйлсийг анзаарах ч сөхөөгүй өнгөрөөсөн. Бүх зүйл дууссаны дараа одоо эргээд харахаар их л хэцүү санагдаж байна. Миний хувьд гоё сайхан зүйлд баярлахаа больж, хүнд хэцүү зүйлд ч сэтгэл хөдлөл үзүүлэхээ болчихож. Тийм сэтгэлзүй тогтчихсон. Энэ бүхнийг би мэдрэхээ байя гэж хүчлээгүй, зүгээр л хаагдчихаж. Би зүгээр л уйдаад ч юмуу ганц бие болчихоогүй. Тэр үед хүн бүр л биднийг мэдэж байсан. Бараг бүгдэд нь л хошуу нэмэх шаардлагатай юм шиг аашилж байсан. Яг юу болсныг миний ойр тойрныхон ч мэдээгүй шүү дээ. Би энэ талаар дахин дахин сөхөж яримааргүй байна. Охины маань аав надаас хангалттай уучлал гуйсан. Надад одоо дахин дахин сөхөж ярих ямар ч шаардлага байхгүй. Охины аав бид хоёр хоорондоо сайхан харилцаатай байдаг. 

Охиноо бодоод эргээд нийлье гэсэн бодол байдаггүй гэж үү?

Бид хэн хэнээ мэднэ. Амьдрал зохиож нэг гэр бүл болох талаар юу ч мэдэхгүй насан дээрээ л бид гэр бүл болсон. Амьдралын тойрогт ороод ирэхээр бүх зүйл өөр юм билээ л дээ. Өнгөрсөн асуудал шүү дээ.

Хүн их сонин шүү. Хайртай дуртай байсан хэрнээ нэг л өдөр шийдээд холдчихдог. Эмэгтэй хүний сэтгэл бас хатуу ч юм шиг...

Бид зүв зүгээр сууж байгаад л салъя гээд салчихаагүй. Тэвчээрийн хязгаар гэж зүйл байдаг байх. 

Охин нь аавыгаа нэхэх юмуу?

Аавтайгаа уулздаг болохоор гайгүй ээ. 

Ээж болсон тэр үеийнхээ мэдрэмжээс хуваалцаач.

Охин маань төрөх хугацаанаасаа нэг сарын өмнө мэндэлсэн. Таван цаг өвдөөд л жижигхээн охиноо төрүүлж байлаа. Охиноо хараад л нулимс өөрийн эрхгүй урссан. Ээж минь сэтгэлд илүү ойр санагдаж бүр ч ихээр хайрласан. Гэхдээ би охиноо нэг хоёр сар хүртэл нь яах ийхээ ёстой мэдээгүй. Хариуцлага нэмэгдэх, охиноо өсгөхийн тулд өөрийгөө илүү дайчлах гэх мэтчилэн. Хүүхдээ яагаад уйлаад байгааг нь ч ойлгохгүй. Нэг сар хүрээд ирэхээр нь л бага сага ойлгоод, амьдралын утга учрыг ч мэдэрч эхэлсэн. Их л ухааждаг юм шиг байна.

Төрөхийн өвдөлтийг мэдэрч байгаа эмэгтэй хүн төрөлх аашаа гаргадаг гэдэг. Дуншиж өвдөхдөө ямар араншин гаргасан бэ?

Би их тайван байсан. Намайг өвдөлт намдаах тариа хийлгэх үү гэж асууж байсан. Яагаад ч юм би өөрөөрөө л өвдөж төрөхийг хүссэн. Бас нугасанд мэдээ алдуулалт хийдэг гэхээр ахиад хөл дээрээ босохгүй бол яана гэдэг ч юмуу айдас байсан. Өвдөлтийн хажуугаар янз янзын юм бодогдоод, ямартай ч дуугармааргүй санагдаад чимээгүй л суусаар төрсөн. 

Хэр жин нэмсэн бэ. Зарим хүүхнүүд төрсөн ч гэсэн эргээд маш хурдан хэвийн байдалдаа орчих юм?

25 кг нэмсэн. Толинд харахаар их том болчихсон ч юм шиг харагдаад. Хүүхдээ 3 сар хүртэл нь хөхүүлээд яс арьс болтлоо турсан. Мэдээж хөхүүлсээр л байсан л даа.

Манай загварын охид их шүүмжлэлд өртдөг. Тэр хэмжээгээрээ нэр хүндийн асуудал тулгардаг байх.

Олон хүн дотор янз янзын л хүмүүжилтэй хүн байгаа. Хүмүүс загварынхан баян хүнтэй явалддаг, хар бор ажил хийж үзээгүй гэж ярьдаг. Гэхдээ загварын гэхээсээ илүү мэргэжлийн бус нөхдүүд л явалдаж, янз бүрийн асуудалд орооцолддог юм шиг санагддаг. Үүрэх хэл амыг нь л загварынхан үүрч байгаа болохоос. Яахав энд тэнд хүнтэй нэр холбож бичдэг л юм. Намайг л гэхэд загвар өмсөгч дөрвөн залуутай холбож худлаа мэдээлэл бичиж л байлаа. Гэхдээ тэр болгонд тайлбар тавих шаардлагагүй. Би өөрөө өөрийгөө мэдэж байна тэгээд л болоо.

Хүнтэй нэр холбодог гэснээс Цэнгүүн та хоёрын дундах хайрын романс хэзээнээс үүсчихэв ээ?

Бид үерхээд жил болж байна. Зарим хүмүүс Цэнгүүн бид хоёрыг бараг л “суулгачихсан” сурагтай. Бид хоёр нэг нэгнээ таньж мэдэх шатандаа явж байна. 

Цэнгүүн ямар хүн бэ?

Цэнгүүн бол миний эсрэг тал. Тэр хүнээс үг сонсож чаддаг. Харин би хэзээ ч шал танихгүй хөндлөнгийн хүний үгийг сонссдоггүй. Цэнгүүн их тэвчээртэй. Би эр хүнээс зөвшөөрөл авах дургүй. Тэр маань надад ийм тийм бай гэх шаардлага тавьдаггүй. Бид хоорондоо маш сайн ойлголцдог. Ер нь миний эсрэгцэл л гэж хэлмээр байна.

Олны танил байна гэдэг сайхан ч бас бууж өгч буцмаар санагдах үе бишгүй л байсан болов уу гэж бодож байна?

Одоо ч бас байна. Сошиал медиагаа хаагаад алга болчихмоор санагддаг. Би олны танил байлаа гээд тэдэнд ямарч өргүй. Би загварын салбарт оршиж чадна гэдгээ мэдрээд модел болсон болохоос би олны танил болъё, жаахан охидод үлгэр дуурайл болъё гэж бодоогүй. Эмч хүн ажлаа хийдэг шиг, багш хүн ажлаа хийж байгаа шиг би ч бас цалингаа аваад ажлаа хийж байгаа. Гэтэл надаас яагаад өөр зүйл хүсээд, өөрсдийнхөө хүслээр байлгах гээд байгааг ойлгодоггүй. Би ч бас хүн шүү дээ.

Хийгээгүй зүйлийнхээ төлөө цоллогдох ч бас амар зүйл биш шүү.

Мэдээж хэрэг уур хүрдэг. Ер нь гүтгүүлэх албатай юмуу?... гэхдээ одоо бараг дасчихлаа. Надад алдаа оноо байгаа. Цаашдаа ч гаргах байх. Би адилхан л хүн шүү дээ.

Заримдаа таны постуудыг харахнээ эмэгтэйчүүддээ гомдсон, бухимдсан зүйл бичсэн харагддаг.

Хааяа их бухимдна аа. Амьдралд ямар нэг зүйл тохиолдлоо гэхэд эр эмгүй л эмэгтэй хүнд бурууг тохдог. Эрчүүд нь ямар ч алдаа гаргахаасаа айхаа больчихсон тийм нийгэмд амьдраад ч байх шиг. Би феминист хүн биш. Гэхдээ хэтэрхий туйлширсан, эмэгтэйчүүдийг буруушаасан зүйлтэй эвлэрч чадахгүй. Эрэгтэй хүн эмэгтэй хүн тэгш л байх хэрэгтэй. Санхүү, гэр орны ажил бүх л зүйлд тэгш байж, чи эр хүн, чи эмэгтэй хүн гэх цензур тавих шаардлагагүй л гэж боддог. Хүйс илүүчилж үзэх ямар шаардлага байна вэ. 

Хэрэв та загварын тайзан дээр гишгээгүй бол юу хийж амьдрах байсан бэ?

Илүү амар амьдралтай байх байсан. Цаг хугацааг буцааж болдог байсан бол магадгүй загварын салбарт хөл тавихгүй байсан байх. Яг үнэндээ энэ салбар тийм ч сайхан биш. Салбартаа ажиллаж, оршиж байгаа хүмүүсийн хоорондох харилцаа ч бас тийм сайхан биш. Цөөхүүлээ хэрнээ нэгнийхээ улыг шагайсан сонин хандлагатай. 

Ээжийг тань таны улаан фен гэдэг. Мөн загварын мэдрэмж өндөр хүн үү?

Манай гэр бүлийнхэн их номын хүмүүс байдаг. Ээж маань улс төрийн хорхойтон. Зарим хүмүүс мэддэг байх. Берлиний загварын долоо хоногт оролцох үеээс ээж маань намайг дэмжиж эхэлсэн. Одоо бол ээж маань охиныг маань харж өгдөг. Амжилттай явахад ээж минь л түшиг тулгуур болж байна. 

Уучлаарай би таны амнаас "Аав" гэх үг ер олж сонссонгүй.

Би өөрөө ч тэр хүний тухай мэдэхгүй. Ээжээсээ ч асуудаггүй. Анх төрөхөд л байгаагүй. Гэр бүл ээжтэйгээ аавтайгаа бүтэн байхыг би мэддэггүй. Ээж маань намайг аав гэдэг хүнээр дутааж өсгөөгүй. Бид инээхдээ инээж, өөр өөрсдийнхөө амьдралаар л амьдарсан. Тэр хүний талаар одоо би мэдлээ гээд миний амьдралд ямарч өөрчлөлт гарахгүй.

Бага насныхаа дурсамжаас хуваалцаач Төгс чухам ямар охин байв?

Их л яриа хөөрөөтэй, сахилгагүй охин байсан санагддаг. Ээжтэйгээ Германд оюутны байранд өссөн. Ээжийнхээ тэтгэлгийг хүлээнэ. Ер нь бид их сайхан байсан. Хүн их сонин. Амьдралынхаа зарим түүхийг нуумаар санагдах үе байдаг. Жишээ нь 10-н жилдээ авхуулсан онцгүй гарсан гэрэл зураг ч юмуу байдаг ш дээ.

Би багадаа үсээрээ тоглох дуртай байсан. Янз янзаар будуулна. Чолк тавина. Эвгүй эвгүй бас байна ш дээ. Дурсамж л юм даа.

Таны хувьд амьдралаас жаргал хүртэх зүйлсийн нэг юу вэ?

Охинтойгоо байхад тархи амардаг. Сошиалаас холдоно. Гэхдээ л идэвхитэй байхаас өөр аргагүй л дээ. 

Амьдралынхаа чиглэл болгоогүй ч маш сайн хийж чаддаг зүйл чинь юу вэ?

Би юм орчуулах дуртай. Харри поттерын хоёр дэвтрийг орчуулж дуусгасан. Гэхдээ мундаг орчуулдаг хүн бол хараад шоолох л байх. Зүгээр л хоббигоороо орчуулсан хэрэг. 

Та чөлөөт цагаа хэрхэн өнгөрүүлдэг вэ?

Гадагшаа ажлаар явсан үед л чөлөөт цаг гардаг. Тэр үедээ орон дотроо youtube үзээд л хэвтэх дуртай. 26 нас хүрснээ хөгширчихлөө гэж хэлэхэд сонин л байх. Гэхдээ загварын орон зайд миний нас хөгшдөнө. 15, 16 настай охидтой эн тэнцэж явна, хамт байр түрээслэж амьдрах шаардлага гарна. Тэд маань орой болгон шоудна, гарч орно. Хол газар очихоор гэрээ санана. Найз залуугаа санана, хэрэлдэнэ. Надад хайрын романсаа ярина. Заримдаа сэтгэлзүйч болно ш дээ. Надад одоо бол тухтай амьдрал хэрэгтэй байна. өнгөрсөн хугацаанд үүнийг тоодоггүй л байлаа. Энэ хугацаанд харамсахааргүй олон зүйлийг хийж үзсэн. 

Эмэгтэйч үүд бид ер нь сайхан байхын тулд юуг анхаарах ёстой вэ?

Эмэгтэй хүн болгон сайхан. Тэд өөр өөрсдийнхөө замыг сонгодог. Хамгийн гол нь сэтгэл хангалуун байх хэрэгтэй. Магадгүй гэртээ хүүхдээ хараад суух нь сайхан санагддаг эмэгтэй хүн байж болно.

Та хайр сэтгэлд хэрхэн ханддаг хүн бэ. Өөрийн зүгээс зориулж чадах бүхнээ хайр сэтгэлд дэвсээд өгч чадах хүн мөн үү?

Хичнээн дурласан ч тархиа зүрхнээсээ тавих хэрэггүй. Эр хүний гаргаж байгаа сэтгэлээс илүүг зориулах нь эмэгтэй хүний үүрэг биш. Зарим хүмүүс хүний хэл амнаас айгаад өөрийн жаргалыг уландаа гишгэдэг. Тэр тал дээр манайхны сэтгэхүй их сонин ш дээ. Амьдралыг туулах тусмаа хүн өсч дэвждэг. Хүний дарамтан дунд амьдрах хэрэг байхгүй. Үерхэж болно ш дээ. Зөв хүнээ олон олтлоо үерхэж нөхөрлөх хэрэгтэй гэж боддог.

Төгс гэдэг нэр оноогоод өгчихсөн юм шиг л та бол төгс төгөлдөр сайхан бүсгүйчүүдийн нэг. Танд ер нь ямар эр хүн таалагддаг вэ?

Би тийм төгс хүн биш. Төгс хүн гэж байдаг юм уу? Зүгээр л өөрийг нь хүлээн зөвшөөрөх хүмүүстэйгээ л байх хэрэгтэй. Гэхдээ Төгс гэдэг хүн надад юу шаардлагатай, би яах ёстой вэ гэдгээ мэддэг. Эр хүний хувьд надад хэлсэндээ хүрдэг, хариуцлагатай, ганцхан намайг биш харин эмэгтэй хүнийг зөв ойлгодог хүндэлдэг хүнийг л хүлээн зөвшөөрнө. 

Ярилцсанд баярлалаа. Танд амжилт сайн сайхныг хүсье.