“Улаанчулуутын хүүхдүүд”- Нэгдүгээр хэсэг

Нийтлэл / Ц. Анхзул
2017 оны 09 сарын 28

“Хорлоо эмээ”-г байшинтай болгосон гэдгээр олноо танигдан, хүмүүнлэгийн үйлсээр дагнасан Ц.Сувд-Эрдэнийн бидэнд танилцуулсан “Өөрийн гэртээ 30 гаруй хүүхдийг хооллож, асрамжилдаг” гэх М.Сарнай. Ц.Сувд-Эрдэнэтэйгээ мөнгөний асуудлаар сошиалаар орон даяар маргаж, С.Дэлгэртэй хамтран “Нэг хүн, нэг тоосго” аянаа үргэлжлүүлсээр байгаа “Их нигүүлсэл” ТББ-ын гишүүн М.Сарнай. Нийслэлийн Засаг даргаас “Сарнай хүүхдийн өргөө” барих газар салгаж чадсан М.Сарнай.

Түүний чухам хэн болохыг хэн ч мэдэхгүй. Гэхдээ маргалдагч талууд нэг л зүйлд нэгдэж, ижил хариулт өгч чадаж байна. Тэр нь “Цаг хугацаа бүхнийг харуулна” гэх. Гэхдээ цаг хугацаа үнэнг гүйцэн бидэнд харуулах хооронд “Улаанчулуутын хүүхдүүд”-д хэн анхаарлаа хандуулах вэ?

Баянзүрхийн хүүхдүүд, Дорнодын хүүхдүүд хэмээн бүлэглэн нэрлэж, тусгайлсан хэн нэгэн асрамжлан хамгаалдаггүй ч “Улаанчулуутын хүүхдүүд” гэхээс аргагүй хүүхдүүд байгаа учир ийн нэрлэв. Тэд мэдээж эцэг эхтэй. Ядаж аль нэгэн нь бий. Гэхдээ амьдрах тав тухтай, дулаан гэр, идэх хоол, өмсөх хувцас байхгүй. Тиймээс хаа нэгтээ, хэн нэгэнтэйгээ хооллож, унтаж бас хөдөлмөрлөдөг. Тэр нь тэдэнд “Хэцүү, тэвчишгүй тул М.Сарнайгийн гэрт ирсэн” гэж өөрсдөө хэлсэн.  Тэгж хэлсэн 17 хүүхдийн нэр, нас, хүйсийн мэдээлэл баримтаар байна.

Тэднийг хэн хооллож,  дулаан байраар хангаж, хамгаалах вэ?

Тэд одоогоор М.Сарнайгийн гэрт амьдарч байна. Хотын дарга С.Батболдын өгсөн газарт тав ба зургаан ханат гэрээ барин эрэгтэй, эмэгтэйгээрээ хуваагдан, М.Сарнай болон хоёр гэр ээжээр асрамжлуулан амьдарч байна.

Гэхдээ М.Сарнайд хүүхэд асрах, хамгаалах тусгай зөвшөөрөл байхгүй. Хүүхдүүдэд ямар нэгэн таагүй зүйл тохиолдоход хуулийн хүрээнд асуудал тулгарна. Өөрөөр хэлбэл, хуулийн дагуу хариуцлага хүлээх этгээд биш. Тиймээс төрийн албаныхан (хороо, дүүргийн нийгмийн ажилтан, хүүхэд хамгааллын ажилтнууд, Хүүхэд, гэр бүл, залуучуудын хөгжлийн газрын мэргэжилтнүүд) М.Сарнайгийн гэрт амьдарч байсан хүүхдүүдийг уйлуулан чарлуулсаар  төрөл садан, бүр “Өнөр бүл” асрамжийн газарт ч хүргэсээр байгаа юм.

Хотын дарга газар өгөхдөө “Асрамжийн газраа энд бариарай” хэмээсэн атал “асрамжийн газар”-ын зөвшөөрлийг М.Сарнайд яагаад өгөхгүй байна? Эсвэл зөвшөөрөлгүй хувь хүнд хотын дарга юунд газар өгөв? Тиймээс зөвшөөрөл авахаар хөөцөлдөж бас үзжээ. Гэхдээ арга мухардсан. Учир нь зөвшөөрөл авахын тулд Хүүхэд, Гэр бүл, Залуучуудын хөгжлийн газраас гаргасан тусгай стандартыг гүйцэлдүүлсэн байх ёстой. Харин М.Сарнайд тав, зургаан ханатуудаас өөр үзүүлэх юм байхгүй. Тиймээс л хандиваа  гуйсаар яваа аж. 

Асуудлын гол “Улаанчулуутын хүүхдүүд” рүүгээ эргэн хандаж, нэг жишээ дурдъя. М.Сарнайгийн гэрт хоёр хүүхэд нь амьдардаг, 16 настай хүү нь хогийн цэг дээр ажилладаг А гэх эмэгтэй хэдхэн хоногийн өмнө хогийн цэг дэх овоохойдоо амьсгал хураасан. Архины хамааралтай нөхөр нь “Архинд хордсон байх. Хөдөөлүүлэх зардал мөнгө байхгүй” хэмээн ярьсан, цогцост Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнхэн шинжилгээ хийсэн, хариу нь албан ёсоор гараагүй байна. Гэхдээ энэ тусдаа асуудал.

Гол нь талийгаачийн гурван хүүхдийг хэн асрамжлах вэ? 16-тай нь хогоо ухсаар, өнөө хоёр нь “хүүхэд харах зөвшөөрөлгүй” гэх М.Сарнайгийн гэрт амьдарсаар байх уу? эсвэл архины хамааралтай аавд нь хүлээлгэн өгч, овоохойд нь буцаах уу? Бүр асрамжийн газарт хүчээр хүргэх үү?

Энэ асуултад төрийн анхан шатны үйлчилгээ үзүүлэгч СХД-ийн 26 дугаар хорооны нийгмийн ажилтан  н. Сампилноров “Юун түрүүнд асран хамгаалагчийг нь тогтоолгоно” гэсэн хариу хэлсэн. Гэхдээ шүүхийн шийд гарах тэр цаг хугацааг хүртэл хэн, хаана, хэрхэн?

“Улаанчулуутын хогийн цэгт нэг ч хүүхэд байхгүй” гэсээр хорооны ажилтнууд хогийн цэгийг харуулсан. Гэхдээ хүүхдүүд талийгаач А-ийн будаалгад очсон байсныг эх сурвалж хэлэв.

“Улаанчулуутын хүүхдүүд”-ийн асуудлаар олон эх сурвалжтай холбогдоод байна. Бид цуврал сурвалжлагуудыг хүргэнэ. Хогийн цэгт хог л байх ёстой.