Монгол охин ”Дэлхийн мисс”-ийн алтан титмийн эзэн боллоо

Энтертайнмент / Э. Сайнзаяа
2017 оны 10 сарын 02

Грек улсад өнгөрсөн сарын 24-30 өдрүүдэд зохион байгуулагдсан дэлхийд ретингээрээ 1 дүгээрт эрэмблэгддэг “Little Miss & Mister United World” тэмцээнд Монгол улсаа төлөөлөн оролцсон охид “Алтан”, “Хүрэл” титмийн эзэд боллоо.

Дэлхийн миссийн тус тэмцээнд нийт 80 орчим хүүхэд оролцсноос 4-6 насны ангиллын авьяас төрөлд өрсөлдсөн С.Амирлин “Алтан” титэм, тууз, диплом, 10-12 насны ангиллын авьяас төрөлд Э.Мичидмаа “Хүрэл” титэм, тууз, диплом болон “Шилдэг Үндэсний хувцас” номинацийн цом, “Fashion Star” номинацийн титэм зэрэг нийт 3 шагнал хүртсэн бол 13-15 насны ангиллын модель төрөлд өрсөлдсөн Э.Сансармаа “Fashion Star” номинацид түрүүлэн титмийн эзэн болсон юм. Дэлхийн 60 гаруй улсын хүүхдүүд жил бүр оролцдог “Little Miss & Mister United World” тэмцээнд манай улс анх 2015 онд албан ёсны эрхтэйгээр оролцож байсан. Байгаль эх дэлхийгээ хайрлахын сацуу эв найрамдлыг бэлэгддэг тус тэмцээний энэ оны монгол оролцогчид 2 үе шаттай “Princess Miss Mongolia-2017” тэмцээнд 70 гаруй охидтой авьяас, ур чадврараа уралдуулан түрүүлж, насны ангилал тус бүртээ үндэсний ялагч болсон юм. Тус тэмцээний Монгол улс дахь албан ёсны зохион байгуулагч Ч.Энхжаргал 3 дахь жилдээ олон улсын шүүгчээр ажиллалаа.