Татар гаралтай “хар од” ТИМАТИ

Нийтлэл / Нийслэл guide
2017 оны 09 сарын 28

Орост Тимати шиг амжилттай яваа дуучин, энтрепрёнер залуу үгүй. Түүний нээсэн Black Star Burger-т оросын залуус коммунизмын үеийн талхны очерыг санагдуулам урт дараалал үүсгэж зогсдог. Тэрбээр хэдэн жилийн өмнө шөнийн клуб нээхэд мөн л үүн лугаа адил амжилт дагаж байлаа. Тимати оросын бусад оддоос зөвхөн имижээрээ бус, залуучуудад хандсан маркетинг, гүйлгээ ухаанаараа ялгардаг. Түүний брэнд түүх хэрхэн бүтсэн талаар сонирхъё.

BLACK STAR БРЭНД

Тэрбээр хүчирхэг хоолойтой биш ч бусдыг татах увдистай. Энэ чадвараа ашиглаж, өөрийгөө ямар замаар хэрхэн хөгжүүлэхээ сайн мэддэг байжээ. Тиматигийн гүйлгээ ухаан бизнесмэн эцгээс нь өвлөгдсөн аж. Black star гэж өөрийгөө зарласнаас нь болж хүмүүс түүнийг африкийн эрлийз хэмээн эндүүрэх болсон. Үнэн хэрэгтээ түүний аав татар, ээж еврей гаралтай хүмүүс. Тиматигийн жинхэнэ нэрийг Тимур Ильдарович Юнусов гэдэг. 1983 оны наймдугаар сарын 15-нд төрсөн Тимати бага насаа Москвад өнгөрүүлсэн юм. Түүний аав ээж юугаар ч дутаалгүй, элбэг хангалуун өсгөсөн бөгөөд “Тансаг амьдралд би хар нялхаасаа л умбасан” гэж дуулдаг нь хоосон хийрхэл ч биш бололтой. 
Багаасаа авьяаслаг, бүтээлч Тиматиг аав, ээж нь хөгжмийн сургуулийн хийлийн ангид оруулжээ. Гэвч түүний сэтгэлийн дуудлага сонгодог хөгжим рүү биш, хип хоп урлаг руу татагдсан байна. Тимати 13 настайдаа Америкийг зорьсноосоо хойш цаашид өөрийгөө ямар замаар явах ёстойг ухаарсан гэдэг. 

Тэрбээр 1998 онд дотны найзуудтайгаа нийлж VIP77 хамтлагийг үүсгэн байгуулжээ. Тэд дуу зохиож, төрөл бүрийн шоу цэнгээн зохион байгуулж, шоу бизнест хөл тавьжээ. 2000 оноос Тимати үе тэнгийнхнээсээ хол тасарсан Оросын залуу рэппер Децлтэй нөхөрлөх болж, улмаар “Вечеринка” хэмээх хит дууных нь клипэнд тоглосон юм. Хожим нь Децл төрсөн эцэг, продюсер Александр Толмацкийтай мөнгө, санхүүгийн асуудлаар зарга үүсгэж, шүүхдэж, хар тамхинд хэт донтон урлагийн тайзнаас хөндийрсөн юм. Харин түүнийг орлох шинэ од төд удалгүй гарч ирсэн нь Тимати билээ.

МОСКВАГИЙН ШИЛДЭГ ГООНЬ ЭР

Тимати 2004 онд “Фабрика звезд-4” хөгжмийн реалити шоунд оролцсоноор цэнхэр дэлгэцийн од болж чадсан юм. Тэрбээр найзуудтайгаа хамт “Банда” хамтлагийг байгуулж, оросын нэрт хөгжмийн зохиолч Игорь Крутойн удирдлаган дор уран бүтээлээ туурвиж эхэлжээ. Энэ үед Тимати бүх зүйлийг хөндлөнгөөс ажиж, шоу бизнесийн эрэг шургийг тохируулахад суралцаж байсан юм. “Фабрика звезд”-д байхдаа Тимати Алекса хэмээх дуучин бүсгүйтэй үерхэж, үзэгчдийг хувийн амьдралын сенсаацаараа хуйлруулж эхлэв. Түүнээс хойш хэвлэл мэдээллийнхэн Тиматиг олон сайхан бүсгүйтэй холбон бичих болжээ. 

Өдгөө 34 настай дуучин маань саяхан охинтой болсон ч гэрлэлтээр өөрийгөө “хүлсэнгүй”. Тэрбээр нэгэн ярилцлагадаа “Би гэрлэлтээр өөрийгөө хэн нэгэнтэй холбох цаг завгүй явж байна. Гэрлэлтийг ухамсартайгаар хойш тавьж буй минь амьдралдаа ганц л удаа гэрлэхийг хүсдэгтэй холбоотой. Үүний тулд гар ганзаганд, хөл дөрөөнд хүрсэн байх хэрэгтэй. Зарим хүмүүс надад “дэндүү хожимдоно” гэж зөвлөдөг нь хэвшмэл үзэл гэж бодож байна” гэжээ. 
Гэвч түүнд охин төрүүлж өгсөн Алена Шишкова хадмынхаа гэрт үргэлж хүндэт зочинд тооцогддог гэнэ. Тиматигийн ээж Симона Юнусова хүүгийнхээ хуучин найз бүсгүй, зээгийнхээ ээжтэй сайн харилцаатай байдаг нь олонд сайшаагддаг. Симонагийн инстаграм хуудас зээ охиных нь зургаар дүүрэн. Тиматигийн охин балетаар хичээллэдэг бөгөөд аавтайгаа адил хар өнгөнд дуртай аж.

Одоо ч гоонь эрийн тоонд орж яваа Тиматигаас сэтгүүлчид ямар бүсгүйчүүдэд татагддагийг нь асуух дуртай. Тэрбээр 2016 оны наймдугаар сард оросын Космополитан сэтгүүлд өгсөн ярилцлагадаа “Надад муур шиг бүсгүйчүүд таалагддаг. Уян налархай, зөөлөн, ялдамхан. Тэд биеэ хэрхэн авч явахыг мэддэг. Хэзээ юу хэлэхээ, эсвэл юу ч дуугаралгүй зайгаа барихаа ч тэд мэддэг. Мөн мэдээж надад боловсролтой, өргөн мэдлэгтэй, ярилцахад урамтай бүсгүйчүүд таалагддаг” гэж хариулжээ. 

Сайхан хүүхнүүдтэй “орооцолдсоор” байгаа дуучин маань ирээдүйн төлөвлөгөөгөө ярихдаа үргэлж л охин Алиса, мөн ирээдүйн хүүхдүүдийнхээ тухай хөөрөх болжээ. Эцэг хүний аз жаргалыг ухамсартайгаар ойлгосны нэг шинж энэ болов уу.

МОСКВАГИЙН ОРЧИН ҮЕИЙН ШОУ ЦЭНГЭЭНИЙ ТӨЛӨӨЛӨЛ 

Тимати карьерийнхаа эхэн үед R’n’B хөгжмийн шоу, парти зохион байгуулж, улмаар Москвагийн баян чинээлэг гэр бүлийн хүүхдүүдийн дунд нэр хүндийг олж авсан. Удалгүй тэрбээр хэд хэдэн шөнийн клубын промоутероор ажиллаж, дараа нь “B club”-аа үүсгэн байгуулсан юм. Шөнийн клубын бизнес хайруулын тавган доторх халсан тостой адил пүс пас хийгээд л намддаг болохоор Тимати илүү барьцтай бизнесийг судалж эхэлжээ. Ингээд 2006 онд Black Star бие даасан цомгоо гаргав. Тэрбээр олон удаа барууны рэп, хип хоп оддыг хуулбарлан дуурайж, зохиолыг нь хулгайлсан хэмээн шүүмжлэгдэж байлаа. Тухайлбал, анхны цомгийнх нь нүүрний зураг рэппер Тупак Амару Шакурын Until the End of Time цомгийн зурагтай дэндүү адилхан хийгджээ. Гэвч Тимати “оригинал” гэдгээ дээрх лэйблээрээ баталсан гэж хэлж болно. Тэрбээр олон авьяаслаг уран бүтээлчийг лэйблдээ багтааж, танилцуулан сурталчилдаг болов.

Түүний стиль ч өөрчлөгдөж, илүү эршүүд төрхтэй болсон юм. Гэнэн хайрын тухай хип хоп дуулдаг залуу өдгөө оросын попын хаан Филипп Киркоровоос ч айдаггүй, хүсвэл түүнийг ёжлон дуулчихдаг, үргэлж хар хувцсаар гоёдог эр болжээ. Түүний стилийг дуурайдаг олон залуус гарч ирсэн болохоор тэрбээр 2008 онд Sprandi спорт хувцасны брэндтэй хамтран TS Timati for Sprandi коллекцоо гаргав. Харин 2010 онд Black Star Wear нэрийн дор өөрийнхөө хувцасны брэндийг үүсгэн байгуулсан юм. Тимати шиг барууны олон одтой хамтарсан орос дуучин байхгүй. Snoop Dogg, Busta Rhymes, P.Diddy зэрэг одод бүгд түүний The Boss цомог дээр хамтарсан бөгөөд Snoop Dogg Тиматигийн 
Grooveon дууны клипэнд оролцож олны анхаарлыг татжээ. Энэ мөчөөс дуучин маань жинхэнэ “Хар од” болж хувирсан юм. Нэмж хэлэхэд, түүний бүтээлүүд iTunes-ийн шилдэг борлуулалттай орос дууны жагсаалтад багтсаар байна. Welcome to St.Tropez дуу нь 2009 онд үүний эхлэлийг тавьж, Тимати олсон орлогоороо шинэхэн машин худалдан авсан тухайгаа нэгэн хөгжмийн сувгаар ярьж байлаа. Харин сүүлд гарсан “Дорога в аэропорт” дуу нь iTunes-ийн Toп 5-д багтсан байна.

Өдгөө Тиматигийн найз нөхдийн жагсаалтад Бүгд Найрамдах Чечень улсын ерөнхийлөгч Рамзан Кадыров багтдаг. 2014 онд Тимати тус улсын Гавьяат жүжигчин цолыг хүртсэн. 2016 оны есдүгээр сард тэрбээр Москвагийн Шинэ Арбатад Black Star Burger түргэн хоолны газраа нээж, хар бээлийтэйгээр хар бургер амтлахыг нийслэлчүүддээ санал болгосон юм. Үүний хоёр дахь салбар нь Чеченьд нээгдсэн гэнэ. Найз ерөнхийлөгч нь гуйсан юм чинь, арга ч үгүй биз ээ. 

Нийтлэлийг: З.Золбоот

Эх сурвалж: "НийслэлGuide" №64/ 2017 есдүгээр сар