С.Дэлгэр: Сэтгэл байвал бүгдийг бүтээж болдгийг харуулна

Ярилцлага / Ц. Анхзул
2017 оны 10 сарын 03

 “Улаанчулуутын хүүхдүүд” цувралын  Нэгдүгээр хэсэг нийтлэгдсэний дараа эрх бүхий Төрийн албаны хүмүүс бидэнд хандан “Улаанчулуутын хүүхдүүд гэж байхгүй. Бүгд эцэг эхтэй, гэр оронтой. Тэд нь хогийн цэг дээр ажиллаад өдөрт 20-50 мянган төгрөгийн орлого олдог. Бүү сенсацла” гэж удаа дараа гомдоллов.

Гэвч хогийн цэгийн ойролцоох гэр эсвэл овоохойд, эцэг эх нь архины хамааралтай, эргэн тойрныхон нь ч адил нөхцөлд хүүхэд өсөж байгаа нь үнэн юм. Тийм нөхцөлд байх нь “Тэвчишгүй” тул М.Сарнайгийн гэрт нэг хэсэг нь амьдарч байна. Энэ нь “Улаанчулуутын хүүхдүүд” байгааг гэрчилнэ. 

Цувралынхаа хоёр дахь хэсэгт “Сарнай асрамжийн төв” байгуулахаар “Нэг хүн нэг тоосго” аяныг санаачилсан С.Дэлгэртэй ярилцлаа.

Сарнай хүүхэд асран хамгаалах төв”-ийн тухай ярихаас өмнө М.Сарнай, Ц.Сувд-Эрдэнэ нартай хэрхэн, хэзээ танилцсан, Сарнай хүүхэд асран хамгаалах төв”-ийн үйл ажиллагаанд яагаад оролцохоор шийдсэн талаар тань ярилцлагаа эхлүүлэх нь зөв байх.

Миний хувьд Ц.Сувд-Эрдэнэтэй фэйсбүүкийн дагагч байлаа. Сувдаа маань олон сайхан буянтай ажил зохион байгуулдаг. Тиймээс би өөрийн хувьд тодорхой хэмжээгээр хандив тусламж өгдөг байсан. Гэтэл нэг сард “Сарнай гэдэг эмэгтэйд Сувдаа маань туслаж зургаан ханатай гэр барьж өгсөн. Анх олж хараад Сувдаа, Сарнай бүсгүйчүүдээр бахархаж, тэр үеээс л хойш Сарнайтай уулзах хүсэлтэй явсаар дөрөвдүгээр сарын 8-нд уулзсан юм.

Тэр өдөр өөрийн “Наран” ресторандаа 150 хүнтэй буяны цайллагын захиалга авсан байсан ч нэлээд хүн дутуу ирээд хоол хүнс илүү гарсан. Яах учраа олохгүй эмнэлэгт очиж өвчтэй хүн асарч буй болон хөдөөнөөс ирээд сахиур хийж буй хүмүүсийг хооллох гэж байгаад Сарнайгийн тухай гэнэт санаад, далимаар нь байр байдалтай очиж танилцахыг зорьсон юм. Ингээд Ц.Сувд-Эрдэнэ дүүтэйгээ холбоо бариад, Сарнайгийнхаа дугаарыг аваад холбогдоод очсон. Гэрт ороход үнэхээр 30 хүүхэд байсан. Тэдэнтэй нэлээд хэдэн цаг ярилцаж суусан. Тэр хооронд хүүхдүүд дуу дуулж, бүжиглэж авъяасаа үзүүлсэн. Мөн Сарнай ээждээ захиа бичсэнээ ээлж дараалан уншиж өгсөн. Тэрхүү захидлаас нь Сарнай бүсгүйн төрсөн өдөр болох гэж байгааг мэдсэн. Тэгээд Сарнайгаас хамгийн ойрын мөрөөдлийг нь асуухад “Хорооллын дэлгүүрээр эхнээс нь дуустал хэсч үзэхсэн. Ардаа санаа зовохгүй, нэг ч зүйл худалдаж авахгүй байсан ч хамаагүй, дэлгүүр хэсээд л явахсан гэж боддог” гэдгийг нь сонсоод үнэхээр догдолсон. Тэгээд буцахдаа Сарнайд “Эгч нь заавал чиний мөрөөдлийг биелүүлж өгнө” гээд гэрээс нь гарсан. Гэртээ ирээд хүүхдүүд, М.Сарнайгийн тухай бодоод тэр шөнө нойр маань их хулжиж хоносон.  Маргааш нь “М.Сарнайгийн төрсөн өдрийг маш сайхан тэмдэглэж өгье” гэж шийдсэн. Тэгээд энэ тухай М.Сарнайдаа мэдэгдээд дагуулаад гоо сайхан, үсчин, маникурт орж, дэлгүүрээс гоёлын хувцаснууд худалдаж авч “Төрсөн өдрийг чинь ресторандаа тэмдэглэж өгье. Найз нөхөд, хамаатан гээд бүх хүнээ урьж болно. Мөн хүүхдүүдийн ээж аавуудыг заавал урих”-ыг санал болгосон. Сарнайгийн төрсөн өдрөөр Ц.Сувд-Эрдэнэ бүсгүйтэй анх уулзсан.

Давхар давхар баяр гэдэг шиг миний төрсөн өдөр 16-нд болдог болохоор би найз нартаа “15-нд төрсөн өдрөө тэмдэглэнэ. Гэхдээ бэлэг авахгүй, мөнгө авна” гэдгээ хэлсэн. Энэ л өдөр “Нэг хүн нэг тоосго” аянаа албан ёсоор, Монгол Улс даяар эхлүүлсэн.

Дөрөвдүгээр сарын 15-наас өмнө М.Сарнай, Ц.Сувд-Эрдэнэ нар хандивын үйл ажиллагаа эхлүүлчихсэн байсан шүү дээ. Яагаад дахин хандив хийх болсон юм бэ?

Нэгдүгээр сард Ц.Сувд-Эрдэнэ хандив өрнүүлээд, М.Сарнайг зургаан ханатай гэртээ болгосон тухайгаа фэйсбүүктээ  постолсон. Тухайн үед Ц.Сувд-Эрдэнэ “Гэр аваад 1.2 сая төгрөг үлдсэн шүү. Үүн дээрээ нэмж хандив цуглуулаад асрамжийн газар барина” гэж М.Сарнайд хэлсэн гэсэн. Тэгээд Улаанчулуутын хогийн цэгийн ойролцоо нэг газар “Асрамжийн газрын шав тавьж байна” гэж фэйсбүүкээрээ лайв дамжуулж постолж байсан. Гэр аваад өгчихсөн болохоор ч тэрүү хандивын аян ерөнхийдөө зогсонги байдалтай байсан. Тиймээс дөрөвдүгээр сарын 15 буюу М.Сарнайгийн төрсөн өдрөөр “Нэг хүн, нэг тоосго” аяныг албан ёсоор эхлүүлж байгаагаа мэдэгдэн, найзуудын маань надад бэлэглэхээр авчирсан бүх мөнгийг(529 мянган төгрөг) анхны хайрцагандаа хийж байлаа.

Ингээд ард түмний өмнө “Сарнай хүүхэд асран хамгаалах төв”-д зориулсан хандивын хоёр өөр данс, хоёр хандив цуглуулагч гараад ирж. Хоёр өөр гэдгийг нь мэдэхгүй наймдугаар сарын 2-ныг хүргэсэн байна.  

Анх энэхүү албан ёсны аянг эхлүүлэхээс өмнө, Сарнайд ард түмэн маань “Итгэл сэтгэлийн гүүр” сангийн дансаар дамжуулан хандив өгч байсан. “Нэг хүн нэг тоосго” аяныг эхлүүлээд, албан ёсны данстай болгох ёстой гээд С.Дэлгэр, М.Сарнай нарын хамтарсан нэрээр данснуудаа нээлгэсэн. Ц.Сувд-Эрдэнэд “Итгэл сэтгэлийн гүүр сангийнхаа дансанд цугларсан хандивын мөнгийг энэ дансандаа нэгтгээч, мөнгөө нэг дансандаа төвлөрүүлье, дараа тайлан тооцоогоо ард түмэнд тавихад ч асуудал гарахгүй” гэдэг талаас нь олон удаа хэлсэн. Тухайн үед “Тэр хүнд гэр барьж байна, тийм хандив цуглуулж байна. Машин худалдаж авсан болохоор мөнгөгүй болчихоод байна” зэргээр шалтаг хэлж, долоодугаар сарын 10-наас хойш ерөнхийдөө холбоогүй болж эхэлсэн. Ц.Сувд-Эрдэнэ рүү долоодугаар сарын 30-нд утасдаж, “Маргааш хүүхэд асран хамгаалах төвийн шав тавих ёслолтой. Чи бол чухал хүний нэг, ирэх ёстой шүү” гэсэн боловч “Миний бие муу байна” гэсэн хариулт өгсөн, ирээгүй. Тэр үед “Ц.Сувд-Эрдэнийн дансанд байгаа хандивын мөнгөнд асуудал үүссэн юм биш байгаа” гэдэг эргэлзээ надад төрж байсан. Ингээд л наймдугаар сарын 2-нд Ц.Сувд-Эрдэнэ “Сарнай асрамжийн газрын хандивыг албан ёсоор зогсоолоо” гэсэн пост өөрийн цахим хуудаснаа хийсэн шүү дээ.

Ц.Сувд-Эрдэнэ тэргүүнтэй “Итгэл сэтгэлийн гүүр” сангийн дансанд Сарнай хүүхэд асран хамгаалах төвд зориулсан хандивын хэдэн төгрөг орсон талаар танд мэдээлэл байгаа юу. Тэр хандиваас хэдийг нь та бүхний дансанд шилжүүлсэн бэ?

Тэр дансанд хэдэн төгрөг орсон талаар надад нарийн тоо байхгүй. Гэхдээ өөрийнх нь фэйсбүүктээ постолсноос харахад 12 сая гаруй төгрөг цугларсан юм байна лээ. Энэ мөнгөнөөс нэг төгрөг ч одоог хүртэл шилжүүлээгүй байна.

Харин М.Сарнай та хоёрын хамтран эзэмшдэг дансанд хэдэн төгрөг цугларсан бэ. Зарцуулалтын талаар ярина уу?

Худалдаа хөгжлийн банк, Голомт банк, Хаан банкны гурван дансанд маань аравдугаар сарын 2-ны өдрийн байдлаар 49 сая 694 мянган төгрөгийн орлого орсон. Үүнээс 49 сая 355 мянгыг нь зарлагадаад байна. “Сарнай хүүхэд асран хамгаалах төв”-ийн маань барилгыг “Дрийм хаус“ ХХК өртгөөр нь барьж өгөх гэрээ байгуулан ажиллаж байна. Яг одоогийн байдлаар тус компанийн дансруу 45 сая төгрөг шилжсэн. “Сарнай хүүхэд асран хамгаалах төв” маань 600 метр квадрат, хоёр давхар 100 хүүхдийн багтаамжтай төв босно. Одоогийн байдлаар нэг давхрынхаа дээврийг хийж байна. Ирэх долоо хоногт хоёр дахь давхрынхаа арматурыг босгох гэж байна. Энэ дашрамд “Дрийм хаус” ХХК-ийн хамт олонд баярлаж талархаж буйгаа хэлье.  Америк технологиор ган, хайлш, төмөр карказаар орчин үеийн хувийн хаусууд барьдаг юм байна лээ. Мөн бидэнд хандив өгч байгаа олон компаниудыг зарлах болно.

Сарнай хүүхэд асран хамгаалах төв барих газрыг хотын дарга С.Батболд өгсөн. Тэр газартаа баригдаж байгаа юу,  эсвэл Ц.Сувд-Эрдэнийн шав тавьсан газарт барьж байгаа юу?

“Нэг хүн нэг тоосго” аяныг эхлүүлснийхээ дараа хотын даргаас газар хүсэн, өргөдлөө өгсөн юм. Тухайн үед хотын дарга М.Сарнайгийн талаар мэдээлэлтэй байсан байна лээ. Гэхдээ бидний өргөдлийг шийдвэрлэтэл нэлээдгүй хугацаа өнгөрсөн. Гэхдээ би шавдуулж, хөөцөлдөж байх хугацаанд, Ц.Сувд-Эрдэнэ фэйсбүүкээрээ “Сайхан сэтгэлт Сарнайд Завхан аймгийн малчин өөрийн эзэмшлийн хоёр айлын  газрыг бэлэглэж байна” гэсэн лайв хийсэн.Би энэ тухай юу ч мэдээгүй байсан. Лайвыг нөхөж үзээд их гайхсан. Тэгээд Ц.Сувд-Эрдэнийг дуудаж, уулзсан “Яагаад ингэж байгаа юм бэ? Ямар учиртай газар юм бэ? Энэ хүүхдүүдийг хогийн цэгээс холдуулахын тулд хотын даргаас газар хүссэн шүү дээ” гэж асуухад “Надад газар байсан юм. Танаас би өрссөн юм” гэж хэлсэн. Тухайн үе нь Ерөнхийлөгчийн сонгуулийн үе байсан болохоор “Хотын дарга газар өгчихвөл МАН-ын сурталчилгаа болно. Та МАН-ыг сурталчлах гээд байна” гэж хэлсэн.

“Энэ лайвыг үзээд хотын дарга газар өгөхгүй байх вий” гэж айж байсан. Харин азаар зургаадугаар сарын 19-нд бидний өргөдлийг шийдвэрлэж, зургаан айлын газар шийдэж өгсөн. Энэ газар нь Шувуун фабрикт болохоор хотын утаанаас хол, эрүүл орчинд байсан тул бид их баярласан. Гол нь хүүхдүүдээ хогийн цэгээс холдуулах, орчныг нь солих боломж нээгдэж байгаа юм.

“Танаас өрссөн юм” гэсэн үг нь та хоёрын дунд үл ойлголцол байсан мэт ойлгогдож байна?

Би Ц.Сувд-Эрдэнийг “Яасан их буянтай, сайхан сэтгэлтэй бурхан шиг охин бэ”  гэж хайрласаар ирсэн. Гэтэл ийм бодол, санаа тээж явж. Ц.Сувд-Эрдэнэ надад дургүйцэх ганц л шалтгаан байсан гэж би одоо бодож байна. “Итгэл сэтгэлийн гүүр сангийнхаа дансанд байгаа Сарнай хүүхэд асран хамгаалах төвийн хандивын мөнгийг шилжүүлээч, Тайлан тооцоогоо хийгээч, мөнгөө нэгтгэе” гэсэн шаардлага байсан.

“Сарнай хүүхэд асран хамгаалах төв маань баригдчихвал чи хариуцаад яв. Чи хандив өрнүүлж, орон гэртэй болгож, туслаж байсан хүмүүсээ “Сарнай хүүхэд асран хамгаалах төв”-ийнхөө хашаанд буулгаад ажлын байраар хангаад явбал дэм дэмэндээ дээс эрчиндээ улам сайхан болоод явчихна” гэж  хэлж байсан.

Наймдугаар сараас хойш та нарын дундах үл ойлголцол сошиалаар ил өрнөж байна. Ц.Сувд-Эрдэнийн хэлснээр “М.Сарнай нь хүүхдээр бизнес хийдэг” хүн. Та аяныг голлон зохион байгуулж байгаа хүний хувьд энэ талаар ямар бодолтой явдаг вэ?

Сарнай хүүхдээр яаж бизнес хийх вэ дээ. Сарнайгийн хувьд бас л эх хүн, тийм зүйл хийх хүн бишээ. Төр нь тоохгүй байгаа үрсийг өөр дээрээ байлгаж хооллон ундаалж, сургуульд явах боломж олгож, дулаан гэрээр хангаж байгаа мундаг эмэгтэй. Энэ талаар хүн бүр өөр өөрийн гэсэн өнцгөөр харж байгаа шүү дээ.

Бас нэг чухал асуудал өрнөсөн нь М.Сарнайгийн гэрт амьдарч байсан 10 настай Хулан охиныг Хүүхдийн төлөө байгуулагын мэргэжилтэн хүчээр авч яваад, “Өнөр бүл асрамжийн газар”-т хүргэсэн явдал. Эндээс хүүхдийн төлөөх төрийн байгууллага та бүхний ажлыг дэмжихгүй байгаа мэт харагдаж байна.

Хулангийн ээж Д архины хамааралтай нэгэн байсан. Харин сүүлийн сар хагасын хугацаанд нэг ч удаа архи уугаагүй. М.Сарнайгийн гэрт буцан ирж, хоёр хүүгийн хамт “Гэр ээж”-ээр ажиллан, амьдарч байна.  Гэтэл Д.Хуланг Ц.Сувд-Эрдэнэ болон бусад хүмүүсийн хүсэлтийн дагуу асрамжийн газарт хүргэсэн. Охин уг нь ээж, ах дүү хоёртойгоо М.Сарнайгийн гэрт амьдарч байсан юм шүү дээ.

Ээжийг нь охинтой нь уулзуулахаар би дандаа хамт явдаг. Хулан охин “Намайг хэзээ эндээс авч явах вэ? Би та нартайгаа хамт баймаар байна, зөндөө их санаж байна” гээд тасралтгүй уйлсаар уулзалтын цаг дуусдаг юм даа. Асрамжийн газрын багш нь ч “Хулан энд их хэцүү байгаа” гэж хэлдэг.

ГБХХГ-ын ажилтануудын бидэнд хэлдэг ганц зүйл нь “Хүүхэд асрах зөвшөөрөлгүй” гэх шалтгаан. М.Сарнайд зөвшөөрөл авч өгөхөөр асууж, сураглаж явж үзсэн. Асрамжийн газар байгуулах зөвшөөрөл авахын тулд тусгай стандарт шаардлагыг хангасан байх ёстой. Хүүхэд өөрийн гэсэн орчинтой байх гэх мэт олон зүйлүүд бий. Гэтэл М.Сарнайд тав, зургаан ханатай хоёр гэрээс өөр юу ч алга. Сарнай хүүхэд хамгаалах төв байгуулагдахаас өмнө тусгай зөвшөөрөл авах гарц алга байна. Гэхдээ зөвшөөрөлгүй гээд хүүхдүүдийг хүчээр аав ээж рүү нь хүргээд хаячихаж болохгүй шүү дээ. Аав ээж нь архины хамааралтай, зарим хүүхдүүд хагас өнчин, заримынхан ээж аав ШШГЕГ-ын харьяанд байдаг. Ер нь бол хүүхдүүдийн аав ээж байнга шахуу согтуу, орон гэрт нь идэх хоол, өмсөх хувцас байхгүй, эсвэл бүр хогийн цэг дээр овоохойд амьдарч байна. Тийм орчинд хүүхдүүдийг буцаах боломжгүй. Хүүхдүүд өөрсдөө ч “Гэр лүү минь битгий явуулаарай Эндээ л баймаар байна” гэж уйлдаг.

Сүүлд М.Сарнайгийн гэрт амьдарч байсан эгч дүү хоёрыг ээжийнх нь эгчийнд мөн л захирамжийн дагуу гэдгээр хүргэлээ. Тэр эгч нь өөрөө группд , нөхөр нь ганцаараа ажил хийдэг. Гурван хүүхэдтэй айл байна лээ. Одоо тэр хоёр маань тэднийд амьдарч байгаа. Саяхан холбогдсон “Асрамжийн газар өгнө гэхээр нь мах цусны минь тасрахаа учраас айхдаа өөр дээрээ авсан юмаа, жоохон хүндхэн л байгаа” гэж  хэлсэн.

М.Сарнайд тусгай зөвшөөрөл байхгүй болохоор ГБХХГ-ынхан хүүхдийн хувь заяаг үзэгний үзүүрээр шийдэж болохгүй биздээ. Гэхдээ хүүхдийн эрх, үзэл бодлыг яагаад ойлгохгүй, хүндлэхгүй байгааг нь гайхаж байна.

"Өнөр бүл төв"-д хүргэгдсэн Хулан охин ээж, ах, дүү нартайгаа уулзаж байгаа нь. 

Өнгөрсөн долоо хоногт А гэх эмэгтэй Улаанчулуутын хогийн цэг дэх овоохойдоо нас барсан. Түүний гурван хүүхэд М.Сарнайгийн гэрт байдаг. Ээж нь нас барсан тул хүүхдүүдийг асрамжийн газарт хүргэх гэдэг ч юмуу, ямар нэгэн тусламж үзүүлэхээр хороо, Хүүхэд хөгжлийн газрас холбогдсон уу?

Тийм ээ, тун харамсалтай зүйл болсон. ГБХХГ-с холбогдоогүй. Одоо долоо ч хоноогүй байна даа.

Таны талаар Ц.Сувд-Эрдэнэ “Хамаатнуудынхаа байрыг зарж үрсэн хүн. Эхлээд хамаатнууддаа тусла” гэсэн пост бичсэн байсан. Та өөрийнхөө амьдралын талаар товчхон ярихгүй юу?

Гэр бүлийн хувьд гэвэл одоогоор би нөхөртэйгөө хоёулаа амьдардаг. Хоёр хүүхэд маань гадаадад байдаг. Ц.Сувд-Эрдэнийн хувьд намайг өөрийн фэйсбүүкээс блоклосон учир, мэдээллийг нь харах боломжгүй болсон. Гэвч түүний фэйсбүүк найзуудаас надруу постууд нь ирдэг, тэгж л юу бичсэнг нь олж хардаг. Өөрийнхөө талаар өөрөө ч мэдэхгүй олон зүйл олж мэдэх юм шиг байна. Ээдээ энэ Дэлгэр үү гээд… (инээв)

Одоо ч бүр дасал болж байна даа. Постчин Баяраа, Мөсөн Хатан гээд олон залуусаар элдвээрээ дуудуулсан. Уг нь энэ  хүүхдүүд намайг сайн мэдэхгүй шүү дээ. Худал хуурмагийн төлөө хэрэлдэж, уурлаж, бухимдах зав надад байхгүй ээ.

Ц.Сувд-Эрдэнэ Цагдаагийн газарт өргөдөл гаргасан. Гэхдээ таныг холбогдох материал, тухайлбал дансны хуулгаа авчирч өгөхгүй байгаагаас хэрэг шийдвэрлэлт удааширч байна гэсэн мэдээллийг хийсэн байна лээ. Энэ талаар?

Би эрх үүргээ сайн мэднэ. Эрх зүйн тухай ойлголт надад хангалттай бий. Үүргийнхээ дагуу бүх мэдээлэл бодит баримтыг холбогдох газар өгсөн байгаа. Ингэж хүн гүтгэж болохгүй ээ гэдгийг Сувдаа мэдэх байлгүй дээ.

Маш их хардалт, хэл амны дундуур та хандиваар Сарнай хүүхэд асран хамгаалах төв барихаар тэмцэж явна. Энэ зорилгынхоо эцсийг та яаж харж байна вэ?

Бидний мөрөөдөл биелж, “Сарнай хүүхэд асран хамгаалах төв” маань баригдана, зорьсон зорилгодоо хүрнэ. Хүн хүсвэл ямар ч зүйлийг хийж чадна, аливаад сэтгэл гаргавал бүтнэ гэдгийг харуулна.

Хандив цуглуулж буй хүний хувьд ард түмэнд хандаж юу хэлэх вэ?

Сайн бүхнийг дэмжин дэлгэрүүлье. Саар бүхнийг шахан зайлуулъя. Миний хэлэх дуртай үг “Нэг гар нөгөө гараа угаадаг” гэдэг үг.  

"Улаанчулуутын хүүхдүүд нэгдүгээр хэсэг"-ийг унших бол зурган дээр дарна уу.