Ч.Уранхолбоо: Би “Алдарт эх” болно

TIME TO TALK / Э. Сайнзаяа
2017 оны 09 сарын 26

“Time to talk” ярилцлагын буланд энэ удаад олны дунд дуучин Ану нэрээрээ танигдсан Ч.Уранхолбоог урив. Арван хэдхэн наснаасаа их урлагт хөл тавьж, олон ч жил хэвлэлд сайн муугаар бичигдэж явсан тэрбээр өдгөө гурван охины ээж, айл гэрийн эзэгтэй болжээ. 

Сүүлийн хэдэн жил та уран бүтээл хийсэнгүй. Юу хийж байна вэ?

Хувийн амьдрал, гэр бүлдээ илүү их цаг гаргаж тэдэндээ анхаарал хандуулж байна. Хааяа зарим нэг газрын нүүр царай болж, маркетинг хийгээд л... Ихэвчлэн гоо сайхны эмнэлгүүдтэй хамтарч ажилладаг. Ойр ойрхон нярайлсан болохоор бие галбиртаа анхаарч, хэвэндээ ороход их хугацаа зарцуулагддаг юм байна. Хөхүүл хүүхэдтэй болохоор уран бүтээлдээ анхаарч чадахгүй байгаа. Том охин маань дөрвөн настай, дүү нь хоёр настай, бага маань есөн сартай. Би “Алдарт эх” болно. Тэрнийхээ дараа хүүхэд хөгшчүүдэд хандсан олон зүйл хийнэ гэсэн бодолтой байгаа.

Олон бага насны хүүхэдтэй гэхэд та биеэ их сайхан авч явах юм. Ихэнх эмэгтэйчүүд төрсний дараа мярайлж, хэсэгтээ л урьдын жинд очиход хүндрэлтэй байдаг.

Бүхэл бүтэн хүн төрүүлж байгаа юм чинь жин нэмэх нь бол байх л асуудал. Хөхөндөө сайн сүү оруулахын тулд шим тэжээлтэй, илчлэг хоол хүнс хэрэглэх шаардлага гардаг. Миний хувьд төрсний дараах таргалалтыг байх ёстой зүйл гэж боддог. Эмэгтэй хүн давж гарах ёстой. Би байгалиасаа их сонин хүн л дээ. зүгээр сууж чаддаггүй. Төрчихөөд л буцаад ажилдаа орчихдог. Гэхдээ ажил хийлээ гээд үр хүүхдээ анхаарахгүй байна гэсэн үг биш. Аливаа юмыг тэнцвэртэй байлгах их чухал. Хүүхдэдээ ч анхаарал тавьж, ажил төрлөө амжуулж, хувь хүний орон зай, бизнест цаг гарган тодорхой хэмжээнд гоо сайхнаа алдалгүй авч явахыг хичээдэг. 

Энэ олон ажлын хажуугаар ээжийн үүргийг хэр гүйцэтгэж байна вэ?

Үр хүүхэд бол хамгийн том бэлэг гэж би боддог. Тэд аав ээжийнхээ хамгийн том багш нь болдог. Бидэнд мэдэхгүй чадахгүй маш олон зүйл байдаг. Гэсэн хэдий ч тэдэндээ зориулаад илүү ихийг сурах шаардлага гардаг. Хүүхэд тойрч амьдрал илүү гоё цэцэглэж хөгждөг. Шинэ хүүхэд төрөх бүрт л өөр нэг шинэ зорилго бий болдог. Миний хувьд ойрхон гурван удаа хагалгаагаар төрсөн. Эрсдэл ихтэй байсан ч би охидоороо бахархдаг. Охин хүүхдүүд учраас маш их  анхаарал шаарддаг. Нэг л өдөр арьс, нүүрийг нь тослохгүй, долоо хоногт хоёр удаа хумсыг нь авахгүй бол арчилгаа дутагдаж байгаа нь мэдрэгддэг. Байнга л витаминыг нь уулгах ёстой гэх мэт. Эдгээрийн хажуугаар мөн хүн болж төлөвшөхөд нь ээж нь их анхаарч байна. Заримдаа нөхрийнхөө гоо сайханд ч анхаарах шаардлага гарна. 

Төрөхийн өвдөлтийг мэдэрсэн үү. Эсвэл шууд л төлөвлөгөөт хагалгаанд орчихсон юм уу?

Том охин маань буруу байрлалтай байсан учир хяналтын эмч маань өөрөөрөө төрөх боломжгүй гэсэн дүгнэлт гаргаж хийсвэр хагалгаагаар төрсөн. Хүмүүс хийсвэрээр төрөхөөр гэдэс арилдаггүй л гэдэг.  Би бол үүнтэй санал нийлэхгүй. Суларсан гэдсээ арилгаж болно шүү дээ. Бүсгүйчүүд маань өөрийгөө өөрчлөх тал дээр эрэл хайгуул хийж, өөрийгөө хөгжүүлэх хэрэгтэй. Эмэгтэй хүн бол дэндүү их тэсвэр тэвчээртэй, зоригтой. Бүгдийг даваад гарч чаддаг. 

Нөхөр нь хэр тусалж байна вэ?

Хүүхдүүдийн хувьд ээжээс үг сонсох, ааваас үг сонсох их өөр өөр байдаг юм шиг байна лээ. Аавынхаа үгэнд их сайн ордог. Хоолоо дуустал нь иддэг ч гэх юм уу. Намайг байхгүй үед нөхөр маань хүүхдүүдээ их сайн анхаарч халамжилдаг. Хааяа охидоо сахилгагүйтэхээр өндөр дуугаар ярина. Би бол тэрнийх нь эсрэг байдаг. Нөхөртэйгөө их ярилцдаг. Ер нь эмэгтэй хүн дотоод хүчийг эр нөхрөөсөө мэдэрдэг юм болов уу гэж боддог. Эмэгтэй хүний дотор хань ижил, хайртай хүнээсээ авах дулаан энерги маш том хүч, зориг өгдөг. Би ганц бие байхдаа юу ч хийхээс айдаггүй, их зоримог байлаа. Одоо гэр бүлтэй болчихсон учир бүхий л зүйлийг тооцоолно. Харин нөхөр маань намайг дэмжиж, хайрлаж халамжилдаг учир би зоригтой байдаг. 

Олны танил байх сайхан юм шиг хэрнээ эргээд дааж давшгүй хүнд ачаа үүрүүлчих шиг санагддаг. 

Хүн сонгосон замынхаа сайнтай болон саартай зүйлийг аль алийг нь л дааж явах ёстой. Урлагийн хүн болоод сайн сайхныг нь мэдэрч явчихаад саад бэрхшээл тулгарангуут хаяад шантрах хэрэггүй гэж боддог. Энэ бол байх ёстой амьдралын хууль. Хар цагаан хосолдог хорвоо шүү дээ. Би урлагийн зам сонгосондоо хэзээ ч харамсдаггүй. Надад сайн сайхан найз нөхөд, хань ижил өгсөн. Миний хань чинь надтай холбоотой мэдээллийг нойлд байсан ч сөхөж үздэг байсан гэсэн. Бага залуудаа урлагт орсон болохоор цаг барьдаг, сэтгэлийн дархлаа өндөр болсон. Надад хэцүү цаг үе байсан ч би бүгдийг даваад гарчихсан. 

Заримдаа хийгээгүй зүйлийнхээ төлөө буруутгал, зэмлэл хүртэх ч хэцүү шүү. Гэхдээ таныг хагалгаанд орсон, хиймэл хүүхэн гэж ярьдаг. Та ямар гоо сайхны хагалгаа хийлгэсэн бэ?

Би гоо сайхны эмнэлгүүдтэй гэрээ байгуулж байсан. Тэр эмнэлгүүдэд хандах бүсгүйчүүд маш олон. Оочер, цаг бол завсаргүй ш дээ. Хөдөө орон нутаг, гадаадаас хүртэл үйлчлүүлэгчид ирдэг. Бид ийм нээлттэй цаг үед амьдарч байгаа. Эндээс юу харагдаж байна вэ гэхээр ганцхан би өөртөө арчилгаа хийгээд, ганцхан би өөрөө өөрийгөө өөрчлөөд яваад байгаа юм биш. Би алтан утас нүүрээрээ гүйлгэж, хамраа өндөрсгөсөн үнэн. Гэхдээ “Би энэ эмнэлгээс ийм үйлчилгээ авлаа” гээд  яриад байгаа болохоос биш энэ бол бүх нийтийн хэрэгцээ. Өөртөө анхаардаг эмэгтэй хүн болгоны хэрэгцээ болчихсон. Тийм болохоор иймэрхүү ховын чанартай юм ярьж байгаа хүмүүс далдуур өөрсдөө ч хийлгэсэн байхыг үгүйсгэхгүй. Шаардлагатай гэж үзвэл хүн өөртөө өөрчлөлт хийх ёстой. Бид тийм эрхтэй шүү дээ. Яагаад гоо сайхны хагалгаа хийлгэж болохгүй гэж. Дэлхий нийтэд ч оддын жишиг тогтчихсон байна. Хамгийн алдартай хүмүүсийн эхнэрүүд гоо сайхан л байдаг. Хүлээн зөвшөөрөх хэрэгтэй шүү дээ. 

Та ямар эмэгтэй хүнийг сайн сайхан эмэгтэй гэж хүлээн зөвшөөрөх вэ? Сайхан хүүхэн сайхан хүүхэндээ дургүй ч гэж үг байдаг. 

Харагдах байдал нь гоё сайхан хэрнээ дотоод сэтгэл нь таван үг солиход хэн нэгнийг муулдаг, хүн шүүдэг хүмүүсийг эмэгтэй хүн болох болоогүй байна даа л гэж боддог. Төгс гэдэг зүйл байдаггүй ч сул талаа хүлээн зөвшөөрөх нь сайн зүйл биш. Хийж буй зүйл бүрээ л төгс хийх хэрэгтэй юм болов уу. Эмэгтэй хүн ер нь дотоод сэтгэлээ удирдаж чаддаг, оюун санааны хувьд  эрх чөлөөтэй болчихсон байх л их сайхан санагддаг. Өмнө нь би эмэгтэй хүн ээж болоод төгс болно гэж боддог байсан бол одоо хүүхдээ зөв хүмүүжүүлэх илүү чухал санагддаг болсон. Цаг цагтаа өөрийгөө хөгжүүлдэг, хайраар дүүрэн эмэгтэйг л би төгс гэж хэлмээр байна.

Ингэхэд та дуучин болоогүй байсан бол юу хийдэг, ямар хүн байх байсан бол?

Бизнес л хийх байсан байх. Гэхдээ тэр нь хэт их мөнгөнөөс хараат биш. Бусдад тусласан, хол зүйлийг нь ойртуулдаг ч юмуу. Жижигхэн улс оронд амьдарч байгаа болохоор дутуу дулимаг зүйл хийхийг хүсдэггүй. Хүнд туслах их сайхан. Би эмч болно гэж боддог байлаа. Гэхдээ надад тохирохгүй. Би чинь их өрөвч хүн шүү дээ. Тэгээд л эрхзүйчээр сурсан. Цагдаагийн Академид сурдаг байлаа. 

Ер нь оюутан байхдаа ямар охин байв?

Би аавынхаа заавар зөвлөгөөгөөр Цагдаагийн акдемид элссэн. Гэхдээ ёстой хичээлээ хийж амждаггүй завгүй оюутан байсан. Хичээл эхлэхээс өмнө 30 минутын дотор дэвтрээ сөхөн хичээлээ бататгаад авдаг байсан. Бусад үеээрээ хамтлагийнхаа ажилд илүү анхаарч, бэлтгэл хийдэг байсан. Болороо бид хоёр хүүхдийн ордонд сурдаг байсан юм. Тэгээд арван жилээ төгсөөд СУИС дээр бэлтгэл хийдэг байлаа.

Болороотойгоо холбоотой байдаг уу?

Бид байнга чатаар холбогддог. Тэр маань хоёр хүүхдийн ээж болсон. Арван жилийн нөхөрлөл гэдэг утгаараа бид их нандин харилцаатай. 

Та аз жаргалыг юунаас мэдэрдэг вэ?

Бүх зүйлийг өөрийнхөөрөө зохицуулах дуртай. Тав тухтай байдал л аз жаргал мэдрүүлдэг. Өөрөө бүх зүйлийг удирдаж хийх л чухал байдаг гэхүү дээ. “Яг түүн шиг” шоуны анхны дугаарын урилга надад ирээд оролцохоор болоод явж байтал би жирэмсэн болсноо мэдсэн. Тэгээд л татгалзаад гарч байх жишээний. Ажлын санал, боломжит хувилбаруудаас би гэр бүлээсээ болж татгалздаг. Амьдралын маань утга учир гэр бүл минь болсон.

Урлагийн салбарт багтаж л байгаа бол зарим нэг зүйлсээ золиослох хэрэгтэй болдог гэдэг. Магадгүй ар гэртээ анхаарал тавихаа больдог ч юм уу жишээ энэ салбарт олон.

Үүнийг хэлэх буруу ч байж магадгүй. Үлгэр дуурайл авахуйц урлагийн олон сайхан хүмүүс байдаг. Гэхдээ үнэхээр тэд золиос гаргадаг. Нөхөж болшгүй зүйл бол гэр бүл. Карьерынхаа төлөө гэр бүлээ хойшлуулж болохгүй. Оройтож амьдрал эхлүүлэх хэцүү. Хүүхдүүд нь жаахнаараа, өөрөө нас ахичихсан гэх мэт. 

Таны дүү Номинхолбоог хүмүүс их шүүмжлэх юм?

Дүү маань миний нөлөөллөөр тодорхой хэмжээнд хүмүүсийн анхааралд өртчихсөн. Тэр маань хотын гудамжинд алхаж гунхаж явахаас илүү нүүрээ будалгүй, пүүзээ өмсөөд л гүйдэг тийм л энгийн эгэл хүн. Олны танил болохыг хүсдэггүй тайван өөрийнхөөрөө амьдрахыг хүсдэг даруухан охин. Миний дүүг танихгүй мэдэхгүй хэрнээ шүүмжилж байгаа бол инээдтэй л зүйл. Тэр хүн амьдралын төлөө маш их зүтгэдэг. Миний дүү шиг хөдөлмөрлөж үз, энэ зэрэгтээ амьдарч үз. Тэрний дараа бүх зүйл үлгэрийн юм шиг байдаггүйг мэдэр л гэж хэлмээр байна. Хүмүүс танай дүү чамаас илүү айхтар гэдэг. Тийм биш. Тэр маань үнэхээр цайлган цагаан хүн. Би дүүгийнхээ хөдөлмөрч, тууштай байдлыг хүндэлдэг. Хэвлэлд бичдэг шиг хүн биш л дээ. Хүүхдүүд маань Номико аниадаа их хайртай.

Та гэртээ ямар байдаг вэ. Яагаад ч юм таныг эзэгтэйн дүрээр төсөөлөхгүй байна л даа?

Заримдаа романтик байхыг боддог. Ялангуяа нөхөртэйгөө хоёулаа байхдаа гэрийн хувцастай байгаад байх нь онцгүй. Хүн чинь гоё сайханд дуртай. Гоо зүйг эрхэмлэнэ. Гадуур гарахаараа л гоёж гоодоод, гэртээ навсгар хувцаслах онцгүй ш дээ. Охин маань намайг гэртээ ирэхээр “Ээжээ нүүрнийхээ будгийг арилгаарай” гэж сануулдаг. Нөхөр маань намайг ажилтай үед олны танил болохоор тохируулаад хувцас будгаа сонгохыг зөвлөдөг. Гэхдээ хэзээ ч шүүмжилж байгаагүй. Хүүхдүүдийнхээ төлөө би гэртээ өдөрт хоёроос гурван удаа чийгтэй цэвэрлэгээ хийдэг. Аль болох цэвэрхэн тохитой байлгах гэж хүүхдүүддээ цаг гаргадаг.