Хоёр Солонгосын амьдрал: Хэн нь илүү аз жаргалтай вэ?

Нийтлэл / Өглөөний сонин
2017 оны 10 сарын 03

Хойд Солонгосыг тойрсон өнөөгийн хурцадмал асуудлыг БНАСАУ-ын иргэд өөрсдөө хэрхэн хүлээн авч байгаа талаарх бидний төсөөлөл тун бага. Учир нь Ким Чен Уны дэглэм нь тус улсад орж ирэх бүхий л мэдээллийг хяналтдаа авдаг билээ. 

Барууны хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр Хойд Солонгосыг гадаад ертөнцөөс бүрэн тусгаарлагдсан, өнгөрсөн зуунаараа аж төрж байгаа улс гэж бичих нь элбэг. Тус улсын тухай статистик мэдээлэл ч бага байдаг бөгөөд ихэвчлэн дам мэдээлэлд үндэслэсэн байдаг. Тэгвэл Солонгосын хойгийн хойд хэсгийн аж амьдралын талаар юу хэлж болох вэ? Энэхүү аж амьдралыг өмнөд хөрштэй нь харьцуулбал ямар бол?



Төрийн тэргүүд

Ким Ир Сен нь 1948 онд Кимийн эзэнт гүрнийг байгуулж БНАСАУ-ын анхны удирдагч болсон. Үүнээс хойш түүний хүү, ач хүү нь тус улсыг удирдаж байна. 
Өмнөд Солонгос түүхэн цаг хугацаандаа зургаан удаа улсаа өөрчилж, хувьсгал, цэргийн эргэлтүүд гарч, чөлөөт, ардчилсан сонгуульд шилжсэн. Тус улс нийтдээ 12 удаа Ерөнхийлөгчөө сольсон байдаг. 

Гар утасны хэрэглээ

БНАСАУ-д гар утас хэрэглэдэг гурван сая хүн байдаг нь бага биш тоо. Гэхдээ 25 сая хүн амтай гэж үзэхэд энэ нь нийт хүн амын 10 гаруйхан хувь юм. Гар утас хэрэглэгчдийн олонх нь Пхеньянд амьдардаг.  Тэгвэл 51 сая гаруй хүн амтай Өмнөд Солонгост хүнээсээ олон гар утас хэрэглэж байна. БНАСАУ-д саяхныг болтол гар утасны Koryolink компани оршин тогтнож байв. Энэ бол тийм ч том компани бус. Гэхдээ үйл ажиллагаагаа өргөжүүлсээр байна. Тус компани анхандаа Египетийн “Orascom” компанитай хамтран байгуулагдаж байсан бөгөөд Хойд Солонгосын гар утасны зах зээл дээр цорын ганц тоглогч нь байлаа. 

Харин 2015 онд “Orascom” компани БНАСАУ-д “Byol” хэмээх нэртэй гар утасны өөр нэг сүлжээ байгуулагдаж байгааг илрүүлжээ. Ингээд Египетийн компани компанийн гурван сая хэрэглэгчдэдээ тавих хяналтаа алдаж байгаагаа хөрөнгө оруулагчдадаа хүлээхээс өөр аргагүй болжээ. Тэднийг хэрэглэгчдийнхээ тоог худал хэлсэн байж болзошгүй хэмээн хардах үндэслэл бий. Гэтэл Хойд Солонгосын иргэд утсаар ярьсан минутынхаа төлбөрийг төлснөөс шинэ компанийн хэрэглэгч болох нь илүү хямд гэж үзжээ. Үүнээс гадна тус улсад интернэтэд орох боломж хязгаарлагдмал. Гар утас эзэмшигчид зөвхөн интранет хэмээх хаалттай сүлжээнд л холбогдож болох аж. Энэхүү сүлжээ нь гадаад сүлжээнд нэвтрэх эрхгүй гэнэ. 2016 онд БНАСАУ-д бүртгэлтэй 28-хан домен нэр байна гэж мэдээлж байсан юм. 

Хоёр Солонгосын иргэдийг харьцуулбал

БНАСАУ-ын эрчүүд Өмнөд Солонгосын эрчүүдийн дунджаас намхан гэсэн мэдээлэл бий. Сөүлийн Сонгюнгван их сургуулийн профессор Даниель Швекендик Хойд Солонгосоос дүрвэн ирсэн эрчүүдийн өндрийн мэдээллийг судлаад дунджаар 3-8 см-ийн ялгаатай байна гэж тогтоожээ. 

Швекендик энэхүү ялгааг генетикийн шалтгаанаас болж гарсан гэж үзэхгүй байна. Учир нь хоёр улсын хүн ам нэг угсаатны бүлэгт харьяалагддаг билээ. Үүнээс гадна профессор хойноос дүрвэж ирсэн хүмүүсийг нийгмийн доод давхаргаас гаралтай болохоор ийм жижиг биетэй байгаа гэж баталдаг хүмүүстэй ч санал нийлэхгүй байна. Хоол хүнсний хомсдол бол тус хойгийн хойд, урьд хэсгийн хүн ам биеийн хувьд эрс ялгарсан шалтгаан гэж үздэг аж. 



Зам тээвэр

БНАСАУ-ын нийслэл Пхеньян хот гэрэл зургуудад ямар ч машингүй цэвэрхэн, өргөн зам талбайтай харагддаг. Гэвч бодит байдал дээр тэс өөр. 
БНАСАУ-д автомашины замын нийт урд нь 2006 оны байдлаар 25 мянга 554 км байна. Үүнээс зөвхөн гурван хувь нь буюу 724 км нь асфальтаар хучигдсан аж. 
Өөр нэг баримтаас үзэхэд БНАСАУ-д автомашин эзэмшигчдийн тоо 1000 хүнд ердөө 11 байгаа нь хүн амын олонх хувь нь автобус болон нийтийн тээврийн бусад төрлийг ашигладаг гэсэн үг юм. 

Экспортын гол бараа

Хойд Солонгос улс ерөнхийдөө чулуун нүүрс экспортолдог. Харин хэчнээн хэмжээний нүүрс экспортолдог нь улсын нууцад ордог. Гэхдээ тус улсаас нүүрс худалдан авдаг орнуудын мэдээллийг нэгтгээд үүнийг мэдэх боломжтой. 

Хойд Солонгос улс нүүрснийхээ ихэнх хэсгийг Хятад руу экспортолдог байлаа. Гэвч Хятад улс өнгөрсөн хоёрдугаар сараас тус улсаас нүүрс худалдан авахаа албан ёсоор зогсоосон юм. Гэхдээ шинжээчид үүнийг эргэлзээтэй мэдээлэл гэж үзэж байна. “Импорт зогссоны дараа ч Хойд Солонгосоос хөлөг онгоцууд ирж, Хятадын нүүрсний терминал дээр буухыг харсан хүмүүс бий. Энэ хориг үйлчилж байгаа ч бүрэн хэрэгжихгүй байна гэж би үзэж байна” хэмээн Петерсоны олон улсын эдийн засгийн хүрээлэнгийн ажилтан Кент Бойдстон өгүүлжээ. 

1973 он хүртэл Хойд, Өмнөд Солонгосын эдийн засаг ДНБ-ий түвшнээрээ бараг ижил байсан юм. Харин түүнээс хойш БНСУ огцом урагшилж, аж үйлдвэр хөгжсөн дэлхийн тэргүүлэгч гүрнүүдийн нэг болжээ. Тухайлбал тус улсын Samsung, Hyundai зэрэг компани нь дэлхий дахинаа алдартай. 1980-аад онд БНАСАУ-ын эдийн засгийн өсөлт зогссон боловч ямар ч шинэчлэл хийгдсэнгүй. Тус улсад төрийн монополизм ноёрхож байна. 

Дундаж наслалт

Тус улс 1990 оны сүүлчээр хойш ургацаа алдаж, өлсгөлөн нүүрлэсэн нь хүн амын наслалтыг эрс бууруулсан байна. Энэ үзүүлэлтээрээ Хойд Солонгос нь Өмнөдөөсөө 12 жилээр хоцордог. 
БНАСАУ-д хүнс тэжээлийн архаг хомсдол хэвээр хадгалагдсаар байна. Харин Өмнөдийнхөн сайн хоол хүнстэй учраас илүү урт насалдаг аж. 

2017 онд Өмнөд Солонгост төрөлтийн түвшин нь түүхэнд байгаагүй доод үзүүлэлттэй байна. Засгийн газраас ч энэ асуудлыг цэгцлэхийн тулд нэлээд их хүчин чармайлт гарган ажиллаж байгаа юм. Тухайлбал, хүүхэд төрүүлсний тэтгэмжид 70 тэрбум орчим ам.доллар зарцуулж, жирэмсэн болон амаржсаны дараах амралтын хугацааг нь нэмэгдүүлсэн төдийгүй үргүйдлээ эмчилсний төлөө тэтгэмж олгодог болжээ. Харин хойд солонгосчууд тэднийг бодвол илүү олон хүүхэд төрүүлдэг. 

Эх сурвалж: ВВС