Франческа Коломбо: Би бол хувьсгалч хүн

Нийтлэл / Нийслэл guide
2017 оны 09 сарын 27

Италийн дуурийн театрыг 30 гаруй насандаа ахалж, хамгийн залуу захирлаар нь тодорч байсан Франческа Коломботой ярилцахуй соёл урлагийн тухай хязгаарлагдмал ойлголт минь эрхгүй тэлэв. Тэрбээр хэний ч зүрхэлж байгаагүй төслүүдийг хэрэгжүүлж, эх орондоо соёл урлагийн хувьсгалыг дэгдээсээр иржээ.

Хоёр ч дуурийн театрын захирлаар ажиллахын зэрэгцээ та сонгодог хөгжмийн Страдивариус фестивалийг зохион байгуулсан. Монголд фестивалиуд болдог ч одоогоор тоотой хэд нь л чанартайд тооцогдож байна. Фестивалийг мэргэжлийн өндөр түвшинд зохион байгуулахын тулд юун дээр голчлон анхаарах ёстой вэ?

Хүмүүс урлагийн таашаал авахын тулд фестивалийг зорьдог. Тэдэнд дээд зэргийн таашаал өгөхийн төлөө ажиллаж, нарийн деталь болгонд анхаарлаа хандуулах хэрэгтэй. Үзэгчид чадварлаг хөгжимчидтэй тоглолтоос гадна найрсаг үйлчилгээ, тав тухтай орчинг хүсдэг. Тэд цэвэр цэмцгэр ариун цэврийн өрөө, түвэг чирэгдэлгүй дугаарлалт, чанартай хоол унд гээд нарийн зохион байгуулалтыг ихэд үнэлдэг. Би Милан, Турин хотод нэгэн зэрэг болдог фестивалиудыг зохион байгуулж байлаа. Хорин өдрийн турш 200 тоглолт хийхэд амаргүй байсан ч би оролцогчид болон зочдоо найрсаг, халуун дотно угтаж, анхаарал халамж тавьж чадсандаа баярладаг. Анхаарал халамж жижигхэн зүйлсээр ч илэрч болно. Жишээ нь, өрөө рүү нь кофе, шоколад зөөлгөх, тоглолтын дараа оргилуун дарс хамт уух санал тавих гэх мэт. Урлаг бол сэтгэл дотор мэдрэгддэг гайхалтай зүйлсийн нэг. Иймд чин сэтгэлээсээ л хандах хэрэгтэй. 

Аливаа төсөлд санхүү голлох хүчин зүйл биш гэдгийг та анх хэрхэн мэдэрсэн бэ?

Дуурийн театрын захирлаар ажиллах санал ирэх үед урлагийн салбарт санхүүгийн асуудал хурцаар тавигдаж байсан болохоор хүмүүс надад татгалзахыг зөвлөж байв. “Урлаг, соёлын салбарт мөнгө асуудал биш ээ” гэж би тэдэнд хэлсэн юм. Байгаа боломж, нөөцөө зөв ашиглаж чадвал амжилтанд хүрнэ гэдэгт би итгэсэн. Тиймдээ ч Флоренцийн уламжлалт болон шинэ дуурийн театр, Миланийн хөгжмийн консерваторийн захирлаар тус тус ажиллаж байлаа. 

Монголын уран бүтээлчид зөвхөн дотоодын зах зээлдээ найдаж суулгүй, олон улсын тавцанд гарах ямар боломжууд байна вэ. Тухайлбал, фестивалиудад хэрхэн оролцох боломжтой бол? 

Уран бүтээлч хүмүүс бизнесмэнүүд биш болохоор маш эрч хүчтэй олон улсын төлөөлөгчтэй байж өөр улс орнуудын зах зээлд танигдана. Нөгөө талаас төр засаг, төрийн бус байгууллагуудаас тусламж авч бас болно. Жишээ нь, Канадын төр засаг жил бүр соёл урлагийн салбарын тэргүүлэгч байгууллагуудын удирдлагуудыг эх орондоо урьж, хамгийн шилдэг авьяастнуудынхаа тоглолтыг толилуулдаг. Ингэснээр тэдэнд дэлхийн өнцөг булан бүрээс тоглолтын урилга авах үүд нээгддэг. Монголын уран бүтээлчид энэ бүхнийг туршиж үзэх хэрэгтэй. Надад монголын хөөмэй гайхалтай санагдсан. Хэрэв италийн театрт хөөмэйг танилцуулбал бид монголчуудыг жилд нэг удаа ч юм уу урихдаа таатай байх болно. 

Танд уран бүтээлчидтэй хамтран ажиллахад бэрхшээлтэй санагддаг уу?

Би чинь төгөлдөр хуурч мэргэжилтэй, бакалавр зэрэгтэй хүн. Тийм болохоор ч тэр үү, уран бүтээлчидтэй санаа их нийлдэг. Урлагийн салбар нь ямар нэгэн үйлдвэр, эсвэл санхүүгийн компани биш учраас уран бүтээлч хүмүүсээс хатуу дэг журмыг шаардаж болдоггүй. Тэдэнтэй харилцан ойлголцож, сонсож, чиглүүлэх хэрэгтэй. Тэдний хувьд луужин нь байхын тулд илүү их мэдлэгтэй, боловсролтой, мэдрэмжтэй байх шаардлага тулгардаг. 

Улаанбаатар хотын урлагийн салбарт залуу хүмүүс давамгайлж байгаа нь анзаарагдлаа. Энэ сайн хэрэг шүү. Италид тийм биш. Италийн театрт ажиллаж буй хүмүүсийн дундаж нас 50-60. Би залуучуудтай хамтран ажиллах дуртай. Тэд илүү эрч хүчтэй, туршилтаас айдаггүй, өөрийгөө харуулахыг хүсдэг.

Монголд танайх шиг дэлхийд данстай театрын брэнд бий болоогүй байна. Хэдий тийм ч, жишээ нь манайд 2011 оны Чайковскийн нэрэмжит уралдааны II байрын шагналт Э.Амартүвшин гэдэг баритон хоолойтой дуучин бий. Түүн шиг авьяаслаг дуучдаа бид дэлхийд хэрхэн таниулах вэ?

Уран бүтээлчид цор ганц авьяасаараа бус, улсынхаа соёл урлагийн тогтолцоогоор олон улсад танигддаг. Би монголын соёл, урлагийн боловсролын тогтолцоо ямар вэ гэдгийг мэдэхгүй ч та нарыг суурь бааздаа анхаараасай гэж хүсч байна. Боловсролын тогтолцоо хүчирхэг болсноор дэлхийд танигдаж үнэлэгдэнэ. Италид Төгөлдөр хуурын академийн тэмцээн болдог юм. Энэ онд Хятад, Японоос маш олон авьяаслаг хүүхдүүд ирж оролцсон. Тэдний сургуулийн төлөөлөгчид италийн хөгжмийн академитай харилцаа холбоо тогтоож, сурагчдын, багш нарын солилцоог эхлүүлэх санал тавьж байна билээ. Монголын сургуулиуд ч гэсэн тэгж болно шүү дээ. Олон улсын харилцааны үр шим хөгжмийн боловсролд маш их нөлөө үзүүлдэг. 

Та төгөлдөр хуурч, бас мэргэжлийн инженер хүн. Хос мэргэжилтэй атал соёл урлагтаа үнэнчээр үлдсэн нь сонирхол татаж байна? 

Би барилга, гүүр, зам барих техникийн ажлаас татгалзсан. Ашгийн бус салбар буюу соёл урлаг, хөгжим, эсвэл эмнэлгийн менежментийн инженерчлэл надад илүү ойр санагдаж байлаа. Багш нар маань надад “Чи дэндүү энэрэнгүй сэтгэлтэй байна. Гэвч чи инженер болох ёстой!” хэмээн сануулдаг байсан юм. Харин би зөрүүдэлж, “бослого дэгдээсэн” ч намайг дэмжиж, дипломны ажлыг маань удирдах багш олдсон л доо. Би их сургуулийнхаа захиралтай ч үзэл бодлоо солилцож зүрхэлсэн. “1995 он ирчихээд байхад соёл, урлагийн менежментийн инженерчлэлийн тухай ярихад дэндүү эрт байна гэж үү?!” хэмээн би түүнээс тулган асууж байсан юм. Тэрбээр “Манай нийгэм бэлэн биш байна. Гэхдээ оролдоод үзье” гэснээс хойш би шийдвэртээ бат итгэх болсон. Би зорилгодоо хүрч чадсанаараа бахархдаг. Одоо би аливаа хурал, хэлэлцээрт оролцохдоо соёл урлаг нь италийн хөгжилд стратегийн чухал ач холбогдолтой хэмээх ойлголтыг өгдөг болсон. Нэг үеийг бодвол улстөрчид соёлын өвдөө зүй зохистой үнэлэмж өгдөг болсонд баярладаг.

Италийн театрууд ямархуу байдлаар үзэгчидтэйгээ харилцаа холбоо тогтоодог вэ? 

Би бол хувьсгалч хүн. Флоренцийн театрын захирлаар ажиллаж байхдаа би жазз хөгжимчнийг сонгодог оркестртай хамт тоглуулах санаачилга гаргаж байлаа. Мөн Италид хамгийн анхны хүүхдийн дуурь буюу таван настнуудад зориулсан хөтөлбөр, брошюр, тайзны чимэглэл бүхий дуурийг тавьж байсан. Би зоригтой, шинэчлэл болж чадахуйц ажил хийхийг илүүтэй хүсдэг. Сонгодог урлаг энтертэйнмэнттэй өрсөлдөхийн тулд шинэлэг хэв маягийг туршиж, шинэ үеийн үзэгчдийг татах хэрэгтэй. Гэхдээ театр бол театраараа л үлдэнэ. Хэзээ ч Imax театр болж болохгүй. Театр руу явах нь аялахтай адил байх ёстой. Бид үзэгчдээ багаас нь хүмүүжүүлж, театртай танилцуулах хэрэгтэй юм. “Хүүхэд дуурь ойлгохгүй” гэх түгээмэл ойлголтоосоо бид салах цаг болсон. 

Манайд “Авьяаслаг монголчууд”, “Яг түүн шиг” гэх мэт телевизийн шоу хөтөлбөрүүд хамгийн олон үзэгчтэй байдаг. Тэндээс ээлжит Ромазотти төрөх магадлал бий юу? 

Надад шоу хөтөлбөрүүд таалагддаг. Тэд соёл урлагийн тухай мэдлэгийг олонд түгээхэд багагүй үүрэг гүйцэтгэдэг. Гэвч хүн дан ганц авьяасаараа амжилтанд хүрдэггүй. Урлаг ч бас дэг журмыг шаарддаг. Соёл урлагийн салбарт амжилт гаргахын тулд номын дуу сонсож, арга барилд нь суралцахаас өөр арга зам байхгүй. Яах вэ, авьяастай хэрнээ ямар ч хөгжмийн боловсролгүй оролцогчдод сайн багш таарч, азын тэнгэр ивээснээр амжилтанд хүрэх боломж хааяа бий.

Та их сургуулиудад урлагийн менежментийн хичээл заадаг. Оюутнуудаасаа юу хүлээдэг вэ? 

Би багшлах дуртай. Хий хоосон зүйлсийн тухай ойлголтоос татгалзаж, бусдыг татах хүчтэй болоорой гэж оюутнууддаа зөвлөдөг. Уран бүтээлч, урлагийн менежер хэмээх хоёр мэргэжлийн зааг ялгааны талаар би ярьдаг. Уран бүтээл хийхийг хүсч байгаа бол уран бүтээлч бол, харин тоглолт, үзэсгэлэн зохион байгуулмаар байгаа бол урлагийн менежер бол гэж зөвлөдөг. Цаашилбал, соёл урлаг бол хүн төрөлхтний асуудлаас хол хөндий биш, харин ч гол цөмд нь байдаг зүйл юм. Дэлхийн дулаарал, цахимын хувьсгал, цагаачлал, терроризм зэрэгтэй соёл урлагийг холбож ярихад оюутнууд их гайхдаг. Тухайлбал, өнөөдөр Италийн хувьд цагаачлал том асуудал болж байна. Цагаачлан ирж буй хүмүүс биднээс огт өөр соёл урлагийг тээгчид гэдгийг санах хэрэгтэй. Соёл урлаг бол хүн бүрийн ДНК-д бичигдсэн хүчирхэг зүйлсийн нэг юм. Тиймээс, соёл, урлагийн салбарт ажиллах хувьтай төрсөн гэж өөрийгөө боддог бол дэлхийн нэгээхэн хэсэг болох учиртай. 

Ярилцлагыг: З.Золбоот

Эх сурвалж: "НийслэлGuide" №64/ 2017 есдүгээр сар