Алт дамжих зам

Нийтлэл / Өглөөний сонин
2017 оны 10 сарын 02

Мэдээлэлгүйн гай 

Бичил уурхайчин Батаа, Долгор нар зунжин олборлосон алтаа тушаахаар болжээ. Өдөр шөнөгүй зүтгэж, шар махтайгаа хатан байж олсон хэдэн цэн алтаа аль болох ахиу үнээр борлуулахыг хичээнэ. Гэвч үнэ хүргээд заръя гэхээр нутагт нь ирсэн ченжээс өөр хаана хандахаа үл мэднэ. Өнөөгийн алтны зах зээлийн үнэ ханшийн үнэ зөв мэдээлэл хүрдэггүйгээс болж тэдэн шиг асуудалд орох олборлогчид олон. Тэдний хувьд олборлосон багахан алтаа бариад Улаанбаатарт ирж, Монголбанкинд ирж тушааж болно гэдгийг бараг мэдэхгүй. Харин ч цаг зав гарздаж, зардал мөнгө нь нэмэгдэхээс гадна аюулгүй байдалд нь ямар нэгэн асуудал үүсвэл яах билээ гэж бодоцгооно. 

Тиймээс Батаа, Долгор нар тухайн нутагт алт худалдан авдаг ченжүүдэд маш бага ханшаар тушаахыг илүүд үзжээ. Ингээд ойрын өдрүүдэд дэлхийн зах зээл дээр грамм алт 101-105 мянган төгрөгийн ханштайг мэдэхгүйгээсээ болж орон нутгийн ченжүүдэд грамм дээрээ идүүлэн барин 70-75 мянган төгрөгөөр л үнэлүүллээ. Батаа, Долгор нар шиг олборлогчдын гар дээрээс алтаа хямд үнээр авсан ченжүүд Улаанбаатар дахь алтны ченжүүдэд үнэ хүргэж, ханшийн зөрүүгээр нь ашиг олно. Харин Улаанбаатарын ченжүүд хууль бусаар гадагш гаргах, эсвэл алтан эдлэлийн зах зээл дээр үнэ нэмж зарж, мөнгө олно. Эсвэл Үнэт металлын сорьцын хяналтын газарт алтаа сорьцлуулаад Монголбанкинд тушаадаг аж. 

Уг нь Монголбанк алтаа тушаахад олон давуу талтай. Улс орныхоо гадаад валютын нөөцийг нэмэгдүүлснээр, төгрөгийн ханшаа тогтвортой байлгахад тодорхой хэмжээгээр хувь нэмрээ оруулж буй юм. Мөн ченжүүдийн олон гар дамжихгүйгээр олон улсын зах зээл дээрх ханшаар алтаа худалдвал тухайн хүний гар дээр очих мөнгө ч нэмэгдэнэ. Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрт 2.5 хувийг төлснөөр эмнэлэг, сургууль, цэцэрлэг барихад нэмэр болно. Үүнээс гадна явдал чирэгдэл бага, мөнгө шууд орж ирдэг гээд давуу тал их билээ. 

Энэ жил 19-20 тонн алт худалдан авна гэж тооцоолжээ

Алт бол аль ч цаг үед, аль ч улсад хамгийн эрэлттэй, үнэ цэнээ алддаггүй металл бөгөөд үнийн хэлбэлзэл нь дэлхийн эдийн засагт хамааралтай байж чаддаг ашигт малтмал юм. Тиймээс ч аливаа улс орнуудын төв банкууд алтны нөөцөө нэмэгдүүлэхийг зорьж ажилладаг. Алтны нөөц нэмэгдсэнээр гадаад валютын нөөц нэмэгдэж, тухайн улсын мөнгөн тэмдэгтийн ханш тогтвортой байхад асар их нөлөөтэй.

Монголбанкны ч гадаад валютын албан нөөцдөө эзлэх алтны хувь хэмжээгээ нэмэгдүүлэх зорилготой ажиллаж ирсэн бөгөөд иргэд, аж ахуйн нэгжүүдээс хуульд заасны дагуу алт худалдан авах үйл ажиллагааг явуулж байна. Төв банк өнгөрсөн оны арванхоёрдугаар сараас эхлэн алт худалдан авах үнээ нэмэгдүүлж, Лондоны үнэт металлын захын тухайн өдрийн ханшаар авдаг болсон нь үр дүнгээ өгч, алт тушаалт нэмэгджээ. Өмнө нь тус банк алтыг Лондоны ханшаас грамм бүрийг нь гурван ам.доллараар бага үнээр авдаг байсан нь иргэд, аж ахуйн нэгжүүдийг алтаа худалдахад хойрго хандахад нөлөөлж байв. 

Өнгөрсөн 2016 оны гуравдугаар улиралд Монголбанкны худалдан авсан алтны хэмжээ 7.27 тонн байсан бол энэ оны гуравдугаар улиралд 7.96 тонн болсон байна. 2006 онд Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрт 68 хувийн татвар авдаг болсонтой холбоотойгоор алтыг хууль бусаар гадагш гаргах нь нэмэгдэж, төв банкны худалдан авах алтны хэмжээ буурч, 2010 онд ердөө 2.12 тонн алт худалдан авч байсан билээ. 

Харин 2014 оноос АМНАТ-ийн хувийг 2.5 хувь болгон бууруулсны үр дүнд алтны худалдан авалт нэмэгдсээр өнгөрсөн 2016 онд нийт 18.3 тонн алт авсан байна. Тэгвэл энэ жил 19-20 тонн алт авна гэсэн хүлээлт байгаа аж. 

Ийнхүү төв банкинд алт тушаалт нэмэгдэж буй сайн үзүүлэлт гарсан ч иргэд, аж ахуйн нэгж алтаа ингэж борлуулдгийг мэдэхгүй, чирэгдэл ихтэй гэж үздэгээс болж ченжүүдэд өгсөөр байна.