Ц.Цогтбаяр: Б.Батбаяр аа, Хоёр тэрбум 600 сая төгрөгийн зарцуулалтаа тайлагна

Спорт / Ц. Анхзул
2017 оны 09 сарын 22

Энэ сарын 20-23-ны өдрүүдэд Литва улсын Клайпеда хотноо 32 дахь удаагийн армийн ДАШТ болж байна. Уг тэмцээнээс манай улсын тамирчин ОУХМ, Дэлхийн аварга Пүрэвдоржийн Орхон алтан медаль хүртээд байна.

Уг тэмцээнд манай улсаас “Алдар” спорт хорооны есөн тамирчин оролцож байгаа бөгөөд дасгалжуулагчаар Монгол Улсын Гавьяат тамирчин Ц.Цогтбаяр явсан байна.

Харин “Монголын чөлөөт бөхийн холбоо” дасгалжуулагчаар Ц.Цогтбаярыг явуулсныг буруутган, “Алдар” спорт хороонд албан бичиг хүргүүлжээ.

Уг албан бичигт “Дэлхийн бөхийн нэгдсэн холбооны спортын шүүхээс дотоодын болон олон улсын тэмцээнд оролцох эрхээ гурван жил хасуулсан гавьяат тамирчин Ц.Цогтбаяр дасгалжуулагчаар явсан байна. Хэрвээ дасгалжуулагч Ц.Цогтбаяр тэмцээний үеэр тамирчдын буланд гарвал хувь хүнд болон Монголын чөлөөт бөхийн холбоонд сахилгын шийтгэл оноох эрсдэлтэй учир ийм алхам хийлгэхгүй байхыг анхааруулсан гэдэгт итгэлтэй байна. Уг тэмцээнд “Алдар” сдорт хороо шүүгчгүй оролцохоор болсон нь Дэлхийн бөхийн нэгдсэн холбооны календарт орсон тэмцээнд гурав ба түүнээс дээш тамирчинтай оролцвол заавал шүүгчтэй оролцох Дэлхийн бөхийн нэгдсэн холбооны дүрмийн заалтыг зөрчжээ. Иймд Дэлхийн бөхийн нэгдсэн холбооноос гаргах энэ тэмцээнд оролцож буй  Монголын багтай холбоотой торгуулийг танай байгуулага хүлээнэ” гэсэн байна.

Уг асуудалд “Алдар” спорт хорооноос ямар нэгэн тайлбар хийгээгүй байгаа бөгөөд МУГТ Ц.Цогтбаяр өөрийн цахим хуудаснаа “Батбаяр аа, чи яагаад байна аа? Намайг оролдож дуусаагүй байна уу? 2016 оны Олимпийн эрхийн тэмцээнд ирсэн 800 гаруй гадаадын тамирчдаас авсан хоёр тэрбум төгрөг, улсаас авсан 600 сая төгрөг, нийт хоёр тэрбум 600 сая төгрөгөө Сумъяа, Дагваа, чиний төрсөн ах Болд, бас чи юунд зарцуулснаа тайлбарлаж чадахгүй байж мөрөөрөө яваа намайг тайван байлгаарай” хэмээн бичжээ.