Орон нутгийн замд зорчихгүй байхыг анхааруулав

Орон нутаг / Э. Сайнзаяа
2017 оны 09 сарын 26

Энэ сарын 25-27-нд ихэнх нутгаар хүйтэрч, тариалангийн бүс нутгаар шөнөдөө -1-6 хэм хүрч цочир хүйтрэх төлөвтэй тул тариа ногоо цасанд дарагдах, хөлдөх, зам даваа хаагдах, хальтиргаа гулгаа үүсэх зэрэг мал аж ахуй, газар тариалангийн үйлдвэрлэлд хүндрэл учирч болзошгүй байгааг анхааруулж байна.   

Иймд иргэд, жолооч нар орон нутгийн замд хөдөлгөөнд оролцохдоо замын зорчих хэсэг гадаргууны байдалд тээврийн хэрэгслийн хурдаа зөв сонгож аюулгүй байдлаа хангаж хөдөлгөөнд оролцохоос гадна тээврийн хэрэгслийн техникийн бүрэн бүтэн байдлыг хангах, зуны дугуйгаа өвлийн дугуйгаар солих, дулаан хувцас, шатахууны нөөцөө сайтар бэлтгэх, Ус цаг уур орчны хүрээлэнгээс  өгч буй цаг агаарын мэдээнд анхаарах, онцын шаардлагагүй бол орон нутгийн замд зорчихгүй байхыг Цагдаагийн ерөнхий газрын Урьдчилан сэргийлэх хэлтсээс зөвлөж байна.