Роксана Сиюрисейк- Гедир: Банкны ажлыг урлагтайгаар хийх боломж бас байдаг

Нийтлэл / Нийслэл guide
2017 оны 09 сарын 22

Хэрэв хүн цаг, хүчээ зөв хуваарилж чадах юм бол ямар их зүйл амжуулж болдгийг банкир, гэрэл зурагчин, энтрепрёнер, кино продюсер Роксана өөрийн амьдралаар харуулж байна. Тэрбээр Швейцарийн томоохон банкинд Зүүн Европын өндөр зэрэглэлийн харилцагчдыг хариуцан ажилладаг бөгөөд Дэлхийн залуу манлайлагчдын Монголтой танилцах аялалд оролцохоор манай оронд хүрэлцэн ирээд байхад нь уулзаж ярилцлаа.

Монгол орны талаарх таны урьдын төсөөлөл бодит байдалтай хэр нийцэж байна вэ? 

Монгол орон надад маш их таалагдаж байна. Биднийг урьсан Ард Санхүүгийн Нэгдлийн захирал Ч.Ганхуяг тэргүүтэй Монголын залуу манлайлагчид бүх зүйлийг маш сайхан зохион байгуулж байна. Миний хувьд, энд ирээд дөрөвхөн цаг болж байгаа гэхэд үндэсний хоол идэж, монгол массажинд орж, монголын сүмо тамирчидтай уулзаж амжлаа. Одоо хотоос гадагш гарах аяллуудаа тэсч ядан хүлээж байна. Би Польшоос Бээжингээр дамжаад ирсэн. Ирэхээсээ өмнө мэдээж Монголын талаар судалж, зөндөө олон гоё гоё зураг харсан. Миний олон найз Монголд ирж байсан. Урьд нь судалж мэдсэн зүйлс болон маш сонирхолтой газар орон гэх төсөөллөөс минь одоогоор хол зөрүүтэй юм харагдахгүй байна. Ахиад хэдэн өдөр болоод, цагийн зөрүү гарахаар Монгол орныг илүү сэргэгээр харж, харьцуулж чадах байх.

Та олон салбарт зэрэг бөгөөд амжилттай ажиллаж байгаа залуу манлайлагч хүн. Харин танилцуулгын тань аль хэсэг өөрт тань хамгийн чухал, онцгой болох нь сонирхолтой байна? 

Би банкны салбарт 18 жил ажилласан. Хөрөнгө оруулалтын банк, хувийн банк, Америкийн банк, Швейцарийн банк гээд янз бүрийн банкинд янз бүрийн чиглэлээр ажилласан учраас энэ салбарт багагүй туршлагатай. Үүнээс гадна би урлагт дуртай, амьдралынхаа туршид тодорхой хэмжээгээр урлагийн бүтээлүүдийг туурвиж ирсэн. Сүүлийн 10 жил бол миний хувьд урлагийн хообийгоо шинэ шатанд аваачиж чадсан он жилүүд байлаа. Энэ хугацаанд би Фаберже гэдэг том брэндтэй, мөн алдарт гэрэл зурагчин Терри о Нилтэй хамтран ажиллалаа. Сүүлийн үед би гэрэл зургуудаа метал хавтан дээр хэвлэж гаргаад, дээр нь жинхэнэ алмааз эрдэнэсийг шигтгэн инстолляц маягаар орчин үеийн технологийг урлагт нэвтрүүлж байна. Бас Давост болдог Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалтад үзэсгэлэнгээ гаргасан. Ялангуяа сүүлийн хоёр жилд урлагийн бүтээлүүдээ өндөр зэрэглэлийн арга хэмжээнүүдэд хязгаарлагдмал хүрээнд дэлгэж тавих боломжууд нээгдсэн юм. Жишээ нь, Google- ийн захирлуудын нэг Эрик Шмидтийн хувийн арга хэмжээн дээр үзэсгэлэнгээ толилуулсан. Мөн дуудлага худалдааны чиглэлээр дэлхийд тэргүүлдэг Sotheby’s, Phillips зэрэг байгууллагууд миний уран бүтээлүүдийг дуудлага худалдаагаар гаргасан. Өнгөрсөн жилүүдэд уран бүтээлүүдийг минь цуглуулдаг цуглуулагчид, шинэ уран бүтээлийг минь хүлээдэг фэнүүдтэй болж амжлаа. Тэд миний амьдралыг маш баялаг болгож байна.

Ерөнхийдөө уран бүтээлч хүмүүс сэтгэлийн хөдлөл ихтэй байдаг. Гэтэл сэтгэл хөдлөлөө аль болох дарж ажиллах нь банкир хүний хувьд ажлын нэг онцлог байж магад. Энэ хоёрын тэнцвэрийг та хэрхэн олдог вэ?

Урлагийн мэдрэмж, сэтгэл хөдлөл бүхий зан араншин маань банкны ажилд харин ч тус нэмэр болдог гэдэгт итгэдэг шүү. Учир нь, банкны урлаг ч гэж хэлж болох, банкны ажлыг урлагтайгаар хийх боломж бас байдаг. Банкны салбарт ч, урлагийн салбарт ч аль алинд нь хүн өөрийн зөн совинд итгэх шаардлага маш их тулгардаг. Түүнчлэн аль алинд нь үйл ажиллагаа тодорхой дэс дараалалтай явагддаг. Үүгээрээ ижил. Тиймээс энэ хоёр чиглэл нэг нэгийгээ нөхөж явдаг юм болов уу. Миний хувьд сүүлийн жилүүдэд банкны салбарт өндөр зэрэглэлийн үйлчлүүлэгчдээ хариуцан ажиллаж байна. Тэдгээр хүмүүсийн дотор уран зураг, урлагийн бүтээл цуглуулагчид олон байдаг. Үнэн хэрэгтээ банкны салбарт урлагийн хообийтой хүмүүс, уран бүтээлчид олон байдаг, гэхдээ яагаад ч юм зарим нь үүнийгээ нуудаг. Магадгүй банкир гэхээр л нэг тийм албархуу маягийн хүн байх ёстой гэсэн ойлголт нийгэмд байдагтай холбоотой биз ээ. Би өөрөө ч гэсэн залуу байхдаа энэ чанараа нуудаг л байсан. Одоо бол үгүй. Энэ хоёр салбар бол яалт ч үгүй миний амьдралын чухал хэсэг юм.

Тэгвэл сэтгэл хөдлөл, мэдрэмжлэг байдал банкир хүнд харшлах тохиолдол гардаг уу?

Огт харшилдаггүй гэж бодож байна. Дээр хэлсэнчлэн, урлаглаг байдал банкны ажилд тус нэмэр болдог гэж ойлгодог. Урлагийн хүн сэтгэл хөдлөлтэй байхаасаа илүүтэй аливаа зүйлийг өөртөө гүн шингээж, тусгаж авдаг. Энэ нь урт хугацааны харилцаа үүсгэхэд ихээхэн тус нэмэр болдог. Мэдээж банкны салбарт урт хугацааны хамтын ажиллагаа чухал. Урт хугацааны хамтын ажиллагааг бий болгоход зөвхөн тооны асуудал биш, хувь хүний харилцааны асуудал, харилцагчаа ойлгох, тэр хүний оронд өөрийгөө тавьж үзэх гэх мэт шаардлагууд гардаг. Нэмж хэлэхэд, банкир гэдэг чинь бас л хүн шүү дээ /инээв/. Банкир гэхээр л хүмүүс заавал нэг албархуу, хөндий хүйтэн, биеэ барьсан байдалтай байх ёстой мэтээр ойлгодог. Үнэн хэрэгтээ, хамгийн амжилттай банкирууд бол хүнлэг, нийтэч хүмүүс байдаг. Тийм хүмүүс банкны ажлаа урлаг туурвиж байгаа мэтээр хийдэг.

Та “Британийн төлөөх тулалдаан” /Battle for Britain/ киноны продюсерээр ажилласан. Энэ кино хэрхэн амжилтанд хүрсэн тухай, тэр төсөл дээр ажиллахад ямар бэрхшээл тулгарсан талаар ярьж өгнө үү?

Энэ бол эгэл биш төсөл байсан. Уг киноны зохиолыг бичсэн хүн надад продюсерээр ажиллах санал тавьсан юм. “Британийн төлөөх тулалдаан” киноны гол мессэж нь Британийн тулалдаанд польш дайчид яаж эрэлхэгээр оролцсоныг үзүүлэх зорилготой байсан. Ингээд, би өөрөө польш хүний хувьд, бас эх оронч хүний хувьд уг төсөл дээр ажиллахаар шийдсэн юм. Лондонд Польш мэргэжилтнүүдийн нийгэмлэг гэж байдаг. Тус нийгэмлэг байгуулагдсаны дараа энэ кино хийгдсэн нь зүй ёсны тогтол байсан гэж болно. Польш мэргэжилтнүүдийн нийгэмлэгийн олон хүн энэ кинонд хөрөнгө оруулсан. Хэдийгээр “Британийн төлөөх тулалдаан” нь маш том төслөөр бүтээгдээгүй ч мэдээж хүмүүсийн туслалцаа хэрэгтэй байсан. Нөгөө талаас, энэ кинон дээр арын албаныхан, жүжигчид гээд маш чадварлаг хамт олон ажилласан. Төсөлд оролцсон бүх хүн анхнаасаа л сэтгэл зүрхээ зориулж, зүгээр нэг мөнгө олох арга хэрэгсэл гэдэг үүднээс хандаагүй учраас энэ энерги нь өөрөө боломжгүйг боломжтой болгож, асуудлуудыг шийдээд явчихсан. Кинонд ажиллах нь өөрөө маш гайхалтай аялал байсан гэж болно. Төслийн үеэр олон гайхалтай хүмүүстэй танилцсан. “Индиана Жонс”, “Оддын дайн”, “Трой” зэрэг кинонд тоглосон жүжигчин Жулиан Гловер гол дүр болох польш нисэгчийн дүрийг амилуулсан. “Британийн төлөөх тулалдаан” кино нь түүх үгүүлсэн боловч баримтат кино биш, орчин үеийн нөхцөл байдалд өрнөж буй инээдмийн кино учраас хүмүүст илүү хүрсэн болов уу. Польшийн эрэлхэг дайчдын гавьяаны тухай мессэжийг олон нийтэд шууд бусаар, нууцлагдмал байдлаар хүргэж чадсан гэж бодож байна. Яах вэ, миний хувьд урьд нь киноны салбарт ажиллаж байгаагүй учраас бүх зүйлийг явцын дунд сурах шаардлага тулгарсан нь хамгийн том бэрхшээл байсан. Хэдийгээр 13-хан минутын богино хэмжээний кино ч гэлээ яг л том хэмжээний кинон дээр ажиллаж буйтай ижил цаг хугацаа, хүч чадал шаардсан шүү.

Та өөрийгөө эх оронч гэлээ. Таны бодлоор, эх оронч байна гэж яг ямар байхыг хэлэх вэ?

Эх оронч байна гэдэг нь хаанаас гаралтай, хаана өсч торнисон, хаана боловсрол эзэмшсэн бэ гэдгээ мартахгүй байхыг л хэлдэг юм болов уу. Хэдийгээр би 20 гаруй жил гадаадад амьдарч, миний хүүхдүүд Англид төрсөн ч манай гэрийнхэн, найзууд маань өнөөг хүртэл Польшдоо аж төрж байна. Би өөрийгөө польш хүн гэдгийг маш ихээр мэдэрдэг. Тиймдээ ч Польш улсаа сурталчлахыг ихээхэн чармайдаг. Польш улсын тухай, польш хүмүүсийн талаарх буруу ойлголтуудыг засч залруулах оролдлогуудыг маш их хийдэг. Та Польшид ирээрэй л дээ, Польш руу шууд нислэг байхгүй ч Бээжингээр дамжаад ирж болно шүү.

Олон салбарт зэрэг бөгөөд амжилттай ажиллахад юу таныг түлхэж өгдөг юм бэ? 

Би аливаа зүйлээс амархан уйддаг, олон ургальч зүйлээс таашаал авахыг хүсдэг гэх үү дээ. Гэхдээ миний ажиллаж буй салбарууд эцсийн эцэст бүгд хоорондоо тодорхой хэмжээгээр холбогдож байдаг. Тухайлбал, банкны салбар, урлагийн салбарын аль аль нь хүмүүстэй сайн харилцаа тогтоох үйл явц дээр суурилдаг, олон хүн хамтраад нэг төсөл дээр ажиллах л тухай юм шүү дээ. Хүмүүстэй харилцах нь надад ихээхэн таашаалыг авчирдаг. Үүний сацуу мэдээж маш олон зүйлийг сурдаг. Юу ч сурахаа больсон цагт хүн мөхнө гэдэгт итгэдэг. 

Таны карьерийг харахаар хувийн амьдралдаа, өөртөө зориулах цаггүй юм шиг л санагдаж байна. Гэтэл та ийм амжилттай ажиллахын сацуу маш залуухан, бас их үзэсгэлэнтэй харагдаж чадаж буйн нууц нь юу юм бэ? 

Маш их баярлалаа. Би тийм ч залуу биш ээ, хоёр хүүхэдтэй ээж хүн /инээмсэглэв/. Миний хувьд олон төрлийн ажил хийж буйгаасаа маш их эрч хүч авдаг. Миний хийж буй ажлууд бол ажил биш таашаал юм. Хийж буй ажлаа хэцүү, хүнд гэж боддоггүй, ажил маань өөрөө таашаал өгдөг учраас энэ нь өөртөө цаг зарцуулж байна гэсэн үг л дээ. Яах вэ, яг хувьдаа зарцуулах цаг хангалттай биш байдаг, гэхдээ л би фитнест явж, эрүүл мэнд, гоо сайхандаа анхаарахыг аль болох хичээдэг. Ер нь бол янз янзын төсөлд сэтгэлээсээ хандаж ажилласнаар өөрийгөө илүү эрч хүчтэй байлгадаг гэж бодож байна. 

Сүүлчийн асуулт. Гэрэл зурагчин хүний нүдэнд Монгол орны юу хамгийн түрүүнд фокуслагдсан бэ? 

Би хүмүүсийн зан араншинг хальсандаа буулгахыг хүсдэг. Энэ удаад хөтөлбөр маш шахуу байгаа учраас дараагийн удаад зураг авах гэж зорьж ирэх байх аа. 

Ярилцлагыг: Ж.Баярхүү

Эх сурвалж: "НийслэлGuide" №64/ 2017 есдүгээр сар