АМЖИЛТЫН НУУЦ

Эдийн засаг / Time Admin
2017 оны 09 сарын 29

Амжилтын нууц 1: Төгсгөл

Дэлхийн тав дахь том цаас үйлдвэрлэгч Stora Enso 1280 онд байгуулагдсан. Эднийх дэлхийн хамгийн хөгшин компани гэж зүй ёсоор тооцогдоно. Тэгвэл барилгын Kongo Gumi компани анх 578 онд байгуулагдсан. Гэхдээ эднийх ихэнх хугацаандаа гэр бүлийн бизнес хэлбэртэй байсан учраас анхны компани гэж тооцогддоггүй.

Компани 800 жил оршин тогтнож чадна. Харин та чадахгүй. Компани төгсгөлгүй байж болно. Харин бид төгсгөлтэй. Бидний бүтээмж гаргах хугацаа сайндаа л 30 жил. Цэцэрлэгээс авахуулаад 20 жил сурсныхаа дараа шүү дээ. Харамсалтай нь хүмүүс үүнийг тэр бүр анзаарч боддоггүй. Цаг хугацааны мэдрэмж сул байдаг. Энэ нь бүтээмж муутай байх үндсэн шалтгаан болдог.

Жишээ нь нэг залуу хэлтсийн захирал болж тушаал дэвшжээ гэж бодъё. Яавал энэ залуу амжилт гаргаж, дараагийн шатанд гарах вэ?

Хүмүүс амжилттай байхын үндэс нь олон хэл мэдэх, том сургуулийн диплом өвөртлөх, арвин туршлага хуримтлуулах, компани дотроо сайн улс төр хийх гэж эндүүрч боддог. Үнэн хэрэгтээ ТӨГСГӨЛӨӨ ХАРЖ чаддаг хүн л амжилт гаргадаг.

Энэ залуу тухайн хэлтсийн захирлын ажлыг хэзээ өндөрлөх вэ гэдгээ тодорхой харж байх ёстой. Ингэвэл ямар үр дүнтэйгээр дуусгах вэ гэдэг нь харагдана. Үр дүн – Төгсгөл хоёр ийм салшгүй уялдаатай байдаг. Нэгэнт ТӨГСГӨЛ, үр дүн хоёрыг харж чадсан хүн, хугацааны дундуурх төлөвлөлтөө тодорхой гаргаж чадна.

Үүнийг л ВИЖН гээд байгаа юм шүү дээ.

Монголд 23 настай залуу ажилтан бодохдоо “Нас залуу байна, сайн шоудаж авъя. 30 гараад болох биз.” гэдэг. Гэтэл 30 настай залуу “Гадаадад л магистрт явъя.”. Харин 40 настай ажилтан бодохдоо “Би сурах юмаа сураад дууссан. Одоо орой үдэш сууя ч гэсэн ядраад байх болжээ.” гэдэг. Үнэндээ аль аль нь буруу бодож байна. Эдгээр бодлууд бол хий хоосон найдсан, эсвэл бууж өгсөн бодлууд юм. Ийм хүмүүс бүтээмж гаргахгүй.

23 настай сургууль төгссөн залуу, 28 нас хүрч шинэ ажилтны статусаа алдах үедээ ямар бүтээл гаргаж, ямар үр дүнд хүрсэн байх вэ гэж үр дүнгээ буюу төгсгөлөө маш сайн харах учиртай.
Компанийн захирлаар ажиллаж байгаа хүмүүс ч гэсэн заавал хэзээ, ямар үр дүнтэйгээр ажлаа дуусгах вэ гэдгээ тодорхой харж байх ёстой. Хэзээ нэгэн цагт дуусах нь ертөнцийн жам. Бүх зүйл өөрийн гэсэн цаг хугацаатай. Харин тэр хооронд ямар үр дүн гаргах вэ?

Та ТӨГСГӨЛӨӨ харж сурвал амжилтанд хүрэх нь гарцаагүй.

Амжилтын нууц 2: Дотоод сургалт

Компаниуд ажилтнуудаа сургаж хөгжүүлэхэд байнга анхаардаг. Харамсалтай нь олон тохиолдолд дотоод сургалтууд ХЭЛБЭР болж хувирдаг. Багш нь заах аядаж, хүний нөөц нь зохион байгуулах аядаж, ажилтнууд нь оролцох аяддаг.

Өнөөдөр би Голомтбанкинд ашиглаж эхэлж байгаа дотоод сургалтын стандартуудаас хуваалцая.

Юуны өмнө ихэнх хүний нөөцийн албадууд зохион байгуулалтанд буюу хэлбэрт гол анхаарлаа хандуулдаг. Гэтэл сургалтын зорилго юу вэ? гэсэн асуултыг багш, ажилтнуудаас асуудаггүй.
Хүний нөөцийнхөн “энэ жил бид 300 хүн/цаг сургалт хийлээ.” гэх маягаар өөрсдийн ажлыг дүгнэдэг. Энэ бол хэлбэр болохоос биш бодитой чанарыг харуулахгүй. Аягүй л бол 300 хүний ажлыг 1 цаг хий дэмий үрсэн ч байж магадгүй.

Сургалтын зорилго бол үндсэндээ ӨӨРЧЛӨЛТ хийх асуудал байдаг. Ажилтнуудад мэдлэгийн, сэтгэлгээний эсвэл туршлагын өөрчлөлт хийнэ гэсэн үг.

Хүний нөөцийн албад багш нарт хатуу шаардлага тавьдаггүй. Гэтэл ямар ӨӨРЧЛӨЛТ хийх ёстойгоо ойлгоогүй багшийн сургалт ямар төвшинд явагдах нь ойлгомжтой.

Хүний нөөц ямар өөрчлөлтийг, ямар төвшний сургалтаар хийх вэ гэдэг асуултанд хариулах л үүрэгтэй болохоос биш зохион байгуулалтыг бол хэн ч хийчихэж чадна.

Одоо би энд танай компанид хэрэг болж магадгүй, манайд ашиглаж байгаа хэд хэдэн зарчмыг хөндөе.

Хүн өөрчлөгдөхөд харах ба сонсох нь хангалтгүй. Өөрөө хийж үзэх, бодох, унших, бичих бас шаардлагатай. Тийм учраас Голомтбанкны бүх сургалтуудад дараах элементүүд орж байна.
Сургалт бүрт кэйс ажиллуулах. Кэйс ажлыг багш өөрөө зохиох буюу Харвардын кэйсийг орчуулдаг. Ажилтнууд практик кэйс ажилласнаар унших, бодох, ярилцах, мэтгэлцэх зэрэг олон хэлбэрээр мэдлэгийг олж авах боломжтой болдог.

Багийн ажиллагааг шаардах. Бүх сургалт заавал ямар нэг багийн ажиллагаа шаардсан дасгал агуулснаар, ажилтнуудад өөрсдөө хийж үзэх боломжийг олгодог.

Унших материал олгох. Сургалтын өмнө, эсвэл дараа нь тухайн сэдэвтэй холбоотой онолын товхимолыг уншиж танилцана. Ингэснээр ажилтнууд илүү өндөр бэлтгэлтэй болох буюу мэдлэгээ баталгаажуулдаг.

Багш бол өгөгч. Хэрэв багш, хүний нүдэнд харагдахгүй жижигхэн фонттой презентац тавьж, сонсогдохгүй амандаа гөвтнөж, учир утга нь олдохгүй ангилал зүй ярьж эхэлвэл яах вэ. Хүмүүс ихэнхдээ “би муу учраас ойлгож чадсангүй” гэж өөрийгөө буруутгадаг. Гэтэл Алберт Эйнштейн нэгэнтээ “Хэрэв чи цөмийн физикийг эмээдээ ойлгуулж чадахгүй бол өөрийгөө цөмийн физикч гэж нэрлэх хэрэггүй.” гэж хэлсэн байдаг. Танил дүр төрх харагдаж байгаа биз? Голомтбанк дотоодын ба гадаадын багш нартаа хатуу стандарт, шаардлага тавьж эхэлж байгаа юм. Тоймлвол.

Багш ямар өөрчлөлт хийх гэж байгаагаа тодорхой мэдэх хэрэгтэй. Өөрөөр хэлбэл хүрэх үр дүнгээ сайтар ойлгосон байна гэсэн үг.

Багш нэг л мессеж дээр төвлөрнө. Манайхан ихэнхдээ тухайн сэдэвийн хүрээнд байж болох бүх сэдвийг ангилал зүй болгож ярьж хүмүүсийг залхаадаг. Өөрөө 20 жилийн турш судласан зүйлээ хоёр цагийн дотор хүмүүст бүрэн өгнө гэж байхгүй. Гол нь тухайн 2 цагт өгөх гол мессеж юу вэ. Хүмүүсийн гэртээ авч харих гол өөрчлөлт гэсэн үг.

Багш өөрөө тухайн ажилтнуудын ойлгоц, хурлын залны талаар урьдчилсан мэдлэгтэй байж, өөрийн хичээлийн орчныг бүрэн мэдэрсэн байх ёстой.

Компанийн дотоод сургалтууд зорилго чиглэлтэй, чанартай байж чадвал танай байгууллагад заавал үр дагавар нь эерэгээр илэрч гарах болно.

Эдийн засагч Ө.Ганзориг

Эх сурвалж: http://www.ganzo.mn